"Гучин нас"-тай ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЛААЧИД

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

НЭГ СЭДЭВ 8 ЭХ СУРВАЛЖ

"Гучин нас"-тай ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЛААЧИД

"Гучин нас"-тай ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЛААЧИД

NEWS агентлаг "Нэг сэдэв, найман эх сурвалж" булангийн ээлжит дугаараа Монголын рок поп ертөнцийн домог болсон “Харанга” хамтлагийн 30 жилийн ойд зориулан бэлтгэлээ.

Гитар хөгжим эвлэгхэн тоглочихдог Ц.Энхманлай, Я.Одсүрэн нарын нөхөрлөл “Харанга” хамтлагийн эхлэл байсан гэдэг. Хамтлагийн гишүүд анх 1977 онд Ардын армид татагдан танилцаж, "Соёмбо" хамтлагт хамтдаа тоглох болсон байна. Үүнээс хойш 10 гаруй жилийн дараа 1989 онд Драмын театрын дэргэд "Харанга" хамтлагийг байгуулсан түүхтэй. Өдгөө “Харанга” нэрээр овоглоод 30 жил болж буй тэд маргааш ойн баяраа фенүүдтэйгээ тэмдэглэхээр догдолж сууна.

ЭХ СУРВАЛЖ 1

Зүүн хойд Азид рок хөгжмийг толгойлсон хамтлаг бол "Харанга"
Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн (11)

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Нацагийн Жанцанноров

-Өнгөрсөн зууны 1950, 1960-аад оны зааг дээр Англи, АНУ-ын хөгжмийн уран бүтээл мэргэжлийн болж гарч ирсэн. Хуучин АНУ-д нүүж очсон цагаачдын хэмнэл аялган дээр тулгуурлаж байсан. Гэхдээ тэр АНУ-д байсан уугуул иргэдийн аялга үндсэн тулах хүчний нэг нь болж байсан. Ийнхүү технологийн болоод уламжлалт шинэ урлаг бол рок хөгжим юм. Манай улсад сонгодог утгаараа рок хөгжим хэдийд үүссэн бэ гэвэл бараг “Харанга”-аар эхэлсэн гэж хэлж болно. Тэгэхээр энэ хүмүүс анхдагчид нь юм.

Би  хөгжмийн зохиолч хүн. Бидний уран бүтээлээс “Харанга”-ын уран бүтээлчид тэс ондоо. Бид нот бичээд, хөгжимчдийг яг энүүгээр тогло гэдэг хүмүүс. Өөрөөр хэлбэл, хөгжимчид бидний бичсэнийг та бүхэнд хүргэдэг. Харин “Харанга”-ынхан бол хөгжимдөж, дуулж, бэлтгэж байх явцдаа зохион туурвидаг. Тийм учраас “Харанга” хамтлагийнхан бөмбөрчнөөс нь авахуулаад дуучин Х.Лхагвасүрэн хүртэл рок хөгжмийн зохиолчид юм. Тэд шууд зохиох зарчмаар боловсруулалт хийж, бүрэн боловсорсон үед нь бүтээлээ гаргадаг гэсэн үг. Тэр утгаараа хөгжимчин, хөгжмийн зохиолч, хөгжмийн найруулагч гэсэн бүхий л мэргэжлийг өөртөө шингээсэн байдгаараа гайхамшигтай уран бүтээлчид.

Рок хөгжмийн бас нэг өөр зүйл нь юу гэвэл, бид урлаг, урлаг, урлаг гээд яваад байдаг. “Харанга” хамтлагийнхан маань урлаг дээр нэмээд нийгэм, олон нийт гэсэн тэр том орон зайг эзэлж байна. Рок хөгжмийн томоохон хамтлаг болох “Харанга” гарч ирснээр Монголын нийгэмд эрх чөлөөний тухай, өөрсдийн дуу хоолойг хүргэх гээд энэ бүх мэдрэмж “Харанга”-аар дамжин шинэчлэлийг хийж чадсан. Яагаад гэвэл симфони оркестрын хөгжимчин миний  бичсэн хөгжмийг тоглодог учраас хагас эрх чөлөөтэй хүмүүс. Харин “Харанга”-ынхан бол өөрийнхөө хүссэнийг зохиож, илэрхийлээд гаргаж байгаа учраас эрх чөлөөт хөгжмийн ертөнцийн уран бүтээлчид юм. Тийм учраас “Харанга” хамтлагийг монголчуудын эрх чөлөөний дуудлага гэж үзэж болно. Рок хөгжим дэлхийн дээд зиндаагаас ядуусын давхарга хүртэлх бүх давхаргыг хамардаг. Үнэн чанартаа Европын рок хөгжмийг Английн хэдэн залуус толгойлсон бол Зүүн хойд Азид рок хөгжмийг толгойлсон хамтлаг бол Монгол Улсын “Харанга” хамтлаг. Тийм учраас Зүүн хойд Азийн XXI зууны Монголын рок хөгжмийн сонгодог дэг сургуулийг дараагийнхаа үед үлдээж буй сонгодог дэгийн эзэд билээ. Тиймээс эдгээр уран бүтээлчдийг хүндэтгэх хэрэгтэй.

ЭХ СУРВАЛЖ 2

"Харанга"-ын Лхагваа Монголын рок хөгжмийг үндэслэгч эцэг нь юм
Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн (13)

Төрийн шагналт хөгжмийн зохиолч, урлаг судлаач, доктор С.Соронзонболд

-Монголд 1990 оноос өмнө хоёр системтэй байлаа. Тэр үед зөвхөн рок поп бус барууны үзэл сурталжсан дуу, хөгжим Монголд оруулж ирэх дургүй байсан. Яагаад гэвэл энэ рок дуу хөгжмөөр тухайн нийгмээ хурцаар шүүмжилж, уран бүтээлээрээ илэрхийлдэг учраас айдас байсан л даа. Гэхдээ энэ хөгжмийн ертөнцөөс хоцролгүйгээр арай зөөлөндүү хамтлагийг байгуулж эхэлсэн. Тухайлбал, “Соёл эрдэнэ” хамтлаг байгуулагдаж, хүний хайр сэтгэл, ардын дууны найруулга, мал аж ахуй, хөдөлмөр зүтгэл гэх мэт агуулгын хүрээнд дуу дуулдаг. Гэтэл барууны хөгжмийг хааж байсан ч цаанаа нэг юм бүрэлдээд л байсан. Тэр дуунууд нь телевиз, радиогоор явахгүй ч орц хонгилоор дуулагдаж эхэлсэн. Чихэнд хоногшин, үг нь цээжлэгдээд л. Яг энэ л үед “Харанга” хамтлагийнхан өөрсдийн хүсэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн түүхтэй.

Тухайн цаг үед хэчнээн хориотой байсан ч “Харанга”-ынхан хэдийнэ боловсорч, дуу, шүлгээ зохиочихсон байсан. Тийм учраас “Харанга” хамтлагийнхан бидэнд уран бүтээлээрээ дамжуулан ямар ч үед өөрийн хүсэл бодолдоо үнэнч байхыг үлгэрлэж явсан. Тэд социализмын үед хавчигдаж байсан ч үнэнч байсан. Рок хөгжмийн мөн чанар ийм л байдаг болов уу гэлтэй.

Одоо “Харанга”-ынхан нас нэлээд явж байгаа ч мөнхөд л рокоороо байна. “Харанга” хамтлагийн гишүүн бүр ялгаатай, өөр өөрийн онцлогтой уран бүтээлчид. Жишээлбэл, Я.Одсүрэн бол рок хөгжимдөө үнэнч нэгэн. Харин Ц.Чулуунбат бол рокоор ч дуулна, попоор ч дуулчихна. Ц.Энхманлай бол нэлээд бодож, амьдралын мөн чанар талаас нь хандаж, уран бүтээлээ хийдэг. Бөмбөрчин Н.Пүрэвдаш бол энэ хамтлагийн цохилох зүрх нь. Их олон жил хамтлагийнхнаа хөглөж яваа хөгжимчин. Дуучин Х.Лхагвасүрэн бол хар багаасаа цэргийн хөгжим сонсож өссөн хүүхэд. Цэрэг армийн эрч хүчтэй, бадрангуй, баатарлаг өнгө аяс дотроос нь илэрч гарч байдаг. Тэрбээр зөвхөн дуучин хүн бус яруу найрагч нэгэн. Монголын рок хөгжмийн яруу найраг, хөгжмийг үндэслэгч, эцэг нь юм. Би тэднийг өөрсдийнх нь дуулсан“Амьдрал” дуу болов уу л гэж боддог.

ЭХ СУРВАЛЖ 3

Хамтлагийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй 30 жил болно гэдэг агуу зүйл
Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн (8)

Хөгжмийн зохиолч, найруулагч, продюсер Н.Халиун

-“Харанга” хамтлагийн талаар ярья гэвэл үнэхээр олон түүхийг ярих хэрэгтэй болно. Би хувьдаа агуу гэдэг үгийг яриандаа их цөөн хэрэглэдэг. Харин “Харанга” хамтлагийн тухайд өөрийн эрхгүй “агуу” гэж хэлмээр байна. Би сонсогч хүнийхээ хувьд “Харанга” хамтлагийн дууг сонсох бүрдээ шинэ юмыг нээж сонсдог. Рок хөгжим бол бидний тоглодог поп хөгжмөөс олон талаараа давуу талтай. Поп хөгжим ямарваа нэгэн байдлаар цензуртай байдаг бол рок хөгжим бол чөлөөтэй илэрхийлж чаддагаараа онцлог.

Өөрөөр хэлбэл, “Харанга” хамтлагийн уран бүтээлчдийн толгойд ямар үг, аялгуу, үзэл бодол орж ирсэн тэрийгээ ямар ч цензургүйгээр өөрийнхөөрөө илэрхийлдэг давуу талтай. Урлагийн ертөнцөд оршин тогтнож буй хамтлагийн бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй 30 жил болно гэдэг агуу зүйл. Ирээдүйд “Харанга” хамтлагийн дараа дараагийн үеийнхэн 100, 150 жилийн ойг тэмдэглэж, нүргэлж байгаасай гэж хүсч байна. “Харанга” хамтлагийнхан үеийн үед дуулагдах, дурсагдах бүтээлтэй. Тэд бол монгол туургатны нэртэй хамтлаг. Тэдний “Энэ бол дурлал биш” гэдэг дуунд маш их хайртай. Гэхдээ бүх уран бүтээлийг нь сонсож, хайрладаг явдаг.

ЭХ СУРВАЛЖ 4

"Харанга" хамтлагийн музей байгуулна
Харанга хамтлагийн 30 жилийн ойн үзэсгэлэн (1)

 

 “Харанга” хамтлагийн 1991 оны “Дэлхий ертөнц” тоглолтод өмсч байсан савхин хүрэм, хантааз, солиалист орнуудаас худалдан авч байсан бөмбөр, гарны бугуйвч, 1989 оны “Амьдрал” концертын хувцас гээд “Харанга” хамтлагийн түүх өгүүлэх хувцас хэрэгсэл олны сонирхлыг татна. Тэр дунд цагаан сувдан шигтгээтэй түрийтэй гоёмсог гутал бол “Харанга“-ын Чукагийнх. Тэрбээр “Богдын хатан, Харангын Чука хоёр сувдан гуталтай” хэмээн хошигнон ярих нь олныг баясгаад авав.

Ийн “Харанга” хамтлагийн тоглолтын хэвлэлийн бага хурал дээр санамсаргүйгээр ярилцсан яриа аравдугаар сарын 11-нд биеллээ олж, “Сэнгэраги” арт галерейд  тэдний 30 жилийн ойн үзэсгэлэн нээлтээ хийсэн нь энэ.

Үзэсгэлэнгийн танхимаас бүхэлдээ “Харанга” хамтлагийн дуунууд эгшиглэх шиг. Хамтлагийн уран бүтээлч болгоныг хөгжмийн эгшиг, дуу хууртай нь 10 гаруй зураач амилуулж, олны хүртээл болгосон байна.


“Бид хувь хувьдаа өөрсдийнхөө зураг, хувцас, хэрэгсэлийг хадгалдаг байсан. Энэ удаагийн үзэсгэлэнгээрээ өөрсдийн хадгалж буй зүйлээ нэгтгэн хүмүүст сонирхуулж байна. Зарим нь он цагийн эрхээр гээгдэж алга болсон ч зүйл байгаа. Хамтлагийн үзэсгэлэнд бидний эдэлж хэрэглэж байсан зүйлсийн 60 орчим хувийг дэлгэсэн. Цаашдаа бас “Харанга” хамтлагийн музей байгуулах бодолтой байгаа” талаараа тус хамтлагийн гоцлол гитарчин, Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Энхманлай ярьсан юм. Нөхөрлөлдөө бас стильдээ, рок хөгжимдөө үнэнч тэрбээр 1986 оноос хойш урт үсээр гоёж байгаа гэдгээ сонирхуулсан юм.

“БӨМБӨРЧИН ПҮҮЖЭЭ АХ БОЛ ХАМТЛАГИЙНХАА ЦОХИЛОХ ЗҮРХ НЬ”

Залуу зураач Б.Отгонтүвдэн “Одоогоос дөрвөн жилийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотод Х.Лхагвасүрэн анх маань ирж танилцаж байлаа. Тэр цагаас хойш сайхан ах дүүгийн холбоотой байдаг. Энэ удаагийн үзэсгэлэнд тэр үедээ уулзаж, судалбар зургаар авч байсан зургаар хөргийг нь зурлаа. Мэдээж хөргийг нь зурахын тулд тухайн хүний зан характер, арьсны өнгө, бүхий л зүйлийг илэрхийлэх ёстой. Тэр утгаараа зурж буй хүнээ мэдэх хэрэгтэй. Миний хувьд Лхагваа ахыгаа сайн мэддэг учраас зурахад илүү дөхөм байсан” тухайгаа ярилаа.

Харин чөлөөт уран бүтээлч М.Болортуяа “Харанга” хамтлагийн бөмбөрчин Н.Пүрэвдашийн хөргийг зуржээ. Тэрбээр бүтээлээ тайлбарлахдаа “Бөмбөрчин Пүүжээ ах бол хамтлагийнхаа цохилох зүрх нь юм. Хөрөг зургаа зурахын өмнө Пүүжээ ахтайгаа уулзаж, ярилцаад дотоод ертөнцийг нь мэдрэхийг хичээсэн. Би бөмбөр хөгжимд их дуртай. Бөмбөр хөгжмийн чимээ, аялгуугүйгээр “Харанга” хамтлагийг төсөөлөхөд бэрх шүү дээ. Тиймээс хөргөө зурахдаа тэнгэрийн одтой зүйрлүүлж зурсан” гэсэн юм.

“ХАРАНГА” ХАМТЛАГ МОНГОЛД АНХ УДАА ХАМТЛАГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ДЭЛГЭЛЭЭ

“Харанга” хамтлагийн 30 жилийн ой болж байна. Энэ бол жирийн нэг хамтлагийн ой биш. Тэд бол Монголын рок поп хөгжмийн амьд домог. “Харанга” гэдэг нэрээрээ 30 жил болж байгаа боловч “Соёмбо”-оос эхлэн Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс эхлэн үүсгэн байгуулагдсан цаг хугацааг нь тоолбол 40 хэдэн жил бүрэлдэхүүнээ өөрчлөлгүй, хамтдаа уран бүтээлээ хийж буй хамтлаг өнөөдөр байхгүй. Бас дэлхийд ч гэсэн ховор гэдгийг хэлмээр байна. “Харанга”-ын баяр бол монголын ард түмний баяр. Монголын уран бүтээлчдийг зурсан зураг дунд “Харанга” хамтлагийн зураг маш их байсан. Тэгэхээр би “Харанга” монголын рок поп ертөнцийн амин сүнс нь юм байна гэж ойлгож, бахархаж явлаа. Энэ түүхт 30 жилийн ойд зориулан Монголын дүрслэх урлагийн уран бүтээлчид хамтран уран бүтээлээ бэлэг барьж байна. Өмнө нь Монголд хамтлагийн үзэсгэлэн гарч байсныг үзэж байгаагүй байх. Энэ бол анхны үзэсгэлэн гэдгээрээ онцлог” гэдгийг үзэсгэлэнг зохион байгуулсан Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр гуай яриандаа онцлон хэлж байв.

“ХАРАНГА” ХАМТЛАГИЙНХАН БҮГДЭЭРЭЭ ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧИД”

Тэдний үзэсгэлэнгийн нээлтэд Монголын рок попын томоохон төлөөлөгчид хүрэлцэн ирж, чин сэтгэлийн үгээ хэлж, баяр хүргэлээ. Тэдний нэг бол Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав юм. Тэрбээр “Харанга” хамтлагийн 30 жилийн үзэсгэлэнг зохион байгуулсан найзууддаа баярлаж байна. Баяр хүргэе. “Харанга” хамтлаг оршин тогтноод 30 жил болж байгаа ч хувь уран бүтээлчийн хувьд бүгдээрээ 40-50 жил монголын рок поп хөгжмийн ертөнцөд уран бүтээл туурвисан уран бүтээлчид байгаа. Тэд бүгдээрээ хөгжмийн зохиолчид. Бүгдээрээ дуулна, хөгжмийн найруулга хийнэ, дууны шүлгээ бичнэ. Ийм хамтлаг Монголд байхгүй. Та нар маань Монголын орчин үеийн хөгжмийг тодоор бичсэн уран бүтээлчид юм. Цаашдаа улам олон жил хамтдаа байгаарай гэж хүсэн ерөөе” гэв.

“Алс хол хүний нутагт
Ээжийдээ эрхлэнхэн зүүдэллээ
Таныг тэнгэрийн нартай хамт
Талын цэцэгстэй хамт
Галибуун нутагтайгаа зүүдэллээ” 
хэмээн тэдний “Манан” дууг дуучин Г.Тэнүүн коверлон дуулж, цугласан олны сэтгэлийг хөдөлгөж байлаа. Мөн үзэсгэлэнгийн үеэр тэдний зурагтай мэндчилгээ, наалт, түлхүүрийн оосор гэх мэт бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байсан нь эрэлт ихтэй байв.

 

ЭХ СУРВАЛЖ 5

"Харанга"-ын түүхийг өгүүлэх баримтуудаас
47306323_2100265740016545_2304455640287805440_n

Тэртээх 1975 онд “Харанга” хамтлагийн Ц.Чулуунбатыг барууны үзэл суртал шингэсэн утга агуулгатай дуу хөгжмийг хэт сонирхон нийтэд түгээхийг оролдсон гэж үзэн ажлаас нь халж өнөөгийн “Харанга” хамтлагийн эхлэл суурь тавигдсан гэдэг.

Уг тушаалд: 

МАХН-ын төв хороо, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1974 оны тавдугаар сарын 4-ний 14-р тогтоолоор Ажилчны соёлын ордны ажиллагааг шинэ системд оруулан улс төр, СОТ-ний ажлыг өргөтгөн түүний үзэл суртлын хэмжээг дээшлүүлэх зорилтыг биелүүлэхэд соёлын ажилтан бүрт өндөр хариуцлага тавигдсаныг үл тоомсорлон хөгжимчин Баяраа, Чулуунбат нар улс төрийн мэдлэг боловсролоор доройтож, энэ талаар байгууллагаас зохиогдох ажилд оролдцоггүйгээс барууны үзэл суртал, утга агуулгатай дуу хөгжмийг хэт сонирхон нийтэд түгээхийг оролдож, энэ алдаа дутагдлаа ухамсарлан засахгүй байгаа тул үүрэгт ажлаас халсугай хэмээн тушаал гаргажээ.

ЭХ СУРВАЛЖ 6

"Харанга"-ын зургийн цомог
14639619_1217700931606368_8266450044794539363_n

 

ЭХ СУРВАЛЖ 7

"Харанга" хамтлагийн талаарх сонирхолтой баримт
Haranga

ЭХ СУРВАЛЖ 8

"Харанга"-ын 30 жилийн ойгоор 30 дуу эгшиглэнэ
22728860_1594748830568241_6130829324368025391_n

Монголын рок попын домог "Харанга" хамтлагийн 30 жилийн ойн тоглолт аравдугаар сарын 19-нд “Буянт-Ухаа” Спортын ордонд хийхээр товлоод буй. Тэдний тоглолт өдрийн 16.00 цагаас эхлэн найман цаг үргэлжлэх бөгөөд хамтлагийнхан өөрсдийн шилдэг 30 уран бүтээлээ дуулах гэнэ.

“Харанга” хамтлаг 30 жилийн ойдоо зориулж "Эрин зууны хөг” /1997/, “Best of Haranga” /1997/, “Бодлын тэнгис” /2000/, “Ертөнцийн өнгө” /2003/ цомгуудаа дахин хэвлүүлэхээр болжээ. Мөн цоо шинэ цомгоо худалдаанд гарахад бэлэн болсон байна. Шинэ цомогт багтсан шинэ дууныхаа нэгийг “Харанга” хамтлаг саяхан болсон “Никитон” хамтлагийн 25 жилийн ойн тоглолтод зориулан дуулсан. Яруу найрагч Л.Өлзийтөгсийн 2012 онд бичиж байсан “Шүлэгч” шүлэг “Харанга”-ын энэхүү шинэ бүтээлийн нэг хэсэг болсныг онцлоход таатай байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат эл шүлгэнд аялгуу зориулжээ.

А.СҮРЭН

Д.БАТ-АЮУШ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж