Хямралаас гарах жор Ч.Хүрэлбаатарт байна уу?

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Хямралаас гарах жор Ч.Хүрэлбаатарт байна уу?

Хямралаас гарах жор Ч.Хүрэлбаатарт байна уу?

Өчигдөрхөн л “Саарал жагсаалт”-ад орох нь гэж сандарч байсан Монгол Улс өнөөдөр “мултрах” бололтой хэмээн тайвшраад эхэлж.  “Саарал жагсаалт”-ад орох эсэх нь үнэн хэрэгтээ  тийм ч аймаар шийдвэр биш.  Харин дэлхийд нүүрлэж буй эдийн засгийн хямрал Монголыг жинхэнэ утгаар нь хямрааж мэднэ. Тиймээс энэ хямралд Монгол бэлэн үү. Бидэнд ирж яваа хямралыг  давах бэлтгэл бий юу? Бодлого боловсруулагчид ямар бодлого байна вэ.  Эдгээр нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тавигдах ёстой нэн чухал асуултууд.

Манай эдийн засгийг эрүүлжүүлэх эмчилгээ хийхэд “гүн туслалцаа” үзүүлж буй  ОУВС дэлхийн эдийн засгийн төсөөллийг таван удаа дараалан бууруулж таамаглаад байна.  Ялангуяа хоёр хөршийн эдийн засаг хямралтай, нэг нь худалдааны дайнтай, нөгөө нь хоригтой.   Далайд гарцгүй, экспорт, импорт нь хөршүүдээсээ хамааралтай Монголын хувьд Орос, Хятадын   эдийн засаг өгсөж, уруудах нь тунчиг хамааралтай сэдэв. Монгол Оросоос нефть, эрчим хүч гээд гол хэрэглээний бүтээгдэхүүнээ импортолдог. Харин зэс, нүүрс зэрэг эрдэс баялгаа Хятадад экспортолдог. Тэгэхээр “Эрвээхэйн нөлөө” хэр их байх бол.

Хятадын эдийн засаг зургаан хувиас доогуур үзүүлэлттэй, тус улсын хувьд дэд бүтцийн салбартаа хөрөнгө оруулалт хийж, бизнесийн үйл ажиллагааг тогтворжуулж зээлийн нийлүүлэлт дээр анхаарах болсон.  Энэ нь эдийн засгийн хямралыг давах хятад жор аж.  Путины хувьд  Хятадтай найрсаг харилцаатай байх нь олон улсын хоригийн эсрэг авч буй гол бодлого нь. Тэгвэл Монголын эмчилгээний жор нь юу байх вэ?

Үнэндээ, дэлхийн хямралыг сануулж  байгаа  нь Р.Амаржаргал, Н.Энхбаяр нарын эдийн засагчид. Бусад нь улс төрдөө уусаад хямралыг хаячихсан бололтой. 

Аливаа хямралын үед төв банк, Засгийн газар хоёрын зөв бодлого, тэдгээрийн уялдаа холбоо туйлын чухал. Тэд хамтдаа эдийн  засгийн хямралын үед иргэд аж, ахуйн нуруун дээр ирэх сөрөг нөлөөллийг бууруулах, зөөллөх “жор” найруулах үүрэгтэй.  Тэрний төлөө бодлогын зардал ч гарах учиртай. Санхүүжилтгүй төсөл хөтөлбөр гэж байдаггүйтэй адил зардалгүй бодлого гэж байхгүй. Ямар ч төрийн бодлого, ялангуяа мөнгөний бодлого нь тодорхой зорилготой бөгөөд зардалтай байдаг. Харин тэр зардлаа ард иргэдийн амьжиргаа, аж ахуйн нэгжүүдийнхээ баланс дээр бичдэггүйгээрээ онцлогтой юм.

Монгол Улс эдийн засгийн том хямралуудыг төв банк, Засгийн газрын хамтарсан бодлогоор даван туулсан туршлага бий, бий.  2008-2009 оны хямралыг дөрвөн арвын бодлого болон Татварын өршөөлийн тухай хуулийг баталсны үр дүнд хохирол багатай давсныг эдийн засагч Б.Лхагважав байнга сануулдаг.  Нөгөө нь 2014 оны хямрал.  Н.Золжаргал, Ч.Сайханбилэг хоёрын бодлогын хоршил ямартай ч эдийн засгаа тавиад туучихаагүй юмдаг.

Төв банк нь мөнгөний бодлогоор инфляцийг нам, тогтвортой байлгах, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хадгалах, эдийн засгийн тэнцвэртэй хөгжилд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй төрийн зохицуулагч институци.

Товчхондоо, Монголбанкны тухайд аж ахуйн нэгж шиг дампуурах тухай ойлголт хэзээ ч байдаггүй. Нэгэнт  хэзээ ч дампуурдаггүй юм бол төв банкны хөрөнгө, өр төлбөрийн цэвэр зөрүү эерэг байх уу, сөрөг байх уу, төв банкны өөрийн хөрөнгө нэмэх үү, хасах уу гэдэг нь анхдагч зорилго биш, гол асуудал ч биш. Хэрүүлийн алим бүр ч биш.

Харамсалтай нь, Монголбанкыг алдагдалтай ажиллабал муу, ашигтай ажиллабал сайн гэх санхүүгийн ойлголтгүй улстөрчид УИХ-д цөөнгүй.  Бараг л АН-ын үед алдагдалтай ажилласан Монголбанкны ерөнхийлөгчийн толгойг ав гэх нь холгүй улстөржих Т.Аюурсайхан нарт зөвлөхөд  Төв банкны бодлогын үйл ажиллагааны үр дүнг тэнцлийн ашиг, алдагдлаар нь хэмждэггүй юм. Мэдээж, төв банкны ашиг  нь инфляцийн зорилтыг хангахад ямар ч нөлөөгүй. Дэлхий дахинд хэрэгждэг онолоор төв банкинд хуулиар ашигтай ажиллах үүрэг хүлээлгэж болдоггүй. Яагаад гэвэл төв банкны санхүүгийн тэнцлээр мөнгөний бодлогын үр нөлөөг үнэлдэггүй, тэгэх ямар ч боломжгүй. Төв банкны санхүүгийн тэнцэл эерэг буюу сөрөг байх нь, энгийнээр төв банк ашигтай, эсхүл алдагдалтай ажиллах нь макро эдийн засгийн нөхцөл байдал, гадаад, дотоод орчин, хэрэгжүүлэх бодлогоос нь хамаардаг.

Тэгвэл төв банк баланс дээрээ алдагдал бичин байж бодлого явуулахын зорилго нь юу вэ? Үүнийг УИХ дахь популистууд асуух нь мэдээж. Хариулт нь,  хямралын сөрөг нөлөөг иргэд, өрх гэр, хувийн хэвшилдээ хамгийн бага байлгаж хуульд заасан үүргээ гүйцэтгэх. 2013-2016 онд зөвхөн гадаадын шууд хөрөнгө оруулалтын огцом бууралтаас Монголын эдийн засагт 14.7 их наяд төгрөгийн мөнгөний дутагдал үүссэн байдаг. Энэ нь ДНБ-ийн 60 гаруй хувьтай тэнцэх хэмжээ буюу хүнээр яривал бие дэх цусныхаа 60 хувийг юүлсэн гэсэн үг. Сэхээнд байгаа өвчтөнг аврах уу, алах уу?

Тиймээс л УИХ-ын шийдвэрүүдийн хүрээнд Монголбанкнаас эдийн засгийг бүхэлд нь тогтворжуулах уламжлалт бус мөнгөний бодлого хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү бодлогын үр дүнд хэдийгээр төлбөрийн тэнцлийн маш гүнзгий хямралтай байсан ч эдийн засгийн өсөлтийг огцом агшуулаагүй, 2013 онд эдийн засаг хасах болоогүй, харин 11.6, 2014 онд 7.9 хувийн өсөлттэй гарч байв. Тэр тусмаа хувийн хэвшилд ажлын байр харьцангуй сайн хамгаалагдаж, ажилгүйдэл огцом өсөх байсан эрсдэлийг тойрч гарсан байдаг. Жилд 14 хувьтай байсан инфляци нь түүнийг онилсон уламжлалт бус бодлогын үрээр жил бүр буурсаар 2015 он гэхэд хоёрхон хувьтай гарч байлаа.

 2012-2016 онд махны үнэ хямд, шатахууны үнэ дөрвөн жил тогтвортой байжээ.  Тэр бол өнөөдөр МАН-ынханд хамгийн муугаараа дуудуулж, Т.Аюурсайханд адлагдах болсон Ч.Сайханбилэг, Н.Золжаргал хоёрын бодлогын үр дүн.

Тэдний бодлогын үр дүнд найман хувийн орон сууцанд олноороо хамрагдаж, гэр хорооллын яндан хамгийн их цөөрсөн байдаг. Эдийн засгийн цусны эргэлт болсон банк санхүүгийн салбар энэ жилүүдэд бүхэлдээ тогтвортой байжээ.

Ингэж нийт эдийн засаг, санхүүгийн салбар, хувийн хэвшил, ард иргэдэд ирэх байсан эрсдэлийг бүтэн дөрвөн жилийн турш бууруулсан бодлогыг УИХ нь баталж, Монголбанк нь Засгийн газартай хамтран хэрэгжүүлж, зардлыг нь төр өөрийнхөө баланс дээр бичсэн нь “толгой цусдах” шийдвэр огтоос биш билээ. Эсрэгээрээ энэхүү уламжлалт бус бодлогоор эрсдлээс эдийн засгаа хамгаалсанд талархаж ёстой байтал шүү дээ.

Монгол Улс хямралын эрсдэлийг иргэд, аж ахуйн нэгжүүддээ үүрүүлдэг төртэй байж хэрхэвч болохгүй. Хэрэв төв банк баланс дээрээ алдагдал бичихээс айгаад хямралын эсрэг бодлого хэрэгжүүлээгүй байсан бол хохирогч нь иргэд, хувийн хэвшил байх байсан нь худлаа биш. Тэгэхээр УИХ-ын баталсан тогтоол шийдвэрээр 2012-2016 онд Монголбанкны удирдлага зоримог бөгөөд зөв бодлогууд хэрэгжүүлсэн нь  Монголын эдийн засаг 2013-2016 онд жинхэнэ утгаараа “дефолт” болохоос аврагдсан юм.  2017-2019 оны эдийн засгийн өсөлтийн суурь нь чухамдаа АН-ын засаглалын он жилүүдэд тавигдсан.   Гэтэл өнөөдөр УИХ-ын зарим гишүүд улс төр хийж эдийн засгаа эрсдэлд оруулж байна. Уг нь төв банкны үйл ажиллагааг түүний ашиг, алдагдлаар нь үнэлдэггүйг  Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нарын популистууд яаж ч мэдэх вэ дээ,  мэдлэг нь дутна биз.

Монголд мах магнаг болсон.  Инфляци улсын хэмжээнд 9, нийслэлд 10.5 хувьтай болж өссөн, санхүүгийн салбарт тодорхойгүй хүлээлт эргэлзээ үүссэн, банкуудын тал нь шалгагдсаар, бараг зээл гарахгүй шахам болжээ. Чанаргүй зээл бараг хоёр их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн 10 хувиас давсаар удлаа. Төгрөгийн ханш 700 төгрөгөөр суларч 2670 болжээ. Ажилгүйдлийн түвшин 2019 оны эхний хагасын байдлаар 10.1 хувь. Нүүрс, зэсийн орлого үлэмж нэмэгдэж, гадаадын хөрөнгө оруулалт өсч, гаднаас долларын зээл ихээр авч валютын нөөц өссөн хэрнээ шүү дээ. Тиймээс л Сангийн яам, Валютын сан хоёрт хямралаас гарах ямар жор байна вэ гэж асуух нь буруу биш биз  дээ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж