Гэрээ хангалтгүй биелэсэн гэдэг шалтгаанаар Ардчилсан нам Ардын намыг засгаас гаргасан. Тиймээс МАН-ын зургаан сайд, долоон дэд сайдын оронд хэнийг томилох вэ гэдгээ АН албан ёсоор шийдээгүй байгаа. Өнгөрсөн наймдугаар сард АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Засгийн асуудлыг хэлэлцэхдээ намын дарга З.Энхболдын оруулж ирсэн таван хүнээс гурав нь олонхийн дэмжлэг хүлээжээ. Харин хэвлэлүүдээр цацагдаж байгаа “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, ШӨХТГ-ын экс дарга О.Магнай нарыг дэд сайдад дэвшүүлсэн боловч дэмжлэг авч чадаагүй гэсэн мэдээллийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр няцааж, “тийм зүйл яригдаагүй” гэсэн тайлбарыг өглөө.
-АН-ын дарга З.Энхболд Гүйцэтгэх зөвлөлдөө таван хүний нэрийг оруулсан гэж үнэн үү?
-Үнэн. Намын даргын оруулж ирсэн таван хүнээс Д.Цэрэнчунт, Н.Мөнхдаш, Ч.Батцогт гурвыг Гүйцэтгэх зөвлөл дэмжсэн.
-“Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван дэд сайдад дэвшээгүй гэсэн үг үү?\
-Тиймээ, хэвлэлээр зохион байгуулалттай худал мэдээллийг тарааж байна л даа. Үүнийг АН-ыг хооронд нь хагалан бутаргах гэсэн явуургүй, ядмаг арга л гэж харж байгаа.
-Ерөнхий сайдыг ҮЗХ-гоо хуралдуулах гэж гарын үсэг цуглуулаад байна хэмээн твиттерт “цуураад” эхэллээ. Энэ үнэн үү?
-Би сонсоогүй мэдээлэл байна. Бас л нөгөө манай намыг, АН-ынхныг хооронд нь хагаралдуулж, хэрэлдүүлэх гэсэн нөгөө явуурга арга, заль. Худлаа мэдээлэлд тайлбар хийх ч шаардлагагүй биз.
О.САР