Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 14

Хуучирсан мэдээ: 2019.10.21-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 14

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(КРОНИЗМ БУЮУ “ЖАЛГА ДОВНЫ КАПИТАЛИЗМ”)

Үнэндээ, Монголд капитализм алга. Нөгөө муухай танил тал, нутаг нугаараа ажил хэргээ амжуулахчаа болдог, арын хаалганд хамгийн ээлтэй тогтолцоо болох феодализм, бас тэгээд хүн бүр дарга нарт бөхөлзөж байдаг социализм, энэ хоёрын нийлбэр болсон кронизм л байна.

Кронизм бол зөвхөн төрийнхний бус монголчууд бүгдээрээ дурладаг үзэгдэл. Ер нь, феодалын нийгмийн зан заншил, уламжлалтай холбоотойгоор Монголд амь бөхтэй үлдсэн, монгол хүний зан чанарт ихэд зохицдог, одоо тэгээд бүр амжилттай хөгжиж буй үзэгдэл бол кронизм юм. Хамаатан садан, “алтан нутаг”, найз нөхдийн холбоо сүлбээ бол Монголын хувьд маш том хүчин зүйл. Албан тушаалаа ашиглан эдгээр хүмүүст тусална гэдэг бол огтхон ч буруу зүйл биш, харин ч “ариун үүрэг”. Хэрэв эдэндээ туслахаас татгалзвал тусч монгол зан заншлыг зөрчсөн хэргээр ёс суртахууны хувьд ихэд буруушаагдана (ёс суртахууны үнэлгээ нь хүртэл ийм урвуу болчихсон).

Улс төрд ордог шалтгаан нь ч гэсэн ердөө энэ. Монголын улс төрийг ойлгоход нэгэн бодлын маш хялбар. Үзэл бодол, итгэл үнэмшил, зарчмаасаа болж улс төрийн нам, хүчнийг сонгоно гэж байхгүй. Ердөө танил тал, улс төрийн албан тушаалаа ашиглаж, харилцан туслалцах ашиг хонжоо харж улс төрд орно.

Энэ “тусч чанар” нь нийгмийн хөгжлийн уг сурвалж, капитализмын амин сүнс болсон өрсөлдөөнийг үгүй хийдэг. Шударга өрсөлдөөн бол капитализмын хөгжлийн уг сурвалж. Гэтэл манайх шиг танил тал, нутаг нуга, хамаатан садан, ар өврийн хаалгаар ажлаа бүтээдэг нийгэмд өрсөлдөөн гэж зүйл алга. Монголд капиталист өрсөлдөөн байхгүй учраас хөгжихгүй байгаа юм. Тэгэхээр дорой буурай байдлын шалтгааныг ойлгоход нэг их нарийн ухаан, гүнзгий боловсрол хэрэггүй. Шалтгаан нь ердөө энэ.

Шударга өрсөлдөөн капитализмд ус, агаар шиг хэрэгцээтэй. Өрсөлдөөний явцад үйлдвэрлэгч болон нийлүүлэгчид бусдаасаа олон хэрэглэгчтэй болохын тулд бараа, үйлчилгээгээ чанаржуулж, үнийг нь буулгана. Тэд өрсөлдөөний явцад техник, технологи, шинжлэх ухааны ололт гээд маш олон зүйлээр урагш хөгждөг. Өрсөлдөөн байвал шударга ёс, оюун ухаан, хөдөлмөрлөх чадвар, чанар, бүтээлч байдал л хожно (Арын хаалга, танил талын нийгэмд бол эдгээрийн эсрэг чанар хожно). Өрсөлдөөнд өрсөлдөгч талууд бүгд л хөгжиж, чадварждагаараа сайн талтай.  Энэ бүхний эцэст нийгэм хөгждөг.

 “Хоёулаа бүх асуудлыг найзан дундаа шийдчихнээ.”

Тэгэхээр Монголын нийгэмд түгээмэл байдаг ийм “сайн, сайхан”, тусч ёс заншлыг нь шүүмжилсэн либертари шүүмжлэлээс хүн бүр өөрийгөө олоод харчихдаг тул энэ үзэлд дургүйцэхээс өөр яах ч билээ.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж