Нураах бодлого түүхгүй болгох вий !

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Нураах бодлого түүхгүй болгох вий !

Нураах бодлого түүхгүй болгох вий !

АНУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд М.Клечески “Гайхалтай фасад, нүд алдам интерьертэй Монголын үндэсний номын сангаар дахин зочилж, эртний дөрвөлжин үсгийн ойд зориулсан үзэсгэлэнг үзэж сонирхлоо” гэж твиттер хуудсаараа жиргэсэн нь Монголын эрх баригчдын соёлын өвд хандах хандлага, үнэлэмжтэй жишвэл тэнгэр, газрын зөрүү ажээ.

Манайханд хуучин барилгаа нурааж, шинээр барих нь соёлын өвөө хамгаалж байгаа сайн төрийн бодлого болж бууж буй бол  гадаадынханд хуучных нь архитектур шийдлээр авч үлдэх нь соёлын хосгүй өвөө хойч үедээ үлдээх төрийн зөв жишиг болж байна.

Хөгжлийн, соёлын, боловсролын ялгаа энэ болов уу.

Хэдхэн хоногийн дараа нийслэлчүүд Улаанбаатар хотын 380 жилийн ойг тэмдэглэнэ. Он цагийн хэлхээсээр өндөр нас ч суурин соёл иргэншилд шилжсэн цаг тооллоор хөөж үзвэл богино. Сүм хийдүүдийнхээ ихэнхийг нурааж, үзэх балгас ч үгүй болсон монголчуудын хувьд 1930 оноос хойш баригдсан Байгалийн түүхийн музей, Дуурийн театр, Драмын театр, Үндэсний номын сан гэсэн арван хуруунд багтах хэдхэн барилга л Улаанбаатар хотын орчин цагийн үүсэл хөгжлийн түүх, соёлын өв болж үлдсэн нь энэ юм. Барилга бүр өөр, өөрийн архитектурын шийдлээр баригдсан ч Монгол гэрийн баганыг билэгдэж барьсан баганат байгууламж гэдгээрээ онцлог аж.

Засгийн газраас дээрх дөрвөн барилгыг нураах жагсаалтад багтаасан нь өнгөрсөн хугацаанд олон нийтийн эсэргүүцэлтэй тулж, Save Museum буюу соёлын өвийг хамгаалах хөдөлгөөнийг төрүүлж амжсан ч тавьж буй шаардлагынх нь дагуу төр энэхүү соёлын үнэт өвийг анхны хэв шинжийг нь хадгалаад сэргээн засварлана гэх амлалт өгөөгүй л байна.

Уг нь бол салбарын сайд нь ч, урлаг, соёлынхон ч дуугаа нэгтгээд архитекторуудын хэлээд байгаачлан хүчитгэх, нүүрэн фасадыг нь авч үлдэн барих зэрэг олон арга хэмжээ авч болох ч зөвхөн нураахаас өөр аргагүй гэдгээр асуудалд хандаж буй нь Монголын нийслэлийг дурсах түүх, өвлөх соёлын өвгүй болгох л алхам руу л хөтөлсөөр…

Хэдийгээр монголчуудад Египет улстай энэ зэрэгцэх хэдэн мянган жилийн түүхтэй пирамид байхгүй ч тус улс пирамидаа нурж байна гээд манайхан шиг буулгаж, шинээр барьсан бол дэлхийн сая, сая жуулчин нууцыг нь тайлах сонирхолд хөтлөгдөн, зорихгүй л байсан болов уу.

Улаанбаатар хотод баригдсан эдгээр барилгуудыг түүнтэй жиших аргагүй ч тэр хэмжээнд үнэлүүлж чадах эсэх нь монголчуудаас л хамаарна. Барилга бүр өөр, өөрийн түүх хүүрнэдэг. Гунигтай хэдий ч өнөөдөр монголчуудад сургамж үлдээсэн барилгын нэг нь  Сүхбаатарын талбайн өмнө байрлаж байсан Улсын филармонийн байрыг нурааснаар Монголын анхны түүхэн уран сайхны кино “Цогт тайж”-ийн хөгжим бичигдсэн түүх бүдгэрчээ. Энэ тухай эдүгээ Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров хуучилж, харамсан дурсаж сууна. Хэрвээ энэ хүн өнөөдөр амьд сэрүүн байгаагүй бол Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, дэлхийд алдартай удирдаач Ж.Чулуун агсан тус байшингийн хоёрдугаар давхарт, зүүн талаасаа хоёр дахь цонхны цаана сууж “Цогт тайж” киноны хөгжмийг бичсэн тухай, тэр өрөө байшингаасаа ч үнэтэй тухай, нэгдүгээр давхарт нь “Жаргаах зүрхэн” дууны хөгжмийг бичсэн Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай Монголын хөгжмийн зохиолчдын холбооны контор хийгээд даргаар нь 24 жил ажилласан тухай бидний хойч үе ч мэдэж байх ёстой энэ үнэ цэнэтэй дурсамжуудыг хэн өгүүлэх байсан бэ. Хуучин гээд буулгадаггүйн учир нь байшин бүхэн өөрийн гэсэн амьдралтай, түүн дотор хүмүүс бүтээж, түүх бичигдсэн учраас төр нураах бус хамгаалах ёстой юм.

Барилга баригдахдаа ч өөрийн түүхийг бичилцсэн байдаг. Жишээ нь, Үндэсний  номын сан нь Монголын Улсын үндэсний хэмжээний номын сангийн зориулалтаар барьсан анхны барилга бөгөөд барилгын ажилд 1946-1947 онд 200 орчим олзлогдсон япон цэргийг дайчлан оролцуулж байсан түүх байна.

Хэрвээ энэ бүхнээ нураавал ой санамжаа, түүхээ л устгаж буй хэрэг юм.

Өөрөөр хэлбэл, хөгжил гэдэг зөвхөн  шинээр барилга барьж, үнэтэй машин унаж, үнэтэй байранд амьдарч, үнэтэй гар утас хэрэглэж, брэндээр гоёхыг хэлдэггүй юм, өмнөх зуунд бүтээсэн түүх соёлоо хамгаалж, чадаж байгаа эсэхээр хэмжигддэг боллоо. Дэлхийн глобалчлалаас үндэстнийг тодотгох үнэт зүйл нь өв соёл.

Харин Монголын улстөрчдөд өв соёлоос илүү үнэтэй машин л гангараа болж байна даа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж