Тээврийн цагдаагийн албанд энэ долоо хоногт зам тээврийн ослын шинжтэй нийт 1266 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 960 ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 34 хүн гэмтэж, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
НОЦТОЙ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛУУДААС ДУРДВАЛ:
- 2019 оны аравдугаар сарын 16-ны өдрийн 23.00 цагийн орчимд Увс аймгийн Зүүнхангай сумын нэгдүгээр багийн нутаг Даланбулагт шороон замд Kia Bongofrontier маркийн автомашины жолооч Б нь явган зорчигч 39 настай, эрэгтэй О-г мөргөж, амь насыг нь хохироосон.
- 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 12.20 цагийн орчимд Орхон аймгийн Баян-өндөр сумын Их залуу багийн нутаг асфальтан замд Mitsubishi Pajero автомашины жолооч А нь явган зорчигч 9 настай, эмэгтэй Ц-г мөргөж, амь насыг нь хохироосон.
- 2019 оны аравдугаар сарын 17-ны өдрийн 19.52 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын гуравдугаар багийн нутаг Баруун шовог гэх газар шороон замд Хаоже маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч 41настай, эрэгтэй А нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Дашрамд, жолооч та хурдаа хасаж, тухайн гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгч хөдөлгөөнд “Дураараа бишээ дүрмээрээ” оролцохыг уриалж байна.
Э.АРИУН
Холбоотой мэдээ