Амьдралын амтыг хачирлах олон сонирхолтой хоббиг бид танд цувралаар хүргэдэг билээ. Энэ удаа дэлхийн оддын хоббиг танилцуулж байна.
АЛДАРТ БОКСЧНЫ ӨВӨРМӨЦ ХОББИ
Хүнд нударгаараа дэлхийд гайхагдаж явсан Майк Тайсон амьтан, тэр тусмаа тагтаа тэжээх тун дуртай. “Амьдралдаа хамгийн түрүүнд хайрласан зүйл бол тагтаа. Яагаад гэдгийг мэдэхгүй. Тагтаа миний амьдралын нэг хэсэг. Хөгширсөн хойноо ч тагтаа тэжээсээр байх болов уу” хэмээн өгүүлж байна. Тэрээр жаахан байхдаа нэг тагтааг нь алчихсан дошны атамантай нударга зөрүүлж, намалдгийг нь нээж байсан гэдэг. Алдарт нударгач болох зам нь ингэж эхэлсэн ч гэж ярьдаг билээ.
БЕЙОНСЕ ЗОТОН ДЭЭР ЗУРАГ ЗУРДАГ
Шоу ертөнцийн жинхэнэ од, үзэсгэлэнт дуучин Бейонсе тайзнаас бууж, гэртээ амарч байхдаа ихэвчлэн хүүхдээ бөөцийлдөг. Гэвч зарим үед ээжийн ажлаа ч хойш нь тавьж зотон даавуун дээр зураг зурах дуртай ажээ. Тэрээр муугүй зурдаг гэдгийг ойр дотныхон нь баталдаг. Харин зурсан зургаа зарж, мөнгө болгож байгаагүй. Ганц хоёр удаа л пүүс, компанийн гуйлтаар их биш мөнгөөр зарж, орлогыг нь хүүхэд асрах газарт хандивлаж байжээ.
СЕЛЕНА ГОМЕС УРАН БАРИЛГА СОНИРХДОГ
Дуучин Жастин Бибертэй найзалж явсан Америкийн залуу дуучин Селена Гомес тун өвөрмөц хоббитой. Тэрээр дэлхийд шагшигдсан байшин, барилга, ордноор зочлохыг ямар ч хоббиноос илүүд үздэг ажээ. Тэр тусмаа хөгшин Европ руу байнга явдаг нь тэнд уран гоё, тансаг ордон, барилга их байдагтай холбоотой. Тэрээр хоббитойгоо холбогдуулж түүх цадиг багагүй судалдгаа ярьж байсан юм.
35 НӨМРӨГ НЭХСЭН ЗЕТА-ЖОНС
Дэлхийн хамгийн хөөрхөн хүүхэн гэгддэг Уэльс гаралтай жүжигчин Кэтрин Зета-Жонс янз бүрийн хувцас хунар нэхэх хоббитой ажээ. Тэрээр нэгэн удаа гэр бүлийнхэн болон дотнын найзууддаа Зул сараар бэлэглэхийн тулд нэг дор 35 нөмрөг нэхэж байжээ. Тэрээр зав гарвал юм нэхээд сууж байх дуртай. Тэр тусмаа хэн нэгэнтэй сонирхолтой сэдвээр “буу халангаа” юм нэхэж суух нь жаргал, ядаргаа тайлах шилдэг арга хэмээн үздэг байна