-МОНГОЛ УЛСАД ГЕОЛОГИЙН САЛБАР ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАВ-
Дэлхийн ураны салбарт сүүлийн 20 жилд нээгдсэн хамгийн том орд Монголоос илэрсэн тухай дуулиан хэдэн жилийн өмнө гарсныг уншигч Та мартаагүй байх. Олборлогдоогүй байгаа ураны ордын хувьд дэлхийд дээгүүрт бичигдэх Зөөвч-Овоогийн энэ ордын нөөцийг 67.7 мянган тоннтой тэнцэнэ гэж Олон улсын атомын энергийн агентлагын 2016 оны ураны Улаан номд тэмдэглэжээ. Харьцуулахад, сургийг нь сонссон Мардайн ордоос 20 дахин их нөөцтэй гэсэн үг. Дашрамд хэлэхэд, Зөөвч-Овоо нь стратегийн ач холбогдол бүхий ордын жагсаалтад багтсан байдаг.
Зөөвч-Овоогийн ордыг ураны хайгуулын Кожеговь компани нээжээ. Кожеговь нь Францын Орано буюу бидний “АРЕВА” гэх нэрээр нь сайн таних дэлхийн ураны салбарын гигантын хөрөнгө оруулттай компани юм. Тэд манайд 20 гаруй жил геологи хайгуулын ажил явуулахдаа ураны хоёр ч орд илрүүлсэн. Үүний нэг нь Зөөвч-Овоо, нөгөөх нь Дулаан-Уул юм. Дорноговь аймгийн нутагт байрлах, хоорондоо 30 километрийн зайтай тус хоёр ордоос уран олборлож, шар нунтаг гэх байгалийн ураны хүдрийн концентрат экспортлох хүлээлт бий.
Ирээдүйтэй төслийн эгнээнд зүй ёсоор бичигддэг Зөөвч-Овоог эдийн засгийн эргэлтэд оруулах хүсэл тэмүүлэл уул уурхайн салбарынханд байдаг. Харамсалтай нь ойлголтын зөрүү, мэдээллийн дутмаг байдлаас шалтгаалан зарим нэг уул уурхайн эсрэг үйл ажиллагааг дэмждэг хөдөлгөөнийхний эсэргүүцэлтэй тулгарсныг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Тухайлбал, салбарын мэргэжилтнүүд Монгол улсаас экспортлогдох эцсийн бүтээгдэхүүн болох шар нунтагт цөмийн гинжин урвалыг эхлүүлэхэд шаардагдах тогтворгүй изотоп U-235 маш бага хэмжээгээр агуулагдаж байдаг тухай хэлж байна. U-235 изотопын хэмжээг нэмэгдүүлэх өндөр технологийн баяжуулалтын дамжлагаар орсны дараа л цөмийн цахилгаан станцуудад ашиглах цөмийн түлш гарч ирнэ. Харин Монгол улсаас олборлож, экспортлох шар нунтгийг өөр оронд цөмийн түлш боловсруулдаг үйлдвэрт түүхий эд болгон ашиглана.
Энэ талаар МУИС-ийн зөвлөх профессор Н.Норов байгалийн уран нь зөвхөн альфа цацраг ялгаруулдгийг онцлоод ердийн бичгийн цаасыг ч нэвтлэх чадваргүйг тайлбарлаж байна. Тиймдээ ч байгалийн ураны нөлөөлөл харьцангуй бага тул нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөөд л ажиллаж болдог юм байна.
Харин олон нийтийн сүлжээнд байгалийн ураны олборлолтыг эсэргүүцэгчид цөмийн цахилгаан станцын ашиглалтын үеийн аймшигт ослуудыг эш татаж байна. Харьцуулахад цөмийн цахилгаан станцад болсон ослоос (Чернобыль, Фукушима) айж ураны ордоо олборлохгүй байх нь ухаалаг утас дэлбэрэхээс айж зэсийн ордоо ашиглахгүй байхтай адил гэж профессор Н.Норов тайлбарласан юм.
Байгалийн ураны хүдрийн конценратыг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгч худалдан авснаар тухайн бүтээгдэхүүн олборлогч орны биш харин худалдан авагчийн өмчлөлд шилждэг юм. Тиймдээ ч цахилгаан эрчим хүч үйлдвэрлэгчид ашигласан түлшнийхээ менежментийг ч мөн хариуцдаг гэсэн үг.
Ямартай ч Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн нь Монголыг ураны нөөцөөрөө дэлхийд 12 дугаар байрт жагсахад жинтэй хувь нэмэр оруулж, манай улсыг стратегийн ач холбогдол бүхий энэхүү металын олборлолтоор тэргүүлж болохуйц улсуудын нэг болох бүрэн боломжтойг харууллаа. Бид үүнийгээ зөв ашиглаж чадваас Зөөвч-Овоогийн орд Монголын эдийн засагт чамгүй нөлөө үзүүлэх нь тодорхой бөгөөд ирээдүйд Монгол улс ураны олборлолтоор дэлхийд тэргүүлэх байр суурьтай ч болох бүрэн боломж байгаа юм.
Холбоотой мэдээ