Сайд Л.Пүрэвсүрэн хотын захын сургууль, цэцэрлэгт ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Сайд Л.Пүрэвсүрэн хотын захын сургууль, цэцэрлэгт ажиллав

БОНХАЖ-ын сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Пүрэвсүрэн эрдмийн баярын нээлтийг тохиолдуулан Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах 166 дугаар цэцэрлэг, мөн хорооны Улсын тэргүүний 58 дугаар сургуулийн үйл ажиллагаатай  танилцан, хүүхэд, багш нартай байгаль эх дэлхийгээ хайрлахуйн сэдвээр ярилцаж, экологийн боловсролд нь дусал нэмэрлэж ном бэлэглэлээ.  Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Улсын   тэргүүний 58 дугаар сургуулийн хувьд 2011 онд “Эко сургууль” батламж авчээ. Эко сургуулийн  өнгө төрхөөрөө цаашид жишиг болж ажиллахаар төлөвлөж байгааг нь сайд сайшаав.  Тус сургуулийн тавдугаар ангийн сурагчидтай уулзах үеэрээ Дэлхий дээр долоон тэрбум хүн амьдардаг. Эдгээр 7 тэрбум хүний нэгээхэн хэсэг болсон монголчууд бид 3 саяулаа.  Хүмүүс бид өөрсдийн амьдралын хэрэгцээнд зориулж маш олон зүйл бүтээдэг. Гэхдээ тэр бүхэн эргээд бидний амьсгалах агаар, уух ус, амьдрах эрүүл орчныг бохирдуулж, доройтуулж байгааг сүүлийн үед маш ихээр ярих болсон. Зүгээр нэг яриад зогсохгүй байгаль дэлхийгээ хайрлах үзлийг түгээн дэлгэрүүлж, бодит үйлдлээр харуулж байж бид ирээдүй үедээ амьдрах орчныг нь үлдээж чадна. Ялангуяа бидний хойч ирээдүй болсон хүүхдүүд та бүхэн үүнийг хэвшүүлж сурах хэрэгтэй” хэмээн  сайд  захив. Мөн монголчууд нүүдэллэн амьдарч ирэхдээ зөвхөн экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэж, байгальдаа  ээлтэй амьдарч ирсэн.   Гэтэл орчин үед хэрэглээ өсөхийн хэрээр наад зах нь  сав, баглаа боодлын хаягдлын асуудал үүссэн. Хаягдлыг дахин боловсруулж хэрэглэхийн тулд хог хаягдлаа ангилан ялгаж хаяж сурах хэрэгтэй. Хүүхдүүд та нар багаасаа ийм хэвшилд сурч, эцэг эх, бусад томчуудад бас зааж хэлж байх хэрэгтэй хэмээн сайд зөвлөлөө.

Цаасны гол түүхий эд болсон ногоон моддоо хүн төрөлхтөн жилд 15 сая га-гаар нь устгадаг бөгөөд үүний гуравны нэгийг зөвхөн цаас үйлдвэрлэхэд ашигладаг аж. Тиймээс  дэвтэр, номоо ариг гамтай хэрэглэхийг зөвлөлөө.   Сургуулийн хашаагаа ногооруулах, дотоод орчноо цэцэрлэгжүүлэх ажлыг олон жилийн турш тасралтгүй хийж, сургуулийн сурагчид, эцэг эх, багш нарт экологийн боловсрол олгоход багагүй анхаарч ажилладаг тухайгаа тус сургуулийн захирал Д.Болд ярив. Өнгөрсөн хавар л гэхэд сургуулийн хашаандаа 200 гаруй мод тарьсан бөгөөд одоогоор хашаанд нь 560 гаруй мод ургаж байгаа гэнэ. Мөн хог хаягдлаа ялгаж хаях чиглэлээр багагүй санаачлага гаргаж, хогийн савыг төрөлжүүлж байгаа нь үр дүнгээ өгч байгаа ажээ.  Цаашид сурагчдад экологийн боловсрол түлхүү олгох, эцэг, эх, багш сурагчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх,  ногоон байгууламжийг арчилж, ургуулж байх цэцэрлэгчтэй болох зэргээр  төлөвлөж буй ажил их ажээ.  

Сүхбаатар дүүргийн 166 дугаар цэцэрлэгийн хувьд хотын захын цэцэрлэгүүдийн нэг. Нийтдээ 75 хүүхдийн багтаамжтай ч 150 орчим хүүхэд гурван бүлгээр хичээллэж байна. Цэцэрлэгийн байшин ч, гадаах талбай ч багахан юм. Гэхдээ хотын төвийн цэцэрлэгүүдээс дутахгүй эрүүл, цэвэр, тохилог орчин бүрдүүлсэн нь хэнд ч таатай сэтгэгдэл төрүүлнэ.  Цэцэрлэгийн эрхлэгч С.Анхбаярын ярьснаар, хүүхдэд  хог хаягдлаа зөв ангилахаас эхлээд экологийн боловсрол олгоход багагүй анхаардаг гэнэ. Таван настангуудаас “Цаасыг юугаар хийдэг вэ” гэхэд нэг охин “модоор” хэмээн хариулахад хажуугаас багш нь “Аав нь мужаан болохоор мэдэж байгаа юм” хэмээн хариулав.

БОНХАЖ-ын сайдын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Л.Пүрэвсүрэнтэй хамт БОНХАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төвөвлөлтийн газрын дарга Т.Булган сургууль, цэцэрлэгт ажилласан. Иймэрхүү маягаар экологийн боловсролыг түгээх, орчин тойрноосоо эхлэн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа сургууль, цэцэрлэгийг дэмжих шаардлагатай, энэ чиглэлээр бодлого, хөтөлбөр гарган ажиллаж байгааг албаны хүмүүс хэлсэн юм  гэж БОНХАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж