"Ирэх жилүүдэд өөр олон хүчин зүйлүүд хүлээж байна" | News.MN

"Ирэх жилүүдэд өөр олон хүчин зүйлүүд хүлээж байна"

"Ирэх жилүүдэд өөр олон хүчин зүйлүүд хүлээж байна"

"Ирэх жилүүдэд өөр олон хүчин зүйлүүд хүлээж байна"

Эдийн засагч Н.Энхбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэгдэж байна, Монгол Улс “саарал жагсаалт”-д орсон, дэлхийн эдийн засгийн зарим үзүүлэлтүүд буурах хандлагатай байна гээд эдийн засгийн төлөв анхаарлын төвд орж байна. Яг өнөөгийн эдийн засгийн төлөв байдлыг юу гэж дүгнэж байна вэ?

-Монгол Улсын ДНБ 11-12 орчим тэрбум ам.доллар байгаа. Мөнгөн дүнг нь сонсоход их юм шиг  байгаа ч Монгол Улсын эрэлт хэрэгцээ, жилд зарцуулж байгаа үйл ажиллагааны зардалтай харьцуулахад жижиг эдийн засаг. Дээр нь ДНБ-ний 35-40 орчим хувийг төсвийн зардалд зарцуулж байна. Эдийн засаг жижиг, татварын болон татварын бус орлогоор бүрдүүлж байгаа орлого хэтэрхий бага байгаа нь эрэлт хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүй явсаар ирсэн. 2008 оноос түүхий эдийн үнэ өсч, эдийн засаг хурдацтай тэлсэн. Гэсэн хэдий ч бид орлогоороо бүх эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаагаас жил бүрийн төсөв 5-7 орчим хувийн алдагдалтай явж ирсэн. Тиймээс алдагдлаа ихэнхдээ гадаадын зээлээр нөхөж байна. Төсөв алдагдалгүй бол бид шинэ зорилт, шинэ хөтөлбөр гээд илүү их хөгжлийн бодлого ярих байсан. Жил бүр тогтвортой бүрдүүлдэг татварын орлогоороо урсгал зардлаа л шийдэж байна. Энэ нь газарзүйн байршил, дэд бүтэц, хүн амын тархай суурьшил маш их нөлөөлж байна. 4-5 мянган хүнтэй алслагдсан суманд төрийн үйлчилгээ маш өндөр зардлаар хүрч байна. Эрүүл мэнд, боловсрол, эрчим хүчний зардлууд маш өндөр өртгөөр хүрч байна. Нэгэнт эдийн засаг ийм байгаа нөхцөлд аль болох хэмнэлттэй, бодлоготой эдийн засгаа тооцож, төлөвлөж явахгүй бол олсныхоо хэрээр зараад байж болохгүй. Ийм байж болохгүй гэдгийг өнгөрсөн удаагийн хоёр, гурван хямрал харуулсан. Хамгийн сүүлд 2015 онд түүхий эдийн үнэ буурч, эдийн засгийн үзүүлэлтүүд буурч, төсвийн алдагдал нэмэгдсэн. 2016 оны гуравдугаар улирлын үзүүлэлтээр ДНБ-ний үзүүлэлт хасах руу орсон. Тэгэхээр одоогийн нөхцөлд энэ байдал давтагдахгүй гэх баталгаа алга байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд өссөн эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн өсөлт. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байна. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт өгөхгүй байна. Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц маш сул байгаа учраас ирэх жилүүдэд тогтвортой эдийн засаг өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдаж болохгүй, маш эрсдэлтэй.

Дэд бүтэц тааруу, худалдаж авч байгаа орны бодлого яаж өөрчлөгдөхийг бид мэдэхгүй, гадаад зах зээлийн орчин ч гэсэн түүхий эдийн ханш төдийлөн сайн байхгүй гэсэн төлөвийг саяхан болсон ОУВС-ийн тоймоос харж болохоор байна. Ерөнхийдөө эрсдэлүүд маш их байна.

-2020 оны төсвийн хэлэлцүүлэг эхэлсэн, сонгуулийн жилийн төсөв болсон гэж шүүмжлээд эхэллээ. Бас л гишүүд манай, танай тойрог гээд эхэллээ. “Саарал жагсаалт”-д орсон эдийн засгийн төлөв зэргээс харахад хэр бодитой төсөв болсон гэж та харж байна?

-2000 оноос хойш харахад Монгол Улс хоёр удаа хямралтай тулж, алдаа дутагдлаа хангалттай ярьсан. Төсвийн зарлагаа тэлж болохгүй, өр зээл тавьж болохгүй, төрийн албан хаагчдын тоог нэмж болохгүй гээд л ярьдаг. Харамсалтай нь сонгуулийн өмнөх жил үүнийг таг мартдаг. 2016 онд гадаад зах зээлийн үзүүлэлт, экспортын хэмжээ буурч, 14 орчим сая тонн байсан. Ийм үед төсөв өндөр алдагдалтай байсан. Одоо 38 орчим сая тонн нүүрс экспортод гаргачхаад 2016 оны үетэй адил алдагдалтай төсөв оруулж ирж болохгүй. Эдийн засгийн үзүүлэлт хэд дахин сайжирсан, экспортын орлого хэд дахин өссөн байхад ийм алдагдалтай төсөв байж болохгүй. Олон жил  ярьсан Төсвийн тогтвортой байдлыг хангах хуулиа хэрэгжүүлж,  давсан орлогоо хуримтлал руу оруулах ёстой. Эдийн засгийн өсөлтүүд байнга өснө гэж хэлэхгүй байна, буурна шүү гэдгийг сануулж байна. Хэдхэн хоногийн өмнө ОУВС-аас гаргасан дэлхийн улс орнуудын тоон мэдээллийг цуглуулсан тайланд 2016 онд дэлхийн улс орнуудын 70 гаруй хувь нь өсч байсан, гэтэл 2019 онд 90 хувийнх нь эдийн засгийн өсөлт буурч байна гэдгийг мэдээлсэн. Тэр дундаа манай улс шууд хамааралтай зэс, нүүрс худалдан авч байгаа Хятадын эдийн засаг буурч байна. Энэ жилийн эдийн засгийнх нь өсөлт 6 хувь, ирэх жил 5,8 хувийн өсөлттэй байхаар байна гэж төсөөлсөн байна. Түүнээс гадна зэс, нүүрс худалдан авч байгаа Хятад, Монголын боомтын ачааллыг харахад экспортын хэмжээ нэмэгдэхгүй, худалдан авч байгаа улсын эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч үнэ, ханш өснө гэсэн таамаг, төсөөлөл ч алга. Тэр бүү хэл хямралын дохиоллын талаар ч ярьж байна. Ийм байхад бид зардлаа өсгөх бус хямралд бэлтгэх, алдагдлаа багасгах, 2021-2023 онд гурван тэрбум ам.долларын өр төлнө гэдгээ мэдсээр байж алдагдлаа нэмж болохгүй. Алдагдлаа бууруулж байж бид ирэх жилүүдэд өр төлбөрөө төлөх, дампуурчихгүй өрийн дарамтаас гарах вэ гэдгээ тооцох ёстой.

-2020 оны төсөв хэлэлцэж байгаа энэ үед шаардлагатай зардлуудаа танах, эдийн засгийн хүндрэлүүдийг зөв тооцоолж тусгасан байна уу?

-Өмнөх жилүүдэд төсөв хүндэрсэн үед бид ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж, орлогоо бүрдүүлж байсан. 2009 оны хямрал, 2016 онд төсвөө бүрдүүлж чадахгүй учраас олон улсын байгууллагад хандаж урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлээд, зээл аваад явж байна. хөтөлбөртэй байх нь сайн үзүүлэлт биш, тодорхой шаардлагуудыг биелүүлэх хэрэг гарна. Гэтэл хөтөлбөргүй байна гэхээр Монгол Улс олон улсын санхүүгийн зах зээл дээр зээлжих зэрэглэл, санхүүгийн үзүүлэлтүүд муудаж зөвхөн Засгийн газар гэлтгүй арилжааны банкууд ч зээл авч чадахгүйд хүрэх байсан. Тэгэхээр төсвийн үзүүлэлт зөвхөн Засгийн газрын асуудал биш төсвийн тэнцэл, алдагдал багатай байж өрийн дарамт бага байна, өрийн дарамт бага байж зээлжих зэрэглэл сайжирна. Засгийн газрын зээлжих зэрэглэл сайн байж түүнийг дагаад гадаад зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа банкууд, компаниуд бага хүүтэй эх үүсвэр татах боломж бүрдэнэ. Тэр эх үүсвэрээр бид хөрөнгө оруулалт хийж буй. Эдийн засгийн өсөлтийг хангах бүтээн байгуулалтыг зээл эсвэл хувийн хөрөнгө оруулалтаар хийж буй. Ирэх жилүүдэд төсвийн зарлагаа тогтвортой байлгахад онцгой анхаарах ёстой. Өмнөх жилүүдэд олон улсын байгууллагууд, эрдэмтэд баялаг дээр тулгуурласан улс орнуудын эдийн засаг тогтворгүй байдаг гэдгийг хэлдэг. Чилийн Сангийн сайдын зөвлөх байсан Эрик Парадо 2009 онд Монголд удаа дараа ирж, зөвлөгөөн хийж байсан. Тогтворжуулалтын сан байгуулж, эдийн засаг хүндэрсэн үед яаж ашиглах тухай маш тодорхой зааж өгсөн. Харамсалтай нь өргөн барьсан 2020 оны төсвийг харж байхад өмнө нь хэрэглэж байсан сайн туршлагуудыг мартсан байна. дахиад л нөгөө баялагтаа найдсан, их хэмжээний экспорт нэмэгдэх нь гэсэн найдвар дээр төсөөлсөн байна. Ийм байдалтай яваад байвал гадаад зах зээл дээр аль нэг хүчин зүйл өөрчлөгдөхөд бид дахиад л өндөр алдагдалтай төсөв рүү явна. Одоо хоёр их наяд төгрөгийн алдагдалтай төсөв батлагдаж байна, дээр нь бүрдэнэ гэж тооцсон орлого маань найдвартай биш, хоёр их наяд төгрөгөөс ч илүү алдагдал гарах магадлалтай. Тэгэхээр төсвийн зарлагаа дунд хугацаанд тогтвортой байх бодлого барих ёстой. Түүнээс нэг зардлыг хассанаар асуудал шийдэгдэхгүй. Төрөөс баримтлах бодлого гэж салбар бүрийн бодлого бий, олон улсын байгууллагаас байнга зөвлөдөг бүтцийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй бас ойлгохгүй байна. Бүтцийн өөрчлөлтийн бодлого гэдэг нь төсвийн үр ашигтай байлгахын төлөө хэрэгжүүлэх бодлого. Жишээлбэл, бид салбар бүр дээр хийгдэж байгаа төсвийн зарлагыг хамгийн хямд зардлаар яаж хийх вэ гэдгээ эхлээд шийдэх ёстой. Жил бүр байгаль хамгаалах, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэхэд орон тоо, тоног төхөөрөмж, машин хүрэлцэх байна гэж ярьж байгаа. Гэтэл үүнийг хүн, автомашин нэмснээр шийдэж чадахгүй. Үүнийг хамгийн хямд зардлаар оновчтой шийдэх боломж бий, тийм туршлагатай улс орнууд ч байна. Тухайлбал, Гүрж улсын бүтцийн өөрчлөлт, авлигатай тууштай тэмцэж, төрийн албаны зардлаа бууруулж байгаа жишээ олон улсад үлгэрлэгдэж байна. Манайд дунд хугацаандаа тодорхой салбарын үйл ажиллагаа ямар байдлаар хэрэгжүүлэх вэ гэдэг бодлогоо тодорхойлох ёстой. Түүнийгээ хэрэгжүүлээгүйгээс тухайн жилд нэг хөрөнгө оруулалт, зардал хассанаар асуудал шийдэгдэхгүй, маш зөрчилтэй болж хувирч байгаа юм.

-Гэхдээ 3000 хүн амтай суманд 4000 хүний суудалтай заал, соёлын төв барих гэх мэт танаж болохоор зардлууд жил жилийн төсөв дээр байдаг шүү дээ?

-Жил бүрийн төсөв ярьж байхад усан бассейн, соёлын төв, бөхийн өргөө, хуримын ордон гэх мэт. Хуримын ордон гэхэд саяхан олон нийтийн сүлжээгээр явсан Сэлэнгэ аймгийн хуримын ордон. Ашиглагдах боломжгүй болсон, ямар ч арчлалт байхгүй, хаягдсан байна. Энэ нь өөрөө зорилгоо тодорхойлоогүй, ямар үнэ өртгөөр барьж байгаагаа огт бодохгүй байна. Хэрэв хувийн хөрөнгөөр барьсан бол эзэнгүй орхигдохгүй байсан. Гэтэл улсын мөнгө, эргэж төлөгдөхгүй учраас ямар ч үр ашиггүй зүйл хийж байна. Шинжлэх ухаан, техник хөгжиж байхад бүх асуудлыг байшин барьснаар шийдэхгүй. Зөвхөн боловсрол дээр гэхэд хөдөө, төвд, хотод бүх сурагчид ижил боловсрол эзэмших ёстой. Харамсалтай нь газар нутгийн тархай байдлаас хамаарч, хөдөө орон нутагт нарийн, өндөр мэргэжлийн багш нар олдохгүй байна. Шинжлэх ухаан, технологиор дамжуулан сайн сургалтыг онлайнаар, интернет ашиглаад сурагчид аваад ашиглах бүрэн боломжтой. Маш сайн гарын авлагуудыг интернетээр видео контент, видео сурах бичиг байдлаар бэлтгэх бүрэн боломжтой.

Улаанбаатарт байгаа бүх барилгыг жижигсгээд аймагт, суманд барих гэж оролдоод байгаа нь ямар ч үр ашиггүй. Энэ мэт зардлуудыг бид тууштай багасгаад явах ёстой юм.

-Техник, технологийн салбар хөгжиж, тэр хэрээр олон хүн хийх ажлыг хялбарчлах, хүмүүсийн цаг зав хэмнэгдсэн шийдлүүд маш их бий болж байна. Бид бас орчин үетэй хөл нийлэх, төрийн албаны бүтцэд өөрчлөлт оруулах гэх мэт технологийн шийдэлд суурилсан бүтцийн өөрчлөлт хийх боломж байна уу?

-Төрийн албаны бүтцийг оновчтой болгох чиглэлээр олон улсын байгууллагууд их санаачлага гаргадаг. Ялангуяа НҮБ, Дэлхийн банк зэрэг байгууллагуудаас төрийн албыг хэрхэн оновчтой болгох вэ гэдэг маш олон удаагийн судалгаа, мэдээлэл байдаг. Хэдийгээр газарзүйн хувьд тархай байгаа ч төрийн үйлчилгээг маш оновчтой шийдэх олон арга зам бий. Хамгийн эхний жишээ гэхэд цахим үйлчилгээ. И-баримт, ТҮЦ машин гэх мэт. Яг үүнтэй адилхан шинжлэх ухаан, технологийн ололтыг яаж нэвтрүүлэх вэ гэдэг дээр бид санаа тавьж чадахгүй байгаа юм. Хэрэв сум болгонд өндөр мэргэжлийн физикийн багш бэлтгэж чадахгүй юм чинь өндөр агуулга сайтай физикийн хичээлийн хөтөлбөрийг видео хэлбэрээр бэлтгэж, боловсролд ашиглаж болж байна. Эрүүл мэндийн салбарт гэхэд 5G технологийг ашиглаад зайлшгүй хагалгаа биш бол зайн оношлогоо, хагалгааг хийх бүрэн боломжтой гэх мэт цаг хугацаа, зардал хэмнэх боломжтой. Байгаль хамгааллын асуудлыг ч мөн технологийн шийдэл ашиглах хэрэгтэй. Уулын ам болгонд манаач суулгаснаар байгаль хамгаалахгүй шүү дээ. Энэ бүх мониторинг, хэмжилт, тооллого, хяналтыг цахимаар хийх бүрэн боломжтой. Цаг уурын бичил станцууд ч гэсэн ялгаагүй, заавал тэнд хүн суугаад гараар багажаа асааж, унтраах биш алсын зайн тохируулга ашиглах тухай, арай шинэлэг байдлаар явах ёстой. Салбар бүрт бэрхшээл, асуудал бий. Шийдэх арга замаа зөв олох хэрэгтэй.

-Энэ бүгдийг хэмнээд ирэхээр төсөвт ирэх дарамт багасах уу. Үүнийг хийхийн тулд юу дутагдаж байна вэ. Бодлого, засаглалдаа байна уу, хүнд ээ байна уу?

-Төрийн албанд олон жил ажиллахдаа ажиглаж байхад олон улсын байгууллага ийм зүйл хийх санал гаргаж ирүүлдэг. Нэгт, тухайн салбар яам үүнийг хялбар аргаар шийдэх хүсэл сонирхол алга. Төсөв ахиухан мөнгө тавиулаад олон хүнээр асуудлаа шийдэх, дараа нь мөнгийг нь төлөхгүй учраас гэдэг байдлаар хандах дутагдал байна. Хоёрт, төрийн байгууллагын бүтцийг дагнан хариуцдаг байгууллага алга. УИХ, Засгийн газраас бодлого гаргадаг ч бүтцийн өөрчлөлтийг яаж хийж болох вэ гэдгийг боддог байгууллага, нэгж алга. Төрийн албаны зөвлөл бол албан хаагч тус нэг бүрийн чиг үүргийг хариуцдаг. Түүнээс байгаль орчны хамгаалах бодлогыг яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг бодож байгаа байгууллага алга. Зүүн Өмнөд Азийн огцом хөгжиж байгаа Сингапур, Солонгос, Японы жишээнээс харахад томоохон реформ хийхэд тэр бүтцийн өөрчлөлтийг нь хариуцдаг яам юм уу агентлаг байгуулж байна. Манай Улсад яам, агентлаг байг гэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэргэд ч юм уу нэгж байж болохоор. Тэр нэгж нь дараагийн Засгийн газар хөтөлбөрөө боловсруулахад нилээн эртнээс бодож, 2021, 2022 онд бид ийм өөрчлөлт хийж байж гэмт хэргийг бууруулна, байгаль орчноо хамгаалахын тулд урьдчилсан сэргийлэх ажлыг ингэж хийнэ, ийм хөтөлбөр боловсруулна гэдгийг тодорхойлох ёстой. Тэгэхийн болд цагдаагийн орон тоог нэмэгдүүлэхгүйгээр гэмт хэргийн тоог бууруулж болох юм гэх мэт бодлогыг тодорхойлж өгдөг институц нь байхгүй байна. Ядаж эхний ээлжинд жижиг ч гэсэн функц бий болгочих хэрэгтэй. Тэгэхгүй бол яам бүр бага зардлаар ажлаа хийе гэж бодохгүй, төсвөө ахиухан батлуулна гээд зүтгээд байвал ахиц гарахгүй. Гэтэл эсрэгээрээ байшин, орон тоо зэрэг урсгал зардлаа нэмээд байна. Урсгал зардал нэмэгдэхийн сөрөг тал нь ирэх жил улам л өснө. Байгаа орон тоо, төсөв дээрээ яаж шийдэж болох вэ гэдэг тийм бүтцийн өөрчлөлт бий болгох хэрэгтэй. Үүнийг Засгийн газар өөрөө манлайлж хийхгүй бол өөр хийх хүн байхгүй.

-Бид уул уурхайн салбараас хараат байдлаа өөрчилж, бусад салбараа хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулах талаар олон жил ярьсан. Та Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан хүний хувьд хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг бусад салбараа хөгжүүлэх боломж, гарц байна уу. Асуудал юундаа байна вэ?

-Бусад улс орон ийм өөрчлөлт хийж чадсан уу, бид боломжгүй зүйл яриад байна уу гэдгийг харах хэрэгтэй. Зүүн Өмнөд Азийн орнуудын жишээг татаж үзэхэд, тэр улс 10-20 жилийн дотор хөгжиж, өнөөдөр Азийн бар улс хүртэл болсон байна. Тэр улсуудыг хөгжүүлж чадсан хүмүүсийн бодит түүх байна. Бүгд шинэ реформ, бүтцийн өөрчлөлт хийсэн байгаа юм. Түүнээс урсгалаараа олсон мөнгөө тараагаад өөрчлөлт хэзээ ч хийхгүй. Манай улсын хувьд эдийн засгаа төрөлжүүлэхдээ тогтвортой салбарын экспортыг дэмжих ёстой. Тэр нь хөдөө аж ахуй, аялал жуулчлалын экспорт. Гэхдээ энэ бодлого нэг, хоёр жилдээ үр дүнгээ өгөхгүй ч хэрэгжүүлэхийн тулд дунд, урт хугацааны бодлогоо хэрэгжүүлэх ёстой. Хөдөө аж ахуйн экспорт гэхэд үйлдвэрлэл, боловсруулалт, тээвэрлэлт зэрэг дамжлага ихтэй. Харамсалтай нь тээвэрлэх ложистик сүлжээ нь манай улсад болохгүй байна гэдэг нь харагдаж байна.  Арай гэж экспортлох гэхээр чанарын шаардлага хангадаггүй. Тэгэхээр энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хөрөнгө оруулалт чухал. Малын эрүүл мэнд, боловсруулалт, үйлдвэрлэл гэх мэт аажмаар хийх ёстой шинэчлэл, өөрчлөлтүүд бий. Аялал жуулчлал мөн адил. Ганцхан жилийн огцом өсөлтөөр үр дүнд хүрэхгүй, технологийн давуу талыг ашиглаж бүтцийн өөрчлөлт хийх ёстой. Технологийн давуу талаар бид маш их зардлыг хэмнэж чадна.

-Ирэх жилүүдэд дэлхийн эдийн засаг ямар байх төлөвтэй байна вэ. Манай улсын эдийн засагт бас хэрхэн нөлөөлөхөөр байна вэ?

-Дэлхийн улс орнуудын тоон мэдээллийг цуглуулдаг Дэлхийн банк, ОУВС, НҮБ, бүсийн хөгжлийн банкууд байна. Эдгээр байгууллагууд улирал тутам улс орнуудын банк санхүү, төсвийн зарлага, өрхийн хэрэглээ гэх мэт дүн шинжилгээг хийж байгаа. Сүүлийн саруудад хийгдсэн судалгаа, хамгийн сүүлд аравдугаар сард гаргасан судалгаагаар хэд хэдэн эрсдэл байна гэдгийг хэлж байна. Нэгт, АНУ, Хятадын худалдааны дайн. Энэ бол хоёрхон улсын асуудал биш дэлхийн худалдааг бүхэлд нь сааруулж байна. Хоёрт, Европын холбооноос Их Британи гарах асуудал. Гуравт, Ойрхи Дорнод Ираны асуудал. Ираны эсрэг тавьсан АНУ-ын хориг. Мөн уур амьсгалын өөрчлөлт. Энэ бүх асуудал дараагийн хямрал ойртож байна гэдгийг сануулаад байна. Тэр дундаа

Хятадын эдийн засгийн өсөлт тууштай удааширч байна. Өнгөрсөн хагас жилийн байдлаар Хятадын эдийн засгийн өсөлт 6,2 хувь байсан нь сүүлийн 27 жилд гарсан хамгийн тааруу үзүүлэлт.

Дотоодынх нь маш олон худалдаа болон машин, аж үйлдвэрлэлийн индексүүд саарч  байна гэх мэт манай улсын гол худалдаан авагч болж буй улсын эдийн засаг тааруу үзүүлэлттэй байгаа нь бидэнд дохио санамж мөн. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлаар улс орнууд түүхий нүүрсний хэрэглээнээс татгалзах уриалга гаргаж байна. Зарим өндөр хөгжилтэй орнууд бол бүр 2010 оноос татгалзаад эхэлсэн. Одоогийн бидний ганц найдвар бол металлургийн нүүрс, үүнийг нь хэрэглэж байгаа улс бол Энэтхэг, Хятад. Энэ улсын хэрэглээ байгаад л бид найдаж байгаа. Хэрэв эдийн засгийн өсөлт саарч, нүүрсний хэрэглээнээс татгалзаад эхэлбэл бидэнд ойрын жилүүдэд тун эрсдэлтэй байх нөхцөл ойрын жилүүдэд бий болно. 2021 он, дараагийн жилүүдэд өндөр дүнтэй өр төлбөр төлөх үед санхүүгийн өндөр сахилга баттай, ОУВС-ийн хөтөлбөрт байгаа шигээ чамбай байдлаар ойрын 3-4 жил явахгүй бол болохгүй. Тэр тусмаа бондын өр. Олон улсын байгууллагаас авч байгаа зээл бол урт хугацаатай, эхний жилүүдэд хүүгээс чөлөөлөгдөх, хүү багатай байдаг бол бонд тийм биш. Төлөх хугацаандаа л төлбөрөө төлөхгүй бол маргааш нь л дефолт зарлана. Төлөх ёстой өр дотоодын валютын нөөцтэй харьцуулахад нилээд өндөр дүнтэй. Түүнээс гадна олон улсын зээлжих зэрэглэлийн байгууллагуудын хэлж буйгаар улс орнуудын өрийн олон янзын түвшинд байгаа ч эцсийн дүндээ дефолт болоход харьцаа шууд хамааралтай биш байна. 60 хувьтай байсан ч дефолт болж байна гэж хэлж байна. Тухайн улсын эдийн засгийн цаашдын хандлага ямар байна, өрөө хэрхэн удирдаж байгаагаас бүх зүйл хамаарч байна. Ирэх жилүүдэд эдийн засгийн үзүүлэлт сайн байна гэдгээ нотолж чадахгүй л бол найдваргүй.

-Тэгэхээр бидэнд энэ хямрал, өрийн дарамт зэргээс бага шок авах боломжууд байна уу?

-Гаднын улс, шинжээчдийн хэлж байгаагаар их хэцүүхэн байна. Уг нь бол төрийн байгууллагуудын бодлого тогтвортой, нэг өдөр шинэ хууль гаргах зэрэг ойлгомжгүй байдлаа засах ёстой. Тууштай зарлагаа бууруулж байна, тууштай төсвийн сахилга батаа баримталж байна гэдэг бодлогоо тууштай илэрхийлж байхгүй бол тун эргэлзээтэй. Тэр дундаа зээлжих зэрэглэл тогтоож байгаа байгууллагууд биднээс хамааралгүйгээр дүгнэлтээ хийнэ. Захаасаа Монгол Улсын эдийн засаг таагүй, тогтворгүй байна гэж дүгнээд эхэлбэл гинжин урвал шиг л явж өгнө. Хууль эрх зүйн орчны тогтвортой байдал гэх мэт санаа зовоосон зүйлүүд байна. Сая өрсөлдөх чадварын үзүүлэлт ахиагүй, гурван байр ухарсан гэх мэт үзүүлэлтүүд бидэнд дохио өгөөд л байна.

Энэ бүгдээс санаа авч одооноос анхаарал тавьж, дунд хугацааны өрийн стратегиа баталснаа хэн юу хийх, яахаа тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол “саарал жагсаалт” шиг гэнэтхэн чи юу хийв, яагаад ажлаа хийсэнгүй гэж гэнэт ухаарсан мэт бие биенээ загнаад суугаад байж болохгүй. Бондын төлбөр “саарал жагсаалт”-аас ч илүү эрсдэл рүү хөтөлж магадгүй шүү дээ.

-“Саарал жагсаалт”-д орчихлоо. Одоо яах бол, бидэнд ямар эрсдэл үүсэх вэ?

-“Саарал жагсаалт”-д орох эсэх асуудлыг хийж буй Сангийн яам, Хууль зүй, Дотоод хэргийн яам, УБЕГ, Төв банк зэрэг байгууллагууд нарийн үзүүлэлтүүдээ гаргасан байна. Бид ямар үзүүлэлтийг хангасан, ямар үзүүлэлтүүдийг хангаагүй гээд нарийн зүйлсийг хэлэх байх. Харж байхад ямар ч гэсэн Монгол Улс тодорхой үзүүлэлтүүдийг хангасан байна. Мэдээж энэ дотор хангалтгүй гэж үзэх зүйлс олон байна. Тэр дундаа мөнгө угаах асуудал. Банк болон хувийн хөрөнгө оруулалтаар орж ирж байгаа эх үүсвэрүүд нь тодорхой байх ёстой. Заавал терроризм гэх мэт байх ёсгүй, эх үүсвэр нь эндээс гарч, тийшээ орсон гэдэг нь л тодорхой байх ёстой, нотлох ёстой. Монгол Улсад орж ирж байгаа ихэнх хөрөнгө оруулалтууд урд хөршөөс орж ирж байгаа. Гэтэл энэ улсын санхүүгийн мэдээлэл хаалттай байдаг. Тухайлбал, урд хөршийн нэг компани уул уурхайн салбарт хөрөнгө оруулахад эх үүсвэр нь тодорхой бус бол мөнгө угаах болоод байгаа юм. Тэгэхээр дан ганц манай улсаас хамаарч байгаа зүйл биш. Хөрөнгө оруулж байгаа улс, хөрөнгө оруулалт авч байгаа хоёр улсын тоо нэг байх ёстой юм. Монголбанкны дэд ерөнхийлөгчийн хэлж буйгаар Монгол Улс өмнө нь саарал жагсаалтад байсан, айхтар хүндрэл учрахгүй гэсэн. Гол нь хувь хүнд бус банкны системд хүндрэл учирна. Саарал жагсаалтад байгаа улс орнуудад олон улсын санхүүгийн байгууллага илүү болгоомжтой ханддаг. Банкуудад тавигдах шаардлага илүү өндөрсч магадгүй гэсэн болгоомжлол байна. Эдийн засагт богино хугацаанд хүндрэл багатай ч урт хугацаанд хүндрэл учирч болзошгүй. Ирэх жилүүдэд “саарал жагсаалт” ч биш өөр олон хүчин зүйлүүд хүлээж байгаа.

-“Саарал жагаалт”-д орох асуудлыг өмнө нь мэдээлж байсан, анхааруулж байсан. Гэтэл цагийг нь тулгаад л ам мөчид хуулиа батлаад, дарга нар нь үүрэг чиглэл өгсөн. Сануулгуудыг өмнө нь анхаарч, ажиллаж болоогүй юм болов уу?

-Олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа үнэлгээ, дүгнэлтийг бид огт хайхрахгүй байна.  Жишээлбэл, хамгийн сүүлд өрсөлдөх чадварын тайлан гарсан. Ийм тайлан гарлаа, цаашид ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр судлаачид, хэдэн багш нар санаа тавьж байна, төр нь ач холбогдол өгөхгүй, хэрэгжүүлэхгүй байна. Харамсалтай нь энэ мэдээллүүд явсаар Монголын зээлжих зэрэглэлийг тодорхойлж байгаа юм. Өрсөлдөх чадвар, бизнесийн орчноор ухарч байна гэдэг маргааш нь хэдэн сарын дараа манай зээлжих зэрэглэлийг тодорхойлж байгаа байгууллагууд улам таагүй л үнэлгээ гаргана. Дунд хугацаандаа хийх ажил, бодлогоо тодорхойлохгүй явсаар дандаа асуудлыг тулгамдсан хойно нь мөргөж байна. Одоо зээлжих зэрэг буурахад гайхахгүй л болж байна. Энэ үед таагүй гарсан үзүүлэлтүүддээ анхаарахгүй, арай л өдөр тутмын зүйлст анхаараад байх шиг санагдаад байна л даа.

-Бид урт, дунд хугацааны бодлого баталсан, салбар бүр бодлоготой. Гэтэл энэ бүгдийг хэрэгжүүлэх, төлөвлөхгүй байгаа нь  сонгуулийн циклтэй холбоотой байна уу. Тасалдуулдаггүй, гажуудуулж, өөрчилдөггүй тийм бодлого байна уу. Яагаад энэ бодлого алдагдаад байна вэ, асуудал юундаа байна гэж та харж байна?

-Улстөрчдийн ярьдаг сонгуулийн хууль, намуудын хууль гээд олон зүйлийг өөрчлөх ёстой байх. Гэхдээ хууль хичнээн өөрчлөгдсөн ч хэрэгжүүлнэ. Бид өнгөрсөн хугацаад бараг 400 гаруй хуулиа шинэчилж, өөрчилсөн. Болохгүй байна, асуудал байна гээд л өөрчилсөн. Гэтэл яагаад асуудал сайжрахгүй байна вэ. Бид аливаа бичиг баримт, хуулийг баталсныхаа дараа хэрэгжүүлэхэд огт анхаарахгүй байна. Хэн хэрэгжүүлэх вэ гэвэл тодорхой байгууллага, хүн байна. Хэрэгжүүлж байгаа хүн нь мэдлэг, чадвартай байх ёстой. Харамсалтай нь улс төрийн тогтолцоо нь төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах боломж өгөхгүй байна. Гадны байгууллагууд ч гэсэн хэлдэг ирээд уулзах бүрт өөр өөр хүнтэй уулздаг гэдэг нь тогтворгүй байдал. Мөн хүн солигдсон ч төрийн бодлого, залгамж халаа үргэлжлээд явах ёстой ч тасалдаж байна. Дараа дараагийн бодлогоо тууштай хэрэгжүүлэх, мэргэшсэн хүмүүсээ тогтвортой ажиллуулах нөхцөл шат шатандаа дутагдаад байгаа учраас л ийм байдал үүсээд байна. Ажил тасалдаж байгаа гэдгийг тухайн үед нь мэдэхгүй ч үр дагавар гарсных нь дараа мэдэж байх жишээтэй. Нэг газрын зөвшөөрөл олгосноос газрын маргаантай байж зам талбайгаа өргөтгөж чадахгүй байна гэдгийг хэдэн жилийн дараа мэдэж байх жишээтэй. Төрийн бүх албанд мэргэшсэн бүх албан хаагч ажлаа хийж чадаж байна уу, үгүй гэдгийг үнэлээд, дүгнээд явах ёстой. Зүгээр нэг цаас бөглөөд өнгөрөх биш жил бүрийн хавар УИХ-ын чуулганаар Үндсэн чиглэлийн биелэлт хэлэлцэхдээ учир шалтгаанаа олж байж, дараагийн алхмаа хийх зүйлс дутагдаад байна.

Ш.ЧИМЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-21 99.241.37.76

arrgui shdee cunh bairgch nar eeljlen darga boloodb ihad turiin alba yaaj togtvortoi baih umbee. estoi ulger biz.

Avatar

Цэндийн Нямка 2019-10-21 66.181.189.63

Их ярьдаг хүнээс хэзээ ч бүтээлч ажил гардаггүй юм. Энэ одоо ажилгүй бгаа юмуж

Avatar

Энгүүн 2019-10-21 64.119.25.58

Чи дандаа Ерөхий сайдуудын зөвлөх хийгээд л далдагнаад бсан биз дээ.

Avatar

Энгүүн 2019-10-21 64.119.25.58

Чи өөрөө олон жил төрийнхөнд зөвлөх хийгээд д, сайн сайхан болох гэж бгаа гээд л далдагнаад бдаг штээ.

Avatar

Зочин 2019-10-21 103.26.194.212

бумбын эрин ирсэн хямрал дэлхийд дахиж болхгүы трамп л зохиомол хямралыг

Avatar

Зочин 2019-10-21 103.26.194.212

одоо валютын сангын тусламжаас гарах хэрэгтэй эдийн засгын алуурчидтай хамтардаг байгууллага

Avatar

Зочин 2019-10-21 202.21.96.212

Н.Энхбаяраа, чи Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг. Өмнө нь Ж.Эрдэнэбатад ч зөвлөж байсан. Одоо танай наад Засгийн газрын чинь өргөн барьсан төсөв гэж Монголыг а л а х төсөв болохыг чи ч хэлж байна. Бид ч мэдэж байна. МАН-ын Засгийг дагаж дэмжиж нэлээн гүйсэн дээ чи. Одоо үнэнд гүйцэгдэв үү? Төсөв болохгүй байна гээд ярих нэг хэрэг. Олон нийтэд ярих яах вэ, наадхаа тэр Ерөнхий сайд, Сангийн сайддаа ярь, УИХ гишүүддээ хэл. Чи нөлөөлж чадахгүй бол олон нийттэй хамтраад тэмц.

Avatar

зөвөө зөв 2019-10-21 49.0.130.37

Зөв юм бичсэн байнаа. САНГИЙН САЙД ХҮРЭЛБААТАРААА та өөрөө ийм ийм эрсдэл байна гэж яриад байгаа мөртлөө яагаад ийм дампуу төсөв оруужл ирж байгаа юмбэээ. Хямрал болвол бүүр хямраах төсөв оруулж байх юм. Ийм тэнэг МАНгаруудыг яагаад сонгоод байдгиймбээ.

Avatar

Зочин 2019-10-21 66.181.161.2

ЕР НЬ ХААНА УУЛ УУРХАЙ АЖИЛЛАЖ БНА ТЭНДЭЭС ХУРААСАН ТАТВАР ШУУД 3САЯ ИРГЭНИЙ ДАНС РУУ ОРДОГ БОЛОХ ЁСТОЙ 100 ТӨГРӨГ Ч ХАМААГҮЙ ХАРИН ТЭР ОРЛОГООС УЛС НЭМЭГДСЭН ӨРТӨГИЙН ТАТВАР ШИГ ТАТВАР АВНА БИЗ. ТЭГЖ БАЙЖ ЭНЭ УЛС НЭГ ӨНДИЙНӨ ШҮҮ. ИНГЭЖ ЗУУ ЗУУН "МАНАН" ЗУУ ЗУУН СААРАЛ ЖХГСААЛТААС АНГИД БАЙХ БОЛНО.

Avatar

Зочин 2019-10-21 122.201.31.40

гуриниан чи өөрөө бас хувь нэмэр оруулсан саарал жагсаалтад ороход нь . ерөнхий сайдын зөвлөх гээд лолон жил ханхалзаад баЙсан биздээ утсан хүзүүтээ

Avatar

Зочин 2019-10-21 202.55.183.108

Гол мөнгө угаагч нар бол Монгобанк, арижаанны банкууд, түүний валютын ченжүүд, ББСБ, ломбардууд өөрсдөө учир дүрмийн сангаа нэмэгдүүлсэн эх үүсвэрээ баталж чадахгүй байна.

Avatar

сүрэн 2019-10-21 64.119.20.77

Нэг их том нутагтай хүн цөөнтэй байдаг чинь бусад орнуудтай харьцуулж үзэхэд том дутагдал нь болж эндээс гол хүндрэл нь гарч байна. Дэд бүтэц бий болгох гэж их зардал гаргаж байна өрөнд орж байна. Том нутагт их ашигт малтмал байх ёстой, тэр нь хүндээ хуваахад их тоо гарах ёстой. Энэ манай давуу тал болно. Тэгэхлээр уул уурхайд түшиглэсэн үйлдвэрүүдийг байгуулж бүтээгдэхүүнийг нь харьцангуй хямд борлуулж л амьдрана даа. Дэлхийн зах зээлийн үнээр өгөх гэж нэг их чармайгаад хэрэгггүй.

Avatar

Цолмон 2019-10-21 66.181.185.136

Байгаагаа хэмнэх талаар нэг хэсэг нь ажиллана биз. Харин ашигт малтмалын ашигордуудаа нэмэж ашиглах талаар дорвитой алхмууд хиймээр байна. Эдийн засагчид энэ чиглэлээр зөвлөмж бодлогоо гаргамаар юм.

Avatar

Зочин 2019-10-21 66.181.161.125

МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР ГАРГАЖ АЙМАГ СУМУУДЫНХ НЬ ТӨСӨВИЙГ БҮРДҮҮЛ.

Avatar

Зочин 2019-10-21 59.153.113.199

Саарал жаГсаалтад ороход хамгийн их нэмэр болсон хүн хажууд тань (Урбанек) сууж байна даа. Наад хүн чинь л Өршөөлийн хууль, эдийн засгийн ил тодын хууль гэж их сурталчилсан хүн. Энэ хүнээр дуу хоолой хийж Нямдорж, Баярцогт гуай нар санаачилсан. Тэдний ачаар олон хүн өршөөгдсөн ч Монгол улс бүхэлдээ торгууллаа. Ээ харла гэж. Ингэх гээд байсан юм.

Avatar

зочин 2019-10-21 202.131.245.69

муу л юм болвол төрийн захиргааны байгууллага, төрийн албан хаагчид руу бурууг чихэх юм. энэ төрийн алба, албан хаагчид гэдэг нэр томъёогоо их сайн бодож ярих хэрэгтэй. АН, МАН-ын чихээсүүд төрийн алба, албан хаагчдын нэр нүүрийг гутааж байгааг л тодорхой хэл. түүнээс ном журмаараа төрд шалгалт өгөөд ажилд ороод ажлаа олон жил сайн хийж байгаа хүмүүсийг муулж цомтгох гэсний хэрэггүй. бүтцийн өөрчлөлт гэхээрээ мэргэжлийн төрийн албад руу дайрч танадагаа зогсоох хэрэгтэй. Нам дагасан балай юмнууд.

Avatar

Зочин 2019-10-21 202.21.96.134

Ганцыг үнэнийг бичжээ. Махан мантуугаар сайн дүүргэг, тэгээд дараа нь яадгийг нь үзнэ ээ гайгүй. Энэ орны дампуурал бодлогын дампуурал гээд байгаа. Дээр байгаа хүмүүс энэ улсыг, 3 сая хүнийг удирдаж чадахгүй байна. Яаж удирддагыг мэдэхгүй байгаа бол Умард Солонгосын пинтүү үстэй залуугаас очоод асуу. Хэт олон тамга барихын дон туссан хүнээр дүүрсэн байна. Толгой нь дээрээ өтөхөөр доошоо ойлгомжтой.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж