Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хамтарсан соёлын өдрүүд Хөвсгөл, Булган аймагт намдугаар сарын 28-31-ний өдрүүдэд болсон юм. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёлын харилцааг ойртуулах үүднээс соёлын өдрийг Монголын аймгуудад хийх болжээ. Өнгөрсөн жилийн хувьд соёлын өдрийг Архангай, Орхон аймагт зохион байгуулсан юм.
Энэ жилийн соёлын өдрийн цуврал арга хэмжээ аялал жуулчлалын тулгаар төв гэгддэг Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас эхэллээ. Соёлын арга хэмжээнд оролцохоор ӨМӨЗО-ноос өргөн бүрэлдэхүүнтэйгээр ирсэн байв. ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Ч.Эрдэнэбулга, гадаад харилцааны газрын дарга Чяо Саньван, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Д.Амгалан, “Одон” телевизийн дэд захирал Ү Хас тэргүүтэй зочид ирсэн юм. Мөн Өвөр Монголын урлаг соёлынхон, авьяаслаг сурагчид урлагийн тоглолт үзүүлэхээр иржээ. Хүүхдүүдийн хувьд монгол үндэстэн, ястны онцлогийг илтгэсэн дуу, бүжгийн тоглолт үзүүлэх юм. Мөн Өвөр Монголын “Одон” телевиз, “Солонго” сэтгүүл, WWW.Solongonews.mn сайт, “Өдрийн сонин”, радиогийн сурвалжлагчид соёлын арга хэмжээг сурвалжлахаар иржээ. Соёлын арга хэмжээ уран бичлэг, номын үзэсгэлэн, эмнэлгийн тусламж, хэвлэл мэдээлэл, урлагийн тоглолт гэсэн хэсэгтэйгээр Хөвсгөл, Булган аймагт үргэлжилсэн юм.
Цагаан дээр хараар таталган бичсэн эртний хаад, хатадын сургааль үгсийг хананд өлгөжээ. Чингис хаан, Өэлүн хатан, Алунгоо эх тэргүүтэй Монголын түүхт хаан, хатдын сургааль бүхий уран бичлэгийн үзэсгэлэнгээр соёлын арга хэмжээ өнгөрөгч баасан гаригт Хөвсгөл аймгийн Мөрөн хотод эхэлсэн юм. Монгол үндэстний түүхэнд томоор бичигдэх уран бичлэгийн үзэсгэлэн соёлын арга хэмжээний чухал нэгэн хэсэг. Мөрөн хотын Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт нээгдсэн тус уран бичлэгийн үзэсгэлэнд 70 бүтээл тавигджээ. Өвөр Монголын уран бичээчдийн шилдэг бүтээлийг хөвсгөлчүүдэд толилуулж байгаа нь энэ юм.
Хөвсгөл аймгийн Боловсрол, соёлын газрын дарга Н.Баатар-Очирын хэлж буйгаар соёл урлагаар дамжуулан иргэдийнхээ боловсролд хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэв. Ялангуяа уран бичлэг нь үндэстний бахархлын нэг учраас үүнийг сурталчлах ач холбогдолтой гэдгийг онцолж байв.
Ийнхүү хоёр өдөр Хөвсгөл, Булганы иргэдэд уран бичлэг, номын үзэсгэлэнгээ дэлгэв. Үзэсгэлэнгийн төгсгөлд 70 бүтээлийг аймгийн Төв номын санд бэлэглэсэн. Мөн Өвөр Монголын соёл урлаг, шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарын 1500 гаруй номыг аймгийн Төв номын санд бэлэглэсэн юм.
“УРАН БИЧЛЭГ БОЛ ТЭВЧЭЭРИЙН УРЛАГ”
Энэ үеэр “Хөх хот үндэстний дээд сургууль”-ийн монгол уран бичлэгийн профессор Б.Баянхүүтэй ярилцав.
-Энэ удаагийн үзэсгэлэнд Өвөр Монголын уран бичээчдийн шилдэг бүтээлийг дэлгэж байна уу?
-Тийм. Уг нь Өвөр Монголоос 120 бүтээлтэй ирсэн. Гэхдээ эдгээрээсээ дахин шигшиж шилдэг 70 бүтээлийг дэлгэлээ.
-Ер нь Өвөр Монголд уран бичдэг хүн олон бий юу?
-Олон байдаг. Уран бичлэгээр дагнан судалж, бүтээл туурвидаг олон уран бүтээлчид бий. Мөн сонирхогчид олон байдаг. Бүр хөдөөний саалчин эмэгтэй хүртэл уран бичих нь түгээмэл үзэгдэл.
-Монголын уран бичээчидтэй хэр хамтарч ажилладаг вэ?
-Ахмад уран бүтээлчидтай хамтарч ажилладаг. Сүүлийн үед залуу уран бүтээлчид түрэн гарч ирж байна. Улаанбаатарт залуу уран бичээчдийн нийгэмлэг байдаг гэж сонссон. Өвөр Монголын хувьд хошуу, хот бүрт уран бичээчдийн нийгэмлэг бий. Мөн одоогоос 10 жилийн өмнө Өвөрмонголын багшийн их сургууль, Монгол Улсын Боловсролын их сургуулийн монгол хэл, бичгийн оюутнуудыг солилцож сургахаар хэлэлцээр хийж байсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд оюутан солилцоо хийж туршлага судалж байсан. Ер нь Өвөр Монгол, Ар Монголын хэл, бичгийн оюутнууд цаашид ч хамтран сурах нь чухал.
-Уран бичлэг бичиж сурахад хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
-Уран бичлэгийг төгс эзэмшихэд 10-аад жил шаардлагатай. Эхний гурван жил сонирхож, судалдаг. Дараагийн гурван жилд дууриан бичиж сурдаг. Үлдсэн гурван жил уран бичлэг бичиж сурдаг. Ингээд бодохоор уран бичлэг бол тэвчээр, хатуужил шаардсан нарийн мэргэжлийн ажил юм. Мэдээж зарим тохиолдолд 10-аас бага жил уран бичлэг хийж сурсан хүн байдаг. Тухайн хүнээсээ л шалтгаалдаг. Зарим нь 2-3 жилийн дотор чадалтай уран бичээч болсон байна.
-Уран бичлэгээ хүнд хэрхэн хүргэдэг вэ. Худалдаж, борлуулах боломж хэр байдаг вэ?
-Энэ мэдээж томоохон асуудал. Ихэнх уран бичээчид зах, худалдааны төвүүдэд бүтээлээ худалддаг. Мөн сонирхогчид уран бичээчдийн бүтээлийг худалдаж аваад хадгалж, өөрийн цуглуулгаа арвижуулдаг. Уран бичлэг бичээчид ч өөр хоорондоо бүтээлээ солилцож, өндрөөр үнэлж авдаг.
“280 ГАРУЙ ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭВ”
Соёлын арга хэмжээний хүрээнд ӨМӨЗО-ны дөрвөн эмч ард иргэдэд үнэгүй үзлэг, оношлогоо хийсэн юм. “Өвөр Монголын Олон улсын монгол” эмнэлгийн зүрх судас, бариа засал, дотрын профессор зэрэгтэй дөрвөн эмч ард иргэдэд үзлэг хийсэн юм. Энэ үеэр Булган аймгийн иргэн Н.Цэцэгдарь “Би хөдөө амьдардаг юм. Ээжийгээ үзүүлэхээр 200 гаруй км явж ирлээ. Нарийн мэргэжлийн эмч дутагдалтай учраас ажил болгож ирлээ” гэв. Өвчтөнүүдийн багагүй хэсэг нь сум орон нутаг, хөдөөнөөс ирсэн байв. Эмч нар Булган аймагт 280 гаруй өвчтөнд үзлэг хийсэн юм.
“СЭТГҮҮЛЧ СОЛИЛЦОО ХИЙНЭ”
Соёлын өдрүүдийн хүрээнд БНХАУ, Өвөр Монголын сэтгүүлчид Хөвсгөл, Булган аймгийн хэвлэл мэдээллийн ажилтнуудтай туршлага хуваалцсан юм. Өвөр Монголын талаас “Одон” телевизийн дэд захирал Ү Хас, “Солонго” сэтгүүл, WWW.Solongonews.mn сайт, “Өдрийн сонин”-ы сурвалжлагч, редакторууд оролцов. Харин Хөвсгөл аймгаас “Хөвсгөл”, “ЛХА” телевизийн сэтгүүлч, найруулагчид оролцсон юм. Энэ үеэр “Хөвсгөл” телевизийн захирал Ж.Эрдэнэцэцэг “Орон нутгийн сэтгүүлчдийн хувьд цомхон багаар, хөрвөх чадвартай ажилладаг. Зураг авалтаа хийнэ, монтажилна, хөтлөхөөс эхлээд бүх талын чадвартай гэдгээрээ онцлог” гэв. Харин “Одон” телевизийн дэд захирал Ү Хас “Манай телевизийн сэтгүүлчдийн хувьд өдөрт 1-2 мэдээ хийдэг. Гэхдээ зөвхөн сэтгүүлчийн ажлаа л хийнэ. Ингэхдээ тухайн хийх мэдээгээ сайжруулахын төлөө зүтгэдэг. Энэ хоёрын хооронд асар их ялгаа байна. Тиймээс цаашид хоёр улсын сэтгүүлчдийг түр хугацаанд солилцоо хийх замаар туршлага судлуулах хүсэлтэй байна” гэв.
Хөвсгөл аймгийн хувьд нийтдээ таван телевиз, хоёр сонин, мэдээллийн төрөлжсөн нэг лавлахтайгаар ажилладаг аж. Ер нь цаашид сэтгүүлчдээ бусад оронтой туршлага судалж, хөгжүүлэх тал дээр анхаарч байгаа гэдгийг энэ үеэр онцолсон юм.
“ТАВАН ТАНСАГИЙН ТОГЛОЛТ БОЛОВ”
Соёлын арга хэмжээний гол үйл ажиллагаа нь урлагийн тоглолт байв. Хөвсгөл, Булган аймгийн иргэдэд Өвөр Монголын Хөлөнбуйр хотын “Таван тансаг” хүүхдийн чуулга тоглолтоо толилуулсан юм. Урлагийн тоглолт хийхээр Хөлөнбуйр хотоос 30 хүүхэд ирсэн байв. Мөн “Чандмань эрдэнэ” дуугаараа олонд танигдсан Урнаа, Бүрэнбаяр нар тоглолтод оролцсон юм.
“Таван тансаг” хамтлагийнхны хувьд 5-13 настай хүүхдүүдээс бүрдэнэ. Хүүхдүүд Буриад, Хорчин, Халимаг үндэстний дүр бүтээн олон ястны дуу дуулсан юм. Мөн Орос, Хятад, Итали дууг үзэгчдэд хүргэв. “Таван тансаг” хамтлагийнхны хувьд олон улсын тэмцээнд оролцож, тоглолт хийж байжээ. Энэ удаад Монгол орноор аялахын зэрэгцээ тоглолтоо тавьж байгаа нь энэ юм.
Энэ үеэр Хөлөнбуйр хотын сурагч Цэгмэд “Би ар Монголд хоёр дахь удаа ирж байна. Өмнө нь “Алтаргана” наадамд оролцохоор ирсэн. Манай хоттой харьцуулахад өндөр байшин барилга цөөхөн байна. Гэхдээ байшин, барилга нь дотроо их гоё юм” гэв. Хөлөнбуйр хотын бага сургуулийн сурагч Удмаа “Миний хувьд ар Монголд анх удаа ирж байна. Байгаль нь их сайхан юм. Хот нь хоггүй, цэвэрхэн учраас их таалагдаж байна” гэв.
Ийнхүү Монгол Улс, Өвөр Монголын соёлын өдрүүд өнгөрөгч амралтын өдрүүдэд Булган, Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан юм. Соёлын арга хэмжээний төгсгөлд ӨМӨЗО-ны Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Ч.Эрдэнэбулга “Энэ удаад соёлын салбарт хамтран ажиллаж байна. Цаашид хоёр орон нийгэм, эдийн засгийн салбарт үр дүнтэй хамтран ажиллахын ерөөл өргөе” хэмээн соёлын өдөрлөгийг өндөрлүүлсэн юм.
Б.ЗОЛЗАЯА