Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банк хамтарсан "Тогтвортой амьжиргаа төсөл III" удахгүй хэрэгжихээр болжээ. Төсөл албан ёсоор эхлэхээс өмнө Сангийн яам, Дэлхийн банкнаас Орон нутгийн хөгжлийн сангийн /ОНХС/ хөрөнгө оруулалт орон нутгуудад хэр бодитой, үр дүнтэй зарцуулагдаж байна вэ, нутгийн удирдлагууд улсын төсвөөр хийгдсэн ажилдаа иргэдийн саналыг бодитоор тусгаж чадсан уу зэрэгт хариулт олохоор нутгийн иргэдтэй уулзалт хийж байна. Учир нь, удахгүй хэрэгжих "Тогтвортой амьжиргаа III" төслийн хүрээнд сумдад шууд мөнгөн дүнгээр хөрөнгө оруулахгүй. Иргэд тухайн сумдынхаа хөгжил, бүтээн байгуулалтын ажилд хэр идэвхтэй оролцож байна. Нутгийн удирдлагууд иргэдийнхээ саналыг хэр тусгасэн зэргээс хамаарч орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж 10, 20 сая гэхчлэн мөнгөн дүнг шууд урамшуулал болгон өгөхөөр төлөвлөжээ. Өөрөөр хэлвэл, сумдын өмнөх онд ОНХС-аас авсан хөрөнгийн тодорхой хувийг улсын төсвөөр дамжуулж нэмэлт урамшуулал болгон өгнө. "Тогтвортой амьжиргаа III" төслийн тухай төслийн зохицуулагч М.Сумъяадорж ярихдаа "Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд төсвийн тогтолцоо буюу ОНХС-аар нь дамжуулан нэмэлт урамшуулал олгох зарчмаар ажиллана. Ингэхдээ сумд ОНХС-ын хөрөнгийн зарцуулалтаа шалгуулах ёстойг" санууллаа. Энэхүү нэмэлт урамшууллыг авахад иргэдийн оролцоонд тулгуурласан төсвийн зарцуулалт хамгийн чухал юм.
25 жилд 20 сая ам долларыг буцаан төлнө
Монгол Улсын Засгийн газар Тогтвортой амьжиргаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд Дэлхийн банкнаас 25 жилийн хугацаатайгаар 20 сая ам долларын зээлийг авчээ. Ингэхдээ буцаан төлөлт нь эхний 5 жилд зээлийн эргэн төлөлт хийхгүй. Энэ нь Монгол Улсын төсөвт ачаалал өгөхгүй. Харин 6 дэх жилээсээ маш бага хүүтэйгээр 20 сая ам доллараа эргэн төлж эхэлнэ. "25 жилд 20 сая ам долларыг буцаан төлнө гэдэг өнөөдөр байхгүй хамгийн таатай зээлийн нөхцөл" гэж Б.Эрдэнэ-Очир тодорхойллоо.
Харин "Тогтвортой амьжиргаа III" төсөл нь хоёр шатаас бүрдэнэ. Эхлээд чадавхийг бэхжүүлэх буюу сумдын иргэдэд болон аж ахуйн нэгжүүдэд сургалтыг явуулах юм. Үүнд, 11 сая ам.долларыг зарцуулах тооцоо гарчээ. Гэхдээ дээрх хөрөнгийг Швейцарийн хөгжлийн агентлагаас буцалтгүй тусламж болгон өгнө гэнэ. Дараа нь шалгуур хангасан буюу иргэн бүрийнхээ саналыг ОНХС-ийн хөрөнгө оруулалтад тусгаж чадсан сумдад урамшуулал болгож 20 сая ам.доллар буюу 30 тэрбум төгрөгийг олгох юм. "Иргэд амьдарч буй орон нутагтаа хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажилдаа дуу хоолойгоо хүргэдэг болсон нь том соёл" гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын мэргэжилтэн Б.Эрдэнэ-Очир ярьлаа. Тэрбээр "Өмнөх жилүүдэд "Тогтвортой амьжиргаа" I, II төслийг хэрэгжүүлэхэд нийт 62.7 сая ам долларыг зарцуулжээ. Эдгээр төсөл амжилттай хэрэгжсэн учраас одоо "Тогтвортой амьжиргаа III" төсөл хэрэгжих болсон тухай онцлов. Уг төсөл 2018 онд хэрэгжиж дуусахад сум, орон нутаг бүр өөрийн гэсэн хөгжлийн загвартай. Үүнд нь, шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын эх үүсвэртэй болж, түүнийг зарцуулахад нь иргэд нь өөрсдөө оролцож, хяналт тавьдаг хөгжлийн бүтэцтэй болно гэж төсөл хэрэгжүүлэгчид тооцоолжээ.
Иргэд сумандаа хийгдэх ажлыг тодорхойлдог
Тухайлбал энэ сарын 28-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд Дэлхийн банк, Сангийн яамны мэргэжилтнүүд ажиллалаа. Дундговь аймгийн Дэлгэрцогт сум нь 1500 гаруй хүн амтай. Улаанбаатар хотоос 230, аймгийн төвөөсөө 45 километрийн зайд байрладаг. Хот, аймагтайгаа ойрхон болохоор хуучин тус суманд хүн тогтдоггүй, шилжилт хөдөлгөөн ихтэй байжээ. Харин хоёр жилийн өмнөөс энэ байдал зогсч, хүн ам нь тогтвортой суурьших болжээ. Ялангуяа залуучууд Дэлгэрцогт сумын нийт хүн амын 60 орчим хувийг эзэлж байна. Энэ бол залуусын төрөлх нутагтаа ажиллаж амьдарч, хөгжүүлье гэсэн сэтгэлгээний өөрчлөлтөөс гадна орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан иргэдийн санал дээр тулгуурлаж, тухайн сумынхаа хөгжлийг тодорхойлж, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж эхэлсэнтэй холбоотой гэж тус сумын Тамгын газрын дарга Ю.Дашдаваа ярив.
Дэлгэрцогт сум 2014 Орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан 267 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Харин энэ онд 210 сая төгрөг улсын төсвөөс ноогдохоор яригдсан ч, улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалж дээрх мөнгөн дүн 134 сая болж буурсан байна. Гэхдээ 2016 он гарахад хэдхэн сар үлдсэн ч Дэлгэрцогт сумын 2015 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө бүрэн орж ирээгүй гэв. Дээрх ОНХС-ын хөрөнгийг юунд хэрхэн зарцуулах вэ гэдгийг тодорхойлохын тулд Дэлгэрцогт сумын удирдлага нутгийнхаа Цахиурт, Баянбулаг, Дэлгэрт-Эм багуудын иргэдээс гурван удаагийн санал асуулга авч, иргэдийнхээ саналыг тоолж, хийгдэх ажлыг эрэмблэн, нээлттэй хэлэлцдэг байна. 2014 онд Дэлгэрцогт суманд ОНХС-ийн хөрөнгөөр найман төсөл хөтөлбөр хэрэгжүүлжээ. Тухайлбал нийтийн биеийн тамирын талбайг тохижуулах, ногоон байгууламж мод тарих, сургуулийн хашааг шинээр барьж, орчныг тохижуулжээ. Мөн 45.3 сая төгрөгөөр сумын цэцэрлэгийн барилгыг засварлаж, 20 сая төгрөгөөр бэлчээрийн усан хангамжийг хангах зорилгоор энгийн уурхайн дөрвөн худгыг гаргажээ.
Дэлгэрцогт сум удахгүй инженерийн шугам сүлжээд холбогдоно
Мөн нэг тэрбум 200 сая төгрөгийн өртөгтэй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн сайжруулах төслийг НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн агентлагийн төсөл хөтөлбөрүүдтэй хамтран хэрэгжүүлсэн байна. Тодруулбал, сумандаа цэвэр усны шугам хоолой, худгууд, ус өргөх байгууламж, ус цэвэршүүлэх төхөөрөмжийг шинээр суурилуулж есөн жилийн сургуульд бие засах газрыг байгуулжээ. Уг төсөл 2015 онд ч үргэлжилж, сумынхаа цэвэр, халуун усыг шийдэж, цэвэрлэх байгууламжийг шинээр барьжээ. Одоогоор энэхүү дэд бүтцийн ажилд 600 орчим сая төгрөгийг зарцуулсан тухай Дэлгэрцогт сумын Тамгын газрын дарга Ю.Дашдаваа хэлэв. Дахин 300 сая төгрөгийн хөрөнгийг шийдчихвэл Дэлгэрцогт сум бүрэн инженерийн шугам, сүлжээд холбогдож, сургууль, цэцэрлэг, төрийн байгууллагууд нь хананаас халуун, хүйтэн ус авч, боловсон 00-д бие засдаг болох юм. Цаашдаа ч энэхүү дэд бүтцийг дагаад суманд давхар барилгууд баригдаж, нутгийн иргэдийн шилжилт хөдөлгөөн зогсч, сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн өвчлөл багасах зэрэг эерэг өөрчлөлтүүд гарна. Нутгийн залуус ч орон сууцтай болох хүсэлтээ илэрхийлж байлаа.
Сумдын иргэдийн санхүүгийн ойлголтыг дээшлүүлэх хэрэгтэй
Орон нутгийн хөгжлийн сантай болсноос хойш орон нутагт тогтвор суурьшилтай амьдрах иргэдийн орчин бага багаар сайжирсан. Тухайлбал, Дэлгэрцогт сумын сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо сүүлийн хоёр жилд нэмэгджээ. Өмнө нь дандаа хасагддаг байсан иргэдийн тоо ч өссөн зэрэг эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн тухай тус сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Загдхорол ярьлаа.
Тэрбээр "Нутгийн иргэд санхүүгийн сайн ойлголтгүй учир батлагдсан төсөл хөтөлбөрүүдэд шаардагдах хөрөнгө зөрөх тохиолдол гардаг. Нэг бүтээн байгуулалтын ажлыг хийхээр иргэдийн саналын дагуу найман сая төгрөгийг баталтал зөвхөн хийгдэх ажлын зураг төслийг хийлгээд л мөнгө нь дутсан тохиолдол гарсан. Тэгээд л нөгөө ажил нь нэг жилээр хойшилсон. Ер нь төсөвгүй ажилд мөнгө батлах хэцүү" гэдгийг онцлон өгүүллээ. Мөн иргэдийн саналыг дагуу хийгдэх ажлын хөрөнгийг хуваарилсаны дараа ахиу хөрөнгө шаардагдах ажлууд яам, тамгын газарт очиод гацдаг. Ахиад л нэг, хоёр жил хүлээх болдог. Гэтэл дараа жил нь нөгөө төсөвлөгдсөн мөнгө нь хүрдэггүй. Шаардагдах материал, юмны үнэ нь нэмэгддэг тухай ч Н.Загдхорол гуай ярив.
ОНХС-тай болоход Тогтвортой амьжиргаа төсөл чухлаар нөлөөлсөн
Дэлхийн банк, Монгол Улсын Засгийн газар хамтран хэрэгжүүлсэн "Тогтвортой амьжиргаа төсөл" “Орон нутгийг хөгжлийн сан”-тай болоход чухлаар нөлөөлжээ. Тодруулбал, 1996 онд анх Дэлхийн банкнаас Монгол Улсын найман аймагт “Тогтвортой амьжиргаа” төслийг туршилтаар хэрэгжүүлсэн байдаг. Энэ төсөл нь нийслэлийн төвлөрлийг сааруулж, орон нутаг дахь суурьшлын бүсийг тогтвортой байлгаж, нийгмийн дэд бүтцийг нь хөгжүүлэх зорилготой байжээ. Өөрөөр хэлвэл, тухайн орон нутагт тулгамдсан асуудлыг иргэдийн саналаар эрэмблэн шийдвэрлэж өгдөг аж. Улмаар төслийн зорилго биелж, Монгол Улс 2013 онд шинэ Төсвийн тухай хуультай болжээ. Тус хуульд тухайн шатны төсвийн ерөнхийлөн захирагч, орон нутгийн хөгжлийг дэмжих зорилго бүхий Орон нутгийн хөгжлийн санг байгуулахаар тусгасан байна. Ингээд өмнө нь Улсын их хурлаас орон нутгуудад төсвийн мөнгийг хуваарилж, ямар ажилд төсвийн хөрөнгийг зарцуулахыг автоматаар тухайн аймаг, сумдын дарга, УИХ шийддэг байсныг өөрчилж, зөвхөн нутгийн иргэдийн саналын дагуу тухайн аймаг, сумдад хийгдэх ажлыг эрэмблэж, улсын төсвийг зарцуулахаар болсон юм.
Д.УЛАМБАЯР
Гэрэл зургийг Б.Бямба-Очир