Хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг 10 кино

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг 10 кино

9 сарын 1 болж буйг тохиолдуулан бяцхан дүү нартаа зориулан “Хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг 10” киног өөрийнхөө үзсэн хэмжээнд  жагсааснаа оруулж байна. Ингэхдээ бүх цаг үеийн хийгээд өрнө, дорнын кино урлагаас тэнцүү багтаахыг, хүүхдийн тухай хэт ерөнхий бус хүүхэд насны тухай сэдэв бүхий кинонуудыг багтаахыг зорилоо.


1. Бид хамгаас шилдэг (We are the best, 2013)

Шведийн орчин цагийн кино урлагийн онцгой найруулагч Лүкас Мүддиссоны сүүлийн бүтээл “Бид хамгаас шилдэг” кино хүүхэд насны тухай өгүүлэх шилдэг киноны эхэнд нэрлэгдэж байна.

Гартаа ганц удаа хөгжмийн зэмсэг барьж үзээгүй арван жилийн сурагч хоёр охин Панк-рок хамтлаг байгуулахаар шийднэ. Цөм л панк-рок үеэ өнгөрөөсөн гэх боловч зөрүүд, тэрсүүд өсвөр насны хоёр охин гүрийсээр. Энэ л хүүхэд насны өөрийнхөөрөө, тэрсүү боловч гэгээлэг чанараас үүдэж нөхөрлөл, өөртөө итгэх итгэл, амьдрал дундуур өөрөөсөө урвалгүй, хэн нэгний бүтээсэн хиймэл дүрд хувиралгүй мөн чанараа бэдрэх зэрэг нандин чанарууд охидын дотор алгуурхнаар төлжиж буйг үзэх хэн хүнд таатай, тэрсүүд урам зориг төрнө. Найруулагч Лукас Мүдиссон нэгэнтээ “Хүүхдүүд ихэвчлэн нийгэмд нийцэх гэж хүсдэг нь тийм ч тааламжтай зүйл биш. Ер нь орчин үеийн хүмүүс дэндүү их зүйлд дуртай, байнга толгой дохиж хүлээн зөвшөөрөх хандлагатай, гэтэл энэ бол ердөө нийгэмд нийцэх л гэсэн хүсэл. Заримдаа хүнд тухайн хүнээс өөр хэнд ч хамаагүй, хэнд ч ойлгогдохгүй, юунд ч нийцүүлж, хэлтэлж өгөхгүй өчүүхэн хэсэг байх нь чухал. Тэрийг л би ихэнх бүтээлдээ гаргах гэдэг. Магадгүй киноноос гадна шүлэг бичих юм уу шүлэг унших нь энэ хэнд ч хүртээлгүй тэрс үйлдлийн нэг байж болох юм” гэж хэлсэн удаатай. Орчин цагийн хүүхдүүдийн үнэт зүйл-өөрийнхөөрөө байх тухай хэчнээн хүүхдэрхэг, гэгээлэг байдлаар гаргасныг тус киноноос үзэж болно.


2.Миний хөрш Тоторо (My Neighbor Totoro, 1988)

Хаяо Миязаки бол энэ цаг үеийн кино урлагийн нэгэн сод үзэгдэл билээ. Үүнийг бичээч би дулаан инээмсэглэл тодруулсан япон өвөөг хүүхэд насанд  хүргэж өгдөг “Шидэт өвөө” хэмээн хочилдог юм. Түүний цэвэр агаар, цэнгэг булаг шиг бүтээлүүд, хүүхэд насанд хүргэж өгдөг шидэт галт тэрэг шиг анименүүдийг үзэх тоолонд гэгээн сайхан, нигүүлсэл, хайр, хүүхэд насны минь цэвэр төсөөлөл, цоглог, цолгин, сониуч амьсгаа дотор минь бөхчихөөгүй цохилсоор байгааг мэдэрдэг. Тиймээс уншигч та Миязакигийн ямар ч анимег хүүхэддээ үзүүлж болно, өөрөө ч хүүхдийн шидэт ертөнцөөр дураараа аялж болно. “Сүнсээр туугдагсад”, “Кикигийн хүргэлтийн үйлчилгээ”, “Понио”, “Салхит хөндийн Наусика охин” зэрэг түүний ямар ч аниме шидээвэр. Энэ удаад бид харин Хаяо Миязакийн хамгийн алдартай бүтээл “Миний хөрш Тоторо”-г онцолж байна.

Англи, Оросын хүүхэд багачууд Винни Пухийг хэчнээн хайрладаг билээ Японы хүүхэд багачуудын хувьд Тоторо түүнтэй эн тэнцэхүйц үндэсний хэмжээний хайр татам баатар нь юм. Хөдөөгийн бяцхан сууринд аав, хоёр охиныхоо хамт нүүн ирнэ. Ээж нь ойролцоох эмнэлэгт хэвтэж эмчлүүлээд удаан хугацаагаар эзгүй хойгуур хоёр охин нь ээжийгээ ихэд санан бэтгэрэх боловч хүүхдийн аз жаргалтай, цолгиун амьсгал киноны туршид тасалдахгүй, бороон дунд аавынхаа ирэх автобусыг тосон буй охины дэргэд Тоторо ирээд чимээгүй зогсоод хамтдаа хүлээдэг мөч бол анимегийн түүхэн дэхь хамгийн сэтгэлд хоногшим, өхөөрдөм, шидэт зураглал гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ.


3.Зөгийн үүрний сүнс (Spirit of the Beehive, 1973)

Хүүхдийн төсөөллийг хамгийн яруу бөгөөд сэтгэл түгшим байдлаар дэлгэцнээ буулгасан бүтээл болох “Зөгийн үүрний сүнс” кино Испанийн кино урлагийн бүх цаг үеийн сор бүтээлийн нэгт тооцогддог.

үргэлжлэл: tegsheemoviecorner.wordpress.com

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж