11 дэх удаагийн “Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд(08.29-30) Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд боллоо.
Энэ удаагийн тэмцээнийг Шри Чинмойн марафоны баг, нийслэлийн БТСГ, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн зэрэг байгууллагууд хамтран зохион байгууллаа. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийгөө танин мэдэх, тэвчээр хатуужил олгох, улмаар хэт холын зайн гүйлтийн стандартыг олон улсын түвшинд хүргэхэд тэмцээний зорилго оршино.
Энэхүү тэмцээн нь жил бүр уламжлал болон явагддаг ба манай орны хувьд хэт холын зайн гүйлтийн хамгийн урт зайн төрөлд багтдагаараа онцлог болдог. Харин 2014 оноос эхлэн олон улсын стандартын дагуу Спорт эрүүл мэндийн яамнаас тус тэмцээний төрөлд тамирчдад улсын зэрэг цол олгохоор болжээ.
“Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээн бямба гаригийн (08.29) өглөөний 10.00 цагт эхэлж, ням гаригийн (08.30) 10.00 цагт өндөрлөсөн юм.
Тэмцээн нь 12 ба 24 цагийн төрлөөр 20-34, 35-49, 50 аас дээш 3 насны ангилалд тамирчдыг шалгаруулсан бөгөөд тухайн насны ангилалд 12 ба 24 цагийн хугацаанд хамгийн хол зайг туулсан гүйгчид нь ялагчид болцгоов. Тэмцээний зам нь 1 км-ийн тойргоор явагдсан бөгөөд хяналтын тойргийн шүүгчид, улсын зэрэгтэй шүүгчид бүтэн өдрийн турш ажиллажээ. Тэмцээний явцад гүйгчдийн биеийн байдал, эрүүл мэндийг эмч нар тодорхой цагийн хуваариар хянасан бөгөөд массаж хийх сувилагчид ажилласан байна. Мөн гүйлтийн явцад биеийн алдагдсан энергийг нөхөх хоол тэжээлээр гүйгчдэд тогтмол үйлчиллээ.
П.ОТГОНБААТАР, Ц.БАТЖАРГАЛ НАР УЛСЫН РЕКОРДЫГ ШИНЭЧЛЭВ
Энэ жилийн улсын аваргад 12 болон 24 цагийн улсын рекорд шинэчлэгдсэн байна. 24 цагийн гүйлтэд “Үсрэлт 21-р зуун” клубын гүйгч ОУХМ П.Отгонбаатар 213.00 км зайг туулан улсын рекордыг шинэчлэн тогтоолоо. Тэрээр энэ оны дөрөвдүгээр сард Итали улсын Цурин хотноо ОУМ Н.Баттулгын тогтоож байсан 201.86 км-ыг 213.00 км болгон ахиулсан юм. Мөн 12 цагийн гүйлтийн улсын дээд амжилтыг ОУХМ Ц.Батжаргал 135.00 км-ээр (117 км) шинэчлэн тогтоолоо. Эдгээр үзүүлэлт нь манай орны гүйлтийн спортоор хичээллэгч хүүхэд залуучуудын гүйлтийн спортын амжилтууд жилээс жилд ахин дэвшиж байгаагийн нэг илрэл юм гэж тэмцээнийг зохион байгуулагчид онцолж байсан юм.
Тэмцээний дүн гарахад 12 цагийн гүйлтийн 20-34 насны эрэгтэй ангилалд “Үсрэлт 21-р зуун” клубын тамирчин ОУХМ Ч.Батжаргал 135 км, 35-49 насны эрэгтэй ангилалд УБТЗ-ын замын 2-р ангийн “Замчин” спорт клубийн тамирчин дэд мастер Т.Лхагвасүрэн 95 км, 50-аас дээш насны эрэгтэй ангилалд “Үсрэлт 21-р зуун” клубын тамирчин ОУХМ Д.Дамдинжав 111 км гүйж түрүүллээ. Харин 20-34 насны эмэгтэй ангилалд “Сүлд” спорт хорооны 2-р зэргийн тамирчин Г.Ууганцэцэг 77 км, 35-49 насны эмэгтэй ангилалд 1-р зэргийн тамирчин Б.Алдармаа 83 км, 50-аас дээш насны ангилалд Шри Чинмойн марафоны багийн тамирчин, спортын дэд мастер Б.Отгонбаяр 72 км гүйж, ангилал бүрдээ түрүүлэн алтан медаль, цом мөнгөн шагнал хүртжээ.
Мөн 24 цагийн гүйлтийн эрэгтэй ангилалд 20-34 насанд ОУХМ П.Отгонбаатар 213.0 км, 35-49 насанд Чингэлтэй дүүргийн 3-р зэргийн тамирчин Р.Чинзориг 125 км, 50-аас дээш насанд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин ОУХМ Б.Оюунбаатар 160.0 км гүйж, түрүүллээ.
Мөн эмэгтэй ангилалд 20-34 насанд ЧД-ийн 2-р зэргийн тамирчин М.Цэцэгдарь 103 км, 35-49 насанд БГД-ийн 1-р зэргийн тамирчин Ц.Алтансувд 124 км, 50-аас дээш насанд спортын дэд мастер, СХД-ийн тамирчин Ц.Оюунсүрэн 131 км гүйж түрүүлэн, алтан медаль, цом мөнгөн шагнал хүртсэн юм.
Түүнчлэн тус тэмцээний үеэр шинээр дөрвөн тамрчин гүйлтийн спортын олон улсын хэмжээний мастер, 23 тамирчин гүйлтийн спортын дэд мастер, 1, 2, 3-р зэргийн болзолуудыг хангасан байна. Хөдөө орон нутгаас Дархан-Уул, Орхон, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Увс зэрэг аймгуудаас тамирчид оролцсон бөгөөд идэвхтэй оролцсон байгууллага хамт олноор гүйлтийн спортын “Үсрэлт 21-р зуун” клуб шалгарчээ.
“Өөрийгөө ялах” 12 ба 24 цагийн гүйлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 50 гаруй тамирчид оролцсон бөгөөд цаг агаарын хувьд өдөртөө дулаавтар, шөнөдөө 1 градус хүртэл хүйтэрсэн байна.
ТЭМЦЭЭНИЙ НЭГДСЭН ДҮН:
12 ЦАГИЙН ГҮЙЛТ:
ЭРЭГТЭЙ:
20-34 нас:
1-р байр: ОУХМ Ч.Батжаргал 135 км (“Үсрэлт 21-р зуун” клуб) УЛСЫН РЕКОРД
2-р байр: 1-р зэрэгтэй Ц.Батхуяг 108 км (“Сүлд” спорт хороо)
3-р байр: М.Ган-Эрдэнэ 76 км (“Сүлд” спорт хороо)
35-49 наc:
1-р байр: Спортын дэд мастер Т.Лхагвасүрэн 95км (УБТЗамын 2-р анги Замчин спорт клуб)
2-р байр: 3-р зэргийн тамирчин Б.Баянмөнх 77км (БЗД)
3-р байр: Б.Доржбат 68 км (СБД)
50-с дээш нас:
1-р байр: ОУХМ Д.Дамдинжав 111 км (“Үсрэлт” 21-р зууны клуб)
2-р байр: 1-р зэргийн тамирчин С.Ганхүү 80 км (Сүхбаатар аймаг)
3-р байр: 2-р зэргийн тамирчин Д.Бадрах 75 км (Дархан-Уул аймаг)
Эмэгтэй:
20-34 нас
1-р байр: II зэргийн тамирчин Г.Ууганцэцэг 77 км (“Сүлд”) спорт хороо
2-р байр: II зэргийн тамирчин Г.Ган-Эрдэнэ 76 км (Шри Чинмойн марафоны баг)
3-р байр: III зэргийн тамирчин Ж.Маралмаа 67 км (Чингэлтэй дүүрэг)
35-49 нас:
1-р байр: I зэргийн тамирчин Б.Алдармаа 83 км (Үсрэлт 21-р зууны клуб)
2-р байр: III зэргийн тамирчин Б.Баярмаа 78 км (Шри Чинмойн марафоны баг)
3-р байр: III зэргийн тамирчин Б.Алтанхүү 59 км (БГД)
50-с дээш нас:
1-р байр: Спортын дэд мастер Б.Отгонбаяр 72 км (Сонгинохайрхан)
2-р байр: II зэргийн тамирчин С.Толя 46 км (Чингэлтэй дүүрэг)
24 ЦАГ:
20-30 нас: (Эрэгтэй)
1-р байр: ОУХМ П.Отгонбаатар 213 км (“Үсрэлт” 21-р зууны клуб) – УЛСЫН РЕКОРД
2-р байр: I зэргийн тамирчин Б.Баярхүү 167 км (Дорноговь аймаг)
3-р байр: Т.Баясгалан 103 км (БГД)
35-49 нас:
1-р байр: III зэргийн тамирчин Р.Чинзориг 125 км (Чингэлтэй дүүрэг)
50-c дээш нас:
1-р байр: ОУХМ Б.Оюунбаатар 160 км (Орхон аймаг)
2-р байр: II зэргийн тамирчин Ч.Цогоо 117 км (МХХМГХолбоо)
3-р байр: III зэргийн тамирчин Ж.Одгийв 105 км (Чингэлтэй дүүрэг)
Эмэгтэй:
20-34 нас:
1-р байр: II зэргийн тамирчин М.Цэцэгдарь 103 км (Чингэлтэй дүүрэг)
35-49 нас:
1-р байр: I зэргийн тамирчин Ц.Алтансувд 124 км (БГД)
2-р байр: Спортын дэд мастер Сэ.Оюунгэрэл 123 км (БГД)
3-р байр: II зэргийн тамирчин Х.Олонбаяр 105 км (СБД)
50-с дээш нас:
1-р байр: Спортын мастер Ц.Оюунсүрэн 131 км (БГД)
2-р байр: I зэргийн тамирчин Д.Баярсайхан 117 км (БЗД)
3-р байр: Спортын дэд мастер Л.Сумъяа 115 км (БЗД) тус тус орлоо.
Ч.БОЛОР