Налайх-Чойрын 20.9 км автозамын ажлын явцын талаар Нийслэлийн Зам тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
Налайх-Чойрын автозамын бүтээн байгуулалтын ажлын явц хэр явж байна вэ?
Миний хувьд энэ жилийн онцлог төслөөр Налайх-Чойрын чиглэлийн 20.9 км авто замын шинэчлэлийн төслийг нэрлэмээр байна. 2019 оны 04-р сард эхэлсэн ч энэ ондоо багтаан замын хөдөлгөөнийг нээх амбицтайгаар ажиллаж байгаа. Төслийн гүйцэтгэлийн шатанд замын ажлыг үндсэн дөрвөн компани, туслах гурван компани хийж хэрэгжүүлж, 400 гаруй инженер техникийн ажилчид, 150 гаруй техник ашиглаж байна. Товчхондоо төслийн гүйцэтгэл чамлахааргүй үр дүнтэй явна. Энэ зам маань ашиглалтанд орсоноор зөвхөн Улаанбаатар хотын төдийгүй зүүн бүсийн, Чойр, Замын-Үүдийн ачаа тээвэр, ложистик, Тэрэлжийн аялал жуулчлал бүсийн хөдөлгөөний эрчмийг нэмэгдүүлэх тэдгээрийг дагасан эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх улс орны хэмжээний ач холбогдолтой төсөл гэж харж байна.
Миний бие төслийн удирдагчийн хувьд технологийн горим мөрдүүлэх, явцын хяналтыг тогтмол хийж, шаардлагатай нөхцөлд хотын удирдлагыг төлөөлж байгаагийн хувьд холбогдох эрх бүхий албан тушаалтантай хамтран шуурхай удирдлагаар ханган ажиллаж байна.
Налайх-Чойрын 20.9 км автозамын хувьд Монгол улс дахь “нэгдүгээр зэрэглэл”-ийн гэх хоёр дахь зам гэдгээрээ онцлог.
Иргэдийн санал хүсэлтийн дагуу гурван км тутамд U-turn буюу буцаж эргэх хэсгийг байршуулж өгсөн. Ингэснээр иргэдийн хувьд төв замаас туслах замууд руу саадгүй зорчих боломжтой болсон. Автозамын хувьд дугуйн болон явган зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж зэрэг орчин үеийн хот хоорондын замын шаардлагыг бүрэн хангасан гэж хэлж болно.
Мөн хот хоорондын замын тулгамдсан асуудлын нэг болох хариулагагүй малд зориулсан тусгай гарц, тунелыг шийдэж өгсөн. Ингэснээр малаас шалтгаалсан зам тээврийн осол буурах юм.
Б.БАТ