“Өөш Манхан” бөөрний сувилал энэ жил 15 насыг зооглолоо. Тэртээ 2000 онд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, МУ-ын 20 дугаар ерөнхий сайд Ж.Наранцацралт агсан өөрийн төрсөн нутаг Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Өөш Манханд энэхүү сувилалыг нээн хэдэн гэртэйгээр эхлүүлж байжээ.
Өөш манхан бол элсэн манхан, гутлын ул зулгалам төөнөх хурц нар, говийн тачир ургамалт сайр, ховор шимт ургамал гэх мэтээс бүрдэнэ. Заг, хайлаас, харгана, товцог, тэсэг гэх мэт бутлаг ургамлууд, мэдээж хар хорхой, сохор, хулсан хорхой гэх мэт шавж, бор гөрөөс, бор туулай, номхон бор хэмээх могой ч бас байгаа. Магадгүй тэр үед айл амьтан их ховор байсан байх. Зундаа халуун, хавартаа их элс нь ядарсан малын хамаг шим шүлтийг мулт сорохоор элсэн далай л даа. Тийм болохоор л би айл амьтан ховор байсан болов уу хэмээн сэтгэнэ.
Тун саяхан Ж.Наранцацралт агсаны гэргий хүүхдүүд өгөөжөө өгсөөр, үүдээ хаалгаа улам цэлгэр дэлгэж яваа “Өөш Манхан” бөөрний сувилалынхаа 15 жилийг ололт амжилтаар дүүрэн тэмдэглэлээ. Сувилалыг эхний жилүүдэд зорьж ирэх хүн цөөн байжээ. Тэр тухай “Өөш Тоур” ХХК-ийн “Өөш Манхан” бөөрний сувилалыг үүсгэн байгуулагч Н.Соёомбо “Өнөөдөр бид 15 жилийнхээ ойг тэмдэглэж байна. 15 жил гэдэг богино хугацаа биш. Одоо манай сувилалыг зориод хүн ирдэг болсон. Жилдээ дөрвөн ээлжээр сувилуулагч, жуулчдыг хүлээн авч байна. Эхний жилүүдэд сувилалд маань хүн ирдэггүй эзгүй жилүүд байдаг байлаа. Гэвч тэр үед шантраад үүд хаалгаа бариагүй. Тэр бэрхшээлтэй хэдэн жилийг давсаны хүчинд бид өнөөдөр та нартайгаа цуг 15 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа юм шүү” хэмээн ярьлаа. Эхний жилүүдэд сувилалын ерөнхий менежерээр Ж.Наранцацралт агсаны шавь Б.Лхагвадэмбэрэл сувилалыг хариуцан ажиллуулдаг байжээ. Б.Лхагвадэмбэрэл “Хүн явахгүй. Ямар ч холбоо хэлхээ байхгүй эзгүй зэлүүд энэ газар, энэ Манханыг хараад 4 зуныг үдсэн” тухай хөгжилтэй дурсамж дэлгэн хурсан олныг инээлгэж байв. Б.Лхагвадэмбэрэл нэг удаа тэсгэл алдаж, оргон Улаанбаатарт ирээд тун удалгүй багшдаа баригдаж, хүргүүлж очсон тухайгаа ч инээд цалгиулан ярьж зогслоо.
Ойн арга хэмжээнд дэлхийд Монголын нэрийг дуурсгаж, авьяас билэг, ардын урлагаараа гайхуулж яваа “Домог” хамтлаг, дэлхийн дэвжээнээ “Аюултай Монгол” хэмээн танигдсан Жүдо бөхийн ОУХМ, МУГТ С.Мяарагчаа, МУ-ын арслан Н.Батсуурь, аймгийн хурц арслан Д.Дэлгэрбат, хөгжмийн зохиолч Г.Төвшинтөр, яруу найрагч А.Лхагва, Ц.Эрдэнэбаатар, Ш.Анхтуяа, Д.Отгонцагаан, дезайнар Б.Тунгалаг, М.Уранчимэг эрхлэгчтэй “Гранд” сэтгүүлийн хамт олон, Өвөр Монголын зураачид, Денвер хотын захирагч гэр бүл, найз нөхдийн хамт гээд гадаад, дотоодын 300 гаруй тусгай урилгын зочид хүрэлцэн иржээ.
Өөш Манханы 15 жилийн ой хоёр өдөр үргэлжлэв. Эхний өдөр ирсэн гийчид Манханы ар өврөөр зугаалж, зураг хөргөө татуулж явахдаа “далайн хясаа сувдаа нуудаг” гэдэг шиг говийн хурц нар, бачуурам халуун салхинд нозоорон байх хүглэгэр манханы гоо үзэмжийг олон баясаж, дуу шуу үүсгэвч төдөлгүй өнөөх л өнө мөнхийн нозоором байдал ноёлсон гэмээр манханд оройн сэрүүн болохыг хүлээн сүүдэр бараадцгаана. Аливаа байгаль гэдэг хүний ад шидийн хүсэл, сэтгэл хөдлөл, галзуу хурц омгийг дарж чаддагаараа яах аргагүй тэнхлүүн юм. Тэнд ч гэсэн хуурын аялгууг, хөөмийн түрлэгийг, бийрийн татлагыг, яруу үгсийн тунамлыг Манхан захиран байгаа мэт тийм нэг мэдрэмж төрнө. Харин оройн сэрүүн орж, хонин гүрвэлийн цуцсан амьсгаа задрахын цагт хүн болгон дуу шуу орж, бултаараа Боржигон найр дэглэлээ. Денвер хотын захирагч тэргүүтэй америкчуудтай нийлэн хуруудаж, хуа дэмбээ үүсгэж нэгэн оройг Монгол түмний найр, баяр цэнгэлийг, орчин үеийнхээр хэлбэл party яаж хийдгийг тэдэнд үзүүлэв. Тэд ч боржигон найрийн нарийн дэг жаяг, онцгой дүрэмд ян тан зохицож байлаа. Найр өндөрлөхийн алдад дэлхийд тэргүүлээд ирсэн “Домог” хамтлагийн нэгдүгээр хуурч Д.Шинэцог морин хуурын аялгууг хөөмийн эгшиг түрлэгтэй хослуулан гадаадын гийчдийн сонорыг мялааж, гайхшралыг баран говийн тэнгэрийн оддыг бүгдийг нь бууж иртэл донсолгов. Ийн сэтгэл зүрхний ил цагаан анд нөхөд хурсан Өөш Манханы нэгэн үдэш хожмоо дурсахад халуу төөнүүлэн омогшуулах биз ээ.
“Өөш Манхан” бөөрний сувилалд хэвтээгээрээ ирээд өнөөдөр эдгэрч, эхнэр хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байгаа нэгэн залуу бас сэтгэлээ ханзаллаа. “Би бол Манханы хишгийг хүртсэн хувьтай хүү” гэж онгирох тэр залуу Булган нутгийн хүү гэнэ. Найз нөхөд, сураг ажгаар дамжин бараг л амьдрах найдлага цөхөрсөн хойноо ирж, гурван жил дараалан сувилуулаад одоо сайхан амьдарч яваа тэрхүү залууг хараад итгэл найдвараа гээж сувилалаа хаагаагүй Н.Соёмбо, сувилалаа хариуцаж зуны 3 сарыг Манханыхаа өвөрт өнгөрүүлдэг М.Алтанцэцэг, Н.Тулга, сүүлийн 7 жил тасралтгүй ажиллаж байгаа ерөнхий эмч Т.Сосорбарам, нөхрийнхөө ажлыг аль ч үед дэмжин байдаг ухаант гэргий Э.Норовренчин гээд анд нөхдүүдээрээ бахархан байлаа. Тэдний хамт олон, одоо болоод урьд өмнө нь ажиллаж байсан, “Өөш Манхан” бөөрний сувилалыг өнөөдрийг хүртэл ажилласаар ирэхэд зүрх сэтгэлээ зориулсан үе үеийн ажилчид хийгээд, ингэний идээ цагаагаар дайлан бялхуулдаг тэр нутгийн малчдад талархаад ханашгүй нь. Ерөнхий эмч Т.Сосорбарамын “Манхан өгөөжөө өгдөг юм. Надад биш Манханд ид шид оршиж байгаа” гэж хэлсэн нь өнөөдөр бөөрөөр өвчилж, зовж зүдрэн хамаг байдгаа шавхаж аваад харь улсыг зорьдог Монголчуудын хувьд мэдээгүй, сонсоогүй нэгэн хэрэгтэй газар ч байж болох юм. Тэдэнд хэрэгтэй, ээл ивээлээ харамгүй хайрласан шидэт Манхан байгаасай ч гэж чин сэтгэлээсээ хүсэх минь ургах нарыг элсэн ширхэг дээр нь угтсан тэр нутгийн өглөө байлаа. Говь нутгийн унаган охин надад Өөш Манхан төрсөн нутаг шиг минь дотно дулаахан
Өглөө эрт хайрханаа тахиж, Өөш Манханы 15 жилийн ойд зориулан бэсрэг наадам зохион байгуулж, гурван насны морь уралдуулан, 32 бөх барилдлаа. Наадмын нээлтийг Дундговь аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид уртын дуу эгшиглүүлж, Монгол бүжиг найрсууланхан эхлүүлэв. Наадамд аймгийн хурц арслан Д.Дэлгэрбат түрүүлэн, аймгийн начин Д.Цэнгэлбат үзүүрлэж, “Аюултай Монгол” хэмээн домогшсон шинэхэн гавьяат С.Мяарагчаа шөвгөрсөн цуутай наадам болов. Наадмын өглөө хурдан морьд ачсан машин нэлээд олон болжээ. Өөх өгсөн ч өөриймсдөггүй гэж үнэн бололтой. Төрж өссөн нутаг минь тэндээс чухамдаа 100 гаруйхан км. Яарсан сандарсан үед бол 80 км болгож товчлон очиж болохоор тун чиг ойрхон байв. “Манай нутаг Мандах 80 км-ийн цаана байгаа” гэсээр 3 хоносон би гэдэг хүн хурдан морьдоо өөрөөсөө сойсон машинуудыг нэгжин байж өөрийн нутгийн хэсэг хүмүүсийг олж уулзаад бөөн баяр. Эгээ л гэртээ очсон мэт улам дулаахан. Тэд минь гурван насны хурдан морьдын уралдаанд нэг нэг цагаантай, хоосонгүй буцсан нь бүүр ч дулаахан ээнэгшүүлэн байлаа.
Наадам өндөрлөх үед шороон шуурга нүүр нүд, бугуй шилбийг хайр найргүй ороолгож, Монгол гэрийн өрх дээвэр хөвсөлзүүлэн авирлаж өчигдрийн эрин галав дамжсан гэмээр нозоором эх нутаг, их Манхан догшин ширүүн араншингаасаа жижигхнийг эмтлэн үзүүлэв. Айх нь айж, гайхах нь гайхаж, бид мэтийн этгээд араншинтай нөхдүүд харин ч омогшин гангарч “гоё” хэмээн хөөрцөглөж байв. Тун удалгүй ширүүн бороо цутгаж, ард нь намуухан зүсэрсээр лав 2 цаг гаруй болсон байх.
Одод түгсэн хойно чийгтэй намуухан үдшийн салхийг хага ярж “Домог” хамтлаг Өөш Манханы үдэшлэгийг эхлүүллээ. Тэнд цагдаа бас шөнийн 00 цагт хаах ёстой гэсэн манай Улаанбаатарын хууль байхгүй тул хөлийнхөө улыг цуцаж, тамираа тасартал бүжиглэсээр өглөөг угтах дөхжээ. Өчигдрийн хурц халуун, өдрийн шороон шуурга, үдшийн ширүүн бороо аль аль нь байхгүй чийгтэй ч жиндэхгүй, сэрүүхэн ч даарахгүй… Өөш Манхан ийн эрхлүүлсээр нэгэн шинэ өглөөг угтснаар урилга заллагатай гадаад дотоодын 300 гаруй гийчдийн салах цаг ирсэн тул “Ирэх жил Өөшдөө дахин уулзая” хэмээсэн гэгээн ерөөл талбин тал бүр тийшээ тарж одлоо. Харин бид тэндээсээ Монголын үзэсгэлэнт газрын нэг Цагаан суваргыг зориход ард минь Өөш Манхан их нууцтайгаа, их амар амгалантайгаа юу ч болоогүй мэт хүглийж, дүнхийсээр хоцорлоо. Их ид шид, их амар амгалан ноёлсоор, нозоорч уугим халуунд нь эрдэнэсийн элтэс исэлдэж, ирээдүйд их хувьтай нь миний хишгийг хүртэн биз хэмээсэн хайнгадуухан бодолтойгоо унтаа сэрүүний дунд зүүрмэглэн байх мэт Өөш манхан зүгээр л зэрэглээ халуун хоёрын дунд униартаж дуниартсаар ажин түжин. Гэвч өнө мөнх ажин түжин биш, Өөш Манхан.
Б.ЧУЛУУНЦЭЦЭГ