Туялзуур сэлэм Монгол улсад хөгжсөн түүх

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Туялзуур сэлэм Монгол улсад хөгжсөн түүх

Туялзуур сэлэмний Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний энэ сарын 7-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байгаа билээ. Ази, Номхон далайн орнуудын 35 улсын 250 гаруй сэлэмчин оролцох тус тэмцээнийг 16 улсын 19 шүүгч, техникийн ажилтнууд удирдан явуулах юм. Түүнчлэн энэ үеэр Улаанбаатар хотноо Азийн туялзуур сэлэмний холбооны 2015 Ерөнхий ассемблей болох бөгөөд энэ хуралд Азийн 35 улсын туялзуур сэлэмний холбооны ерөнхийлөгч, хүндэт зочид оролцоно.

Ингээд туялзуур сэлэмний түүхээс өгүүлж байна.


“Залуучуудын Үнэн” сонины 1949 оны гуравдугаар сарын 17-ны өдрийн дугаарт Г.Рагчаагийн бичсэн “Биеийн тамирчдын тэмцээн” нийтлэлд Б.Н.М.А.Улсын 28 жилийн ойн баярын үеэр зохиогдсон Армийн биеийн тамир спортын тэмцээнд сэлэмний тулаан явагдсан талаар дурджээ. “Тоглох талбар дээр фехтованийн ( fencing, fechten, фехтования, escrime, туялзуур сэлэм) тэмцээн явагдаж эхлэв. Гавшгай залуу биеийн тамирчдын хааж, няцааж, хатгаж байгаа шаламгай хөдөлгөөнийг манай төлөөлөгчид ихэд сонирхов.

Бага хугацаанд хурдан шалмаг авхаалжтай, хөдөлгөөнийг шаардах энэ тэмцээнд Сүхбаатарын нэрэмжит, цэргийн сургуулийн сурагч гарнизоны чемпион Отгон 25 удаа цохилт өгч түрүүлэв. Мөн сургуулийн наймдугаар ангийн сурагч 16 настай Чимэддорж 20 удаа, есдүгээр ангийн сурагч Зориг 19 удаа хатгаж ба цохиж дээгүүр байрыг эзэллээ” гэжээ.

Үүнээс үзвэл туялзуур сэлэмний спортын тэмцээний салхийг 1949 оны үед хагалжээ. Тэр цагаас хойш 1980-аад оны сүүлээр хуучин ЗХУ-ын мэргэжилтэн багш манайд ирж, сургалт явуулж байсан талаар дам яриа сонсогддог ба тухайн үед яг хаана ямар хүмүүс хичээллэж байсан нь одоог хүртэл тодорхойгүй байдаг юм.

Ингээд 2009 онд Монголын Туялзуур Сэлэмний холбоо анх байгуулагдаж, анхны ерөнхийлөгчөөр Ж.Отгонцагаан сонгогдон ажиллаж байсан бол 2013 оноос Цэрэвсамбын Даваацэрэн тус холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

МТСХ нь Азийн холбоо болон Олон улсын туялзуур сэлэмний холбооны гишүүн болсон цагаасаа хойш олон улсын сургалт, тэмцээн уралдаанд оролцож эхэлсэн түүхтэй.

Монголын Туялзуур Сэлэмний Холбоо

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж