МУИС-ийн Улс төр судлалын тэнхим Монгол дахь Фридрих Эбертийн сан, МЕC судалгааны хүрээлэнтэй хамтран “ТОТАЛИТАР ДЭГЛЭМЭЭС ГАЖУУДСАН АРДЧИЛАЛ РУУ: МОНГОЛ УЛС БА БҮГД НАЙРАМДАХ ЧЕХ УЛС”-ын жишээн дээр эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр /2019.10.17/ зохион байгууллаа.
Посткоммунист улсуудад гарч буй улс төрийн тогтолцооны ижил шинжтэй хямралыг Ардчиллын гажуудал хэмээн тодорхойлон, Чех Улсын ардчиллын төлөв байдлаар судалгааны бүтээл гаргасан Михиал Клима судлаач тус эрдэм шинжилгээ бага хурлын үеэр илтгэл тавив. Түүний судалгааны бүтээл нь ардчиллын гурав дахь давалгаанд өртсөн улс орнуудад гарч буй засаглалын гажуудлыг хэрхэн засах тухай бүтээл юм.
Михиал Клима илтгэлийнхээ үеэр "Сүүлийн үед Клиентелизм, авлигал, зохион байгуулалттай гэмт хэрэг нь сэтгүүлчид болон Төрийн шинэчлэлт зэрэг байгууллагынхаа анхаарлыг татсан ноцтой бас сонирхолтой сэдэв болж байгаа. Дээрх сэдвүүдээр посткоммунист орнуудын хүрээнд улс төрийн яриа хэлэлцүүлэг өрнүүлэх нь чухал ач холбогдолтой. Учир нь эдгээр үзэгдэл сүүлийн 25 жилийн турш Бүгд найрамдах Чех Улс дахь улс төрийн намуудад халдварлан тархаж, улмаар парламентын засаглал болон ардчилсан тогтолцоонд сөргөөр нөлөөлсөн байна.
Улс төрийн намууд мутацид орж, клиентелист мөн чанартай байгууллагууд болон хувирчээ. Үүний уршгаар иргэний нийгэм ба төрийн хооронд гүйцэтгэх намуудын зуучлах мөн үндсээрээ гажуудан хувирсан байна. 2010-2013 онуудад доод танхимын хоёр ч сонгуулийн үеэр улс төрийн намуудын тогтолцоо сууриараа ганхан доргисон гэдгийг онцоллоо.
Клиентелизм гэдэг нь хоёр болон олон хүнийг хамарсан найз нөхөд, хамаатан садны онцгой харилцаа, холбоо бөгөөд голдуу тодорхой зорилгод чиглэсэн байх ба нийгэм, эдийн засгийн, улс төрийн хувьд дээгүүр зиндааны нэг этгээд (Патрон, ивээн тэтгэгч)нь доогуур зиндааны нөгөөдөө (клиент, дэмжигч) өөрийн нэр нөлөө, боломж бололцоог ашиглан хангамж, хамгаалалт үзүүлж байхад клиент нь мөн хариуд нь ивээн тэтгэгчдээ өөрийн биеэр үйлчлэх зэргээр ерөнхий дэмжлэг туслалцаа үзүүлдэг үзэгдэл юм. Тэтгэгч, дэмжигчдийн холбоо нь олон хүнийг хамарч, тэдгээр нь хэд хэдэн шат дамжлага үүсгэж, улмаар нэгэн пирамид болж нийгмийн солилцооны сүлжээг улмаар нийгмийн солилцооны авилгыг бий болгодог.
Клиентелизм нь гажуудсан ардчиллын нэгээхэн хэсэг болох либерал бус ардчилал, зөвшилцөх ардчилалд илүүтэй хэрэгждэг.
Улс төр судлалын доктор Wolfgang Merkel (2004. “Embedded and Defective Democracy”) гажуудсан ардчиллыг дараах байдлаар ангилсан байна. Үүнд:
- Либерал бус ардчилал (Illiberal democracy)
- Зөвшилцөх ардчилал (Delegative democracy)
- Онцгойлсон ардчилал (Exclusive democracy)
- Зохицуулалтын ардчилал (Tutelary of domain democracy)
Либерал бус ардчилал нь 2001 оны байдлаар гажуудсан ардчилалтай 29 орны 22-т нь тогтоогдсон хамгийн түгээмэл хэлбэр юм. Ялангуяа төв, Зүүн Европын посткоммунист бүс нутагт ардчиллын гажуудал элбэг тохиолддог талаар Меркел бүтээлдээ дурджээ.
Либерал бус ардчилал нь хуулийн засаглалын үндсэн зарчмуудыг зөрчин дараах хандлага үүсгэдэгээрээ онцлог юм. Үүнд:
- Эрх мэдлийн хуваарилалтад дотоод хяналтын системийг ажиллагаа сулардаг,
- Хууль сахиулах ажиллагаа хангалтгүйгээс хууль, эрх зүйн хэрэгжилт сулардаг,
- Эцэст нь улс төр, эдийн засагт тэгш, нээлттэй өрсөлдөөний дүрэм үйлчлэхээ больдог.
Ийм байдал нь хэлбэрийн хувьд албан ёсны ардчиллын хэмжүүрүүдийг биелүүлсэн мэт харагдуулах ч агуулгын хувьд хязгаарлагдмал, либерал бус ардчиллыг илтгэж байгаа гажуудсан ардчиллын хувилбар юм.
Клиентелизмын үе шат ба Монгол Улс
Улс төр судлаач, доктор Михал Клима ( Тоталитар дэглэмээс гажуудсан ардчилал руу) Клиетелизмын үе шатыг дараах байдлаар ангилжээ. Үүнд:
- Клиетелист холбоо сүлбээний нэгдүгээр буюу далд үе.
- Клиентелизмын цэцэглэлтийн үе.
- Клиентелизмын задрал ба ялзралын үе.
- Клиентелист намын тогтолцооны уналтын үе гэж ангилжээ.
Гажуудсан ардчиллыг засах боломжтой эсэх талуудын байр суурийг сонирлоо.
НИЙГЭМ ЯМАР БАЙНА, НИЙГЭМ ЮУГ ЗӨВШӨӨРЧ БАЙНА ТЭР ДАГУУ УЛС ТӨРИЙН НАМУУД ТӨЛӨВШДӨГ
УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОР МИХАЛ КЛИМА: Ардчиллууд хоорондоо ялгаатай байдаг шиг гажуудсан ардчилал ч мөн ялгаатай. Чех улсын хувьд давуу тал байсан. Учир нь дэлхийн хоёр дайны дундаас олж авсан ардчиллын туршлага бий. Монгол Улсын хувьд анх удаа буюу 30 жилийн өмнө ардчилал гэдэг замаар явж байгаа учир илүү хэцүү байх болно. Чех улсын хувьд нэгдүгээрт, ардчиллын туршлага байсан. Хоёрт, ард түмний амьжиргааны түвшин нь өндөр. Монголын хувьд хүчтэй иргэний нийгэм үүсч ардчилал зөв замаараа явна гэдэгт би итгэлтэй байна.
Популизм бол улс төрийн эрх чөлөө хүсч байгаа улстөрчдийн хэрэглэдэг хэрэгслийн нэг нь. Энэ нь аль ч улсад байдаг тул буруутгах аргагүй. Хамгийн гол нь иргэд сонгуулийн үеэр улстөрчдийн зөв, бурууг нь ялгаж чаддаг чадвартай байх нь чухал. Улс төрийн намуудын төлөвшлийг сайжруулахын тулд эхлээд нийгэм өөрчлөгдөж, чанаржих ёстой. Нийгэм ямар байна, нийгэм юуг зөвшөөрч байна тэр дагуу улс төрийн намууд төлөвшдөг. Чех улсын хувьд ч ялгаагүй олгиархиудын нөлөөлөл их байна. Иргэний нийгэм нь улстөрчдөө хүмүүжүүлэх, тэдний хязгаарыг нь тогтоох үүрэгтэй.
"ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГУУД ҮНДСЭН ЧИГЛЭЛЭЭ ХАНГАЖ АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА"
Монголын ардчиллын гажуудлын талаар МУИС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш доктор, дэд профессор Д.Бумдарь "Хэвлэлийн бие даасан байдал, олон намын тогтолцоо, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх зэрэг нь ардчиллын гол институт нь. Энэ бүхэн хэр төлөвшиж байна вэ гэдгээс ардчилал гажуудаж байна уу, эсвэл зүй тогтлоороо хөгжиж байна уу гэдгийг харж болно. Манай улсад парламентыг бүрдүүлж буй гол улс төрийн хүчин нь өөрөө төлөвшиж чадахгүй байна.
Мөн иргэний нийгмийн байгууллагууд үндсэн чиглэлээ хангаж ажиллаж чадахгүй байна. Иргэдийн хувьд улс төрийн боловсрол доогуур, нийгмийн сэтгэлзүй өөрөө өмнөх үеийн ой санамжаасаа салж чадаагүй. Судалгаанаас харахад иргэдийн улс төрийн намд үл итгэх байдал доогуур байна. Энэ бүхэн нь бид ардчиллын үнэт зүйлтэйгээ огт танилцаж чадаагүйнх. Гэтэл Чех улсын хувьд манайхтай адил посткоммунист ч гэлээ иргэний соёл нь өндөр хөгжсөн.
Ардчиллын гажуудлыг засахын тулд Улс төрийн намын тухай хуулиар намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн бус байгууллагууд нь ямар байх ёстой, иргэн сонгууль өгөх эрхээ эдлэхийн тулд хэрхэх гэх мэт эрх, үүрэг хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Энэ нь байхгүйгээр зөвхөн эрхээ эдэлнэ гээд яриад л эхэлбэл үүрэг, хариуцлага нь орхигдоно.
Ардчиллын гажуудал илэрч байгааг бид шууд харах боломжтой. Энэ тохиолдолд нийгмийн давхаргын ялгаа өндөр гардаг. Маш цөөхөн хэсэг нь хэт чинээлэг, үлдсэн хувь нь дунд, ядуу амьдарч байгаа. Төрийн үүрэг бол баялгийг тэгш хуваарилах ёстой. Гэтэл өнөөдөр энэ байдал алдагдаж байгаа нь ардчиллын тэгш эрхээс ухарч байна гэсэн үг" гэв.
НАМУУД БОДЛОГЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДДӨГ, ИРГЭД БОДЛОГООС СОНГОЛТ ХИЙДЭГ ЭНЭ ЧИГЛЭЛ РҮҮ ОРОХ ХЭРЭГТЭЙ
Монголын улс төрийн намын талаар улс төр судлаач, дэд профессор Ц.Мөнхцэцэг "Монголын улс төрийн намуудад сорилт тулгарч байна. Тухайлбал, иргэдийн улс төрийн намд итгэл итгэл буурсан. Улс төрийн намуудыг тогтвортой дэмжигчдийн тоо илт буурч байгаа нь Монголын улс төрийн намууд бизнесийнхний, мөнгөтэй хүмүүсийн ашиг сонирхолд үйлчилдэг болсных. Намын санхүүжилт нь ихэнхдээ хувь компаниудын эх үүсвэртэй. Тиймээс нэн түрүүнд улс төрийн намуудын санхүүжилтийг бизнесийн хүрээллийнхнээс салгах ёстой. Ингэж байж намыг аз хонжооны зорилгоор ашиглах явдал багасна.
Мөн Улс төрийн намын тухай хуульд намууд популист амлалт, цаг зуурын чиглэлийн бодлого явуулдаг байдлыг өөрчлөх шаардлагатай. Өөрөөр хэлбэл намууд бодлогын төлөө өрсөлддөг, иргэд бодлогоос сонголт хийдэг энэ чиглэл рүү орох хэрэгтэй. Амжилттай явж байгаа посткоммунист орнуудын жишээнээс харахад намыг олигархаас салгах хамгийн гол арга нь намуудад олгох төрийн санхүүжилтийг нь нэмдэг. Ингэхгүйгээр тухайн нам мөнгөтэй хэн нэгний нөлөөнд байсаар байна.
Холбоотой мэдээ