АНУ-ын гурван дипломатыг Даваа гариг (2019.10.14)-т ОХУ-ын Северодвинск хотын боомтод галт тэрэгнээс баривчилжээ. Северодвинск хотноо энэ долоо хоногт тэнгисийн цэргийн сургуулилт болж байгаа юм. Мөн тус хот нь өнгөрсөн наймдугаар сард цөмийн хөдөлгүүртэй шинэ пуужин турших үеэр дэлбэрэлт болсон газартай ойр юм. Улмаар тус бүсэд гадаадын иргэдийг нэвтрэхийг хоригложээ.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны мэдээллээр АНУ-ын дипломатууд албан ёсны аяллаар явж байсан ба Батлан хамгаалах яамд төлөвлөгөөгөө танилцуулсан байжээ. “АНУ-ын дипломатууд Архангельск орох төлөвлөгөөтэй байсан ч Северодвинск хот руу явж байсан. Тэд магадгүй төөрсөн бололтой” гэж Оросын талаас мэдээлжээ.
АНУ-ын төрийн департаментаас тэднийг албан ёсны аяллаар явж байсныг баталж, “Магадгүй дипломатууд маршрутаа Оросын талд ойлгомжтой тайлбарлаагүй бололтой” хэмээн мэдэгдсэн байна.
"Росатом" агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн наймдугаар сарын 8-нд болсон цөмийн дэлбэрэлтийн улмаас таван ажилтан нас баржээ. Улмаар Северодвинск хотын агаар дахь цацрагийн хэмжээ хэвийн хэмжээнээс 16 дахин нэмэгдсэнийг Цаг уурын агентлагаас мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ