Английн Премьер лигийн дөрөвдүгээр тойргийн тоглолтод “Ливерпуль” талбайдаа “Вест Хэм”-д 0:3-аар хожигдсон. Тухайн тоглолтын явцад хамгаалагч Деян Ловрен байсхийгээд л алдаа гаргаж, тоглолтын сөрөг баатраар нэрлэгдсэн билээ. Тэрбээр өөрөө ч алдаандаа ихэд шаналж, маш хурц шүүмжлэлд өртсөн тул инстаграм дахь хаягаа хүртэл устгасан юм. Ловрен тухайн үед газар доогуур орчихмоор санагдаж байснаа ярьжээ.
“Бусдаас түрүүнд би өөрийнхөө тоглолтод сэтгэл үнэхээр гонсгор байна. Хоёр дахь гоол алдсаны дараагаар би газар доогуур орчихмоор л санагдаж байсан. Гэвч яах билээ?
Тиймэрхүү тохиолдолд сэтгэлээр уналгүй, тоглолтыг дуусгаж чаддаг байх хэрэгтэй. Би бүх хүчээ л шавхаж тоглохыг чармайсан. Би буруу шийдвэр гаргаад байсан гэж үү? Хүн бүр л алдаа гаргадаг шүү дээ. Одоо энэ бүхэн ард хоцорсон. Тоглолтын нэгэнтээ дуусчихсан. Би тэр тоглолтыг мартсан. Одоо миний өмнө шигшээ багийн тоглолт, тэгээд 14 хоногийн дараагаар “Манчестер Юнайтед” биднийг хүлээж байна” гэж Ловрен өгүүлсэн байна.
Р.ГЭГЭЭ
Эх сурвалж: http://horom.mn