Туркийн Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу Анкарагийн Сирид явуулж буй ажиллагаанд АНУ хориг арга хэмжээ авсны хариуг өгөхөд бэлэн байна гэж мэдэгджээ. Тэрбээр энэ тухай Лхагва гариг (2019.10.16)-т парламент дээр илтгэл тавих үеэрээ мэдэгдсэнийг NTV телевиз мэдээлсэн байна.
Мевлют Чавушоглу "Өнөөдрийн нөхцөлд бидний шийдвэрт аливаа хориг арга хэмжээ, заналхийлэл саад учруулж чадахгүй. Бид АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын дарамт шахалтын улмаас бидний эсрэг ямар нэг алхам хийж байгааг харж байна. Эдгээр хориг арга хэмжээнд бид зохих хариуг нь өгөх болно" гэж тэмдэглэсэн байна.
Тэрбээр Америкийн удирдагчдын баримталж буй бодлогыг "нэг талыг барьсан” хэмээн шүүмжилжээ. Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Турк улсад хориг арга хэмжээ авах тогтоолд гарын үсэг зурсан тухай мэдээлсэн билээ.
Одоогийн байдлаар, АНУ-ын хориг арга хэмжээний жагсаалтад Туркийн Батлан хамгаалах болон Эрчим хүчний яамдын дарга нар, Туркийн эрх баригч Шударга ёс, хөгжлийн намын орлогч дарга багтсан байна.
Эх сурвалж: КОРРЕСПОНДЕНТ
Холбоотой мэдээ