Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсон эсэхийг ФАТФ маргааш /201910.18/ зарлана. Хэрвээ Монгол Улс саарал жагсаалтад орчихвол эдийн засаг бүхэлдээ хүнд нөхцөлд орж, гадаад гүйлгээ гацаж, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байх эрсдэлтэй гэдгийг мэргэжилтнүүд сануулж буй. Үүний зэрэгцээ энэ жил Монгол Улсад орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт 10 хувиар буурсан, орж ирж буй хөрөнгө оруулалт нь Оюутолгой руу чиглэгдэж буйг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр танилцуулсан.
Үнэндээ бид Монгол Улсад ажил хийе гэсэн томоохон хөрөнгө оруулагчдаа аль хэдийнээ алдчихсан. Азаа туршсан, оппортунист үзэлтэй хөрөнгө оруулагчид Монголд орж ирэх болсон гэдгийг MCS группийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр СЭЗИС-иас зохион байгуулсан "Санхүүжилт босгох стратеги" олон улсын хурлын үеэр хэлж байв.
Энэхүү хурлын үеэр Монгол Улсын томоохон компани, хөрөнгө оруулагч, хуульчид "Хэрхэн зөв хөрөнгө оруулагч олох вэ" гэсэн асуултын хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн билээ. Тус хэлэлцүүлэгт оролцогчдын байр суурийг хүргэж байна.
MCS группийн Бизнесийн хөгжил хариуцсан захирал Т.Мөнхтөр: -Төслүүдийг уул уурхай, дэд бүтэц, бусад гэж хуваая. Уул уурхай бол Монгол Улсын хоолоо олж идэх үндсэн салбар. "Энержи ресурс" 2012 онд Хонгконгийн зах зээл дээр IPO гаргасан үед ашигт малтмал үнэд орж, тухайн үед бүгд сонирхож байсан. Мөн энэ үед БНХАУ-ын эдийн засгийн өсөлт жилдээ 8 хувиар өсөх юм байна. Эрдэс баялаг дутагдана. Иймээс энэ зах зээлийг алдаж болохгүй гэсэн өөдрөг уур амьсгал бүрдсэн. Үүний зэрэгцээ гурван М гэж ярьдаг байсан: Монгол, Мьянмар, Мозамбикад хамгийн сүүлд нээгдэж буй ордууд байна. Эдгээр улсууд ирээдүйн хөгжлийг авч явах юм байна гэдэг өөдрөг уур амьсгал байсан. Тухайн үед Монгол Улс олон улсын зах зээл дээр мэдэгддэггүй байсан. Анх удаа гоё боломж гарч ирсэн.
Харин одоогийн нөхцөл байдалд яг адилхан юм хийе гэвэл маш эргэлзээтэй, бараг худлаа байх гэж бодож байна. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг бид алдсан. Одоо ч гэсэн дэлхийн зах зээл дээр зэсийн эрэлт хэрэгцээ байна. Харамсалтай нь, өнөөдөр Оюутолгой төсөл шиг, Рио Тинто шиг 14 тэрбум ам.доллараа бариад ирэх хөрөнгө оруулагч гарч ирэх нь эргэлзээтэй.
Дэд бүтцийн төслийн хувьд бол бид 2013 онд Тавантолгойн цахилгаан станцын ажлыг эхлүүлэх яриа хэлэлцээ хийж байсан, ирэх жилээс бүтээн байгуулалтын ажил эхэлчих байх. Цахилгаан станцын төслийг харах юм бол ерөнхийдөө урт хугацаа шаарддаг. Зөвхөн Монголд цахилгаан төсөл удаан байгаадаа биш Вьетнамд төсөөтэй төслүүд арав гаруй жил болж байж санхүүжилт авч байдаг. Хөрөнгө оруулагчид тухайн орны эрсдлийг харж байж, орж ирдэг.
Тухайн улсын зээлжих зэрэглэл нь BBB хөрөнгө оруулалт хийх бүрэн боломжтой. Гэтэл Монгол Улсын зээлжих зэрэглэл B байна. Бид дайн дажин болж буй оронтой адил түвшинд эрэмбэлэгдэж байна. Ийм улс оронд хөрөнгө оруулагч төдийлөн олдохгүй. Өнөөдөр Тавантолгойн цахилгаан станцад гаднын БНХАУ-аас бусад өөр хөрөнгө оруулагч хөрөнгө оруулъя гэхээ больчихсон. Ийм хүндрэлтэй асуудлаас болоод Оюутолгой, MCS хоёр нийлээд юм хийхээс өөр аргагүй болчихсон. Дэд бүтэц, цахилгаан станц ялангуяа нүүрсний цахилгаан станц манай улсад энэ бараг сүүлчийнх болж байгаа байх.
Сэргээгдэх эрчим хүчний төсөлд хөрөнгө оруулагч орж ирэх боломж нь байгаа. Гэхдээ Монголын эрчим хүчний сүлжээ хүлээж авах чадвар нь бага, хомсдолтой. Бусад төслийг харах юм бол автомашин, IT, хөдөө аж ахуйн жижиг төслийг бүгд л хийх гээд явж байна. Гэхдээ гаднын хөрөнгө оруулагч татах маш хэцүү. Бид MCS Монголдоо том компани гээд гадаадад очоод ярихад хөрөнгө оруулагчид Монголын зах зээлийг хардаг, хүн ам, нэг хүнд ноогдох ДНБ гээд харахад баргийн хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Үнэхээр хөрөнгө оруулагч орж ирлээ гэхэд яасан ч яах вэ, алдсан ч яах вэ, эсвэл лотерей, казино тоглож байгаа ч юм шиг тиймэрхүү оппортунист үзэлтэй хөрөнгө оруулагчид орж ирж байгаа мэт харагдаж байна. Яг бодитой юм хийчихье гэсэн хөрөнгө оруулагчийг олох тун хэцүү, хүндрэлтэй болж байна.
Хөгжлийн банк, "Ди Би Эм ассет менежмент ҮЦК"-ийн гүйцэтгэх захирал С. Ган-Эрдэнэ: –Манай компани Хөгжлийн банкны охин компани. Энэ компанийг байгуулах болсон шалтгаан нь дотоодын компаниудыг дэмжих, тэдэнд хөрөнгө оруулалт хийх зорилготой. Өнөөдөр дотоодын компаниуд зээл авч болох хэмжээндээ тулчихсан байна. Нөгөө талаас нь харах юм бол санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк буюу зээл. Тэгэхээр энэ орон зайд бид санхүүгийн хэрэгслийн стратеги хэрэгтэй байна гэж үзэн орж ирсэн. Бид дотоодын компанийн хувьцааны хөрөнгө оруулалтад шаардлагатай байгаа санхүүжилтийг олгоно. Ингэхдээ 5-аас дээш тэрбум төгрөгийн санхүүжилт олгоно. Ингээд тухайн компани гурваас дөрвөн жилийн хугацаанд санхүүгийн боломжтой болмогц бид тоглоомоос гараад явна.
MDS and Khanlex хуулийн фирмийн Гүйцэтгэх захирал Ж.Майзориг
-Гадаадын хөрөнгө оруулагч аливаа төсөлд хөрөнгө оруулахдаа тухайн орны бодлого, улс төр, хууль тогтоомжийн тогтвортой байдлыг чухалчлан үздэг. Төслийн санхүүжилт гэдэг бол нэг ёсондоо гэрээний эрх зүй. Миний хувийн бодлоор Монгол Улс маш сайн хуультай. Харамсалтай нь хууль тогтоомж нь тогтворгүй. Тухайлбал, ашигт малтмалын тухай хууль 2006 онд батлагдсан бөгөөд 13 жилийн хугацаанд их бага хэмжээний 33 удаагийн өөрчлөлт орсон. Гэтэл ихэнх томоохон хөрөнгө оруулагчид урт хугацааны төсөлд санхүүжилт олгодог. Тэд 15-20 жилийн хугацаанд ямар эрсдэл гарахаа тооцоолдог. Мөн хамтрагчийн санал. Эрсдэл, хамтрагчийн саналийг харгалзан үзэж, санхүүгийн тоцооллоо гаргаж, итгэл үнэмшил авдаг. Гэтэл тогтворгүй байдал байгаад байгаа учраас эрсдэлээ тооцоолж чаддаггүй.
Үйлчлүүлэгчидтэй уулзаад ярьж байхад юу хэлдэг вэ гэхээр танай улс ямар ч хуультай байж болно. Хамгийн муу хуультай байж болно. Тэр байтугай 100 хувийн татвартай байж болно. Хамгийн гол нь үүнийгээ удаан хугацаанд тогтвортой мөрдөөч ээ гэдэг санал тавьдаг. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч бизнесээ хараад үр ашгаа тооцоолж чадсан л бол тухайн орчинд хэрхэн ажиллах тэр нөхцөлөө өөрөө тодорхойлчихдог. Тоглоомын дүрмийн дагуу арай гэж юмаа хийгээд эхлэхээр дүрэм нь өөр болчихдог. Зөвхөн сөрөг биш, эерэг тал нь ч гэсэн нөлөөлдөг. Учир нь, хөрөнгө оруулагчид дүрэм өөрчлөгдөхөөр дахиад бүх зүйлээ өөрчлөх шаардлага гардаг.
Хууль тогтворгүй байхаар хуульчид дунд жишиг, практик үүсдэггүй. Салбарын дунд нэгдсэн зөвшилцөл байхгүй. Би хуулийг А гэж тайлбарладаг, өөр нэг хүн нь В гэж тайлбарлана. Шүүгч нь C гэж тайлбарладаг. Жишиг үүсэхгүй болохоор тухайн гэрээ, хуулийн орчинд хэрхэн ажиллах вэ? Хуулийн орчинд гарсан хүндрэлийг хэрхэн шийдэх вэ гэдэгт нэгдсэн шийдэл гарч ирдэггүй.
Үндсэндээ төслийн санхүүжилтийн хамгийн том хамгаалалт болдог гэрээний бүтэц, гэрээний эрсдлийг хуваарилах хүчин зүйл цаасан дээр буудаг, тэр ажлыг хангалттай хийж чаддаггүй. Хууль бол сайн. Харамсалтай нь тогтворгүй байна, хэрэглээ үүсч чадахгүй байна.
"AmCham Mongolia"-ийн бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс
-АНУ-ын худалдааны танхимаас баримтлах бодлогын чиглэл гардаг. Энэхүү бичиг баримтыг бид "Өсөлтөд хүрэх зам" сэтгүүлдээ нийтэлдэг. 2019 онд бид дөрвөн үндсэн зүйл дээр анхаарлаа хандуулж байна. Тухайлбал, уул уурхай, хөдөө аж ахуй, IT, санхүүгийн төсөл дээр хөрөнгө оруулалтыг дэмжинэ. Монгол Улс саяхан АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болсон. Энэ хүрээнд худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх боломжтой. Тун удахгүй Монголыг сонирхсон АНУ-ыг компанийн төлөөлөл ирнэ. Энэ үед бид Монголын компаниудтай холбох ажлыг зохион байгуулах гэж байна.
Үүний зэрэгцээ АНУ руу ноос, ноолууран бүтээгдэхүүнийг шууд гаргах гуравдагч орны хуулийн төсөл АНУ-ын Конгресс дээр яригдаж байгаа. Энэ оны сүүлээр эсвэл ирэх 2020 оны эхээр батлагдчих байх. Үүний хажуугаар, Ерөнхийлөгч Трампыг огцруулах саад бэрхшээлүүд явж байна. Манай улсын Их хурал Үндсэн хуулиа ярина гээд бүх асуудлаа хойшлуулдаг шиг АНУ-д тиймэрхүү бэрхшээл байна. Гэхдээ энэ хууль ямар нэгэн улс төрийн агууллагагүй учраас батлагдах өндөр магадлалтай.
Бид АНУ руу 4000 орчим нэр төрлийн бүтээгдхүүн гаргах боломж байна. Иймээс Монголын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэрхүү 4000 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд хамрагдах бүтээгдэхүүнийг нийлүүлэх хүсэлтэй байвал бидэнд хандаж, улмаар хөнгөлөлт эдлэх, татваргүйгээр бараа бүтээгдэхүүнээ АНУ рүү экспортлох боломж байна.
Холбоотой мэдээ