Манай улсын зарим иргэн ОХУ-д суралцахаар ирэхдээ тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудас буюу цагаачлалын хуудас /миграционная карта/-ыг буруу бөглөж, сургалтын виз дээрээ тэмдэглэгээ хийлгээгүйн улмаас нутаг буцаж, хилээр дахин орж ирэх шаардлагатай болсон тохиолдол нэг бус удаа гарч байна.
ОХУ-д суралцахаар очиж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө аяллын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой байдаг.
ОХУ-ын хилээр нэвтрэхдээ аялалын зорилгоо сургалт гэж тодорхойлоогүй, сургалтын визээ үзүүлээгүй монгол иргэдийг оросын хилийн албаныхан тус улсад 30 хоног визгүй зорчих гэж байна хэмээн ойлгон паспорт болон цагаан хуудас дээр нь холбогдох дардасыг дардаг бөгөөд энэ нь дараа нь тухайн оюутныг оршин суух бүртгэл хийлгэх боломжгүй болгож, хилээр дахин нэвтрэх шаардлагатай болгодог.
Иймээс ОХУ-д зорчиж байгаа иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө аялалын зорилгоо зөв тодорхойлж, визээр нэвтэрч байгаа тохиолдолд оросын хилийн албаны хүмүүст визтэй гэдгээ хэлж байхыг анхааруулж байна.
Эр сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам