Д.Сарангэрэлд давхар хариуцлага ногдлоо

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Д.Сарангэрэлд давхар хариуцлага ногдлоо

Д.Сарангэрэлд давхар хариуцлага ногдлоо

МАН-ын дэргэдэх томоохон ТББ болох Нийгмийн ардчилал, Монголын эмэгтэйчүүдийн холбооны ээлжит VII хурал өчигдөр /2019.10.17/ болж ирэх дөрвөн жил удирдах ерөнхийлөгчөө сонголоо.

МАН-ын эмэгтэйчүүдийн хувьд хамгийн том бас ч үгүй улс төрийн карьерээ эхлүүлэх болон өсгөх, нэгэнт үйл ажиллагаа нь тогтворжсон, Монголын хамгийн том улс төрийн хүчний эмэгтэйчүүдийн байгууллага болох энэхүү төрийн бус байгууллагын Ерөнхийлөгчид намын дүрмийн дагуу МАН-ын дарга У.Хүрэлсүх УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг дэвшүүлсэн. Мөн Сангийн дэд сайд Х.Булгантуяа заалнаас нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хамгийн олон буюу 296 төлөөлөгчийн 75.4 хувийн саналаар  ирэх дөрвөн жил тус холбоог удирдах эрхээ авав.

Түүнтэй хамт өрсөлдсөн Сангийн сайд Х.Булгантуяа 25 хувийн санал авсан нь ардчилсан хурал болсныг илтгэнэ. Намын бодлого нэрийн дор санал оруулсан нэр дэвшигчээс өөр заалнаас нэр дэвшүүлэх эрхийг хаасангүй. Намынхаа бусад эмэгтэйчүүдэд ч гэсэн тэгш боломжийг олгосон ардчилсан хурал боллоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчид өрсөлдөж зорилго, зорилтоо танилуулцсан МАН-ын  чадварлаг боловсон хүчин Х.Булгантуяаг намын удирдлагууд нь цаашид ч гэсэн дэмжих биз ээ.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн хувьд МАН-ын эмэгтэй гишүүдээс хамгийн амжилттай яваа улстөрчийн нэг. Д.Сарангэрэл сайдын улс төрийн замнал МАН-ын Бага хурлын гишүүн болсон үеэс эхлэлтэй. Улмаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн даргын алба хашиж, УИХ, Орон нутгийн сонгуулийн эгзэгтэй үед МАН-ын хэвлэл, мэдээллийг удирдан  ажиллаж байв. 2012 оны сонгуулийн дараа одоогийн намын даргынхаа орыг залгаж УИХ-ын гишүүн болж байсан. Харин 2016 оны УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт ялалт байгуулсан гээд улс төрийн гялалзсан түүхтэй. Удаах нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон даруйдаа Эрүүл мэндийн сайдаар түүнийг томилсон. Өдгөө Монголын хамгийн том салбарыг хариуцаж буй тэрбээр салбараа өөд нь татахын төлөө чадлаараа ажиллаж байгаа.  Энэ ч утгаараа намынхаа эмэгтэйчүүдийн байгууллагыг амжилттай авч явах нь тодорхой. Намын журмын нөхөд нь ч түүнд итгэл хүлээлгэж холбооныхоо ерөнхийлөгчөөрөө сонгосон нь лав.

Дээр өгүүлсэнчлэн НАМЭХ-ны хувьд хөрөнгө санхүү, бүтэц үйл ажиллагааны асуудал бараг үгүй. Харин МАН-ын эмэгтэйчүүдийн хамгийн том байгууллагын хувьд улстөр дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах тал дээр дутуу ажилладаг гэсэн шүүмжлэл мэр сэр сонсогддог.

Гэхдээ өмнөх таван жил тус холбоог удирдсан УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа чамгүй сайн ажилласан. Түүний хувьд НАМЭХ-г удирдсан таван жилийн хугацаанд тус байгууллагын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өндөр хэмжээнд, өргөн цар хүрээтэй хөгжүүлжээ. Өдгөө НАМЭХ нь дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаагаас БНХАУ, БНСУ, Европын хөгжингүй орнуудтай ойр нягт хамтын ажиллагаатай аж. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд болсон түүхэн том нэг үйл явдал бол Соц-Интернийн Азийн бүсийн хурлыг Азидаа анх удаа Монгол Улсад зохион байгуулж, “Улаанбаатарын тунхаглал”-ыг гаргаж, Азийн бүсийн эмэгтэйчүүдийг уриалж ажилласан явдал юм.

НАМЭХ-оос манлайлагч эмэгтэйчүүдийг бүх шатны сонгуульд бэлтгэх, чадавхижуулах талаар үе шаттай арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2016 оны сонгуулиар УИХ-д 12 эмэгтэй гишүүн сонгогдож, аймаг, нийслэл, сум дүүргийн сонгуульд үнэмэлхүй ялалтыг байгуулан түүхэн амжилтыг үзүүлснийг тэрбээр  өчигдөр хурлын үеэр тодотгосон.

Үнэхээр ч Монголын ууган, том улс төрийн хүчний эмэгтэйчүүдийг нэгтгэсний хувьд НАМЭХ нийгмийн хамгийн том дуу хоолой, түүчээ байж чадах учиртай. Тэр тусмаа УИХ, орон нутгийн сонгууль дөхөж байгаа энэ үед эмэгтэйчүүдийн дуу хоолой хүчтэй бол өөрчлөлтийг хийх боломжтой.  Өдгөө эрх баригч намын 50.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн тоон судалгаа бий. Улс төрд өөрийн гэсэн тод байр суурийг хэдийнээ эзэлсэн, МАН-ын урдаа барьдаг эмэгтэйчүүдийн нэг Д.Сарангэрэл сайдад МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгуулийн өмнөх жил намынхаа эмэгтэйчүүдийг зангидуулах өндөр хариуцлага хүлээлгэснийг намын эмэгтэйчүүд нь ч дэмжиж баталгаажууллаа.

Энэ хариуцлагатай цаг үед Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ямба эдлэх биш ял үүрэх албан тушаалд ийн очлоо.

Ингээд түүний товч намтрыг хүргэж байна.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1979 онд – Нийслэлийн 10 жилийн 5, 57 дугаар дунд сургууль
  • 1983 онд – ЗХУ-ын Омск хотын Технологийн техникумыг фото зургийн мэргэжлээр
  • 1990 онд – ЗХУ-ын Ростов хотын их сургуулийг сэтгүүлч мэргэжлээр тус тус төгссөн

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1982-1985 онд – МРТУХорооны харъяа гэрэл зургийн газар өнгөт зургийн лаборант
  • 1990-1991 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд сурвалжлагч-редактор
  • 1991-1992 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд ахлах редактор
  • 1993-1994 онд – Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизэд хариуцлагатай редактор
  • 1995-1996 онд – "ММ" агентлагийн захирал
  • 1997-1999 онд – "ММ" агентлагийн ерөнхий редактор
  • 1999-2000 онд – "ММ" агентлагийн захирал
  • 2000-2003 онд – Нийгэм, эдийн засгийн ерөнхий редакцид редактор
  • 2003-2005 онд – ТВ5 Телевизийн ерөнхий захирал
  • 2005-2011 онд – Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч
  • 2011-2012 онд – Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2012-2016 онд – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016 оноос – Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд – Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2017 оноос – Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж