Бариагүй төмөр замын төлбөр

Хуучирсан мэдээ: 2015.09.01-нд нийтлэгдсэн

Бариагүй төмөр замын төлбөр

Энэ онд ашиглалтад орох ёстой байсан Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлын үр дүн нь өнөөдөр овоолсон шороо л байна. Гэтэл энэ ажлыг хариуцаж авсан “Самсунг” компанитай байгуулсан гэрээ ирэх аравдугаар сард дуусгавар болох гэж байна. Сураг сонсоход тус компанийнхан гаднын хуульчдыг авчирч, өөрсдийгөө хамгаалах тактикаа боловсруулаад эхэлжээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн сүүлийн ажлын өдөр Ерөнхий сайдын шийдвэрээр “Эрдэнэс Монгол” компанийн мэдэлд “Монголын төмөр зам”  компани очихоор болжээ. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр болсон гэнэ. Төмөр зам барих маш их мөнгөний сонирхол дээр байгуулсан энэ компани анхнаасаа “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд байх ёстой байсан ч тэгээгүй шалтгаан нь УИХ-ын гишүүн Х.Баттулгатай холбоотой. Өөрийн бие хамгаалагчаа даргаар нь тавьснаар тэрбээр энэ компанийг өөрийн хүссэнээрээ хөдөлгөх болсон билээ.

Энэ төмөр замыг барих ажлыг анхнаас нь эсэргүүцэж, тэгэх бүртээ "Хятадын мэдэлд бүрэн орсноос сайн мэддэгээр нь Оросыгоо түшсэн нь дээр" гэх үгийг цухалзуулдаг ч үнэндээ энэ төмөр замыг барих нь маш их ашгийг авчрах учраас өөрийн мэдэлдээ оруулах нь гол зорилго нь байсан гэлтэй. Түүний зорилго ч амжилттай хэрэгжиж “Энержи Ресурс Рэйл” ХХК-тай байгуулсан “Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлд төмөр замын суурь бүтэц барих-ашиглах-шилжүүлэх концессын гэрээг тус тус цуцлах арга хэмжээ авахыг Зам, тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хороо (Ц.Нанзаддорж)-нд даалгасан юм. Энержи Ресурс өөрийн барьж байсан төмөр замаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн шалтгаан нь энэ. 

Ингээд “Монголын төмөр зам” ТӨХК-д эрхийг нь шилжүүлсэн билээ. Ингэхдээ Эрх шилжүүлэх гэрээ хийсэн байна. Энэ гэрээг хийсний дараа А.Гансүх сайд “Энержи ресурс” компани ерөнхий гүйцэтгэгч компаниараа Самсунгийг сонгож авсан” гэх мэдээлэл хийж байсныг та бүхэн санаж буй биз. Харин бодит байдал дээр харилцан тохиролцох төдий л байсныг баримтууд харуулдаг.

Тайлан тооцооноос нь харвал Засгийн газрын бондын мөнгөнөөс МТЗ-аар дамжуулан “Samsung CТ” хөрс, шорооны ажлыг хийхээр 196,7 сая ам.доллар авчээ. Энэ мөнгөнөөсөө хөрс, шорооны ажлыг гардан гүйцэтгэж буй Монголын 13 компанид 85 хувийн гүйцэтгэлтэйгээр 112 тэрбум төгрөг буюу ойролцоогоор 65 сая ам.доллар төлж, үлдсэн 131,7 сая ам.доллар “Samsung CТ”-д байх ёстой байтал 13 туслан гүйцэтгэгчийнхээ үлдсэн ажлыг хийлгэлгүй, “мөнгө байхгүй” гэх шалтгаанаар өнгөрсөн онд ажлыг нь зогсоосон.

Монголын талаас шилжүүлсэн мөнгөнөөс үлдсэн нь хаачив гэх асуултыг сайдгүй болсон яам нь тодруулж амжаагүй байхад “Samsung CТ” дараагийн мөнгөө “МТЗ”-аар дамжуулан нэхэмжлээд эхэлжээ. "МТЗ" нийт 75 сая гаруй ам.доллар нэхэмжилснээс  зөвхөн Самсунг л гэхэд 66 сая ам.доллар нэхэмжилсэн байна.

Дээр нь энэ төслийг яаж удаашруулж болохыг яруу тодоор зөвлөж байна уу гэлтэй зөвлөх компаниуд нь мөн л саяар тоологдох доллар нэхэмжиллээ.

Ингээд нийтдээ 260 гаруй сая ам.долларыг шороо овоолох төсөлд монголчууд зарцуулах нь. Харин төмөр замынхаа ажлын биелэлт, чанарт анхаарлаа хандуулж, шаардлага тавих ёстой Зам тээврийн яам эсэргээрээ энэ мөнгийг нь даруй гаргаж өгөхийг шаардан өнгөрсөн дөрөвдүгээр сард “Төслийн хүрээнд хийгдсэн ажлын төлбөрийн асуудлыг нэн яаралтай шийдвэрлэхгүй тохиолдолд гүйцэтгэгч, зөвлөхүүдтэй байгуулсан гэрээнүүд цуцлагдаж, улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой “Шинэ төмөр зам” төслийн ажил тасалдахад хүрээд байна” гэсэн сүртэй тоот явуулжээ.

Энэ мэтчилэн асуудлыг цэгцлэхээр “Эрдэнэс Монгол”-ын мэдэлд “МТЗ” компанийг шилжүүлэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргаж, танхимынхаа хурлаар хэлэлцэхээр болсон ч өчигдрийн хуралдаанаар лав хэлэлцсэнгүй. Үүнийг хэлэлцэхтэй зэрэгцээд олон асуудал сөхөгдөх нь. Хамгийн гол нь хөрөнгө оруулалт, зарцуулалтын тайлан, тооцоо сөхөгдөх нь дамжиггүй.

Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийг зүтгүүлж байгаа нь ч үүнтэй холбоотойг үгүйсгэх аргагүй. Тавантолгойн гэрээг Монгол Улсад ямар ч ашиггүй луйврын гэрээ гэж зүтгэсээр зогсоосондоо баярлаж буй УИХ-ын гишүүн гэрээг үхэн хатан зогсоосон шалтгаан нь үнэндээ Тавантолгойн төслийг хэрэгжүүлэгч нь төмөр замаа барих заалт орсоноос үүдэлтэй. Мэдээж төслийг хэрэгжүүлэгчдийн хамгийн түрүүнд хийх алхам нь энэ төмөр замд зарцуулсан хөрөнгөнд аудит оруулах. Хэрэв тэгвэл 196,7 сая төгрөг зарцуулчихаад буй төсөлд бодитоор хэдийг зарцуулсан бэ гэдгийг гаргаад ирнэ. Тэр дүн лав 196,7 сая ам.долларт хүрэхгүй нь ойлгомжтой. Ингээд л мөнгө хүүлэх зорилгоор байгуулсан компанийн асуудал босч ирнэ. Ийм учраас л энэ төслийг гацаасан билээ.

Тиймээс Тавантолгойн төслийг гацааж чадсан “чадварлаг” хүнийг Ерөнхий сайдын шийдвэрийг гацаахын тулд нэр дэвшүүлж буй. Хэдийгээр Ч.Сайханбилэг түүнийг нэр дэвшүүлэхийг хүлээн авах боломжгүйгээ мэдэгдсэн ч асуудал өөрийн нь танхимыг огцруулж ч болзошгүй цаг хугацааны шахаанд орчихлоо. УИХ-ын дарга хуулийн хугацаа дуусч буйг хэлээд хурдан нэр дэвшигчдээ оруулж ирэхийг сануулсан тоот илгээгээд өөрөө АНУ-г зорьчихсон. Тэрбээр нөгөөдөр эх орондоо ирэх ч хуулийн хугацаа маш бага үлдсэн болохоор Ерөнхий сайдад тулгасан хүмүүсийг нь өргөн барихаас өөр зам үлдэхгүй нь бололтой. Улс, эх орны эрх ашиг ярьж түүнийхээ эсрэг ажилдаг хүмүүс ингэж бариагүй төмөр замаар мөнгө хийж байна. Энэ төмөр замыг барих нь Монголд ашигтай ч түүнийг ямарваа нэгэн арга саамаар бариулахгүй байх нь тэдэнд ашигтай. Түүнийгээ ч үг, үйлдлээрээ гүйцэлдүүлсээр ирсэн.

Монголчууд “Шинэ төмөр зам” гэсэн гоёмсог нэртэй шороо овоолох ажилд бондын мөнгөө зарцуулж, түүгээр улс төр, эдийн засгийн бүлэглэлийг хөрөнгөжүүлэн өөрсдөө хоосорч байна. Самсунгтай байгуулсан гэрээ ирэх аравдугаар сард дуусгавар болно. Монголын төр, компаниудын дундаас мөнгө хүүлэхээр орж ирсэн зуу гаруйхан мянган долларын үндсэн хөрөнгөтэй энэ компани гараад явахад бид 260 гаруй сая долларын овоолсон шороотой л хоцрох нь дээ. Залж авчирсан гадны мундаг хуульчид нь тэднийг яаж гаргаж явуулах төлөвлөгөөгөө боловсруулж буй энэ цаг дор Монголын хамгийн мундаг хуульч өөрийнхөө гаргасан алдаатай шийдвэрээ илчилж хөдлөх болов уу. Хэрэв энэ төмөр зам ашиглалтанд орсон бол монголчууд нүүрсээ хадгалах бус зөөн эдийн засгаа тэтгэн, доллар шалдаа буудаггүй юмаа гэхэд хаданд гарахгүй, Монголын сульдсан эдийн засаг тийшээ мацах гэж сүйрэхгүй байлаа. Хэцүү дээ, хэцүү. Маш их мөнгө харсан хүмүүс Монголыг бодох болов уу даа. Өршөөлийн хуульд цагаан захтнууд, авлигач, албан тушаалтнуудын хэргийн оруулсан нь энэ мэт хуудуутай үйдлээ л хаацайлах байсан гэлтэй. 

Л.НАРАНТӨГС

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж