Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 13

Хуучирсан мэдээ: 2019.10.18-нд нийтлэгдсэн

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан

Либертари үзлээс жийрхдэг шалтгаан – 13

Манай сайт өмнө нь Философийн ухааны доктор Б.Батчулуунтай хамтран “Философийн булан”, “Либертари булан”-гуудыг эрхлэн гаргаж байсан билээ. Энэ удаа түүний 15 цуврал өгүүллийг тавих гэж байна. Доктор Б.Батчулуун энэ нийтлэлүүддээ Монгол дахь либертари үзэлд учирч буй саад, бэрхшээлийг философи, нийгмийн психологийн үүднээс задлан шинжилж буй тул өмнө нь эрхлэн гаргаж байсан “Философи” болон “Либертари” булангуудын үргэлжлэл хэмээн ойлгож болно. 7 хоног бүрийн Даваа, Баасан гаригт нийтлэгдэх өгүүллүүдийг таалан соёрхоно уу.


(ЯДУУ УЛС-ОРОН Л ХАЛАМЖИЙН ТӨРД ТАТАГДДАГ)

Хүмүүсийн ядуу зүдүү байдал, улс орны эдийн засгийн дорой хөгжил либертари аж төрөх ёс, соёлд ямагт сөргөөр нөлөөлдөг. Ядуурал нь юуны түрүүнд, төрийн харалган бодлоготой холбоотой үзэгдэл. Ядуу хүмүүс эхлээд эдийн засгийн хувьд, дараа нь сэтгэлгээний хувьд бие даасан байдлаа алдаж, хэн нэгнээс юм уу төрөөс хараат байдалд ордог. Энэ утгаараа ядуурал, улс-орны буурай хөгжил индивидуализмд ихээхэн харш үзэгдэл юм.

Ядуурал, төрөөс хараат байдал хоёр шууд хамааралтай. Ядуурал их байх тусам төрөөс халамж хүсэмжилдэг. Төр ч ийм байхад их дуртай. Учир нь, өөрийг нь хэрэгтэй мэт харагдуулдаг. Яг үүнтэй холбоотойгоор либертари үзэлтнүүд “энэ ертөнц дээр гарч буй муу муухай зүйл болгон төрийн данхайн хүчирхэгжих үндэс болж байдаг” хэмээн үздэг. Зуд турхан, ган гачиг, халдварт өвчин, ядуурал их байх тусам төр өөрийгөө хэрэгтэй болохыг харуулах шалтаг олдлоо гэсэн шиг янз бүрийн агентлаг, газар, хэлтэс, тасаг байгуулан бүтцээ томруулж, албан хаагчдаа нэмж, иргэдээс авах татвараа өсгөдөг. Энд төсөвлөгдсөн мөнгөний хагас нь шахуу данхайсан бүтцийг тэтгэхэд зориулагдана (энэ талаар АНУ-д хийсэн судалгаа байдаг). Өссөн тэр бүтэц хожим нь эргээд буудаггүй. Тэнд төрийг дэмжсэн баахан албан хаагч очоод суучихсан байдаг. Тэгэхээр гай гамшигт үзэгдлүүдийг далимдуулан хамгийн хожоотой гардаг нь төр. Ядуурал бол халамжийн төрийн (welfare state-ийн) шимт хөрс.

Төр ядууст халамж тараахдаа “үнэгүй хоол” өгч буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэж оролдоно. Үнэндээ, энэ ертөнц дээр “үнэгүй хоол” гэж хаана ч байдаггүй. “Үнэгүй хоол” гэдэг бол эдийн засгийн утгаараа утгагүй ойлголт. Тэнгэрээс бууж ирсэн юм шиг “үнэгүй зүйл” үлгэрт л гардаг. Бодит амьдрал дээр халамжаар тарааж буй тэр бүх мөнгө, баялгийг өөр бусад хүмүүс хүч хөдөлмөр, цаг хугацаагаа зарцуулан байж бий болгосон, үнэ, өртөгтэй эд байдаг. Тийм ч учраас хэсэг хүн төрөөс халамж шаардана гэдэг бол “өөрсдийнхөө төлөө төрийг бусдынхаа эсрэг турхирч байна” гэсэн үг.

“Халамжгүй халамжид” дугаарлагсад

Халамж нь түүнийг авч буй хүмүүсийн хувьд ч гэсэн сөрөг нөлөөтэй: халамж авч буй хүмүүс ичих, нэрэлхэх сэтгэлээ гээж, нэр төрөө бодохоо больж, моралийн элдэгдэлд орно, бэлэнчлэх сэтгэлгээнд дасна, амьдралын тэмцэлгүй болж мохох байдалд ордог. Эцсийн эцэст вэлфаризм бол “хуурамч хөөрхийлөл” буюу “халамжгүй халамж” юм.

Либертари үзэлтнүүдийг ийм зүйл ярихаар “ядууст тусалж байдаг төрийг эсэргүүцдэг ямар хачин үзэл вэ” гээд либертарианизмд харшилж эхэлдэг. Үнэндээ, нөгөөх төр нь өөрсдийг нь ядууруулчхаад дараа нь гэмээ цайруулах гэж дусал төдий мөнгө тарааж байгааг ойлгодог нь даан ч цөөн юм даа.

Б.БАТЧУЛУУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж