Африк дахь Оросын бодлого

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Африк дахь Оросын бодлого

Африк дахь Оросын бодлого

Африк тив дэх геополитикийн өрсөлдөөнд голдуу АНУ, Хятадыг онцолдог нь ОХУ зэрэг бусад гол тоглогчдын нөлөө хязгаарлагдмал байсантай холбоотой. Гэхдээ өнгөрсөн арван жилийн хугацаанд Африк дахь Оросын нөлөө нэмэгдсэнийг Москвагийн бүс нутгийн орнуудтай хийж буй худалдааны эргэлт 350 хувиар нэмэгдсэнээс харж болно. Үүний зэрэгцээ ОХУ нь энэ долоо хоногт Сочи хотноо ОХУ-Африкийн эдийн засгийн анхдугаар форумыг зохион байгуулахаар бэлтгэж байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины удирдан явуулах чуулга уулзалтад Африкийн 47 орны төрийн тэргүүн нар оролцохоо мэдэгджээ. Владимир Путин өнгөрсөн онд хөгжиж буй эдийн засагтай орнуудын хамтын бүлэг буюу “БРИКС” бүлгийн уулзалтын үеэр хэлэхдээ “ОХУ нь хэдэн арван жилийн түүхтэй нөхөрлөл, харилцан туслалцаанд суурилан Африкийн орнуудтай харилцаагаа хөгжүүлэхэд үргэлж анхаарч ирсэн” хэмээжээ.

Африк дахь 1960-1970-аад оны тусгаар тогтнолын хөдөлгөөнийг Зөвлөлт засгаас дэмжиж ирсэнтэй холбоотойгоор ОХУ нь тус бүс нутгийн олон оронтой түүхэн эерэг харилцаатай. Гэхдээ өнөөг хүртэл харилцаагаа улс төр, эдийн засгийн нөлөөлөлд хувиргаж чадахгүй явсаар иржээ. Хэдийгээр Африкийн орнууд дахь Оросын харилцаа холбоо нэмэгдсээр байгаа ч АНУ, Хятадтай харьцуулбал чамлалттай. Тухайлбал, өнгөрсөн онд Сахарын Африкийн орнуудтай ОХУ-ын хийсэн худалдаа 20 тэрбум ам.доллар байсан бол АНУ-ын бүс нутаг дахь худалдааны эргэлт 61 тэрбум ам.доллар, Хятадынх 200 тэрбум ам.доллар, Европын холбооных 300 тэрбум ам.доллар байв. Энэ нөхцөл байдал гадаадын шууд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын тусламжид ч ижил байна. Гэхдээ ОХУ нь аюулгүй байдлын хамтын ажиллагаа, худалдааны боломжийг бий болгох тал дээр дэлхийн бусад тоглогчдоос илүү гарчээ. ОХУ нь өнгөрсөн таван жилийн хугацаанд Африкийн орнуудтай батлан хамгаалахын хамтын ажиллагааны 23 гэрээ, хэлэлцээрт гарын үсэг зурж, бүс нутаг дахь хамгийн том зэвсэг нийлүүлэгч болжээ.

Дэлхийн эдийн засагт Африк тивийн эзэлж буй хувь хэмжээ бага боловч хурдацтай өсч байгаа нь ОХУ зэрэг гол тоглогчдын сонирхлыг татах болжээ. Түүнчлэн Африкийн 45 орон улс төрийн хүрээнд дорд үнэлэгддэг ч НҮБ-ын Ерөнхий ассамблейн хамгийн том бүлэг бөгөөд үргэлж нэгдмэл санал өгдөг. ОХУ-ын 2018 оны эдийн засгийн тайлангаас харвал Африк тивтэй хийсэн худалдаа 2017 оныхоос 17,2 хувь, 10 жилийн өмнөхөөс 350 хувиар нэмэгдсэнийг Гадаад хэргийн яам нь онцолжээ. Оросын компаниудыг оролцуулбал Африк дахь Москвагийн хөрөнгө оруулалт ч нэмэгдсэн байна. Тухайлбал, цагаан алтны хамгийн том нөөцтэй Зимбабвед бүтээн байгуулалт, Египетийн анхны атомын цахилгаан станцын төсөл гэх мэтийг дурдаж болно. Үүний зэрэгцээ ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өнгөрсөн онд Сахарын Африкийн бүс нутагт олон удаа айлчилж, энэ он гарсаар Хойд Африкт хоёр удаа айлчилснаас дипломат харилцаа хэр эрчимтэй байгаа нь харагдана.

Оросын компаниудын хувьд Засгийн газар хоорондын харилцаа бэхжиж байгаа нь шинэ боломжуудыг нээж өгч байна. Зимбабве, Ангол дахь Оросын төрийн өмчийн компанийн бүтээн байгуулалт, хөгжлийн төслүүд, Засгийн газраас санхүүжүүлсэн зээл зэрэг нь цэвэр хувийн хэвшилд түшиглэдэг Барууны хамтрагчдаас давуу талыг үүсгэжээ. Гэхдээ бүс Африк дахь улс төрийн огцом өөрчлөлт нь таамаглахад бэрх, эрсдэлтэй аж. Тухайлбал, Өмнөд Африкийн өмнөх засгийн үед ОХУ-тай байгуулсан цөмийн реактор барих гэрээг шинэ Ерөнхийлөгч нь цуцалсан нь бүс нутаг дахь улс төрийн тогтворгүй байдлыг илтгэжээ. Үүний зэрэгцээ Африк дахь Москвагийн нөлөө нэмэгдсэнээр Оросын компаниудад дэлхийн бусад тоглогчидтой өрсөлдөх боломжийг нээж өгч байна. Гэхдээ АНУ, Хятадын зүгээс Африк дахь улс төр, эдийн засгийн нөлөөгөө бэхжүүлж байгааг мартаж болохгүй.

Эх сурвалж: MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж