Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Д.Цэцэгбадам өргөө цагаан гэртэй боллоо

Холбоотой мэдээ

Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна

Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна

News.mn өчигдөр буюу 2019.10.17-ны өдрийн дугаартаа “Осгохгүйн тулд шалаа хөрөөдөөд түлж байна” гарчигтай сурвалжлага бэлтгэн уншигч та бүхэнд хүргэсэн. Уг сурвалжлагын дагуу олон хүн, аж ахуй нэгж, компаниуд манай редакцитай холбогдон байгаа боломжоороо дэмжиж, туслахаа илэрхийлсэн юм.

Тэдний нэг бол Онцгой байдлын Ерөнхий газрын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод ирсэн алба хаагчид юм. Тэд хамтран сурвалжлагын эзэн Д.Цэцэгбадамд таван ханатай, битүү шалтай, өргөө цагаан гэр бэлэглэж, батламжийг гардуулан өглөө. Энэ үеэр бид Онцгой байдлын Ерөнхий газрын сэтгэлзүйч, ахмад Н.Досжантай ярилцсан юм.

-Энэ хүний мэдээллийг хаанаас авсан бэ, яагаад туслахаар шийдэв?

-Бид Бүгд найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулагч “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний наймдугаар мотобуудлагын батальоны бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгээд ирсэн. Нийтдээ 27 алба хаагч явсан юм. Ерөнхийдөө жил бүр бид хуримтлал үүсгэж, мөр зэрэгцэн ажиллаж, алба хааж буй хэн нэгэндээ тусладаг. Энэ удаа энгийн нэгэн өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй эмэгтэйд хамтраад туслахаар шийдлээ. News.mn сайтын өчигдрийн дугаарт гарсан сурвалжлагаас энэ хүний талаар мэдээлэл авч, өөртэй нь уулзаж судалсан. Ингээд түүнд таван ханатай гэр бэлэглэхээр болсон.

-Ядарсан, тусламж хэрэгтэй зөндөө хүн байгаа. Гэхдээ яагаад энэ эмэгтэйд туслах ёстой гэж бодсон бэ?

-Хамгийн гол нь энэ хүн үр хүүхдээ хүмүүжилтэй, сайн хүн болгох гэж хичээж байна. Хүүхдүүд нь сурлага сайтай өсөж байна. Жаахан дэмжээд өгвөл урам ороод илүү хичээх байх гэж бодож байгаа. Эмэгтэй хүн өрх толгойлоод, дөрвөн хүүхэд өсгөнө гэдэг амаргүй. Мэдээж ийм амьдралтай хүмүүс олон байгаа. Гэхдээ ядаж нэгнийг нь амьдралд чадах ядахаараа бид дэм болох ёстой. Энэ үүднээс манай хамт олон ярилцаад энэ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Одоо шинэ гэрийг нь зөөж, хашаанд нь барьж өгнө дөө.

Д.Цэцэгбадамд шинэ гэрийг нь хүлээлгэж өгөх үйл ажиллагаанд “Таван толгой түлш” компаний хамт олон мөн иржээ. Тэд өргөө цагаан гэрийг нь мялааж Д.Цэцэгбадамд төслийн шинэ зуух болон сайжруулсан түлш өгсөн юм. Тус шинэ зуухыг Нарантуул зах дээр зуух хийж зардаг наймаачид хамтран зөвхөн сайжруулсан түлшид зориулан хийсэн байна. Тиймээс шаталт сайн, дулаанаа удаан хадгалдаг давуу талтай гэдгийг тус компаний төлөөлөл онцолж байсан юм.

Тэгэхээр сурвалжлагын эзэн маань энэ өвөл битүү шалтай шинэ гэрт, зуухандаа түлшээ түлээд дулаан өвөлжих нь ээ. Таван настай бага хүүгээ дагуулан ирсэн Д.Цэцэгбадам баярлах, гайхах зэрэгцэн зогсож байлаа.

Д.ЦЭЦЭГБАДАМ: ХҮМҮҮСИЙН АЧИЙГ ЯАЖ ХАРИУЛНА ДАА

-Өргөө цагаан гэртэй боллоо, сэтгэгдэлээ хуваалцахгүй юу?

-Маш их баярлаж байна. Юу гэж хэлэх учраа ч олохгүй байна. Өчигдөр Онцгой байдлын Ерөнхий газраас хүмүүс манайд ирж уулзаад явсан. Өнөөдөр ингээд гэртэй болж байна. Нөхөр маань өнгөрөөд хадам ээждээ хөөгдөж гарахад надад очих газар байгаагүй. Тэр үед арван жилийн ангийнхан маань надад таван ханатай хуучин гэр өгч байсан. Өчигдрөөс хойш над руу олон хүн тусламаар байна гэж залгасан. Хүмүүсийн ачийг яаж хариулна даа. Сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг гэдгийг мэдрээд үнэхээр сайхан байна. Манай амьдралын тухай бодитоор харуулж, хүмүүст хүргэсэн танай хамт олонд бас баярлалаа.

-Залуу хүн байж ажил яагаад хийдэггүй юм бэ гэсэн сэтгэгдэлүүд ирж байсан. Бас ойн инженер мэргэжилтэй болохоор хөдөө орон нутагт ажлын байр хүртэл санал бичсэн байсан. Та энэ саналыг хүлээж авах уу?

-Өмнө нь манай нөхөр өнгөрөөгүй байхад би ажил хийдэг байсан. Хамтарч буйдан хийж зах дээр зардаг байв. Харин одоо хэдэн хүүхдээ хичээлд нь хүргэж өгөх, хоол цайг нь бэлдэх, харж асрах гээд ажил хийх боломж олдохгүй байна. Яаж, хаана, хэнд хандаж ажилд орохоо ч мэдэхгүй байна. Хэрэв тийм санал ирвэл хөдөө байсан ч яваад ажиллана.

Өнөөдрийн үйл ажиллагаанд Д.Цэцэгбадамын бага хүү Т.Бодсайхан иржээ. Тэр том болоод цэргийн хүн болох мөрөөдөлтэй. Шалаа ганцаараа хөрөөдөөд сууж байхдаа бурхан гэж байдаг бол бидэнд туслаасай гээд залбирсан Д.Цэцэгбадамын хүсэл өнөөдөр биеллээ. Түүний гэр бүлд аз жаргал хүсье!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
45
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж