Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа | News.MN

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг эцэслэн баталлаа

Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.18) нэгдсэн хуралдаан 10 цаг 34 минутад эхэлж, хэлэлцэх асуудлаа батлав. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд  Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.   

Засгийн газраас 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Л.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Хууль зүйн байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжжээ. Түүнчлэн, төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засварыг хийж төсөлд тусгасны зэрэгцээ нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нар асуулт асууж тодруулсан бөгөөд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, “Өмгөөлөгчид хориглох зүйл, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх” гэсэн төслийн 15 дугаар зүйлийг өөрчлөн найруулах, төслийн 20, 21 дүгээр зүйлийг нэгтгэн өөрчлөн найруулж 15 дугаар зүйлийн 15.2-15.7 дахь хэсэг болгох, төслийн 53 дугаар зүйлийг хасахаар тогтов.

Зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр өмгөөлөгч нь өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх явцдаа өмгөөллийн нууцыг задруулах; өмгөөллийн үйл ажиллагааны үр дүнгийн талаар амлалт өгөх, шашны зан үйл ашиглах, үйлчлүүлэгчийг төөрөгдүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэхдээ өмгөөллийн хөлсөнд хамаарахгүй мөнгө, бэлэг, шан харамж авах, шаардах; үйлчлүүлэгчид хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар буруу, ташаа мэдээлэл өгөх, хэрэг, маргааны бодит байдлыг нуун дарагдуулах; үйлчлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, хүсэл зоригийн эсрэг байр суурь илэрхийлэх, эсхүл хэрэг, маргааны эсрэг талд ашигтай аливаа үйлдэл хийх, үйлчлэх, мэдээлэл дамжуулах; өөрийн үйлчлүүлэгчийн эсрэг ашиг сонирхол бүхий хэрэг, маргааны оролцогч талаас шан харамж авах, авахыг зөвшөөрөх, өөртөө давуу байдал бий болгуулах, тэдгээртэй үйлчлүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр харилцах зэргийг хориглохоор болж байгаа юм. Түүнчлэн мөгөөлөгч нь хэрэг, маргааны эсрэг талыг нотлох баримт, хэрэгт ач холбогдол бүхий бусад баримт сэлт, мэдээлэл олж авахад нь саад учруулах, тэдгээрт хууль бусаар өөрчлөлт оруулах, устгах, нуун дарагдуулах, энэхүү үйл ажиллагаанд бусдыг татан оролцуулах, туслах; энэ хуулийн 13.1.5-д заасны дагуу хуулбарлан авсан нотлох баримт, баримт сэлтийг тухайн хэрэг, маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд нийтлэх; өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэхдээ хуулийг зориуд буруу хэрэглэж үйлчлүүлэгчид хохирол учруулах, эсхүл хуурамч нотлох баримт, баримт сэлт ашиглахыг өмгөөлөгчид хориглохоор зохицуулжээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж дэмжив. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 53.5 хувь нь дэмжсэнээр Өмгөөллийн тухай хуулийн төслийг бүхэлд нь батлав. Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн баригдсан бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.1-65.1 хувийн саналаар бүхэлд нь баталлаа.

Дараа нь Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д “Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно” гэж заасан. Иймээс тус Байнгын хорооноос дээрх хуулийн төслийг боловсруулж, энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг дэмжжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжив. Горимын санал дэмжигдсэн учраас хуулийн төслүүдийг бүхэлд нь батлах санал хураалгахад гишүүдийн олонх нь дэмжиж хуулийн төслүүд батлагдав.

Үргэлжлүүлэн Засгийн газраас энэ оны 3 дугаар сарын 20-ны өдөр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II  төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат танилцуулсан юм. Тус Байнгын хороо энэ сарын 08-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг хийх явцад гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын саналыг дэмжсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, гишүүдийн 57.1 хувийн саналаар хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх энэхүү төслийг ХБНГУ-ын 11.5 сая еврогийн санхүүгийн тусламжаар 2015 оноос эхлүүлжээ. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 2016 оны хэлэлцээгээр төслийн санхүүжилтийн үр дүнг өндрөөр үнэлж, хоёр дахь үе шатны 19.5 сая евро, 2018 оны хэлэлцээгээр төслийн гурав дахь үе шатыг 8.0 сая еврогийн санхүүгийн тусламжаар санхүүжүүлэхээр тохиролцсон аж. Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн дагуу тус төслийн хөрөнгөөр импортоор оруулах суудлын автомашиныг Онцгой албан татвараас чөлөөлөх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. 

Улсын Их Хурлаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийг 2013 оны 7 дугаар сарын 5-ны өдөр баталж, 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөж байгаа. Хуулийг хэрэгжүүлэх явцад гарсан хүндрэл бэрхшээл Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт Хууль тогтоомжийн тухай хууль, Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор баталсан аргачлалын дагуу хийсэн үнэлгээг үндэслэн Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөлд Засгийн газрын бүх гишүүд, холбогдох байгууллагуудын саналыг авсан бөгөөд Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хулуийн төслийг холбогдох материалын хамт тус яамны албан ёсны цахим хуудсанд байршуулж, олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Түүнчлэн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус яамны зүгээс ЦЕГ-ын Гэрч, хохирогчийг хамгаалах хэлтсээс хүүхэд хамгааллын ажиллагааг хэрхэн зохион байгуулж байгаа болон хуулийн төслийн талаарх хэлэлцүүлэг хийсэн. Хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлаас эрх зүйн шинэтгэлийн хүрээнд баталсан эрүүгийн багц хуулиудтай нийцэж, гэрч, хохирогчийг хамгаалах хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд гарч буй хууль тогтоомжийн давхардал, хийдэл, зөрчил арилж хуулийг нэг мөр хэрэгжүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг төсөл санаачлагч илтгэлдээ дурдав.

Хууль санаачлагч нь гэрч, хохирогчийг хамгаалах ажлыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий зөвлөлийг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах стандартыг бий болгох, насанд хүрээгүй гэрч, хохирогчийн суралцах хэрэгцээг хангах, сэтгэл зүйн хамгаалалтын арга хэмжээг хэрэглэх шийдвэр гаргах субьектийг тодорхой болгох, гэрч, хохирогчийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, баримт бичгийг солих хамгаалалтын арга хэмжээтэй холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хамгаалалтын арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах төсвийг тодорхой болгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна.

Харин уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тус байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын нэр бүхий 6 гишүүний санаачилж өргөн мэдүүлсэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хууль санаачлагч гишүүдийг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг танилцуулав.

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийг 1998 онд, тус хуулийн шинэчилсэн найруулгыг 2006 онд тус тус батлан мөрдүүлж, хэрэгжилтийг зохион байгуулан, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны эрх зүйн харилцааг зохицуулж ирсэн. Гэлээ ч дэлхийн улс орнуудын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн чиг хандлага, улс орны болон салбарын хөгжлийн бодлого, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулан энэхүү хуульд зарим нэмэлт, өөрчлөлтийг оруулах хэрэгцээ, шаардлага үүсээд байгаа аж.

Иймээс уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагын урьдчилсан судалгаа хийж, уг судалгаанд тусгагдсан санал, зөвлөмж, дүгнэлтийг үндэслэн Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар тус салбарын бодлого тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх боломжтой гэж үзэж, уг хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулсан. Хуулийн төслийн зохицуулалт нь шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх, төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах ажлыг эрчимжүүлнэ гэж үзэж буйгаа төсөл санаачлагч гишүүн Б.Баттөмөр илтгэлдээ дурдав.

Уг хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, удирдлагыг боловсронгуй болгох чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг тусган,  шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн эрхлэх асуудал, бүрэн эрхийн хүрээг өөрчлөхөөр зохицуулжээ. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлийн үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, гадаад, дотоодын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагын үндсэн үйл ажиллагааны зардлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсөвт тусган санхүүжүүлэх, үндсэн чиг үүргийн дагуух олсон орлогыг арилжааны банкны дансанд байршуулах, захиран зарцуулах талаарх зохицуулалтыг тусгасныг төсөл санаачлагч онцлов.

Хуулийн төсөлд шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны санхүүжилтийн зарчмыг шинэчилж, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг санхүүжүүлэх журмыг тогтоон, шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагаанд оролцогчын чиг үүрэг, эрхийг тодорхой болгохоор зааж, эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийг тогтоох зорилгоор магадлан итгэмжлэл явуулж байх, хүндэтгэн үзэх шалтгаанаар ээлжит магадлан итгэмжлэлд хугацаандаа хамрагдаж чадаагүй эрдэм шинжилгээний ажилтныг нөхөн хамруулж байх зохицуулалтыг тусгаж өгчээ. Түүнчлэн оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, тус салбарт ажиллагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх үүднээс эрдэм шинжилгээний болон инженер-техникийн ажилтан, лаборант өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол ажилласан хугацааг харгалзан ажиллаж байгаа байгууллагаас нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар тодорхой нэмэлт зардал гарах хэдий ч шинжлэх ухаан, технологийн салбарт оруулах хөрөнгө оруулалт, санхүүжилт нэмэгдэж, эдийн засаг эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой гэж төсөл санаачлагч гишүүд үзэж байгаа аж.

Харин Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ сарын 09-ний өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цогзолмаа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж тодруулан үг хэлж байр сууриа илэрхийлсэн бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.5 хувь нь хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн юм. Иймээс төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцож анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр  Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-18 103.229.120.177

Өмгөөлөгч нар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу Хуульчдын Холбооны гишүүний татвар төлдөг. Тэгвэл одоо өмгөөлөгчийн татвар давхар төлдөг болох уу? Өмгөөлөгчдийн Холбоо гэж өмгөөлөгчдийн татвараар амьдардаг паразит хэдэн хүмүүс бий болох нь дээ?!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж