"Монголд Нигер улсын иргэд орж ирэхийг зогсоосон"

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

"Монголд Нигер улсын иргэд орж ирэхийг зогсоосон"

"Монголд Нигер улсын иргэд орж ирэхийг зогсоосон"

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2019.10.17/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.


МОНГОЛ УЛСААС НИГЕРИЙН ХОЁР ХӨЛБӨМБӨГЧИЙГ АЛБАДАН ГАРГАСАН

Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Сүүлийн үед Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр гадаадын тамирчдыг урьж, ажиллуулж байна. Үүнд, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спорт багтана. Ихэнх спортын холбоод гадаадын тамирчдыг зөвшөөрөлтэйгөөр оруулж ирж байгаа ч зөвшөөрөлгүй оруулж ирдэг асуудлууд байна. Үүний жишээ бол Нигер улсын хоёр иргэн юм. Өөрөөр хэлбэл эдгээр гадаадын иргэд Энэтхэг улсын Элчин сайдын яамнаас 30 хоногийн жуулчин ангиллын виз авч, Монгол Улсад орж ирсэн Нигерийн иргэнийг аравдугаар сарын 11-нд албадан гаргалаа. Одоо үлдсэн нэг иргэнийг аравдугаар сарын 26-нд албадан гаргана” гэв.

БНХАУ-ЫН ИРГЭН 120 САЯ ТӨГРӨГТЭЙ ТЭНЦЭХ ВАЛЮТ НЭВТРҮҮЛЭХИЙГ ЗАВДАВ

Манай байгууллага гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг шалгадаггүй. “Буянт-Ухаа” дахь “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд аравдугаар сарын 14-ний өдөр Эрээн-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигч, БНХАУ-ын иргэн гар тээшиндээ 120 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний валют оруулахыг завдсан. Энэ хэргийг гаалийн байгууллага шалгаж байгаа.

МОНГОЛД НИГЕР УЛСЫН ИРГЭДИЙГ ОРУУЛЖ ИРЭХИЙГ ЗОГСООЛОО

Хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад ирэхдээ ирсэн зорилгоо өөрөө тодорхойлох ёстой. Тэрийг нь холбогдох байгууллагууд шалгаад манай байгууллагад ханддаг юм. Харин хар тамхины хэрэгт холбогдсон, “Их засаг” их сургуульд багшилж байсан гадаадын иргэн Нигер улсын иргэн байсан. Сүүлийн үед хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргээр гадаад улсын иргэд нэлээд холбогдож байна. Ялангуяа энэ төрлийн гэмт хэрэг тархсан орнуудын иргэд үйлдэж байна. Бидний зүгээс хатуу хяналттай ажилладаг. Нигер улсын иргэний хувьд манай улсаас олгосон виз байхгүй. Өөрөөр хэлбэл Англи Улсад суугаа Элчин сайдын яамнаас 30 хоногийн визээр орж ирсэн. Манай улсаас асуухгүйгээр биенес, жуулчин ангиллын 30 хоногийн виз өгдөг хуулийн тогтолцоотой юм. Хэрэв 30 хоногоос дээш бол манай байгууллагаас асууж, зөвшөөрөл олгодог. Ингэж Монгол Улсад орж ирсэн иргэн байсан. Яг үнэндээ Монгол Улсад Нигер улсын иргэдийг орж ирэхийг зогсоосон.

ТУРКИЙН 35 ИРГЭН КАНАД УЛС РУУ ОРОГНОЛ ХҮСЧ ГАРСАН

Улаанбаатар хотод багшилж байсан Турк улсын найман иргэний гадаад паспортыг тухайн улсын Гадаад яамны шийдвэрээр бичиг баримтыг нь хүчингүй болгосон. Энэ шийдвэр Гадаад харилцааны яамаар дамжин манай байгууллагад ирсэн. Эдгээр иргэдийг Монгол Улсаас албадан гаргах шаардлага хүргүүлсэн ч НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газарт хандан улс төрийн орогнол хүсч, өнгөрөгч наймдугаар сарын сүүлчээр Турк улсын таван гэр бүлийн 35 иргэн Канад улс руу гарсан.

ЗАМ ГҮҮРИЙН АЖИЛ ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ИРГЭД МАХНЫ ҮЙЛДВЭРТ АЖИЛЛАЖ БАЙЖЭЭ

Энэ талаар тус газрын дарга Д.Мөрөн танилцуулахдаа “Илэрсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авсан байна. Үүнд, урьсан иргэнээ хугацаанд нь бүртгүүлээгүй 117 аж ахуйн нэгжийн 216 хүнд, оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2.159 хүнд, визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүнд буюу нийт 1.111 уригч байгууллагын 2.628 иргэнд Зөрчлийн хуулийн дагуу 1.032.270.000 /Нэг тэрбум, гучин хоёр сая, хоёр зуун далан мянга/ төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан. Энэ бол маш их тоо. Эдгээр гадаадын иргэд ихэвчлэн зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр хөдөлмөр эрхэлсэн зөрчлийг гаргаж байгаа.

Албадан гаргаж буй хүмүүсийг хараад байхад ихэвчлэн Монгол Улсад 30 хоногийн дотор зорчих виз буюу жуулчин, бизнес ангиллын визээр орж ирсэн хүмүүс зөрчил гаргадаг. Энэ визийг БНХАУ-ын Эрээн, Хөх хотын консулын газраас олгож байна.

Энэ талаарх асуудлыг Засгийн газарт 10-аад хоногийн өмнө танилцуулсан. Сүүлийн үед ажиглагдаад байгаа асуудал бол Монгол Улсын Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжин гаднаас ажиллах хүч авах квотыг өгөөд байхад квот авсан хэд хэдэн аж ахуйн нэгж оруулж ирсэн гадаадын ажилчдаа өөр газар ажлуулсан асуудал гарлаа. Өөрөөр хэлбэл зам барилгын салбарт ажиллуулна гэж 20 гадаад иргэнийг оруулж ирчихээд махны үйлдвэрүүдэд ажиллуулах асуудал түгээмэл болсон байна. Хамгийн сүүлд Өвөрхангай аймгийн төв дээр үйл ажиллагаа явуулдаг махны үйлдвэрт шалгалт хийхэд БНХАУ-ын 92 иргэн ажиллаж байсны ихэнх нь эмэгтэй иргэд байсан. Эдгээр иргэдийн бичиг баримтыг шалгаад үзэхээр хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй ч яг зөвшөөрөл авсан зам гүүрийн ажлаа хийгээгүй. Тиймээс энэ чиглэлд квот зардаг асуудал гарч байна” гэсэн юм.

МОНГОЛ УЛСАД 28268 ГАДААДЫН ИРГЭН АМЬДАРЧ БАЙНА

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд Монгол Улсад тодорхой хэмжээнд гадаадын иргэн нийт хүн амын хэдэн хувийг эзлэх вэ, нэг улсын иргэн хэд байж болох вэ гэдэг тоог хуульчилж өгсөн байдаг. Уг хуулиар хувийн хэргээр оршин сууж буй гадаадын иргэдийн тоо бол Монгол Улсын харьяат нийт хүн амын гурван хувь буюу 3.200.000 гэж үзвэл 97154 гадаадын иргэн оршин сууж болно гэж хязгаарласан байдаг. Энэ тооноос нийт гадаадын иргэдийн тоогоо хэтрүүлж болохгүй гэсэн үг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 28268 гадаадын иргэн манай улсад байгааг албаныхан мэдээллээ.

Мөн нэг улсын иргэн бол Монгол Улсын нийт хүн амын нэг хувь байхыг тусгасан байдаг. Жишээлбэл, БНХАУ-ын иргэд хамгийн олон буюу 13248 иргэн байна. Энэ нь нийт хүн амын 0.4 хувийг эзэлж байгаа аж. Харин цагаачлан амьдрах иргэдийн тоог хуулиар нийт хүн амын 0.5 хувь буюу 16192 иргэн байна гэж тусгасан байдаг. Одоогийн байдлаар 16 улсын 1927 иргэн Монгол Улсад цагаачлан амьдарч байгаа аж. Эдгээр гадаад иргэдийн ихэнх нь БНХАУ, ОХУ-ын харьяалалтай иргэд байдаг байна.

МОНГОЛД ИРЖ БУЙ ГАДААДЫН ЖУУЛЧДЫН ТОО 59 ХУВИАР ӨСЧЭЭ

Энэ жил Монгол Улсын 118 аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжид 30 хоногоос дээш хугацаагаар ирсэн нийт 2374 гадаадын иргэнд жуулчин ангиллын визийг хилийн боомт дээр олгожээ. Энэ жил шинээр Дорнод аймгийн Сүмбэр боомт нээгдсэн. Тэндээс ирсэн жуулчдын тоог нэмээд нийт жуулчдын тоо 59 хувиар өссөн дүнтэй гарчээ. Харин Монгол Улсад суралцаж буй гадаад оюутнуудын тоо 28 хувиар нэмэгдсэн байна.

Монгол Улсад холбогдох хуулийн зохицуулалтуудаар гадаадаас ажиллах хүч авдаг. Жил бүр Засгийн газар энэ жил ажиллуулж болох салбар салбараар нь квот тогтоодог Жишээлбэл, барилгын салбарт гэхэд 100 ажилчны 90 хувь нь монгол, үлдсэн 10 ажилтан нь гадны ажилчин байх ёстой квотыг тогтоосон юм. Энэ хүрээнд Засгийн газрын долоон удаагийн тогтоолоор 13633 гадаадын иргэнд ажиллах хүчний зөвшөөрөл олгожээ. Энэ зөвшөөрлийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны тооцоо судалгаагаар Засгийн газарт тоогоор оруулж, зөвшөөрлөө авдаг байна. Үүний дараагаар Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас хэчнээн тооны хүн гэдэг квотыг өгч, сүлжээгээрээ хянаж шалгасны дараагаар визний зөвшөөрлийг олгодог. Өнөөдрийн байдлаар хөдөлмөр эрхлэгчээр 87 улсын 9929 иргэн оршин сууж байна.

Гэрэл зургийг Г.БИЛГҮҮН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж