УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас өөртэй нь холбоотой сүүлийн үед гарч буй мэдээллийн талаар тодрууллаа.
-“Бид уучлахгүй” ТББ-ынхан таны хөрөнгө, орлого гэнэт өссөн талаар хэвлэлийн хурал хийхдээ дурдлаа. Энэ талаар тайлбар өгөөч?
-Би Б.Пүрэвдорж гишүүний ёс зүйн асуудлыг Дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Гэтэл “Itoim” гэдэг сайтад намайг хөрөнгө орлого нь огцом нэмэгдсэн гишүүдийн дунд хавчуулаад, өөрөө Ёс зүйн дэд хорооны хуралд ирээгүй мэтээр бичсэн. Энэ сайт ямар шалтгаанаар намайг ингэж гүжирдэж, гүтгэж байгааг мэдэхгүй байна. Өчигдрийн болсон хурлын процесс, миний өгсөн бичиг байгаа. Гурван гишүүний асуудал тусдаа. Би Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар хуралдаан тасалдуулсан асуудлыг л ёс зүйн хороогоор хэлэлцэж өгөхийг хүссэн. Би 2009 хойш тасралтгүй ХОМ өгч ирсэн. Өөрийнхөө хөрөнгө, орлогын асуудлыг АТГ-т жил бүр тайлбарлаж байгаа.
Хүн өөрийнхөө орон сууцыг борлуулахад, тэр мөнгө нь орлогод нэмэгддэг. Үүнийг өөрсдөө очоод асуугаад, тайлбар авна биз. Надтай нэг тойрогт өрсөлдөх гэж байгаа хүмүүсийн ярьсан юм болгонд би нэг бүрчлэн тайлбар өгөх боломжгүй. Хүн олсон орлогоо үнэн зөвөөр, орлого гэдэг талд нь бичиж, тайлагнах ёстой. Би 2018 онд зуслангийнхаа хоёр давхар байшинг бусдад зарсан. Хүн амын орлогын албан татвар төлсөн. Энэ орлого л болж таарна. Аж ахуйн эрхэлж олсон мөнгөө бас орлого талд нь бичнэ. 2016 оноос эдийн засаг сэргэж эхэлсэн. Миний барьсан орон сууцны борлуулалт тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Би тэр болгоныг бүгдийг нь нэг бүрчлэн тайлбарлах албагүй.
Хэрвээ ямар нэг байдлаар хардаад байгаа бол АТГ-т өгөөд шалгуулах хэрэгтэй. Бие биеэ хий хардаж байхаар. Эрүүгийн хуулийн Тусгай ангид үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвар төлөхөөс зайлсхийх гээд заалт бий. Би цэнхэр дэвтэр дээрээ ном, мал борлуулж олсон орлого ч бай хамаагүй жил болгон л бичдэг. Хэрвээ миний олсон орлогыг хууль бус гэж хардаад байгаа бол хэвлэлийн хурал хийж байхаар АТГ-т хандаж, шалгаад өгөөч гэсэн хүсэлтээ өгөх хэрэгтэй.
-Та УИХ-ын гишүүн болсноос хойших хугацаанд таны орлого илт өссөн нь ямар учиртай юм бэ?
-Намайг гишүүн болоогүй байхад барилгын борлуулалт муу байсан. Миний нэр дээр бүртгэлтэй компаниуд 2010 онд байгуулагдсан байсан. Хууль ёсоор үйл ажиллагаагаа явуулж, татвараа төлж байгаа. Сүүлийн жилүүдэд эдийн засаг сэргэж, орон сууцны борлуулалт нэмэгдсэн. Эдийн засаг сэргэж байгаа эсэхээс шалтгаалаад орлого нэмэгдэж, буурч л харагдана биз дээ.
-АТГ-аас таныг шалгуул гэж хандсан уу?
-Би хэлээд байна шүү дээ, 2009 оноос хойш бүх юмаа тайлагнаад явж байгаа гэж. Ийм компаниуд миний нэр дээр байдаг. Энэ компаниудын үйл ажиллагаа заримдаа доголддог, зарим жилд сэргэдэг. Хүн жил бүр амины орон сууцаа зарахгүй биз дээ. Зарсан үед нь орлого нэмэгдэнэ. Би шалгуулахад бэлэн. Илүү харж, хулгай зэлгий хийдэг хүмүүстэйгээ тэмц. Минийх бол бизнесийн үйл ажиллагаа, амины орон сууц зарснаас орж ирсэн хууль ёсны орлого.
Холбоотой мэдээ