Аз жаргалтай, романтик хос

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Аз жаргалтай, романтик хос

Аз жаргалтай, романтик хос

Энэ удаа олонд танигдсан хэн нэгнийг сурвалжлахыг хүссэнгүй. Харин залууст үлгэр дуурайлал болохуйц амьдралын төлөө  үнэнч шударгаар хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдарч яваа залуу хостой уулзахаар болзлоо.

Тэдний хуримын нэг жилийн ой энэ сарын 12-ны өдөр тохиожээ. Хуримынхаа ойд зориулж, гэрээ чимэглэн, бяцхан хүндэтгэлийн  ширээ засч нөхөртөө гэнэтийн бэлэг барьсан романтик эхнэрийн бичлэг цахим хуудаснаа “алдаршсан” учраас тэднийхийг зорихоор шийдсэн нь энэ. Өрхийн тэргүүнийг Г.Цэрэнлхагва гэдэг бөгөөд  “Дашваанжил Газ” компанид  түгээгчээр ажилладаг. Харин түүний гэргий Б.Золзаяа нь "Гэгээн ертөнц" хувийн цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг байна.

Өрх гэрийн нуруу хос баганан дээр тогтдогийн  адилаар амьдрал  гэрийн эзэн, эзэгтэй гэсэн хоёр хүний сэтгэлийн багана дээр тогтдог. Тэдний амьдрал хайраас эхэлж, хайраар төлжиж, хайраар дүүрэн.

Хосууд таван   жилийн өмнө буюу 2014 онд хүүгээ өлгийдөн авчээ. Тэд чемоданаас өөр хогшилгүй гэрт  гал голомтоо бадраасан байна. Тухайн үед хоёул төгсөх курст суралцаж байсан ч Г.Цэрэнлхагвад  айл гэрээ авч явах  хариуцлага оногдсон учраас Батлан хамгаалахын их сургуулийг дундаас нь орхиход хүрч. Тэд хичээлийнхээ хажуугаар хэд, хэдэн ажлыг давхар хийдэг байж.  Бууз хийж захуудаар зарахаас эхлээд караоке ажиллуулж, онлайн худалдаа хүртэл эрхэлж үзжээ.

Ажлын өдрүүдэд тэднийх бусад залуу хосын адил маш завгүй өнгөрөөдөг аж.  Эхнэр, нөхөр хоёр ажилтай, хүүхэд нь  цэцэрлэгт явдаг учраас гэр бүлийн гишүүд орой л гэртээ цуглардаг гэнэ. Биднийг очиход халуун ам бүлээрээ цуглажээ.  Г.Цэрэнлхагвынх гэр хороололд, гэхдээ маш тохилог цэвэр цэмцгэр, тухтай амьдарч буй нь илт.  Монгол гэрийн баруун, зүүн хэсэгт хоёр ор, дунд хэсэгт зуух байрладаг гэх хэвшмэл ойлголтыг эвдэж гэрийнхээ доторх зохион байгуулалтыг өөрсдийнхөөрөө  шийдсэн байна.

Гэрээ зуухаар бус шалны  халаалтаар халааж,  тавилгуудаа орчин үеийн хийц загвараар захиалж хийлгэсэн нь ихэд цэмцгэр харагдана. Харин  гэрийн хойморт  байрлах эмээгийн бор авдар  донж нэмэх бүр содон.

САЙН ХАНЬТАЙ УЧИРСАН МИНЬ ЭНЭ НАСНЫ ЖАРГАЛ

 “Манай хүн Нарантуул, Да хүрээ захуудаар явж буузаа зардаг байсан. Дараа нь бид караоке ажиллуулсан. Караоке шөнийн 04.00 цаг хүртэл ажилладаг болохоор  өглөөнөөс үдшийн бүрий болтол хүүхэдтэйгээ гурвуулаа хамт байдаг байлаа. Шөнө 12 цагийн үед  нэг нь  хүүхдээ аваад харьдаг бол маргааш нөгөө нь хонож ажилладаг байсан. Бид караокены түрээсэнд маш их мөнгө зарсан.  Сүүлдээ болъё гэж шийдээд онлайнаар  дөрвөн хос ванны алчуур зарж эхэлсэн. Алчуураа захаас хямдхан бөөндөж аваад хүргэлт үнэгүй гэж зар тавихад хүмүүс их захиалдаг байсан шүү. Орой ажлаа тараад  шөнийн 00.00 цаг хүртэл алчуураа хүргэдэг байлаа. Олон ч төрлийн ажил хийж өөрсдийгөө сорьж үзсэн. Гэхдээ энэ бүгдийг хамт туулахад хамтдаа зүтгэж, хайраараа усалж ирсэн нөхрөөрөө маш их бахархдаг.  Сайн ханьтай учирсан минь энэ насны жаргал" хэмээн гэргий Б.Золзаяа инээмсэглэн ярив.

МИНИЙ ХАНЬ НАДАД МАШ ТОМ УРАМ ЗОРИГ ӨГДӨГ

Нөхөр Г.Цэрэнлхагва  нь нүдээрээ инээсэн залуу юм. “Хүүхэд маань төрснөөс хойш надад  маш их хариуцлага нэмэгдсэн. Хүүхдээ төрөхөөс өмнө бид хоёр үрэлгэн байсан бол одоо  манай эхнэр нүүрний будаг авах гэж гараад хүүхдэдээ хувцас аваад ирдэг болсон. /инээв/ Би өмнө нь захуудаар бууз зарж явахдаа эхнэр хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна гэж бодож байснаас  биш  ичиж санаа зовж  байгаагүй.  

Буузаа зараад явахад таньдаг хүн таарвал буруу хараад зугтаах биш харин ч баярладаг байсан. Тэр хүнийг би таньдаг учраас нэг сав бууз биш хоёр сав бууз зарж чадна. Савтай буузаа хэр хурдан зарж дуусгана  тэр хэмжээгээрээ олон удаа  явж чадна. Нэг явалт дээр 40 мянган төгрөгийн ашиг олдог  байсан бол гурав явахад 120 мянган төгрөгийн ашигтай ажиллана. Өнгөрснөө эргээд бодоход ерөөсөө зовж, ядарч байна гэж бодож байгаагүй юм байна.  Хамтдаа зүтгэж босгосон амьдрал илүү амттай байдаг гэдэг.  Миний хань надад   итгэсэн шиг итгэдэг. Энэ нь надад маш том урам зориг өгдөг” гэв.

МАНАЙ ЭХНЭР ИХ РОМАНТИК

Хуримынхаа нэг жилийн ойн дээр нөхөртөө барьсан сюрприз тань олон хүнд хүрсэн шүү дээ. Гэрээ чимэглэх санааг хаанаас авсан бэ?  Их гоё харагдаж байна?

-ЭХНЭР-Баярлалаа. Бид хоёрын хувьд аравдугаар сарын 12 их утга учиртай өдөр. Учир нь энэ хүүхэдтэй болсноо мэдсэн. Өнгөрсөн жил хуримаа хийсэн  билэгт сайн өдрөөр мөн л энэ өдөр таарсан. Бид энэ жилээс эхлэн төрсөн өдрөөс илүү хуримынхаа ойг гоё тэмдэглэж байхаар  тохирсон юм. Манай хоёр 11-ны  оройноос нь эхлээд сюрприз барьж эхэлсэн. Маргааш өглөө сэрсэн чинь нөхөр маань ойн баярын мэнд хүргэе гэсэн бялуу бариад зогсоод ард нь манай хүү сэрээгээ  барьцан бялуугаа  идэх үү гээд зогсож байсан./инээв/  Гэрээ чимэглэх санааг ахаасаа авсан.

Гэрээ чимэглэх гэсэн чинь нөхөр бүр явж өгдөггүй гэрт байгаад байдаг. Харин хадам эгч дуудаад гэр рүү нь явах хооронд гэрээ чимэглэж амжсан. Чимэглэхэд  нийт дөрвөн цаг зарцуулсан. 20.00 цаг гэхэд дуусаад ширээгээ засч байсан юм байна.  Манай хоёр бүр орой 22.00 цаг гэж гэртээ ирсэн. Би бүр хүлээгээд унтахаа шахсан шүү.  Нөхөр маань миний барьсан сюрпризийг хараад  жаахан хүүхэд шиг баярлаж байсан царай нь одоо ч нүдэнд харагдаж байна.

-Харин та гэртээ орж ирээд шокт орсон байх шиг байсан. Тэр үеэ эргээд нэг дурсвал ?

-НӨХӨР- Уг нь хуримын ойн өдрөөрөө эхнэртээ  бэлэг болгож цамц, юбка өгөх гээд хүүтэйгээ цуг явж авсан юм. Тэгсэн манай хүү  орой нь “Хоёулаа ээжид авсан цамц хаана байна” гээд гэрээр  нэг хайгаад баригдсан болохоор бэлгээ гаргаж өгсөн дөө. Маргааш  нь хуримын ойн өдрөөрөө гадуур гарч кино үзчихээд орой нь эгчийндээ очоод гэртээ иртэл  хөөрхөн  чимэглэсэн гэрлүүд, баярын ширээ угтсан. 

Би бүр огшоод хүүхэд шиг  л баярласан. Ширээгээ нэг бүтэн тойрч харчхаад суудалдаа суусан даа. Өдөр  гэрт байхад л  эхнэр намайг гарахгүй юм уу гээд байсны учир тайлагдсан. Манай эхнэр их романтик. Харин би тийм биш. Гэтэл сүүлийн хэдэн жил алтны дэргэдэх гууль шарлана гэгчээр  эхнэрээ том, жижиг нь хамаагүй баярлуулчих юмсан гэж боддог болоод байгаа. /инээв/

-Мэдээж их олон хүмүүсээс урмын сайхан үгс сонсож байгаа байх.

-ЭХНЭР Нөхөртөө барьсан сюрприз олон хүнд  сайхан сэтгэгдэл үлдээх юм гэж зүүдэлсэнгүй. Хуримын ойн дээр минь хэдэн мянган хүн ирж баяр хүргэсэн юм шиг үнэхээр сайхан байна. Юм бүхэн энгийнээс л эхэлдэг шүү дээ. Сэтгэгдэл их сайхан байна. Урмын, сайхан үгс сонсохоор сэтгэл хүртэл тэнэгэр байх юм. 

Ингэхэд танай гэр их сайхан  тухтай юм. Шалаа пакет  болгохоос гадна  бүр болоогүй шалны халаалттай гэдгээрээ ихээхэн онцлог санагдаж байна.  Цахилгаан мөнгө хэр гарах уу?

-НӨХӨР- Монгол гэрт яагаад пакетен шал, шалны халаалт тавиулж болохгүй гэж. Энэ санаагаа найзууд ойр тойрныхонтойгоо ярилцтал  пакетен шал хөөчихнө, цахилгааны мөнгө их гарна гээд ихэнх нь эсэргүүцсэн. Гэхдээ бид хоёр шууд өөрсдийнхөөрөө л асуудлыг шийдсэн. Пакетен шал, шалны халаалтыг  хийлгээд яг жил болж байна. Сюрприз бичлэгийн дараа над руу чатаар маш олон хүмүүс “Танайд зуух харагдахгүй байна. Халаалтаа яаж шийдсэн бэ, цахилгааны мөнгө хэд гарах уу”  гэж асуусан. Цахилгааны төлбөр нэг сардаа хэрэглээтэйгээ нийлээд  80-90 мянган төгрөг  гардаг.

Ганц хэцүү зүйл нь Улиастай энэ хавь утааны бүсээс хол гэдэг утгаараа шөнийн тариф нь 50 хувь. Бүрэн хөнгөлдөггүй.

Шалны халаалт их өндөр вольттой учраас хэрэглээнээс тусдаа дахиад нэг утас гаргасан. Даацын утас буюу бүдүүн голтой утас татаад фаскатал, монтажаа  тусад нь хийнэ гэсэн үг. Тэгэхгүй бол нэг хэрэглээний утсан дээр бөөгнүүлэхээр хүчин чадал нь дийлэхгүй.

Тэд ийнхүү аз жаргалтайгаар амьдарч байна. Залуу хүмүүс зорилготой мөрөөдөлтэй байх гоё.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
112
ЗөвЗөв
28
ХөөрхөнХөөрхөн
10
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж