Ерөнхийлөгч “Монголын геологи-80” хуралд оролцож, үг хэллээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч “Монголын геологи-80” хуралд оролцож, үг хэллээ

Ерөнхийлөгч “Монголын геологи-80” хуралд оролцож, үг хэллээ

Монгол Улсад геологийн салбар үүсэж хөгжсөний түүхт 80 жилийн ойн хүрээнд өнөөдөр Төрийн ордны Их танхимд “Монголын геологи-80” хурал боллоо. Хуралд оролцох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ салбарт баримталж буй байр сууриа илэрхийлсэн бөгөөд эрдэс баялгийн бодлого тодорхойлоход салбарын эрдэмтдийг дуу хоолойгоо харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй буйгаа хэллээ.

Юун түрүүнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад Үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн түүхт ойн баярын мэндийг дэвшүүлээд:

“…БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 38 дугаар хуралдааны шийдвэрээр үүсгэн байгуулагдаж байсан нэгжийг хэдхэн хоногийн өмнө Үндэсний Геологийн алба болгон өргөжүүлэх Засгийн газар шийдвэр гарчээ. Энэ хоёр чухал ач холбогдол бүхий тогтоолын хооронд нээлт, ололт, амжилт бүтээлээр дүүрэн 80 жил өнгөрч, түүхт ойгоороо монголын геологичид, хайгуулчид Үндэсний геологийн албатай болж байгаад халуун баяр хүргэе.

Үндэсний геологийн алба эмхлэгдэн байгуулагдсанаар эх орны геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодит боломж бүрдэж, хоорондоо мэргэжлийн уялдаа холбоо багатай явж ирсэн геологийн нэгж, байгууллагууд нэгдсэн бүтэц, зохион байгуулалтад орсноор бүтээмж, чадавх эрс дээшилж, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нөхцөл бүрдэж, Монголын онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах ирээдүй бий болж байна хэмээн дүгнэж байна.

Геологийн салбарын хөгжил нь Монгол Улсын эдийн засгийн болон Үндэсний аюулгүй байдалд шийдвэрлэх нөлөөтэй билээ. Манай газар нутаг, түүний хэвлий дэх баялаг нь тусгаар тогтнолын хамгийн том баталгаа бөгөөд бидний оршин тогтнол, эрх чөлөө, хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын том үндэс юм.

Үндсэн хуулийн 6.1-д заасны дагуу “…гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад” байх ёстой газрын хэвлий дэх баялгийг нээн олж, арвижуулагчид нь геологичид Та бүхэн бөгөөд шинээр илрүүлэн нээж олсон орд, уурхай баялаг болгон тань үндэсний баялгийг нэмэгдүүлж, эдийн засгийн чадавхыг сайжруулж ёстой гэж үздэг.

Гэсэн ч хайгуул хийгдэж, нөөц нь тогтоогдсон эрдсийн нөөц нь тухайн үндэстний өмч мөн болохыг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөх, ялангуяа нийтийн өмч мөн гэдгийг баталгаажуулах шаардлага тулгарч байна.

Шинжлэх ухаанаар, тооцоо судалгаагаар хэмжээ нь тогтоогдсон эрдсийн нөөц хийгээд түүнийг агуулж байгаа газар нь уул уурхайн олборлолт явуулах, хамтарсан гэрээ байгуулах нөхцөлд Монголын талын хөрөнгө оруулалт хэмээн үнэлэгдэх, тооцогдох ёстой өмч юм. Тийм учраас монголын нийт ард түмний өмч болсон газрын хэвлий дэх баялгийг хэн нэгэнд өмчлүүлэх, эзэмшүүлэх тухай яриа хэрхэвч байж таарахгүй бөгөөд улс орныхоо эрх ашгийг эрхэмлэн, бодит эдийн засгийн үр өгөөжийг эрх тэгш хүртэх ёстой. Тиймээс уул уурхайн салбарт Үндсэн хуулийнхаа 6.1 дэх заалтыг зөрчсөн байдлаар олборлолт, ашиглалтын гэрээ хийгдсэн тохиолдлуудыг эргэн харах, хуульд нийцүүлэх үе бидний өмнө тулгарч байна.

Улс орныхоо эдийн засгийн чадамжийг нэмэгдүүлэхэд геологичид Та бүхэн ихээхэн үүрэг гүйцэтгэх тул мэргэжлийн ур чадвараа төдийгүй техник технологио орчин цагийн өрсөлдөөнд эн тэнцэх хэмжээнд хүргэж хөгжүүлэх болоод эрдэс баялгийн бодлого тодорхойлоход өөрсдийн дуу хоолойг харамгүй хүргэнэ гэдэгт итгэлтэй байна.

Хайгуул судалгааныхаа чиглэлийг ч гэсэн дэлхий нийтийн ирээдүйн хэрэгцээ шаардлагыг угтуулах, амдах байдлаар тогтоож, үндэстнээ ядуурлаас ангижруулах, ард түмэндээ баялгийнх нь үр шимийг шигд хүртээх, эрдэм боловсролд хөтлөх энх тунх амьдралыг авчрах үйлсэд түүчээлэгчид байгаарай хэмээн уриалъя.

Эрхэм геологичид оо, Та бүхэнд Үндэсний геологийн албаны 80 жилийн ойн баярын халуун мэндийг ахин дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс, монголын ард түмэн маань элбэг баян, эрүүл энх, тэнүүн жаргалтай орших болтугай” гэв.

ЭХ СУРВАЛЖ: PRESIDENT.MN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж