“Нөхрийгөө баривчлуулмааргүй байна, гомдолгүй"

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

“Нөхрийгөө баривчлуулмааргүй байна, гомдолгүй"

“Нөхрийгөө баривчлуулмааргүй байна, гомдолгүй"

“Тэр намайг зодохоор нь цагдаа дуудсан. Гэхдээ одоо өргөдлөө буцаамаар байна. Яагаад гэвэл тэр гэр бүлээ тэжээдэг юм. Хүүхдүүд маань идэх юмгүй болчих гээд байна” хэмээн гэр бүлийн хүчирхийллийн гомдол гаргасан хүн учирладаг байна. Зөвхөн Сүхбаатар дүүрэгт л гэхэд энэ оны эхний есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2273 дуудлага иржээ. Эдгээрийн 210-д нь л зөрчлийн хэрэг нээсэн байна. Үлдсэн дуудлагын хохирогч нь дээрх шалтгаанаар гомдлоо буцаадаг аж.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭДГИЙГ ЯАЖ НОТЛОХЫГ ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ

Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтэст өдөрт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 6-7 дуудлага ирдэг байна. Эдгээр дуудлага хэрхэн зохицуулагддагийг тус хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Я.Ганбатаас тодруулахад “Манай хэлтэст өдөрт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 6-7 дуудлага ирдэг. Гэвч маргааш нь дуудлага өгсөн тал, хохирогч эмэгтэйчүүд мэдүүлгээсээ татгалзаад, хүчирхийлэл үйлдээгүй гэж хэлснээр хэрэг биш болдог. Үүнтэй холбоотойгоор зөв шийдлийг хайж, асуудлыг шийдвэрлэхэд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын уялдаа холбоо, ойлголцол маш чухал байна. Ямар үйлдлийг хүчирхийлэл гэж үзэх, нотлох баримтаар юу юуг цуглуулсан байхад хангалттай зэргийг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бүхнийг тодорхой болгосноор гэр бүлийн хүчирхийлэл дээр ажиллахад маш том ахиж гарах юм” гэлээ.

ХҮСЭЛ ЗОРИГИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЭЛ ДАВАМГАЙЛАХ БОЛСОН

Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг ажиллахад хэрхэн хамтран ажиллах, ажлаа уялдуулах талаар Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурор, шүүхийн байгууллагууд өнөөдөр /2019.10.17/ хуралдсан юм. Энэ үеэр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажил хариуцсан ахлах прокурор Б.Соёлсайханаас гэр бүлийн хүчирхийллийг шийдвэрлэхэд тулгамддаг асуудлыг тодрууллаа.

-Гэр бүлийн хүчирхийллийн дөрвөн хэлбэр бий. Эдгээрийн аль нь түлхүү үйлдэгдэж байна вэ? 

-Зөвхөн гэр бүлийн гишүүн нь нэгийгээ зодохыг гэр бүлийн хүчирхийлэл гэж ойлгож болохгүй. Эдийн засгийн хараат байдалд оруулах, зодох, хүсэл зоригийн эсрэг байлгах, бэлгийн хүчирхийлэл үйлдэх зэрэг нь гэр бүлийн хүчирхийлэлд багтаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлд 2018 оны байдлаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдээ зодох зөрчил их үйлдэгдсэн бол 2019 онд хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэл их үйлдэгдэж байна. Агсам тавьж бусдын тайван амрах эрхийг зөрчиж байгаа нь хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэлд багтдаг. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүнээ зодвол хариуцлага тооцох юм байна гэдгийг мэдсэн хүн бусад хэлбэрээр буюу бусдын хүсэл зоригийн эсрэг хүчирхийлэл үйлдэх болсон.

-Эдийн засгийн хүчирхийлэл хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Эдийн засгийн хүчирхийлэл нь нийгмийн байдал, ажилгүйдэлтэй холбоотой. Гэр бүлийн ажил хийдэггүй гишүүнээ мөнгө олж ир гэсэн шаардлага тавьж байгаа нь өөрөө хүчирхийлэл. Энэ төрлийн хүчирхийлэл ажилгүй иргэдийн дунд гарч байна.

-Гэр бүлийн хүчирхийллийг давтан үйлдсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийллийг анхлан үйлдсэн бол Зөрчлийн тухай хуулиар 7-30 хоног баривчилна. Харин давтан үйлдсэн бол эрүүгийн хариуцлага хүлээж, торгууль тавих болон хорих заалттай байдаг.

-Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын уялдаа холбоо чухал. Дээрх байгууллагууд уялдаа холбоогоо хэрхэн сайжруулах вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл ихэсч байгаатай холбоотойгоор хандлага чиглэлээ өөрчилж байна. Тухайлбал, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотойгоор цагдаагийн газарт ирж буй дуудлага бүрийг шалгаж байна. Цагдаагийн газраас шалгалт явуулж, прокурорын байгууллага хамран ажиллаж байна. Хаалттай хаалганы цаана өрнөж буй энэ үйл явдал дарагдаад өнгөрөх вий, хэн нэгний эрх зөрчигдөх вий гэдэг дээр шаргуу ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийллийг цаг алдалгүйгээр, бусдын эрхийг зөрчигдөхөөс нь өмнө нэн даруй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Гэр бүлийн хүчирхийллийн талаар дуудлага өгчихөөд маргааш нь гомдлоо буцаах тохиолдол их гардаг. Энэ нь цагдаагийн байгууллагын ачааллыг нэмэгдүүлдэг. Энэ асуудлыг яаж шийдвэрлэх вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд гарч буй бэрхшээлтэй зүйл нь энэ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2019 оны есөн сарын байдлаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 2273 гомдол ирж, прокуророор шалгагдсан байна. Үүний 1450 орчим нь зөрчлийг хүлээн авахаас татгалзсан бол 210-т нь зөрчлийн хэрэг нээсэн. Дээр дурдсан 1450 орчим зөрчилд гомдлоо буцаасан тохиолдлууд багтаж байна.

Хүчирхийлэлд өртлөө гэж дуудлага өгсөн, мэдээлсэн хүн маргааш нь “Нөхрийгөө баривчлуулмааргүй байна. Яагаад гэвэл энэ хүн үр хүүхэд, гэр бүлээ тэжээдэг, авч явдаг. Хааяа архи уухаараа л ийм араншин гаргаад байдаг юм. Одоо гомдолгүй” гэдэг. Дахин энэ байдал давтагдаж, цагдаад дуудлага өгснийхөө маргааш нь “Би худал дуудлага өгсөн юм” гэдэг. Энэ хэрээр гэр бүлийн хүчирхийлэл нуугдмал байдалд шилждэг.

-Худал дуудлага өгсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах хуулийн зохицуулалт байдаг вэ?

-Зөрчлийн тухай хуулийн 15.9-т заасны дагуу 50 мянган төгрөгөөр иргэнийг торгодог. Сар бүр ийм хэмжээний мөнгө төлөхөд хүндрэлтэй байдаг тул дуудлага өгсөн хүн өргөдлөө буцаадаг. Худал дуудлага өгснөөрөө ямар хохирол учруулж байгаагаа иргэн ойлгодоггүй. Дахиад л гэр бүлийн хүчирхийлэл давтагдана, хүчирхийлэл хүндэрнэ шүү дээ. Хууль дүрмийнх нь дагуу шийдвэрлэснээр гэр бүлийн хүчирхийлэл дахин давтагдахгүй.

-Хуулиар шийдвэрлэсэн ч давтан үйлдэж байгаа тохиолдол хэд байна вэ?

-Судалгаанаас харахад, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэрэг үйлдсэн хүмүүсийн 10 орчим хувь нь дахин давтагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж