Олон нийтийн сүлжээнд ороод харвал, монголчуудын дийлэнх нь утаа болон саарал жагсаалтаар мэргэшжээ, гэлтэй. Хэрэлдэж, талцах сэдэв нь ч мундахгүй. Хийх ажилгүй ард түмний амьдрал саарал байхаас ч яахав. Дээрээ тогтворгүй бол доороо тогтворгүй. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрд нүүрлэсэн хямрал нь эдийн засаг, иргэдээ ч давхар хямрааж байна. Мэдээж, саарал жагсаалт болон утааны асуудал эмзэг болоод иргэдийн амьдралд айдас, хүйдэс дагуулж байгаа нь үнэн. Гэхдээ энэ бүгдийг цэгцлэхийн тулд улс төрийн хэрүүл хямралаа цэгцлэх ёстой. Улс төрийн хэрүүл хямралаа цэгцлэх цэг нь Үндсэн хуулийн өөрчлөлт болсон. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийг өөрчлөхгүйгээр засаглалын хямрал нь эдийн засаг, нийгмээ ч хөлдөө чирсээр удаж байгаа юм. Харин энэ бүхнийг цэгцлэх нь өнөөгийн үнэмлэхүй олонхын үүрэг болсон.
Г.Занданшатарын парламентын зуны гурван сар хэлэлцэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эх хувилбар дээр Ерөнхийлөгч хориг тавьсан. Мөн ард нийтээс санал асуух УИХ-ыг шийдвэрт хориг тавьсан. Намрын чуулганы эхний чуулганаар УИХ энэ асуудлыг хэлэлцээд олонх нь Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахыг дэмжсэн.
Одоо харин Үндсэн хуулийн өөрчлөлт өнөөдрийг саарал жагсаалт, утаа тойрсон улс төрийн хэрүүлдээ дарагджээ, гэлтэй. Өөрөөр хэлбэл, утаа, саарал жагсаалтын ард ерөнхийдөө Үндсэн хуулийн өөрчлөлтийг гацаах гадаад, дотоодын том улс төр явж байгаа үнэн бололтой.
Учир нь, Монголын Ерөнхийлөгчийн засаглалд шилжүүлэх, нэг хүний дарангуйлалыг тогтоох сонирхол гадаадад ч, дотоодод ч байна. Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтөө яаралтай хэлэлцэн батлах, АН, МАН хоёр Монголын ардчиллыг хамгаалж үлдэх нь өнөөдрийн саарал жагсаалт, утаанаас ч илүү том сэдэв. Үндсэндээ, Үндсэн хуулийн өөрчлөлтийг МАН хийж чадвал Монголын өмнө хийсэн "нүглээ" цайруулах боломж нь юм. Тэгээд ч Үндсэн хуулиа өөрчилж чадвал хариуцлагын тогтолцоо сайжирна. Хариуцлагыг тогтолцоо сайжрах аваас утаа, саарал жагсаалтын асуудлууд ч шийдэгдэнэ.
АН-ын хувьд утаа, саарал жагсаалтаар улстөржиж болно. Харин Үндсэн хуулийн өөрчлөлт дээр МАН-тай нэгдэж, өнгөрсөн 30 жилийн ололтоо хамгаалах цаг болжээ. Үгүй бол, АН, МАН хоёр адилхан улс төрийн тавцангаас арчигдаж, Монголд нэг хүний засаглал тогтож мэдэх юм. Тиймээс утаа, саарал жагсаалт гэж улстөржиж суухаас илүү үндсэн ажлаа, Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийгээд өгөөч, УИХ-ын гишүүд ээ.
Б.БАТ
Холбоотой мэдээ