Органик нэрийг ашиглан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэв

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Органик нэрийг ашиглан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэв

Органик нэрийг ашиглан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэв

 “100 хувь байгалийн”, “цэвэр байгалийн гаралтай” гэх органик хүнс Монгол Улсад хэр олон байдаг вэ? Энэ асуултын хариултыг өнөөдөр /2019.10.17/ “Чингис” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж буй “Органик хүнс үйлдвэрлэгчдийн IV чуулган”-аас авахыг хичээлээ.

Органик хүнс үйлдвэрлэх нь маш нарийн үйл явц. Ганцхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд эрүүл хөрсний технологиор, малын гаралтай бүтээгдэхүүн бол мал нь эрүүл байх ёстой гэх мэт нарийн стандарт, журам мөрддөг байна.


 “ОРГАНИК ГЭСЭН НЭРИЙГ АШИГЛАН, ХЭРЭГЛЭГЧДИЙГ ТӨӨРӨГДҮҮЛЖ БАЙНА”

Энэ үеэр Хүнс хөдөө аж ахуй, худалдаа үйлчилгээний салбарын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн тэргүүн Ч.Очирбат “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндсэн холбооны удирдамж болон Хүнсний тухай хуулийн 14.1.1 заасан заалтын дагуу органик хүнсний олон нийтийн хяналтыг хийлээ. Өнгөрөгч есдүгээр сарын сүүлчээр хийсэн хяналт шалгалтад 300 гаруй нэрийн бүтээгдэхүүн хамрагдсанаас дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь 103 байх жишээтэй. Үлдсэн нь импортын бараа бүтээгдэхүүн байлаа.

Шалгалтаар ажиглагдсан ололттой зүйл гэвэл томоохон хэд хэдэн дэлгүүрүүд органик хүнсний тусгай тасагтай болсон байна. Энэ бол хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээний дэвшил юм. Мөн органик хүнсний тухай хуулийг хэрэгжүүлэх тухай заавар, журам, сургалт зохион байгуулж, мэдлэгтэй болсон байна. Ер нь дотоодын үйлдвэрлэгчдын дунд органик гэсэн нэрийг ашиглан, хэрэглэгчдийг төөрөгдүүлж бүтээгдэхүүнээ сурталчлах асуудал гарч байна” гэж ярилаа.

Монгол Улсад баталгаажсан, хөдлөнгийн баталгаажилтын байгууллагаар баталгаажсан 30 гаруй органик хүнс бий. Манай улсын хувьд Органик хүнсний тухай хуулиа батлаад хоёрхон жил болж байгаа ч энэ тоо томоохон үр дүн гэдгийг салбарынхан хэлж байв. Органик хүнсэнд хөдөө аж ахуйд хэрэглэх ёстой, байгальд ээлтэй 280 бодис хэрэглэдэг байна.

“ХИМИЙН ХОР ХЭРЭГЛЭХГҮЙГЭЭР ХҮНСНИЙ НОГОО ТАРИАЛАХАД ХҮН ХҮЧНИЙ ЗАРДАЛ ГАРДАГ”

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Өндөр тулгатан” хоршооны менежер М.Батцэнгэл ярихдаа “Манай хоршоо 2012 онд 10 гишүүнтэйгээр үүсгэн байгуулагдсан. Одоогоор төмс хүнсний ногоо тариалалт, жуучлан борлуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Бид 2017 оноос Органик хөдөө аж ахуйн түншлэл хөтөлбөрийн хүрээнд “АDRA” олон улсын төсөлд хамрагдаад явж байна. Органик хүнсний тухай хууль батлагдсан 2017 оноос хойш хуулийн дагуу тариалалтаа хийсэн. Уг тариалалт маань хамтын баталгаажуулалтын байгууллагаар хянагдаж, иргэдэд хүрдэг.

Хэрэглэгчдийн хувьд том эргэлзээ байгаа учраас борлуулалтын хувьд асуудал үүсдэг. Мэргэжлийн хяналтын байгууллагын гаргасан дүгнэлт, хөрс усны шинжилгээ, сав баглаа боодол, хэрхэн тээвэрлэж буй байгаа байдлаас нь анхан шатны органик хүнс гэдэг дүгнэлтийг хийх боломжтой. Хамтын баталгаажуулалтын байгууллагын хяналтын давуу тал нь хаврын тариалалтаас намрын ургац хүртэл төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналтыг газар дээр нь тогтмол хийж байдаг. Харин үнийн хувьд бага зэрэг үнэтэй байдаг.

Органик хүнс маань өндөр өртгөөр гарч ирдэг. Учир нь химийн хор хэрэглэхгүйгээр хүнсний ногоо тариалахад маш их хүн хүчний зардал гарч байна. Энэ нь борлуулалтад гарахаараа өртөг нь нэмэгддэг. Одоогийн байдлаар зах зээл дээр төмс 800 төгрөгийн үнэтэй байгаа бол органик төмс 1000, лууван 1500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байна. Бид хэт өндөр үнээр борлуулалт хийх боломжгүй. Аль болох зах зээлтэйгээ уялдуулж, борлуулалтаа хийдэг” хэмээн ярьсан юм.

Чуулганы үеэр “АDRA” олон улсын байгууллагын Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийн менежер Г.Цэцэгээ мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Манай олон улсын байгууллага Монгол Улсад 25 жил үйл ажиллагаа явуулж байна. Бид 180 гаруй төсөл хөтөлбөрийг өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн. Манай байгууллага 2018 оны есдүгээр сараас эхлэн Органик хөдөө аж ахуйн түншлэл төслийг Сэлэнгэ аймагт хэрэгжүүлж, нийт 11 суманд 30 анхан шатны 918 гишүүнтэй ажиллаж байна.

Уг төслөөрөө органик хөдөө аж ахуйг хөгжүүлж, иргэдээ баталгаатай хүнсээр хангахыг зорьж байна. Бид энэ төслөөрөө 300 гаруй ногоочинтой хамтран ажиллаж, хөрс, усны шинжилгээ хийлгэсэн. Хүмүүс маань 16 төрлийн хүнсний ногоог органикаар 80.9 га талбайд тарьсан. Ногоочид өөрсдийгөө хянах хамтын баталгаажуулалтын байгууллагыг хянаж, 10 бүтээгдэхүүнд органик хүнсний ногоо гаргаж авч чадсандаа баяртай байна” гэв.

Өнөөдөр дэлхийн 93 улсад органик хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрджээ. Ингэснээр дэлхийн 179 улсын 2.9 сая фермер, үйлдвэрлэгчид нийт 70 сая га талбайд органик үйлдвэрлэл эрхэлж, 97 их наяд ам.долларын бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж байгааг мэргэжилтнүүд онцолж байв.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж