Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Улаан, цэнхэр угаар гэж байдаггүй

Өвөл болохоор хүйтэн болдог. Хүйтэн болохоор гал түлдэг. Гал түлэхээр утаа гардаг. Утаа гарахаар уушги хорддог. Яг өнөөдрийн хувьд олон нийтийн сүлжээний трэнд сэдэв нь утаа ба саарал жагсаалт болжээ. Аль, аль нь айдас, хүйдэстэй.

Утаа буурсан, буураагүй гэж улаанбаатарчууд улаан, цэнхэр болтлоо улстөржиж байна. Уг нь утаа буурвал улаанд ч, цэнхэрт ч хэрэгтэй. Улаанбаатарчуудын уушгинд бүр сайн. Учир нь, утаа баян, ядуу, улаан, цэнхрээр нь ялгахгүйгээс хойш. Утаа буураагүй гэж АН-ынхан бичиж ярьж байна. Тэр нь яг битгий буураасай гэж байгаа юм шиг. Утааг ялах хүсэл ганцхан У.Хүрэлсүхэд байгаад нэмэргүй.  Улстөрчид, намууд нь намчирхалгүй, төрийн бусчууд, иргэд нь эсэргүүцэлгүй байж гэмээнэ  утааг ялна. Түүнээс МАН-ын утаа, АН-ын утаа гэж байх учиргүй юм.

Улаанбаатарт утаа үйлдвэрлэдэг 220 мянган яндан бий. Эд бол утаа ил үйлдвэрлэгчид. Харин далд үйлдвэрлэгчид, дам “хөгжүүлэгчид” нь улстөрчид, үндэсний үзэлтнүүд, иргэний хөдөлгөөнийхөн, “эх орончид”.  Учир нь, утаа ядуурал хоёр нэг зоосны хоёр тал. Утааг ялъя гэвэл ядууралтай тэмцэх, ядууралтай тэмцэхийн тулд ажилгүйдлийг бууруулах, ажилгүйдлийг бууруулахын тулд эдийн засаг, эрчим хүчээ тогтвортой хөгжүүлэх. Эдийн засгаа тогтвортой хөгжүүлэхийн тулд томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх. Ингэж цогцоор нь шийдэж байж ядуурал, утаа, ажилгүйдлийг Монгол ялна.

Монгол ялахын тулд нүүрсний төмөр замаа тавьж, эрчим хүчний томоохон төслүүдээ хөдөлгөж, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, Оюутолгой төслийг тогтвортой хэрэгжүүлэх учиртай. Үгүй бол улаан, цэнхэр бүгд утаагаа уушгилаад суухаас өөр аргагүй.

Улаанбаатарын утаа угтаа Тавантолгойн төслийг гацааж, экспортын төмөр замыг овоолсон шороо болгож, Эгийн голын төсөл болон эрчим хүчний эх үүсвэрүүдийг зогсоож, Тавдугаар цахилгаан станц таг алга болсны үр дагавар. Хэрэвзээ дээрх төслүүдийг хэрэгжүүлсэн бол нийслэлийн 220 мянган өрхийн хэд нь утаа гаргадаг яндангаа цахилгаанаар халдаг паараар сольсон байх бол.

 Монгол Улс жилдээ 8.5 тэрбум кВт.ц эрчим хүч хэрэглэдэг. Үүний 80 хувийг дотоодын эх үүсвэрээс, 20 хувийг нь импортын цахилгаанаар хангадаг. Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд 5-8 хувиар нэмэгдэхийн хэрээр шинээр цахилгаан станц барих зайлшгүй шаардлага байгааг салбарын сайд болгон амны уншлагаа болгосоор ирсэн. Зөвхөн нэг жишээ дурдахад, тавдугаар цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулна гэснээс хойш лав 14-15 Засгийн газар солигджээ.

Эгийн гол, Тавантолгойн цахилгаан станц барих төслүүд хүний болон өөрийн эх орончдын оролцоотойгоор тэг зогсоод удаж байна. Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед Хятадын засгийн хөнгөлөлттэй зээлээр Эгийн голын усан цахилгаан станц барихаар болсон ч ОХУ-ын эсэргүүцлийн улмаас урд хөршийн зүгээс санхүүжилтээ зогсоосон. Энэ төсөл гэхэд бараг 30 жилийн настай. 1991 онд төсөл хэрэгжүүлэх шийдвэр нь гарч байсан гэвэл шүү дээ. Кремль зөвшөөрөөгүй цагт эрчим хүчний төслүүд хөдлөхгүй шинжтэй. Бас экспортын төмөр зам.

Экспортын төмөр зам барьж, уул уурхайн бүтээгдэхүүнээ гуравдагч хөршид гарган, их мөнгө олох сонирхол Монгол Улсад бий. Гэвч Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулж, Гашуунсухайтын төмөр замыг барих ажил нурахад “ганц дайчин ганцаардаагүй” юм.

Хэрэвзээ Тавантолгойг эргэлтэд оруулж, экспортын төмөр зам баригдсан бол Монгол Улсын нүүрсний орлого жилд нэг тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжтой байв. Үүнийг манай “эх орончид” үгүй хийсэн билээ. Тооцоолж байснаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдээс жилд дунджаар экспортын орлого гэж 2.8 тэрбум ам.доллар орж ирэхээр, улсын төсөвт 400 саяас1.1 тэрбум ам.доллар төвлөрөхөөр байлаа. Энэ боломж мөн “хулгайлагдсан”.

Энэ мэт том төслүүд хэрэгжсэн бол барилгын зах зээлд “эзнээ” хүлээж буй 30 мянган орон сууц эргэлтэд орчихсон, тэр хэрээр гэр хорооллын яндангийн тоо буурчихсан, гэр хорооллыг барилгажуулах мөнгөтэй болчихсон байх байлаа. Одоо Оюутолгой, Дубайн гэрээгээр улс төр хийсэн Т.Аюурсайхан нарын улстөрчдөөс болоод Монгол Улс “саарал жагсаалт” гэж шахалтад орж байна. Дарга нарын ярьдгаар өнөөдрийн "өндөрлөг"-өөс харвал Монгол ялсан болов уу, ялагдсан болов уу.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж