Ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд АХБ, ОУСК дэмжлэг үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд АХБ, ОУСК дэмжлэг үзүүлнэ

Ногоон барилгын стандартыг нэвтрүүлэхэд АХБ, ОУСК дэмжлэг үзүүлнэ

“Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл”-ийн 10,000 айлын орон сууцыг барихад ногоон барилгын стандарт, үнэлгээний “Үр ашгийг дээшлүүлэх шилдэг төсөллөлт буюу EDGE” системийг ашиглах чиглэлээр Азийн хөгжлийн банк (AХБ), Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК) болон Улаанбаатар хотын захиргаа харилцан ойлголцлын санамж бичигт 2019 оны аравдугаар сарын 16-ны өдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь бага, дунд орлоготой өрхүүдийн суурьшлын бүс болох гэр хороололд амьдарч байна. Гэр хороололд дэд бүтцийн асуудал шийдэгдээгүй, хатуу хог хаягдлын менежмент хангалтгүй, ус хангамж хязгаарлагдмал байгаа зэргээс шалтгаалсан эрүүл мэнд, байгаль орчны асуудлууд ихээр тулгардаг. Мөн халаалт болон эрчим хүчний зориулалтаар түүхий нүүрс, био түлшийг их хэмжээгээр хэрэглэдгээс нүүрсхүчлийн давхар ислийн ялгаруулалт ихэсч, ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдлыг үлэмж хэмжээгээр нэмэгдүүлж байна.

“Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй 850,000 орчим хүн өнөөдөр хотын нийтийн аж ахуйн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна” гэж АХБ-ны Хот хөгжүүлэлтийн тэргүүлэх мэргэжилтэн Арно Хекман хэлээд “ОУСК-тай АХБ хамтран ажилласнаар эдгээр иргэдийн тав тухыг хангасан, орлогод нь нийцсэн, ногоон орон сууцыг төсөллөж, барих явцдаа ногоон барилгын стандарт, үнэлгээний EDGE системийг ашиглах боломжтой болж байгаа юм” хэмээн тэмдэглэв.

АХБ, Улаанбаатар хотын захиргаа болон Монгол Улсын Хөгжлийн банк хамтран Уур амьсгалын ногоон сан, Өндөр түвшний технологийн сангийн дэмжлэгтэйгээр нийслэл хотын гэр хорооллыг орлогод нийцсэн, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай, амьдрахад таатай эко хороолол болгон хөгжүүлэхээр ажиллаж байна.

Буцалтгүй тусламжийн санхүүжилт болон хувийн хэвшлээс босгох 350 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг багтаасан нийт 570.2 сая ам.долларын энэхүү төслөөр нийтийн аж ахуйн үйлчилгээнд холбогдсон, ногоон орчин бүрдсэн, төрөл бүрийн үйлчилгээ болон ажлын байрны хүртээмж сайтай, байгаль орчинд ээлтэй 20 орчим шинэ эко хороололд 10,000 айлын эрчим хүчний хэмнэлттэй орон сууцыг барих юм. Эдгээр орон сууцны 1500 нь түрээсийн орон сууц байх бол 5500 нь орлогод нийцсэн орон сууц байхаар төлөвлөж байна. Харин үлдсэн 3000 орон сууц нь зах зээлийн үнээр борлуулагдана.

“Монгол Улсын Засгийн газрын санаачлага, АХБ болон ОУСК-ийн дэмжлэгтэйгээр ногоон барилгын үзэл баримтлалыг барилгын норм стандартад нэвтрүүлж, дэлхийн чиг хандлагад нийцсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн загварыг орон нутгийн онцлогт нийцүүлэн турших гэж байгаадаа баяртай байна” хэмээн Нийслэлийн Орон сууцны корпорацын Гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар тэмдэглэв.

ОУСК-ийн дэмжлэгтэйгээр EDGE стандартыг нэвтрүүлснээр орлогод нийцсэн орон сууцны төсөллөлт, бүтээн байгуулалт боловсронгуй болох юм. Дэлхийн банк болон Унгар Улсын Засгийн газраас хамтран хэрэгжүүлж буй Эрчим хүчний салбарт үзүүлэх удирдлагын дэмжлэг хөтөлбөрийн түншлэлийн хүрээнд барилгын шошгожуулалтын тогтолцоог нэвтрүүлэх замаар Монгол Улсад барилгын эрчим хүчний үр ашгийн үнэлгээг хийхэд нь Барилга хот байгуулалтын яам, Эрчим хүчний зохицуулах хороонд ОУСК дэмжлэг үзүүлж ирсэн. Түүнчлэн ногоон барилгын үнэлгээний систем, үүний дотор нөөцийн үр ашигтай хэрэглээнд чиглэсэн үнэлгээний EDGE системийг Монгол Улсад нэвтрүүлэхэд ОУСК дэмжлэг үзүүлж байна.

“Дэлхийн хөгжиж буй орнуудад 2025 оныг дуустал хугацаанд 3.4 их наяд ам.долларын өртөг бүхий ногоон барилгын зах зээл байна хэмээн ОУСК үзэж байгаа. Энэхүү хэрэгцээг харгалзан ногоон барилгыг нэвтрүүлснээрээ хотжилт эрчимтэй явагдаж буй Улаанбаатар шиг хотууд амьдрахад илүү таатай хот болон хөгжихийн зэрэгцээ хөрөнгө хэмнэх, хорт хийн ялгарлыг бууруулах ач холбогдолтой” хэмээн ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Руфат Алимарданов цохон тэмдэглэв.

Дэлхийн банкны группын гишүүн бөгөөд Дэлхийн банкны системийн байгууллага болох ОУСК нь шинээр хөгжиж буй орнуудын хувийн хэвшилд чиглэсэн дэлхийн хамгийн том хөгжлийн байгууллага юм. ОУСК нь дэлхийн 2000 гаруй бизнесийн байгууллагуудтай хамтран ажилладаг бөгөөд хөрөнгө нөөц, мэдлэг чадвар, нөлөөгөө ашиглан дэлхийн хамгийн их хэрэгцээ бүхий улс орнуудад зах зээл болон боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилладаг. 2019 оны санхүүгийн жилд тус байгууллага 19 тэрбум ам.долларын урт хугацаатай хөрөнгө оруулалтыг хөгжиж буй орнуудад оруулсан нь нэн ядуурлыг устгах, хамтын хөгжил цэцэглэлтийг өрнүүлэхэд хувийн хэвшлийн хүчийг ашиглах хөшүүрэг болсон.

АХБ нь Ази, Номхон далайн бүс нутагт нэн ядуурлыг арилгах хүчин чармайлтаа үргэлжлүүлэхийн зэрэгцээ цэцэглэн хөгжсөн, хүртээмжтэй, тогтвортой, сөрөг нөлөөг даван туулах чадвартай бүс нутгийг цогцлоохын төлөө тууштай ажиллаж байна. 2018 онд АХБ-наас 21.6 тэрбум ам.доллартай тэнцэх шинэ зээл, тусламжийг үзэглэжээ. Анх 1966 онд байгуулагдсан тус банкны нийт 68 гишүүн орны 49 нь тухайн бүс нутагт оршдог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж