Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн жилийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Тус арга хэмжээнд Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Хууль зүйн яам, түүний харьяа агентлагийн удирдлагууд, Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав болон захирлын зөвлөлийн гишүүд, багш, албан хаагч сонсогч, суралцагчид оролцсон.
Уг үйл ажиллагааг нээж Хууль зүйн сайд Д.Дорлигжав үг хэлж, Их сургуулийн эрдмийн хамт олон, сонсогчдод сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүссэн юм. Хууль зүйн сайд Д.Дорлигжав “Юуны өмнө нийт багш албан хаагч, сонсогчдод хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе. Бидний зүгээс сонсогчдыг хууль сахиулах болон үндэсний аюулгүй байдлын салбарт ажиллах сэтгэл зүйн бэлтгэлтэй байлгах ёстой гэж үздэг. Ахмад багш, ажилчдаас өвлөж авсан дадлага, арга барил үндсээрээ өөрчлөгдсөн. Багш, суралцагчид, сонсогчдын аль аль нь өөрсдийгөө орчин үеийн сургалтын арга барилд бэлдэх ёстой.
Мөн эрх зүйн салбарын шинэчлэлийн талаар сонсогчид маш сайн ойлголттой байх хэрэгтэй. Ер нь зөвхөн хууль сахиулагчид ч биш, Монголын залуу үеийн хувьд тэвчээр гэдэг зүйлийг нэн тэргүүний зорилт болгох шаардлагатай болжээ. Зөвхөн сургуульд ч биш бүх түвшинд залуучуудад сэтгэл зүйн болон бие бялдрын тэвчээр хамгийн чухал нь юм. Учир нь тэвчээр хүнийг хүн болгохын зэрэгцээ амжилтад хүргэдэг. Энэ бол хүмүүжлийн суурь гэж ойлгож болно. Цаашид энэ чиглэл рүү багш нар анхаарлаа хандуулах хэрэгтэй.
Төрөөс Монгол Улсын тусгай албаны ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдэх, энэхүү салбарт ихээхэн анхаарал хандуулж байгаа. Хууль сахиулахын их сургуулийн хувьд өнөө жил 3000 сонсогчийн хичээлийн байр буюу томоохон цогцолцор ашиглалтад орно. Мөн спорт цогцолбор баригдахаар зураг төсөл нь гарсан. Цаашид Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид спорт, бие бялдрын өв тэгш хөгжил, өндөр түвшний мэдлэг, мэргэжил эзэмшиж гарах нөхцлийг бүрдүүлэхээр төр, засгаас тодорхой ажлуудыг шат дараатай эхлүүлээд байна” гэдгийг онцлон тэмдэглэсэн юм.
Мөн Хууль сахиулахын их сургуулийн захирал, профессор, тэргүүн комиссар С.Баатаржав үг хэлэхдээ “Үе үеийн хууль сахиулагчид, эх орончдын эрдмийн их уурхай, алдар гавьяа, дайчин замналын баялаг түүхт Хууль сахиулахын их сургуулийн 2015-2016 оны хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-ын өдрийг тохиолдуулан эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч, суралцагчид та бүхэнд баяр хүргэж, сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье. Их сургуулийн хамт олон цагдаа, хил, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, шүүхийн шинжилгээ, онцгой байдлын байгууллагуудад мэргэжлийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр нөлөө, өгөөжийг дээшлүүлэн, нийгмийн эрэлт хэрэгцээ, шаардлагыг хангах зорилго тавин ажиллаж байна.
2015-2016 оны хичээлийн жилд эрдэм шинжилгээний ажлын цар хүрээг өргөжүүлэх, сургалтын тогтолцоог шинэчлэх, сургалтын чанарт ахиц гаргах, багш, сонсогч, оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхлэх сонирхлыг өрнүүлэх, үр дүнг бодитойгоор үнэлэх тогтолцоог бий болгохын төлөө ажиллах болно. Мөн сонсогч, суралцагчдын суралцах таатай нөхцлийг бүрдүүлэх, манлайлал, ёс зүй, бие бүрэлдэхүүний сахилга дэг журам, сургалтын орчныг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” хэмээн онцолсон юм.
Энэ хичээлийн жилд тус Их сургуулийн бакалаврын сургалтад 400 гаруй сонсогч, Хууль сахиулахын удирдлагын академид 30 гаруй, магистрын болон докторын сургалтад 150 гаруй албан хаагч элсэн суралцахаар болоод байна.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй Хууль сахиулахын их сургууль нь цагдаа, хил хамгаалах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдал, шүүхийн шинжилгээний байгууллагын мэргэжлийн боловсролтой хүний нөөцийн 80 гаруй хувийг бэлтгэн гаргадаг. Тус их сургууль нь бүрэлдэхүүн болон харьяандаа Хууль сахиулахын удирдлагын академи, Ахисан шатны боловсролын сургууль, Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн сургууль, Онцгой байдлын сургууль, Эрх зүй, нийгмийн ухааны сургууль, Ахлагчийн сургууль гэсэн найман сургуультайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
Хууль зүйн сайд Д.Дорлигжав болон албаны бусад хүмүүс хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцсоны дараа шинээр баригдаж буй 3000 сонсогчийн хичээлийн байрны барилгын явц, Их сургуулийн сургалтын үйл ажиллагаа болон эмнэлэг, сонсогчдын дотуур байрны тохижилттой танилцсан. Энэ үеэр Хууль зүйн сайд Д.Дорлигжав Их сургуулийн захирлын зөвлөлийн гишүүдтэй уулзаж, тодорхой үүрэг чиглэл өгсөн.
80 гаруй жилийн түүхтэй тус Их сургуулиас Монгол Улсын УИХ-ын гишүүн, самбо бөхийн дэлхийн таван удаагийн аварга, МУ-ын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Б.Бат-Эрдэнэ, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр, гавьяат дасгалжуулагч Д.Ганбат, Д.Гэлэг, Олимпийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ П.Сэрдамба, Олимп, дэлхийн мөнгөн медальт, МУ-ын хөдөлмөрийн баатар, МУГТ Н.Төгсцогт, МУГТ, жудо бөхийн дэлхийн аварга М.Уранцэцэг, жудо бөхийн дэлхийн аварга Б.Мөнхзаяа нарын олон арван гавьяат тамирчин, алдартнууд төрөн гарсан билээ.
СОЁЛ, ОЛОН НИЙТ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ АЛБА