ФАТФ-ЫН ХЯНАЛТААС ЯАЖ ГАРАХ ВЭ

Хуучирсан мэдээ: 2019.10.19-нд нийтлэгдсэн

ФАТФ-ЫН ХЯНАЛТААС ЯАЖ ГАРАХ ВЭ

ФАТФ-ЫН ХЯНАЛТААС ЯАЖ ГАРАХ ВЭ

 

Монгол Улс нь ФАТФ-ын саарал жагсаалтад орох асуудлаар тал бүрээс байр сууриа илэрхийлж байна. Гэтэл энэ шуум нь дунд яг яавал энэ жагсаалтад ордог талаар хүмүүс төдийлөн дэлгэрэнгүй ярихгүй байгаа. Тэгэхлээр үүгээр энэхүү процессын талаар ФАТФ-ын веб хуудсан дээрх эх сурвалж дээр үндэслэн тайлбарлая.

Юун түрүүнд тодруулж хэлэхэд ФАТФ байгууллагаас албан ёсоор саарал эсвэл хар гэсэн жагсаалтыг гэж гаргадаггүй. Уг байгууллагаас мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдал бүхий буюу өндөр эрсдэлтэй улсын жагсаалтыг зарладаг ба үүнийг энгийнээр “саарал жагсаалт” хэмээн нэрлэдэг. Харин ФАТФ-ын зөвлөмжийг огт дагадаггүй, хамтран ажилладаггүй улсуудын жагсаалтыг “хар жагсаалт” гэж ярьдаг.

ФАТФ-ЫН ХЯНАЛТАД ОРОХ ҮЙЛ ЯВЦ

ФАТФ-аас олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй мөнгө угаахтай тэмцэх тал дээр хоцрогдолтой байгаа улс орнуудыг тогтмол тодорхойлж, хянаж байдаг. ФАТФ-ийн Олон улсын хамтын ажиллагааны бүлэг нь үүнийг гүйцэтгэх үүрэгтэй. Хяналтад оруулах эсвэл жагсаалтад оруулах процесс нь анх 2007 онд эхэлсэн бөгөөд 2009, 2015 онуудад сайжруулан өөрчилсөн байна.

ФАТФ нь тухайн улсаас үүдэлтэй аюул занал, эмзэг байдал, эсвэл харьяаллын хүрээнд үүсэх тодорхой эрсдэлийг үндэслэж хяналтдаа оруулдаг. Тухайлбал, аливаа улсыг хяналтдаа авч, хар эсвэл саарал жагсаалтад оруулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзаж үздэг. Үүнд:

  • Тухайн улс нь ФАТФ маягийн бүсийн байгууллага (Монгол Улсын хувьд Ази номхон далайн бүсийн байгууллага)-д гишүүнээр элсэхгүй, үйл ажиллагаанд оролцдоггүй эсвэл харилцан үнэлгээний үр дүнг цаг тухайд нь хүргүүлэхгүй, мэдээлэхэд саад учруулбал;
  • Тухайн улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үй олноор хөнөөх зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх үйл ажиллагаанд гажуудал үүсч, улмаар үүссэн аюул, эрсдэл нь үнэлгээ хийж байгаа төлөөлөгчдийн анхаарлыг татахуйц өндөр хэмжээнд хүрвэл;
  • Харилцан үнэлгээний үр дүнд муу үнэлгээ авбал. Ялангуяа дараах чиглэлээр дутагдалтай гарвал:
    • Техникийн хэрэгжилт буюу 40 зөвлөмжөөс 20 ба түүнээс дээш үзүүлэлт дээр хангалтгүй болон зарим нь хангалтгүй гэсэн үнэлгээ авах (Монгол Улс 2017 онд 5 зөвлөмж хангалтгүй, 15 зөвлөмж зарим нь хангалтгүй гэж анхааруулга авч байснаас өдгөө хангагдаагүй зөвлөмж байхгүй, зарим нь хангалтгүй 5 зөвлөмжтэй байгаа);
    • 3, 5, 6, 10, 11, 20 зөвлөмжүүдээс 3 ба түүнээс дээш дээр хангалтгүй болон зарим нь хангалтгүй үнэлгээ авах;
    • Үр дүнтэй байдлын буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлтээс 9-д нь муу болон дунд зэргийн үнэлгээ авах (өдгөө 4 зөвлөмж муу болон дунд үнэлгээтэй үлдээд байгаа);
    • Үр дүнтэй байдлын 6 болон түүнээс олон үзүүлэлтэд муу үнэлгээ авах юм бол саарал цаашлаад хар жагсаалтад ордог.

Улс орнууд нь Олон улсын хамтын ажиллагааны бүлгийн хяналт буюу хар, саарал жагсаалтад орохдоо мөн тодорхой шатыг дамждаг. Ингэхдээ харилцан үнэлгээний үр дүнг үндэслэн 1 жилийн хугацаатай ажиглалтад орох ба ФАТФ болон түүнтэй төстэй бүсийн байгууллагын шаардлага, зөвлөмжийг биелүүлж, үүсээд байгаа учир дутагдлыг арилгах тал дээр ажиллаж байгаа эсэхийг албан ёсоор шалгадаг.

ФАТФ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдлыг үргэлжлүүлэн үнэлэхдээ мөн л техникийн 40 зөвлөмж болон шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт дээр гарсан ахицыг харгалздаг. Хэрэв ФАТФ нь стратегийн дутагдлыг арилгахад хангалттай ахиц гараагүй байна гэж үзвэл үүсээд байгаа дутагдлыг арилгах үйл ажиллагааны төлөвлөгөө (action plan)-ыг тухайн улстай хамтран боловсруулна.

Олон улсын хамтын ажиллагааны бүлэгт хамрагдаж, жагсаалтад орсон бүх орнуудын хувьд үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлж хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэлийг хийх болно гэсэн улс төрийн дээд түвшний амлалт, хүчин чармайлтыг ФАТФ-ын зүгээс шаарддаг.

ОЛОН НИЙТЭД ЗАРЛАХ

ФАТФ нь жил бүр гурван удаа 2, 6, 10 саруудад хуралддаг ба хурал бүрийн эцэст хоёр тусдаа хэвлэлийн мэдэгдэл гаргана. Эдгээр мэдэгдлүүд нь улс орнуудын үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд хийгдсэн ажлын товч хураангуй ба шийдвэрлэх шаардлагатай стратегийн дутагдлуудын жагсаалтыг гаргаж, мэдээлдэг. Эдгээр мэдэгдлүүд нь хяналтад байгаа улсуудын дутагдлыг тухайн үед үүссэн эрсдэлийн түвшинтэй дүйцүүлэн тодорхойлдог.

ФАТФ-ЫН ОЛОН НИЙТИЙН МЭДЭГДЭЛ

ФАТФ-ын мэдэгдэлд хяналтад оруулсан улсуудыг хоёр хуваадаг.

  • ФАТФ-ын зүгээс гишүүн болон гишүүн бус улсуудад анхааруулга болгож харилцахдаа холбогдох эрсдэлийг харгалзан үзэн нэмэлт хяналт тавих шаардлагатай орнуудыг энд багтааж мэдээлдэг. Өөрөөр хэлбэл эдгээр улсуудыг саарал жагсаалтад орууллаа гэж үздэг. Нэмэлт хяналт тавих гэдэг нь тухайн улсын харилцагчийн талаарх зохих түвшний нэмэлт мэдээллийг шаардах, хөрөнгийн эх үүсвэр нарийвчлан тодорхойлох, аливаа бизнесийн харилцааг өргөн хүрээнд хянах зэрэг багтана.
  • ФАТФ-ын зүгээс урд нь анхааруулга өгч байсан ч урт хугацаанд стратегийн ноцтой зөрчил оршин буй, арга хэмжээ авахгүй байгаа улсуудыг энд зарлах ба ФАТФ-аас гишүүн болон гишүүн бус орнуудыг, цаашлаад олон улсын санхүүгийн тогтолцоог хамгаалах зорилгоор сөрөх арга хэмжээ авч байгааг зарладаг. Сөрөх арга хэмжээнд тодорхой хяналт шаардлагыг дахин нэмэгдүүлэхээс авахуулаад, тухайн улсын санхүүгийн гүйлгээг хязгаарлах хүртэл ажиллагаа багтана. Үүнийг өөрөөр хар жагсаалт хэмээн нэрлэдэг.

ФАТФ-ЫН ХЯНАЛТ, ЖАГСААЛТААС ГАРАХ

Аливаа улс нь ФАТФ-ын хяналт буюу жагсаалтад орсонтой адил мөн гарах боломжтой ба ингэхдээ үйл ажиллагааны төлөвлөгөөнд заасан заалт болгонд ихээхэн ахиц гаргасан байх ёстой. Хэрэв ФАТФ-ын зүгээс энэ нь хангагдсан гэж үзвэл газар дээрх үнэлгээг зохион байгуулж, төлөөлөгчийг томилон тухайн улсад хууль, журам, үйл ажиллагааны шинэчлэл хийгдэж буйг мөн хэрэгжилтийг хангахад шаардлагатай улс төрийн хүчин чармайлт, институцийн чадавхи байгаа эсэхийг баталгаажуулна. Газар дээрх үнэлгээний үр дүн эерэг бол ФАТФ нь дараагийнхаа хурлаар тухайн улсыг авч хэлэлцэж, олон нийтийн мэдэгдлээс нэрийг нь хасна. Улмаар тухайн улс нь ФАТФ эсвэл түүнтэй төстэй холбогдох бүс нутгийн байгууллагын хүрээнд, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоогоо сайжруулан, үйл ажиллагаагаа урьдын адилаар хэвийн тайлагнаж байх болно.

Н.БАТЖИН

Эх сурвалж: www.fatf-gafi.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж