Намрын чуулганаар хэлэлцэж, батлах ёстой хамгийн чухал зүйл бол 2020 оны төсөв. УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар 2020 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийж, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлсэн. Энэ үеэр орон нутгийн хөрөнгө оруулалтууд тэгш бус , зарим аймагт хэт өндөр, зарим аймагт хэт бага хуваарилсан нь олон гишүүний шүүмжлэлийг хүртсэн. Ялангуяа Хэнтий аймагт хамгийн өндөр төсөв буюу 142 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тусгасан нь шүүмжлэл дагуулсан юм. Төсвийн талаар онцлох байр суурийг хүргэж байна.
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ: ЦАХИМ, ИЛ ТОД, ҮР АШИГТАЙ ТӨСӨВ БОЛНО
-Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэх, сахилга хариуцлага, дэг журмыг хэвшүүлэн мөрдүүлэх, авлига, хээл хахуулийг хязгаарлахад чиглэсэн бодлогын шинэтгэлүүдийг тусгалаа. Цөлжилтийг сааруулж, цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээг бууруулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг сайжруулах, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, хуурайшилт, гал түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах санхүүжилтийг 6.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон. Аялал жуулчлалын салбарын дэд бүтцийг сайжруулах, гадаад сурталчилгаа, маркетингийн ажлуудыг эрчимжүүлэх, үйлчилгээний чанарыг сайжруулах, Монгол Улсад жуулчин хүлээж авах хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор санхүүжилтийг нэмэгдүүлж 8.1 тэрбум төгрөгт хүргэнэ. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлд төсвөөс олгох дэмжлэг, урамшууллыг оновчтой хуваарилж, салбарын өсөлтийг дэмжихэд олгох хөрөнгийн үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Нийгмийн хэрэгцээ шаардлага, орон нутаг болон салбаруудад тулгамдсан асуудлуудыг хөрөнгө оруулалтаар шийдвэрлэхэд онцгой анхаарч 2016-2018 онд 81 цэцэрлэг, 58 сургууль, 22 эмнэлгийн барилга байгууламж ашиглалтад оруулсан бол 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2018-2019 онд эхлүүлсэн төслүүдийг дуусгах, олон жил үргэлжилсэн царцаагдсан төслүүдийг ашиглалтад оруулах, 2018 оны төсөвт тусгагдсан боловч санхүүжилтээ бүрэн авч чадаагүй зарим төслүүдийн хураагдсан санхүүжилтийг төсвийн төсөлд тусгалаа. Эдийн засаг, нийгмийн ач холбогдол бүхий хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлж, орон нутгийн иргэдийн амьдрах таатай орчныг бүрдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг зэрэг нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг сайжруулахад анхаарал хандуулна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж, үндэсний өв соёл, урлаг, үзвэрийн барилга байгууламжийг сайжруулах замаар уг салбараас олох орлогыг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлнэ. Дээр дурдсан бодлогын арга хэмжээнүүдийн үр дүнд 2020 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 11.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага 13.9 их наяд төгрөг, улмаар нэгдсэн төсвийн нийт алдагдал 2.1 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувь байхаар төсвийн төслийг боловсрууллаа.
УИХ-ЫН ГИШҮҮН М. ЭНХБОЛД: ИРГЭДИЙН АМЬДРАЛ АХУЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ, ЦАЛИН ТЭТГЭВРИЙН НЭМЭГДЛИЙГ АНХААРАХ НЬ ЗӨВ
-2020 онд Монгол Улсын эдийн засаг нийгмийг, улс орны амьдралыг хэрхэн хөтлөх вэ гэдэг чухал баримт бичиг. Энэ батлагдсан төсвийг хэлэлцэх асуудалд хаа хаанаа хариуцлагатай оролцох ёстой. 2020 оны төсөв бодитой бүтээн байгуулалтын төсөв байх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусах хариуцлагатай төсөв. Иргэдийн амьдрал ахуй, ядуурлын түвшин ямар байгаад дүгнэлт хийх шаардлага гарч байна. Энэ жил эдийн засгийн өсөлт 7,1 хувьтай байгаа нь өсөлттэй байна. Гэтэл энэ хугацаанд ядуурал 1,2 хувь буурсан гэж Дэлхийн банк дүгнэсэн. Ийм үед иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, цалин тэтгэврийн нэмэгдлийг анхаарах нь зөв. Нийслэлийн 319 тэрбум төгрөг арай ахадсан санагдаж байна, тиймээс Засгийн газар авах, өгөх байдлаар уян хатан хандаасай. Төсвийг нэмэгдүүлж байгаа нэг зүйл бол зураг төсөл. Улсын төсөвт суусан төсвийг 82 хувиар нэмж байна. 5-10 хувиар өсөх байж болох ч 82 хувиар өснө гэдэг байж болохгүй зүйл. Хуучин төсөв хэлэлцэж байхад орон нутгийн удирдлагуудын үгийг сонсдог байсан уламжлал байсан. Улсын төсөв орон нутгийн төсөвтэй уялдуулах асуудлыг анхаарч үзээрэй.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР: БАЯЛГИЙН МЕНЕЖМЕНТЭЭ САЙЖРУУЛАХ ЁСТОЙ
– Төсөв ярьж байхад сайд нар нь байхгүй, давхар дээлээ даахгүй томроод яваад байх юм. Хөрөнгө оруулалт нэмэхийн тулд орлогоо л нэмэх учиртай. 42 сая тонн нүүрс гаргана гэж тооцоолжээ. Дэлхийн бизнесийн чиг хандлага тэнцвэр, зохицуулалт руу явах ёстой, үүнийг нь төр хийх ёстой. Баялгийн менежментээ маш сайн хийх ёстой. Бид менежментээ хийж чадахгүй байна. Хувийн хэвшлээ дэмжиж болно, ингэхдээ менежмент сайтай, хөрөнгө татах чадвартай аж ахуй нэгжүүдээ дэмжих нь зөв. Ашигт малтмалын үр шимийг ард түмэн хүртэж чадахгүй байна. Баялгийн эзэд нь ядуурч, бага хэмжээний татвар төлдөг гадагшаа зараад улсаасаа баяжсан хүмүүс их байна. Баялгийн менежментээ зөв хийхгүй Монгол Улс цааш хөгжихгүй шүү гэдгийг тал талдаа бодох ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ХАЯНХЯРВАА: ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТЭГШ БУС БАЙДЛЫГ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД ЗАСЧ, САЙЖРУУЛААРАЙ
-Төсөв хэлэлцэж байгаа үед асуудалд ухаалаг хандах ёстой. Хөрөнгө оруулалтын бодлого дээр бид эргэж харах шаардлага байна. Төсвийн мөнгөөр хөрөнгө оруулах гэж байгаа зүйлсийг харахад бас арай ч дээ гэмээр зүйл байна лээ. Энэ жил аймгуудын дундаж хөрөнгө оруулалт 30-32 хувь байхад зарим аймаг хэт өндөр байна. Жишээлбэл, Хэнтий аймаг 142 тэрбум төгрөг. Энэ бол улсын чанартай хөрөнгө оруулаагүй тооцсон шүү. Нэг хүнд ногдох хөрөнгө оруулалт 1,8 сая төгрөгийн хөрөнгө оруулалт байгаа юм. Гурван ч сайдын дийлэнх хөрөнгө оруулалт нь Хэнтий аймагт байгааг гишүүд шүүмжилж байгаатай санал нэг байна. Үүнийг хэлэлцүүлгийн явцад эргэн харах байх гэж бодож байна. Аялал жуулчлалыг ярьж, дэмжих ёстойг ойлгож байгаа ч хөрөнгө зарахгүйгээр хийх ажил байгаа гэдгийг бодох ёстой. Нэг газар тодорхой барилга барьснаараа аялал жуулчлалыг дэмждэг гэж бодохгүй байна. Түүнээс гадна эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмжийг бид анхаарах ёстой. Ялангуяа хүн амын төвлөрөл ихтэй байгаа эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт, төсвийг онцгой анхаарах нь чухал шүү. Монгол Улс жигд хөгжих ёстой, жигд хөгжихийн тулд бодлого зөв байх ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН О.СОДБИЛЭГ: ХҮНДЭЭ ЧИГЛЭСЭН БОДЛОГО ТӨСӨВТ АЛГА
-Орлого улсын төсөвт төвлөрүүлж байгаа Эрдэнэт хотод бага хөрөнгө оруулалт хуваарилагдаж байна. Улсын төсөвт өндөр татвар төлж, төлөвлөгөөгөө биелүүлдэг, хүн ам нь 100 мянга давсан байхад тавигдсан төсөв бага байна. Хүн амын төвлөрөл ихтэй бүсийнхээ хүн рүү анхаарах хэрэгтэй. Бодлогын төсөв гэж ярьж байгаа ч хүн багатай газарт өндөр төсөв олгосон юм шиг уншигдаж байна. 2020 төсвийг хэрэгжүүлснээр манай намын мөрийн хөтөлбөр 95 хувь хэрэгжих боломжтой гэсэн ч тодорхойгүй байна. Бид мөрийн хөтөлбөртөө хүндээ чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ гэсэн боловч хаана хэрэгжих нь ойлгогдохгүй байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, БОАЖ-ИЙН САЙД Н.ЦЭРЭНБАТ: ТӨСӨВТ ЭРҮҮЛ, АЖИЛ ХЭРЭГЧ БАЙДЛААР ХАНДААРАЙ
-2020 оны төсөв бол өмнөх жилүүдийн төсвийг нэгтгэж, сайжруулж л оруулж ирсэн. Гишүүд төр данхайсан гэж их ярьж байна. Гэтэл яагаад төрийн үйлчилгээ ард иргэдэд хүрэхгүй байна вэ, төрийн албан хаагчтай холбоотой олон асуудлыг сайжруулах ёстой. Зохистой харьцаатай болмоор байна. Гэтэл улс төр хийсээр байгаад төрийг хүчгүйдүүлж, үнэгүйдүүлсэн, чадваргүйжүүлсэн. Үүнийг нь далимдуулж хулгай хийсэн. Тэгэхээр гишүүд 2020 оны төсөв бодлогын төсөв гэж ойлгож, хандаарай. ОУВС-ийн хөтөлбөрөөс гарсны дараа төрийн албан хаагчийн ачааллыг буруулж, түргэн шуурхай болгох шийдэгдээд явах зүйл бий. Тиймээс гишүүд эрүүл, ажил хэрэгч, эдийн засагчаар хандаасай гэж хүсч байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: ТЭТГЭВРИЙН ДООД ХЭМЖЭЭГ ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ БОЛОМЖ БАЙНА
-Тэтгэврийн сангийн нэмэгдэл гэж 150 орчим тэрбум төгрөг, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянга болгоно гэж байна. Нийт тэтгэвэр авагчдын 60 хувь 330 мянгаас доош тэтгэвэр авдаг. Одоо байгааг нь тэтгэврийн доод хэмжээг 420 мянган төгрөг болгох боломж байна. Гурван өрх тутмын нэг нь тэтгэвэр авч байна. Тэтгэвэр нэмэх тухай асуудал ярих байтал тэтгэврийн зээлийн хүү бууруулах асуудал яриад байна. Монголын ахмадуудын хувьд тэтгэврийн нэмэгдэж том хувьсгал болно шүү. Энэ парламентын сүүлийн төсөв учраас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүүлэх боломжтой харагдаад байна. Мөн мөнгө гаргахгүйгээр ард иргэдийн амьдралыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх асуудлыг орхиж байна. Одоо энэ арьс, ширний үйлдвэрлэл бүр хэвтлээ. Ч.Улаан сайд гарч ирэхдээ их сайхан юм ярьсан одоо таг. Хөгжлийн банкин дээр төсвийн хуультай уялдуулж зарим асуудлыг тусгах шаардлагатай байна. Түүнээс гадна махны үнийг бууруулж, импортыг бууруулсны хирээр малчдын орлого буурж байна. Мах нь үнэгүй, арьс шир нь хог дээр хаягдаж байна. Хөгжлийн банкны зарим нэг хөтөлбөрүүдийг зайлшгүй явуулах ёстой байна. 21/100 хөтөлбөр баталсан ч хэрэгжиж байгаа юм алга. Түүнийг Хөгжлийн банкаар дамжуулан тендер зарлаж, хувийн хэвшилд боломж олгож болохгүй. Улсын төсвийн хавар дөрөвдүгээр сард эхлүүлж, арваннэгдүгээр сард дуусгадаг баймаар байна. Төсвийн гүйцэтгэл, ирэх жилийн төсөв зэргийг нэгдсэн ярьж байх нь зөв.
УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ: ЗАРИМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ЯВЦАД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ
-Төсвийн хэлэлцүүлгийн явцад засч, залруулах шаардлагатай, зарим хөрөнгө оруулалт тэгш бус байна гэдэг гишүүдийн хэлсэн шүүмжлэлийг Сангийн сайд хүлээж аваад засч залруулаад явах байх. Мэдээж бид үр ашигтай, зөв зохион байгуулалттай төсөв батлах ёстой гэдэг зарчимтай санал нийлж байгаа хөрөнгө оруулалтын бодлого тэгш бус, хуваарилалт нь биш байгааг ойлгож байгаа байх. Эдийн засаг өсч, төсвийг хариуцлагатай болгож байгаа хийж байгаа сайн ажил байна. Эдийн засгийн өсөлтийг хүнд яаж наалдуулах, айл өрхийн хаалгаар яаж оруулах вэ гэдэг дээр бодлогын хувьд эргэж хараач ээ. Мөн Хавдрын эмнэлгийн 19,9 тэрбум төгрөгийг зайлшгүй төсөвт тавих ёстой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТЗОРИГ: ХӨДӨӨ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЧУХАЛ
-Төрийн бодлого улс орноо хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлого нэмэгдүүлэхэд чиглэдэг бөгөөд төсөв ч ийм байх ёстой. Хамгийн их ажлын байр нэмэгдүүлдэг салбар бол хөдөө аж ахуйн салбар. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх, хөдөлгөх тал дээр анхаарах хэрэгтэй. Хөдөө аж ахуй, газар тариалангаа хөдөлгөх бодлогыг Засгийн газар баталсан. Энэ хөтөлбөрүүдээ санхүүжүүлж, хөгжүүлж байж үйлдвэрлэл, эдийн засаг тэлнэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АМАРЗАЯА: 2020 ОНЫ НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛТАЙ НИЙЦҮҮЛЭЭГҮЙ ТӨСӨВ
-2020 оны нийгэм, эдийн засгийн үзэл баримтлалтай нийцүүлээгүй төсөв өргөн барьсан нь анхаарал татаж байна. УИХ-аас байгуулагдах ажлын хэсэг анхаарах нь зөв болов уу. Эрчим хүчний тэглэх асуудал орон нутагт ч бас анхаарах шаардлагатай байна. Агаарын бохирдол өнөөдөр аймгуудад ч байна. 2019 оны төсөвт тодотгол хийгээгүй. Тодотголын зарчмыг дараа оных нь төсөвт суулгах боломж байдаг. Энэ талаар Сангийн яам анхаарч оруулаагүй зүйл байх шиг байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ