Хүүхэд тань амиа хорлох тухай бодлуудаар шаналж байгааг олж мэдэх мэдээж таатай биш. Хүүхдээсээ илүү өөрөө шаналах нь ч бий. Гэхдээ "Би юуг буруу хийчихэв ээ" гэж бодохоосоо өмнө хүүхдэд тийм үе байдаг бөгөөд тухайн үед нь тохируулж харьцах нь чухал гэдгийг ойлгох хэрэгтэй.
Мэргэжлийн сэтгэл судлаач, доктор Жастин Хэндэрсон амиа хорлох тухай бодож байж болзошгүй хүүхдийн шинж тэмдгүүдийг ийн онцлов.
- хоёр ба түүнээс дээш долоо хоногийн турш ууртай, гунигтай байх
- унтах цаг нь өөрчлөгдөх
- эрч хүч нь багасах
- цахим ертөнцөд хэт удаан байх
- хоолны дуршилгүй болох
- эд зүйлсээ хүнд өгөх
- бусдаас зайгаа барьж, үргэлж санаашрах
- эд зүйлсээ эвдэх
- хичээлдээ муудах
- догшин араншинтай болох
Мэдээж хүүхэд бүр харилцан адилгүй шинж тэмдэг харуулдаг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд тэр болгон мэдэгдэхүйц шинж тэмдэг гаргахгүй байх нь түгээмэл. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд бодитоор болон сэтгэл санаанд нь юу болж байгааг мэдэж байх нь чухал.
Хэрвээ та хүүхдээ амиа хорлох талаар бодож байж магадгүй гэж бодвол илүү юм ярьж хүүхэд үймүүлчихнэ гэж санаа зоволтгүй шууд ярилцах нь хамгийн зөв сонголт байх болно.
Мэдээж энэ тухай үр хүүхэдтэйгээ ярина гэдэг амаргүй даваа. Тиймээс сэтгэл судлаач, доктор Луказ Урбан дараах найман аргыг зөвлөж байна.
Доорх аргуудаас сонгож хүүхэдтэйгээ ярилцахдаа хоолойны өнгөө аль болох дулаан байлгаж, өөрийн сэтгэл хөдлөлийг даран, хүүхдийнхээ асуудлуудыг анхааралтай сонсож, шүүмжлэх биш ойлгох сэтгэлээр хандах хэрэгтэй. Мөн хүүхдийн чинь энэ бодол өөрт чинь хэр хүнд тусч байгааг яарч битгий яриарай.
- Чи амиа хорлох талаар боддог уу?
Заримдаа нялуунаас шулуун нь дээр. Мэдээж хоолойныхоо өнгийг анхаарах хэрэгтэй. Зүгээр л энгийнээр ингэж асуувал та өөрийг нь шүүмжлэх гээгүй, загнахгүй, чөлөөтэй ярилцахад нээлттэй байгаа мэдрэмж хүүхдэд төрнө. Гэхдээ мэдээж нөхцөл байдлаас хамаараад "Чи өөрийгөө өвтгөх талаар бодож байсан уу?", "Чи үхлийг яаж хүлээж авдаг вэ?" гэх мэтээр яриагаа эхлүүлж бас болно. /сэтгэл судлаач Майти/
- Энэ дэлхийд баймааргүй ч юм шиг санагдах үе хэр их тохиолдож байна вэ?
Заримдаа тойруу утгаар асуух нь яриаг хялбар эхлүүлдэг. Шууд амиа хорлолтын талаар ярьж байгаа юм шиг санагдахгүй ч яваандаа ярианы сэдэв зорилготойгоо нийлнэ. /сувилагч Шелли/
- Нам унтаад дахиж сэрмээргүй юм шиг санагддаг уу?
Бага насны хүүхэд энэ асуултыг амиа хорлолттой холболгүйгээр шууд мэдрэмжээрээ хариулдаг. Асуултын хариултаас шалтгаалан цааш ярих сэдвээ зөв сонгох хэрэгтэй. /Кинкигатти их сургуулийн цахим судлаачид/
- Чи өөрийгөө хэр аюулгүй гэж боддог вэ?
Хүүхэд тань ямар мэдрэмжтэй байна гэдгийг мэдэх маш чухал. Хэрвээ тэр өөрийгөө аюултай байна гэж боддог бол түүнд хайртай бөгөөд үргэлж харж халамжлах болохоор аюулгүй байгаа гэдгийг нь ойлгуулж тайвшруулах хэрэгтэй. Заримдаа энэ асуулт хачин юм шиг санагдаж магадгүй ч амиа хорлох бодлуудаасаа болж шаналж яваа хүмүүст ойлгомжтой санагдах болно. /Жүлиа/
- Би чамд үнэхээр хайртайдаа санаа зовоод асууж байгаа юм шүү. Чи үхэх тухай боддог уу?
Хайр халамжаа түрүүлж харуулснаар өсвөр насны хүүхэд аюулгүй мэдрэмж авч хэцүү мэдрэмжээ нээлттэй илэрхийлж болох орчинд байгаагаа ойлгодог. Мэдээж хүүхдийн наснаас хамаарч харилцан яриа өөр байх болно. Би чамд хайртай. Хоёулхнаа нээлттэй ярилцъя гэдэг үгнээс хүүхэд буцахгүй. /Хэйди/
- Чи хэр байна даа?
Сэтгэл санааныхаа байдлыг ярилцахад сайхан эхлэл. Гэхдээ яриа өрнөж байхад амиа хорлолтын тухай асуугаад авах хэрэгтэй. Тэгэхгүй бол тодорхой хариултгүй үлднэ. /Бет/
- Ямар ч ирээдүй байхгүй юм шиг санагддаг уу?
Зөөлөн өнгөөр ингэж асуувал хүүхэд яг асуултад чинь л хариулах ч хариултаас нь тодорхой багцаа мэдэж болно. Хариулт ямар байхаас шалтгаалж цааш нь эелдэг ярилцах хэрэгтэй. /Таня/
- Өөрийгөө өвтгөх, эсвэл амиа хорлох төлөвлөгөө зохиож үзсэн үү?
Магадгүй яриан дундаа энэ асуултыг асууж, хүүхдийнхээ юу боддогийг илүү сайн мэдэж болох юм.
Хэрвээ таны хүүхэд амиа хорлох тухай бодлуудаар шаналж яваа бол сэтгэл зүйчид хандах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, нээлттэй, тухтай тогтмол ярилцаж байх, хүүхдэдээ тусалж болох аргуудыг чөлөөтэй хайх зэрэг арга хэмжээ яаралтай авах хэрэгтэйг санаарай.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: YAHOO
Холбоотой мэдээ