Н.Мөнгөншагай: Монгол эрчүүдээ магтан дуулна

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Н.Мөнгөншагай: Монгол эрчүүдээ магтан дуулна

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа” хит дууны жагсаалтуудыг тасралтгүй тэргүүлсээр байна. Энэ дуу нь МҮОНРТ болон “Hi-Fi” рекордсын “Нийтийн шилдэг 10 дуу” жагсаалтад гурван долоо хоног дарааллан тэргүүлсээр байгаа юм. Н.Мөнгөншагайтай уулзаж уран бүтээлийнх нь талаар сонирхлоо.

-Таны дуулсан “Гангараа”-г эрчүүд “Эр хүн ийм л дуу сонсох ёстой” гэж үнэлж байна билээ. Энэ дуу хит дууны жагсаалтуудыг тасралтгүй тэргүүлсээр байна?

-“Гангараа” дуу маань Монголын ард түмэнд хүрч байгаад уран бүтээлч хүний хувьд маш их баяртай байна. Уг дууны шүлгийг яруу найрагч Б.Болорцэрэн, аялгууг хөгжмийн зохиолч О.Эрдэнээ ах маань хийсэн. Монгол эр хүний ёс, жудаг, хийморь лундааг сэргээсэн уран бүтээл хийхийг зорьж олон сар хөдөлмөрлөсөн маань үр дүнгээ өгч байна гэж хэлж болно л доо. Дуугаа дүрсжүүлэн ард түмэндээ хүргэж, энэхүү уран бүтээлээрээ нэрлэсэн “Гангараа” тоглолтоо ч түмэн олондоо хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна.

“Гангараа” дуу маань долоо хоног тутам гаргадаг нийтийн шилдэг 10 дууны жагсаалтад гурван долоо хоног дарааллан тэргүүлж байна.

Шилдэг 10 дууны жагсаалтыг гаргахдаа тухайн дууны цахим борлуулалт, гар утасны рингтон таталт, YouTube сувгийн хандалт, үндэсний радиогоор авсан санал, хөгжмийн экспертүүдийн санал зэрэг шалгуурын дагуу гаргадаг юм билээ. Нийтийн шилдэг 10 дууны жагсаалт нь Монголын зохиолч, хөгжмийн зохиолч, нийтлэлчдийн нийгэмлэг, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв,  МҮОНРТ болон “Хай-Фай” медиа групп хамтран долоо хоног бүр гаргадаг албан ёсны жагсаалт гэдгээрээ нэр хүндтэй. Ингэхээр энэ бүх шалгуурын дагуу л “Гангараа” дуу хит паратуудыг тэргүүлсээр байна.

-Тоглолт хийж гэж байгаа гэлээ. Хэзээ тоглох вэ. Энэ таны хоёр дахь бие даасан тоглолт болох нь ээ?

-Тоглолтоосоо өмнө арван дуунаас бүрдсэн “Гангараа” цомгоо гаргаж байна. Тоглолтоо ирэх сарын 5-нд Бөхийн өргөөнд хийхээр төлөвлөчихөөд байгаа.

-Таны үс засалтыг сонирхмоор байна. Содон харагдаж байна?

-(Инээв). Миний үсний засалт бол XIII зууны үеийн Монгол эрсийн хэв маяг л даа. Тэр үеийн монгол эрсийн тав гэзэг, намба төрхийг шингээж үсээ засуулсан л даа. Үсний засалтын хэв маягийг маань бүрдүүлсэн хүн бол миний төрсөн дүү. Дүүг маань Н.Алтаншагай гэдэг. “Хос шагай” салоны захирал, Ази тивийн гурван удаагийн аварга, Европ тивийн аварга, мастер үсчин хүн л дээ. Дүүгээр их бахархдаг.

-Дууны тань клипний утга санаа, өгүүлэмж сайхан санагдсан?

-Монгол эрчүүдээ магтан дуулсан дуу. Энэ дуунд гардаг гол дүрийн цаад эзэн нь миний аав юм. Аав маань Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул, аймгийн заан Г.Норовцэмбэл гэж хүн байсан. Нутгийн түмэн олон аавыг маань Ганган Цэмбэл хэмээн нэрийддэг байсан. Энэхүү дуугаа аавдаа зориулан монголын олон сайхан хийморилог эрсийн үргэлжлэл билээ хэмээн дуулсандаа бахархаж явдаг юм. Миний аав “Гангараа” дуу шиг тийм л сайхан, хийморилог хүн байсан даа.

Миний бодлоор өнөөгийн бидний амьдарч байгаа нийгэм хэтэрхий харийн соёлыг дагаж дуурайсан, гадааджсан шинжтэй болоод байна уу даа гэж анзаарагддаг. Үүнийгээ дагаад монгол ёс заншил, уламжлал, эр хүний мөс чанар алдагдаж байгаа тал бий. Гэхдээ хэдий нийгэм маань тэгж хувирч болох ч монгол эрчүүд маань хэзээд хийморилог, жудагтай, эр зоригтой байдаг юм гэдгийг энэ дуугаараа гаргахыг хичээсэн юм.

Миний уран бүтээлүүд дунд аав, ээж, хүлэг морьдын тухайн өгүүлсэн олон дуу бий. Мөн амраг хайр, ухаарал хайрласан олон ч сайхан бүтээлтэй.

-Одоо хүмүүст ямар дуу хүргэхээр зэхэж байна вэ. Хамгийн сүүлд дуулсан дуу гэвэл?

-Ардын жүжигчин Д.Самбуу гуайн дуулж байсан “Нутгийн хөөрхөн бүсгүй” дууг сэргээн дуулж байгаа. Мөн Б.Дөлбадрахын үг, аяар хийсэн “Монгол төвөргөөн” гэж сайхан дуутай боллоо. Эдгээр дуунууд шинэ цомогт маань багтана. Тоглолтоо хийсний дараа Монгол орноо тойрон аялан тоглолт хийнэ гэж төлөвлөөд байгаа. Тов нь тухайн үедээ тодорхой болох байх аа.

Д.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж