News агентлаг өнгөрч буй долоо хоногийн онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
2020 ОНЫ ТӨСӨВ ХЭЛЭЛЦЭЖ ЭХЭЛЛЭЭ
УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийг хэлэлцэж эхэллээ. Жил бүрийн намрын чуулганаар батлах ёстой гол асуудал бол 2020 оны төсөв бөгөөд төсвийг арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах хуультай. Гишүүдийн зүгээс энэ удаагийн төсвийн хөрөнгө оруулалт дээр багагүй маргаан үүсгэж буй. Ирэх сонгуулийн жил угтаж буй төсөв учраас өөрсдийн тойрогт чиглэсэн хөрөнгө оруулалт татах сонирхолтой байгаа ч зарим аймагт хэт өндөр төсөв баталсан, зарим аймагт хэт бага төсөв баталсан нь багагүй маргаан дагуулаад буй. Төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлээд буй. Дөрвөн удаагийн хэлэлцүүлэг дамждаг төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг гишүүд хэрхэн задалж, өөрчлөх вэ гэдэг хэлэлцүүлгийг явцад анхаарал татаж буй асуудал юм.
МОНГОЛ УЛС “СААРАЛ ЖАГСААЛТ”-Д ОРЛОО
Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-ын жилийн тайлангийн хурал өнгөрөгч өдрүүдэд Парис хотноо болж өчигдөр орой орон нутгийн цагаар 12 цагийн орчимд хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцууллаа. Уг шийдвэрээр манай улсыг дахин саарал жагсаалтад оруулсан буюу мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй хэвээр байна гэж дүгнэлээ.
Уг жагсаалтад Монголоос гадна шинээр Исланд, Зимбабве улсыг оруулахаар шийдвэрлэж, харин Этиоф, Шри Ланка,Тунис улсуудыг эрсдэлтэй жагсаалтаас хассан байна. FATF-аас гаргасан албан мэдэгдэлд “Эдгээр орнууд нь FATF-ийн зөвлөмжийг биелүүлж, дутагдлаа арилгах төлөвлөгөө боловсруулсан. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэх улс төрийн өндөр түвшний амлалтыг нь хүндэтгэж байгаа” гэжээ.
Саарал жагсаалтад орсноор дэлхийн улс орнууд руу иргэд мөнгөн гуйвуулга хийх, Европын оронд ажиллах виз хүсэх, олон улсын картаа гадаадад ашиглах, аялах, гаднаас мөнгө хүлээн авах, шилжүүлэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татах, бизнесийн харилцаа холбоогоо бэхжүүлэхэд сөрөг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид дүгнэж байгаа юм.
МАН-ЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООГ Д.САРАНГЭРЭЛ УДИРДАНА
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны YII их хурал өнгөрсөн пүрэв гаригт Тусгаар тогтнолын ордонд хуралдаж ирэх дөрвөн жил тус холбоог удирдах тэргүүнээ сонголоо. НАМЭХ-ын Ерөнхийлөгчийн төлөө УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар өрсөлдсөн юм. Ингээд санал хураалтын дүн гарахад төлөөлөгчдийн 75.4 хувийн саналаар Д.Сарангэрэл сонгогдлоо.
ЗУРГААН ХҮН АМИА АЛДСАН НОЦТОЙ ОСОЛ ГАРАВ
Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилчдын сууж явсан автобус осолдож, дөрвөн хүн нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр /2019.10.19/ өглөө гарсан байна. Осол Ар гүнт орчим гарчээ. Ослын улмаас олон хүн бэртэл, гэмтэл авч, долоон хүн нас баржээ.
Цагдаагийн эх сурвалжийн мэдээлснээр автобусны тормоз эвдэрснээс осол гарсан байна. Тус сургууль нь Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяанд байдаг. ДХИС нь өмнө нь Хууль сахиулахын их сургууль нэртэй байсан. Тус сургуулийн 85 жилийн ой энэ жил тохиожээ.
“THE HU”-Г ГРЭММИ АВАРДСТ ОРУУЛАХ САНАЛ АСУУЛГА ЭХЛЭВ
Монголын “The Hu" хамтлагийн "Gereg" цомог өнгөрөгч есдүгээр сард Billboard-ийг тэргүүлж эхэлсэн тухай мэдээлэл монголчуудын сонорыг мялаасан. Монгол хамтлаг Монгол хэлээрээ дуулж гаргасан цомог Billboard-ийг тэргүүлж буй анхны тохиолдол юм. Тэд Английн ТОП 100 чартад багтсан хамгийн анхны Монгол хамтлаг болоод байгаа билээ.
Тэгвэл дэлхийн хамгийн том хөгжмийн наадам болох "Grammy Awards-2020″ наадам дээр тоглох хамтлаг дуучдыг тодруулах санал асуулга эхэлжээ. Энэ удаа “The Hu" хамтлагийн фенүүд “Grammy Awards”-ын тайзан дээр хамтлагаа дуулахыг үзэхээр “The HU” хамтлагт санал өгөх давалгааг сошиалд өрнүүлж байна. Тэднийг дэмжихийн тулд энэ https://www.billboard.com/…/85…/2020-grammys-performers-poll линк дээр дарж ороод, доош гүйлгэхэд энэ саналын хуудас гараад ирнэ. Сул нүдэнд ( Other): "The HU" гээд бичээд VOTE товчийг дараарай. Саналыг хэдэн ч удаа өгөх боломжтой аж.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ