АНХААР: Сэтгүүлчдийн заавал МЭДЭХ ёстой хэм хэмжээ

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

АНХААР: Сэтгүүлчдийн заавал МЭДЭХ ёстой хэм хэмжээ

АНХААР: Сэтгүүлчдийн заавал МЭДЭХ ёстой хэм хэмжээ

Хэвлэл мэдээллийн салбарын эрх зүйн ба өөрийн зохицуулалтын олон улсын хэм хэмжээг хүргэе.

Бид яагаад олон улсын хууль, хэм хэмжээг дагах ёстой вэ?

  1. Монгол Улсын Үндсэн хуулийн 10-р зүйл:

10.2.Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

10.3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.

  1. Монгол Улс 1961 онд НҮБ-ын гишүүн болохдоо Хүний эрхийн түгээмэл тунхаглал (ХЭТТ)-ыг хүлээн зөвшөөрч, нэгдэн орсон.
  2. Монгол Улс 1974 онд Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пакт (ИБУТЭТОУП)-ыг соёрхон баталсан.

ИБУТЭТОУП-ын хоёрдугаар зүйлээр Хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээ аваагүй байгаа бол энэхүү Пактад оролцогч улс бүр үндсэн хуулийнхаа журам болон энэ Пактын заалтад нийцүүлэн түүнд хүлээн зөвшөөрсөн эрхийг хэрэгжүүлэхэд шаардлагатай байж болох хууль тогтоомжийн буюу бусад арга хэмжээг авах үүрэгтэй[1] гэжээ.

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг ХЭТТ, ИБУТЭТОУП-ын 19-р зүйлээр баталгаажуулсан бөгөөд энэ зүйлд заасан гурван хэсгийг хэрхэн ойлгох тухай 34 тоот Ерөнхий Тайлбар[2] 2011 оны 7-р сард болсон НҮБ-ын Хүний эрхийн хорооны 102 дугаар чуулганаар батлагдсан юм.

  1. Эрх зүйн зөөлөн хэм хэмжээ: НҮБ-ын Үзэл бодол, илэрхийллийн эрх чөлөөний эрхийн Тусгай илтгэгчийн тайлбар, мэдэгдэл, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоол, шийдвэрүүд гэх мэт. Мөн Европын Хүний Эрхийн Шүүх, Америк Дундын Хүний эрхийн Шүүхийн шийдвэр, жишиг хамрагдана.
  2. Монгол Улс 2011 онд Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны байгууллага (OSCE)-ын гишүүн болсон. Иймд Европын хэм хэмжээ мөн жишиг болно.
  3. НҮБ-д зөвлөх эрх бүхий үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хамгаалдаг, олон улсын мэргэжлийн төрийн бус байгуулллагуудын дүн шинжилгээ. Глоб Интернэшнл төв Лондон хотноо төвтэй “19-р зүйл” байгууллагатай 2011 оноос хамтын ажиллагаатай.

ОЛОН УЛСЫН ХЭМ ХЭМЖЭЭ ЮУ ХЭЛДЭГ ВЭ?

СЭТГҮҮЛЧИЙН ТОДОРХОЙЛОЛТ

ЮНЕСКО Сэтгүүлчдийн аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт [3] боловсруулсан ба түүний хэсгээс дор дурдав.

Цахим агуулга хаа сайгүй нэмэгдэж буй энэ ертөнцөд сэтгүүлч гэх нэр томъёо өргөн хүрээтэй болж, зөвхөн мэргэжлийн байгууллагад албан ёсоор нэгдсэн, эсвэл хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг хэвлэл мэдээллийн ажилтнуудыг хамардаг байснаа больсон гэдгийг  ойлгох нь чухал юм. НҮБ-ын Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний Тусгай илтгэгчийн 2012 оны тайланд “ Сэтгүүлч бол нийгмийн салбаруудад, эсвэл  нийгэмд бүхэлд нь мэдээлэл өгөхийн тулд үйл явдлыг ажиглаж,  тодорхойлон  тайлбарладаг, баримтжуулдаг,  мөн нийгэмд нөлөө үзүүлж буй үйл явдал, мэдэгдэл, бодлого, төлөвлөгөөнд шинжилгээ хийж, ийм мэдээллийг системд оруулах,  баримт сэлт цуглуулах зорилготой хүн хувь юм” гэжээ.

ЮНЕСКО-гийн Мэдээлэл харилцааны хөгжлийн Олон улсын хөтөлбөр (МХХОУХ)-ийн  2012 оны 3-р сарын 23-ны шийдвэрт “Олон нийтийн эрх ашиг бүхий сэтгүүл зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний туурвигчид[4] гэж томъёолсон. 2014 оны 11-р сард Мэдээлэл харилцааны хөгжлийн олон улсын хөтөлбөр ( МХХОУХ) -ийн Засгийн газар хоорондын Зөвлөлийн 29-р чуулганаар “Сэтгүүл  зүйн үйл ажиллагаанд татагдан оролцдог сэтгүүлч, хэвлэл мэдээлийн ажилтан, нийгмийн сүлжээний агуулга туурвигчид” хэмээн өөрчлөн томъёолсон билээ. Энэ утгаар, сэтгүүлчдэд сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч, агуулга туурваихад дэмжлэг үзүүлдэг  ажилтан, хүйн хэвлэл мэдээллийн идэвхтэн, иргэний сэтгүүлчид багтана. Өөрөөр хэлбэл, нийгмийн сүлжээ, цахим хэвлэл мэдээллийн бүх хэрэглэгч бус олон нийтийн эрх ашиг бүхий агуулгын үлэмж хэсгийг туурвигч, эрхлэгч, түгээн дэлгэрүүлэгчид багтана”[5]гэжээ.

Олон улсын Сэтгүүлчдийн холбооны Үндсэн хуулийн[6] “Гишүүнчлэл” хэмээх бүлгийн 4.а зүйлд “Сэтгүүлч гэж ажлын цагийнхаа дийлэнхийг сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд зориулдаг, орон тооны, эсвэл чөлөөт байдлаар орлогынхоо ихэнхийг энэ ажлаас олдог хүнийг хэлнэ”. Энэ бүлгийн 5-р зүйлд “Ердийн гишүүнчлэлийн хувьд ажил олгогчдыг хамруулдаг сэтгүүлчийн эвлэл холбоо, эсвэл мэргэжлийн бусад тусгай салбарт үйл ажиллагаа явуулдаг эвлэл холбоонд ОУСХ-ны гишүүнчлэл нээлттэй бус” гэсэн байдаг.

СЭТГҮҮЛЧДИЙГ БҮРТГЭХ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ

Олон улсын хэм хэмжээгээр хэвлэл мэдээллийн ажилтнуудад тусгай зөвшөөрөл олгох, бүртгэхийг хориглодог.

“Сэтгүүл зүй бол мэргэжлийн, бүтэн цагаар ажиллаж буй сурвалжлагч, шинжээч, мөн блогчид, хэвлэл болон интернет, өөр бусад хэрэгслээр өөрөө хэвлэн нийтлэл эрхлэгчдийг хамарсан өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа бөгөөд улсын бүртгэлийн ерөнхий тогтолцоо, сэтгүүлчдийг лицензжүүлэх нь 3 дахь хэсэгт үл нийцнэ. Хязгаарлагдмал итгэмжлэх үнэмлэх олгох нь тодорхой газар, үйл явдалд нэвтрэх давуу эрх олгож байгаагаар зөвшөөрөгдөнө. Ийм зохион байгуулалт нь 19-р зүйл, Пактын бусад зүйл заалтад нийцсэн, үл ялгаварлах зарчим, бодит шалгуурт үндэслэгдэх бөгөөд сэтгүүл зүй бол  өргөн хүрээтэй, олон тооны тоглогчдын дунд хуваагддаг үйл ажиллагаа болохыг анхааралдаа авах ёстой”[7].

Европын Сэтгүүлчдийн Холбооны Ерөнхийлөгч Могенс Бличер Бгергард:

Сэтгүүл зүй бол чөлөөт мэргэжил юм. Сэтгүүлчдэд батламж (сертификат) олгох, эсвэл хэн сэтгүүлч байхыг тодорхойлох аливаа оролдлого нь хэвлэлийн эрх чөлөөг зөрчиж буй хэрэг. Сэтгүүлчдийг хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөнд аливаа нөхцөлгүйгээр бүрэн дэмжлэг үзүүлэх нь Засийн газрын үүрэг юм.  Мэдээжийн хэрэг  сэтгүүлч, хэвлэл мэдээлэл ёс зүйн асуудал, өөрийн зохицуулалтаа өөрсдөө хариуцах үүрэгтэй. Энэ бол Засгийн газрын үүрэг биш.

19-р зүйл байгууллагын “Олон улсын хэм хэмжээ: Хэвлэл мэдээллийн бaйгууллагын ажилтнуудын зохицуулалт” [8]-аас дор дурдав.

Сэтгүүлчдэд тусгай зөвшөөрөл олгох нь сэтгүүл зүйн мэргэжлийн хүртээмжийг хязгаарлаж буйгаараа дэмжлэг болохоосоо илүү хор уршигтай.

Хуульч, эмч нартай харьцуулахад, сэтгүүлчийн үйл ажиллагаа бол мэдээлэл, үзэл санаа хайх, хүлээн авах, түгээх тусгайлан хамгаалагдсан хүний эрх бөгөөд энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө юм” гээд “энэ нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийн зөрчил мөн” гэжээ.

СЭТГҮҮЛЧДИЙН ГИШҮҮНЧЛЭЛ

Хүн бүр өөрийн санаа бодлыг аливаа арга хэрэгсэл, аливаа хэлбэрээр мэдээлэн харилцах эрхтэй. Гишүүнчлэлтэй байхыг албадах, эсвэл сэтгүүл зүйн дээд боловсролтой байхыг шаардах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хууль бус хязгаарлалт юм[9].

Канадын Эрх зүйн ба Ардчилал төвийн үүсгэн байгууагч, захирал Тоби Мендел:

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, эвлэлдэн нэгдэх нь тусдаа хоёр эрх юм. Эхний эрхийн хувьд, хүн бүр сэтгүүл зүйн үйл ажиллагаа эрхэлж болно гэдэг нь ойлгомжтой. Хоёр дахь эвлэлдэн нэгдэх эрхийн тухайд гэвэл, сэтгүүлчид өөрсдийн хүссэнээр ямар зохион байгуулалтад орох нь тэдний эрх юм. Сэтгүүлчдийг ямар нэг холбооны гишүүнчлэлтэй байхыг албадах нь хэвлэлийн эрх чөлөөний зөрчил болохын тодорхой нэг тохиолдол нь Коста Рика байсан бөгөөд 1985 оны 11-р сарын 13-ны Америк Дундын  хүний эрхийн шүүхийн шийдвэр хамгийн шилдэг жишиг тогтоосон билээ.

19-р зүйл байгууллага “Олон улсын хэм хэмжээ: Хэвлэл мэдээллийн ажилтнуудын зохицуулалт”[10] хэмээх бодлогын бичиг баримтаа мөн Коста Рикагийн тохиолдлыг жишээ татан, Америк Дундын хүний эрхийн шүүхийн шийдвэрээс иш татжээ. Үүнд:

Сэтгүүлчдийг мэргэжлийн эвлэл холбооны гишүүн байхыг хүчээр тулгах нь эмзэг асуудал юм. Практик дээр сэтгүүлчид сайн дураараа ийм байгууллагад идэвхтэйгээр нэгдэх, эсвэл өөрсдөө дундаа шинэ бүлэг хэсэг байгуулдаг.

Холбоо, үйлдвэрчний эвлэл байгуулах нь Хүний эрхийн түгээмэл тунхаглал, ИБУТЭТОУП-ын 22-р зүйлээр  баталгаажуулсан тусдаа хүний эрх юм.

Сэтгүүлчдийн эвлэл холбоо нь хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүдийн  ажиллах нөхцөлийг сайжруулахад тустай, мөн сургалт хийх, гишүүддээ үйлчилдэг ёс зүйн зарчим батлах замаар гишүүдийнхээ мэргэжлийн ба ёс зүйн хэм хэмжээг нэмэгдүүлэхэд туслах боломжтой.

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ӨӨРИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН ТОГТОЛЦОО

ЮНЕСКО-гоос 2011 онд “Илэрхийллийн эрх чөлөөг хамгаалахад Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын ач холбогдол”[11] хэмээх бодлогын бичиг баримт боловсруулж хэлэцүүлсэн нь практик үр дүнтэй болсон билээ. Үүнд:

Өөрийн зохицуулалт нь хэвлэл мэдээллийн хараат бус байдлыг сэргийлж, засгийн газрын хатуу нөлөөллөөс  хамгаалдаг. Хэвлэл мэдээлэл орчноо засгийн газраас илүү ойлгодог учир зохицуулалтын тогтолцооны  хувьд энэ нь үр өгөөжтэй байх боломжтой.

Өөрийн зохицуулалт нь байгууллагуудыг мэргэжлийн хэм хэмжээний  тухай эргэцүүлэн бодох, түүнчлэн өөрийн зан үйлийн хэм хэмжээг боловсруулахыг  шаардан мөрдүүлэх боломжтой.

Энэ бичиг баримтад  мөн “Сэтгүүлчдийн ёс зүйн баримтлах зарчим “ хэмээх тухай хэсэг орсон ба төгсгөлд нь ОУСХ-ны Ёс зүйн баримтлах зарчмыг бүхлээр нь хавсаргасан байдаг.

ОУСХ-ын Эрх зүй, практикийн зарчимд [12] “Хэвлэл мэдээллийн ёс зүй: ОУСХ ёс зүйг хуульчлахын эсрэг бөгөөд хэвлэл мэдээллийн  мэргэжилтнүүд өөрсдөө засгийн газартай холбоогүйгээр өөрийн зохицуулалтын бэхжсэн тогтолцоогоо хариуцан захирахыг дэмжинэ” гэжээ. [13]

19-р зүйл байгууллагын “Узбекистан: Нийтийн хэвлэл мэдээллийн хууль”[14] хэмээх 2019 оны 2-р сард хийсэн дүн шинжилгээний тайлангаас:

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний эрхийг хамгаалахын тулд хэвлэл мэдээлэл нь засгийн газрын хяналтаас хараат бусаар үйл ажиллагаагаа эрхлэхийг зөвшөөрөх нь үүрэг хариуцлага юм. Энэ нь хэвлэл мэдээллийн олон нийтийн хоточ нохой байх үүрэг, түүнчлэн үзэл бодол, ялангуяа олон ниитийн ашиг сонирхол бүхий асуудлаарх үзэл бодлыг олон нийт өргөн хүрээнд олж авах эрхийг хангана. Хэвлэл мэдээллийн зохицуулалтын нэг загвар нь өөрийн зохицуулалт юм.

Өөрийн зохицуулалт нь эгэх хариуцлагатай, ёс зүйт хэвлэл мэдээллийн хэм хэмжээг салбар нь өөртөө хүлээнэ гэсэн үг юм. Үүнийг хараат бус Хэвлэлийн зөвлөл байгуулж, хэрэгжүүлдэг. Хэвлэлийн зөвлөлийн эрх мэдэл янз бүр байдаг ч ерөнхийдөө мэргэжлийн болон ёс зүйн хэм хэмжээ боловсруулж, эдгээр хэм хэмжээтэй холбоотой гомдлыг хүлээн авах үүрэгтэй.

Үр өгөөж бүхий өөрийн зохицуулалт бол хэвлэл мэдээлэлд өндөр хэм хэмжээг хөхиүлэн дэмжих хамгийн шилдэг тогтолцоо юм.


[1] https://www.legalinfo.mn/law/details/1257

[2] https://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/gc34.pdf

[3]https://en.unesco.org › themes › journalists-safety-indicators

[4] http://www.ohchr.org/Documents/HRBodies/HRCouncil/RegularSession/Session20/A-HRC-20-17_en.pdf 

[5]https://en.unesco.org › themes › journalists-safety-indicators

[6] https://www.ifj.org/who/rules-and-policy/constitution.html

[7] https://www2.ohchr.org/english/bodies/hrc/docs/GC34.pdf

[8] https://www.article19.org/resources/international-standards-regulation-media-workers/

[9] https://globalfreedomofexpression.columbia.edu/cases/la-colegiacion-obligatoria-de-periodistas-oc-0585/

[10] https://www.article19.org/resources/international-standards-regulation-media-workers/

[11] https://unesdoc.unesco.org/ark:/48223/pf0000191624

[12] http://www.law-democracy.org/live/wp-content/uploads/2013/09/Handbook.IFJ-CLD-MENA-region.13.08.pdf

[13] https://www.ifj.org/media-centre/news/detail/category/campains/article/mexico-alert-on-reports-of-journalists-families-threatened-and-displaced.html

[14] https://www.article19.org/resources/uzbekistan-law-on-mass-media/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж