АНУ-ын Хууль сахиулах байгууллагын ажилтнууд Өмнөд Солонгост төвтэй үйл ажиллагаа эрхэлдэг харанхуй вэбийн хүүхдийн порно бичлэгийн сайтыг илрүүлж, эзэн болон үйлчлүүлэгч хүмүүсийг дайчлан баривчилжээ.
Өнөөг хүртэлх түүхэнд хүүхдийн садар самуунд ашигласан хамгийн том порно бичлэгийн сайт гэж онцолсон уг сайт нь биткойн болон крипто валютаар үзэгчдэд 250 мянган порно бичлэг бүхий видео санд нэвтрэх эрх үүсгэж өгдөг байжээ. Видео дунд хэтэрхий балчир хүүхдүүдийг хүчирхийлж буй бичлэгүүд их байсан бөгөөд "насанд хүрэгчдийн порно бичлэг нийтлэхийг хориглоно" гэсэн дүрэмтэй ажээ.
АНУ-ын ерөнхий прокурорын туслах Брайн А.Бенцковски "Ийнхүү бага насны хүүхдийг бэлгийн мөлжлөгт оруулан ашиг олох нь харанхуй вэбийн хамгийн харгис гэмт хэргүүдийн нэг юм" гэж хэлэв.
Мөн бичлэгт хүчирхийлэлд өртөж байсан насанд хүрээгүй 23 хүүхдийг Америк, Британи, Испаниас олж аварсныг тус улсын Хууль зүйн яамнаас мэдээлжээ. Гэвч өөр олон хүүхэд олдоогүй хэвээр байгаа аж.
Энэхүү порно бичлэгийн сайтын хэрэглэгчид гүйлгээ хийхдээ нэрээ нууцлах боломжтойгоос гадна сайтын сангийн бараг тал хувь нь өмнө нь байгаагүй материалаас бүрдсэн байгаа нь энэ төрлийн гэмт хэргийн цар хүрээ, арга заль хэр хурдацтай өссөнийг илэрхийлж байна.
2018 оны гуравдугаар сард ашиглалтад орсноосоо хойш уг сайт 370 мянган ам.доллартай тэнцэхүйц биткойн цуглуулсан гэсэн тооцоо байгаа аж.
Хэрэгтэй холбогдуулан өмнөд Солонгосын иргэн Жонг Вү Сон болон бусад орны 337 хүнийг баривчлан шалгаж эхэлжээ. Сон одоогоор өмнөд Солонгост 18 сарын ял эдэлж буй бол бусад гэмт этгээдүүдийг 15 хүртэл жилийн хугацаагаар яллаад буй юм байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: REUTERS
Холбоотой мэдээ