"Зэргэлдээ хоёр аймагт тэнгэр газар шиг төсөв тавьсан нь тохиролцоо юу" | News.MN

"Зэргэлдээ хоёр аймагт тэнгэр газар шиг төсөв тавьсан нь тохиролцоо юу"

Live"Зэргэлдээ хоёр аймагт тэнгэр газар шиг төсөв тавьсан нь тохиролцоо юу"

"Зэргэлдээ хоёр аймагт тэнгэр газар шиг төсөв тавьсан нь тохиролцоо юу"
15 : 45
2019-10-17

Д.Эрдэнэбат: Зэргэлдээ хоёр аймагт тэнгэр газар шиг төсөв тавьсан нь тохиролцоо юу?

УИХ-ын чуулганы үдээс хойш хуралдаан эхэллээ. Хуралдаанаар 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж буй. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн асуулт, хариулт үргэлжилж буй. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

-2016-2017 он хүнд, сорилтын жил байсан гэдэгтэй бүх хүн санал нийлнэ. Хасах үзүүлэлттэй эдийн засгийг хөл дээр нь тогтоох боломж гарсан, хүнд цаг үе байсан. 2020 оны төсвийг өргөн барихдаа Аудитын газраас ирүүлсэн зөвлөмж, дүгнэлтийг бодитой тусгасан уу. Тухайлбал, төсвийн төслийг боловсруулахдаа гадаад дотоод хүчин зүйлийг бодитой тооцдоггүй, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг баримталдаггүй гэжээ. Мөн гадаад, дотоод эрсдэл маш их байна. Тиймээс орлогоо хэр бодитой тооцсон бэ. Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл гэхэд 1,6 их наядын хөрөнгө баталсан ч 36,9 хувийн хэрэгжилттэй байгаа нь маш хангалтгүй байна.  Бид хоёр их наядын алдагдалтай, 13,8 их наядын зарлагатай, 11,7 их наядын орлоготой төсөв баталж байна. Хоёр их наядын алдагдлыг яаж нөхөх төлөвлөгөө байна вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2020 оны төсөв дээр хэд хэдэн эрсдэл байгаа. Дотоод эрсдэл гэвэл түүхий эдийн үнэн өсөлт, өвөлжилтийн нөхцөл байдал гэх мэт нөхцөл байдлыг үнэлж байгаад тооцоотой оруулж ирсэн. Тэнцвэржүүлсэн тэнцэл бол хоёр их наядын алдагдалтай. Нийт орлого, тэнцвэржүүлсэн орлого хоёр ялгаатай.  Зээлээр хэрэгжиж байгаа гадны төслүүд бас зарлагыг нэмэгдүүлж харагддаг. Сангийн яам  хоёр их наядыг тооцохдоо өндөр хүүтэй зээл авахгүй, бонд гаргахгүй гэж тооцсон. Эдийн засгийн өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд улсын төсвөөр үр ашигтай, үр дүнтэй төсөлд л хөрөнгө оруулахаар тооцсон.  Сангийн яам олон вариантаар бодож, тооцож үзсэний үр дүнд тавьсан. Өрийн дарамт ДНБ-ний 80 гаруй хувьтай байсан бол 2018 оны төгсгөлд 50 орчим хувь болсон. Эхний хагас жилийн байдлаар 54,4 хувьтай байна. Чингис, Хуралдай зэрэг дөрвөн бондын зөвхөн хүүнд бид 680 сая ам.доллар төлсөн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Сүүлийн үед хавдрын өвчлөл нэмэгдэж, эмнэлгийнх нь ачаалал нэмэгдэж байна. Тэгэхээр улсын төсвөөс хасах ёстой зарим зардлуудыг хасч, шаардлагатай хөрөнгө оруулалтуудад хийх хэрэгтэй байна. Жишээлбэл, Шүүхэд 19 тэрбум төгрөгөөр сургалтын төв, прокуроруудын нэгдсэн төвийг 19 тэрбум төгрөгөөр барих гэж байгаа зардлуудыг хасч, Хавдар судлалын үндэсний төвийн барилгыг өргөтгөх, барилга байгууламжийг нь шинээр барих ажлыг төсөвт тусгах хэрэгтэй, Сангийн яам Хавдар судлалын үндэсний төв дээр очиж ажиллах хэрэгтэй байна.  Нэн шаардлагатай хөрөнгө оруулалтаа хийх ёстой. Мөн Улаанбаатарын төсвийн асуудалд анхаарах хэрэгтэй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Хавдрын асуудал ямар байгааг бид мэдэж байгаа. Асуудлыг нь мэдэж байгаа. Гэхдээ бас хүнд өвчний нэр хэлээд мөнгө нэхдэг хандлага нь буруу. Энэ мөнгийг хамгийн үр ашигтайгаар зарцуулна гэдгээ зөв тодорхойлбол бид төсвийг нь зохицуулна, зохицуулсаар ч ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

-Төсвийн сахилга батыг барьж, тодорхой арга хэмжээ авч, өнгөрсөн онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь том ололт. Аялал жуулчлал, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг бид хөгжүүлэх ёстой. Түүнээс орлого олж, баялаг бүтээдэг байх хэрэгтэй.  Орлого дээр 3,1 их наяд төгрөгийг уул уурхайгаас олохоор тооцсон. Тэгвэл хөнгөн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээс хэдэн төгрөг олохоор тооцсон бэ. Цаашид энэ чиглэлээр ямар бодлого баримтлах вэ. ХХААХҮЯ-ны зардал дээр 163 тэрбум төгрөгөөс 20,8 тэрбум төгрөг нь хөрөнгийн зардал гэсэн байна. Үйлдвэрлэл рүү, баялаг бүтээх чиглэл рүү юу тусгасан бэ. Бид алийн болгон зам, барилга, сургууль, цэцэрлэг гэх юм бэ, үйлдвэрлэл, баялаг бүтээгчдээ дэмжсэн төсөв, орлого баймаар байна. ЖДҮХС-ийн асуудал дээр алдаа дутагдал гаргасныхаа төлөө бүгдийг хааж болохгүй шүү дээ.  Сангийн бодлогыг төвлөрүүлж, хамрах хүрээг нь нэмэгдүүлэх ёстой. Мөн төсөв дээр ялгавартай зүйлүүд байна. Жишээлбэл, ганц гишүүнтэй дөрвөн аймагт өөр байх зэрэг гишүүдийн тоогоор тооцмооргүй байна.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:

-Энэ салбарын төсөвт дотор нийт зарлага 184,2 тэрбум, урсгал зардлыг 163,4 тэрбум төгрөгөөр тооцсон. Салбарын хэмжээнд 20,7 тэрбумын хөрөнгө оруулалт тусгагдсан. Манай салбар хувийн хэвшилд шилжсэн үйлдвэрлэлтэй холбоотой. Тиймээс улсын төсвөөс хөрөнгө оруулах практик байхгүй. Гэхдээ тодорхой цогцолбор хэлбэрээр нэмэгдүүлэх бололцоог хайж байгаа. Энэ 20 тэрбум төгрөгийн 10 орчим тэрбум төгрөг нь тойргийнх нь хийх хөрөнгө оруулалт юм. Ер нь үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бүтээгдэхүүний санг бий болгож, нэгдсэн бодлогод зангидаж уялдааг нь сайжруулахаар тусгасан. Энэ санд 66 тэрбум төгрөгийг тусгасан. Үүнд мах, улаанбуудай зэрэг урамшууллыг бий болгоно.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Өнгөрсөн гурван жилийн төсөв ард иргэдэд хүртээл болж очоогүй нь үнэн. 2019 оныхоос 2,1 их наядаар орлого нэмэгдсэн, зардал 2,3 их наядаар нэмэгдүүлсэн, алдагдал нь 2,1 их наяд байна. Хөрөнгө оруулалтын хуваарилалт туйлын шударга бус. Ямар ч эдийн засгийн төлөвлөлт, нийгмийн хөгжлийн бодлого төлөвлөлтийг харгалзаж үзээгүй. 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтад Хэнтий аймагт 235 тэрбум, Архангай аймагт 139 тэрбум төгрөг, Сүхбаатар аймаг 30 тэрбум байх жишээтэй. Ер нь эдийн засгийн өсөлт, нийгмийн чиг хандлагаа харж хийсэн төлөвлөлт мөн үү. Хэрэв мөн бол үүнийгээ нотолно уу. Энэ санаатай юм уу, улстөрчдийн тохиролцоо юм уу. Мөн есөн тусгай санг хассан ч Ирээдүй өв санг  корпораци болгоно гэжээ, ямар учиртай вэ. Соёл урлагийн санг гэж байхад Кино урлагийн санг гэж бас юу вэ. Энэ төсвийн урсгал зардал дотор төрийн албан хаагчдын бусад зардалд юу тусгасан бэ. Өнгөрсөн хугацаанд төрийн бүх алба Ланд-200 автомашин авсан гэсэн үнэн үү. Яагаад гэвэл өнгөрсөн гурван жилийн хугацаанд ард түмний цалинг нэмээгүй, өөрсдөө Ланд-200 авч унаж, янз бүрийн аргаар баяжуулчхаад сонгуулийн жилд баялаг болсон нь үнэн шүү дээ. Үүнийгээ туйлын зөв гэж хэлэх хэрэггүй.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалинг бид хоёр жил дараалан инфляцтай уялдуулж нэмсэн. Бид улс орноо зөв замд оруулж, алдааг нь цэгцлэх чармайлтаар ажиллаж байгаа. Аялал жуулчлалыг хүн бүр ярьж буй. Чингисийн төрсөн газар аялал жуулчлалын бүс болгож байгаа, түүний тулд бүтээн байгуулалт, дэд бүтцийг нь хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн. Тиймээс бид урт хугацаанд эдийн засгаа зөв тодорхойлох нь чухал. Ирээдүйн өв сангийн тухай хууль батлагдаж, тэр хуульд корпораци байгуулна гэж тусгасны дагуу. Монголчуудын түүхийг хадгалах, соён гэгээрүүлэх чиглэлээр кино урлагийн салбараар дамжуулах ёстой гэж энэ санг оруулж ирсэн.

Ийнхүү гишүүд асуулт, тодруулга авсны дараа байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийж дуусч, хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороодод шилжүүлснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.  

13 : 22
2019-10-17

У.Хүрэлсүх: Цахим, ил тод төсвийн бодлого хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы хуралдаанаар 2020 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэллээ. 2020 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

-Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрт эдийн засагт үссэн хүндрэлийг богино хугацаанд даван туулж, макро эдийн засгийн тэнцвэрийг хангах, эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх, төлбөрийн тэнцлийг эрсдэлийг багасгах, дунд хугацаанд учруулж буй өрийн дарамтыг бууруулах, эдийн засгийг дархлаатай болгох, улмаар эдийн засаг дунд хугацаанд тогтвортой тэлэх бодлогыг баримталсан. 2016 онд Засгийн газар байгуулагдахад эдийн засгийн өсөлт 1,6 хувьд хүрч буурсан, олон төсөвтэй, өрийн хэмжээ ДНБ-ний 78,8 хувьд хүрсэн зэрэг эдийн засаг, төсвийн бодит бэрхшээлтэй тулгарсан. Засгийн газар улс орноо өрийн дарамтаас гаргах, ард түмнийхээ орлогыг нэмэгдүүлэхэд эрчимтэй ажилласны үр дүнд 2018 онд эдийн засаг 7,2 хувиар өсч, 2019 онд 7-8 хувиар өсөх хандлагатай байна.  Улсын төсөвт ирэх хүүгийн дарамт бууруулсан, зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7,5 их наяд төгрөгийн өр зээлийг төлсөн, гурил, хүнсний хэрэгцээгээ дотооддоо хангах зэрэг нөхцөл бүрдсэн гэдэг нь эдийн засгийн зөв оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн. Гэхдээ бидэнд хийх ёстой, засч залруулах ажил бий гэдгийг хэлмээр байна.  Бид үр хүүхдүүддээ хадгаламж бий болгосон. Ирэх онд Засгийн газар эдийн засгийн тогтвортой өсөлтөөр хангаж, цахим үр ашигтай төсвийн бодлогыг үргэлжлүүлнэ. Энэ хүрээнд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг дээшлүүлж, сахилга хариуцлага дэг журмыг хэвшүүлэх, авлига хээл хахуулыг хязгаарлах бодлогын шинэчлэлүүдийг тусгалаа. Зээлийн хүүг бууруулж, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих, татварын ил тод байдлыг хангах,  ипотекийн зээлээр орон сууц авсан бол татварыг нэмэх, буцаан олголт үзүүлэхээр төлөвлөж байна. Мөн Алтанбулаг, Гашуунсухайт боомтуудыг шинэчлэх, дэд бүтэц, зам талбайг 2020 онд шинэчилж дуусгана. Бид хилээрээ буяныг гаргахгүй бузрыг оруулахгүй гэсэн үг.  Аялал жуулчлал, гадаад худалдаа, байгаль экологи, хуурайшилт, хөдөө аж ахуйн өсөлтийг дэмжих,  нийгмийн хэрэгцээ шаардлагатай ажлуудад хөрөнгө оруулалт 2019-2020 онд 194 цэцэрлэг, 145 сургууль, 80 эмнэлгийг шинээр ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн олон жил царцаагдсан төслүүдийг нэмж тусгасан.

Гадаад валютын нөөц 3.7 тэрбум ам.долларт хүрч зээлжих зэрэглэл нэмэгдсэн, 7.5 их наяд төгрөгийн өр, зээлийг төлж барагдуулсан, малын тоо толгой, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, түүхий эдийн экспорт өссөн, гурил, төмсний хэрэгцээгээ дотоодоос хангах болсон зэрэг эерэг өөрчлөлт гарч байгаа нь эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлсний үр дүн юм. Миний бие Ерөнхий сайдаар томилогдохдоо “Төсвийн сахилга батыг сайжруулж, төрийн үргүй зардлыг багасгах, улсын өмчийн үр ашгийг дээшлүүлэн, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар ард иргэдийнхээ орлогыг нэмэгдүүлэх чиглэл баримтална” гэдгээ чуулганы индрээс хэлсэн. Энэ дагуу төсөв, санхүүгийн зохистой бодлого хэрэгжүүлж, баталсан төсөвт нэмэлт, өөрчлөлт, тодотгол оруулахгүйгээр мөрдүүлэн, Засгийн газрын гадаад, дотоод үнэт цаас гаргахгүйгээр санхүүжилтийг бүрэн олгож, төсвийн сахилга, хариуцлагыг сайжруулснаар 2018 онд Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 10 их наяд 172.8 тэрбум төгрөгт хүрч, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 27.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

Энэ нь төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давсны зэрэгцээ төсөв 2010 оноос хойш анх удаа ашигтай гарсан үзүүлэлт болсныг Та бүхэн мэдэж байгаа. Эрдэс баялгийн орлогыг тэнцвэртэй хуваарилах, нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг санхүүгийн хөрөнгө болгон ирээдүй хойч үедээ өвлүүлэх зорилго бүхий Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2017 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Тус санд 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 368.2 тэрбум төгрөгийг хуримтлуулаад байгаа бөгөөд манай улс анх удаа эрдэс баялгийн орлогоосоо бодит хөрөнгийн хуримтлал үүсгэж, байгалийн баялгийн өгөөжийг тэнцвэртэй хүртээх боломж бүрдэж байгаа юм. Ирэх онд Засгийн газар эдийн засгийг тогтвортой өсөлтөөр хангаж, төсвийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглэсэн “Цахим, ил тод, үр ашигтай” төсвийн бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. 

2020 оны төсвийн алдагдалд 2,1 их наяд төгрөг буюу ДНБ-ний 5,1 хувь байхаар төслийг боловсрууллаа. Энэхүү төсвийн төслийн хамт Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагаа дэмжих, зарцуулалт зориулалтыг ил тод болгохын тулд Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хамт өргөн мэдүүлсэн. 2020 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье.

Ч.Хүрэлбаатар: Төсвийн зарлагын реформыг нэвтрүүлнэ

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт, тодруулга авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Бид жил бүр төсвөө яаж ийж байгаад баталж байна. Улс орны хөгжлийн төсөв болгох чиглэлд ярихгүй байна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтөд урт удаан хөгжлийн бодлоготой, гол механизм нь болдог зүйлийг тусгасан.  Ирэх долоо хоногоос Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт явах байх. Төсвийн төлөвлөлт маш муу, батлагдсан төсөв нь амьдрал дээр хэрэгжихдээ олон хүнд суртлын шат дамжлага дамждаг, хэрэгжсэн ч чанаргүй байдаг гэдгийг иргэд байнга хэлдэг, шүүмжилдэг шүү.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Сүүлийн жилүүдэд улс орны эдийн засагт багагүй өөрчлөлт, амжилт гарч байгаа. Засгийн газар зээл авч төсвийн алдагдлыг нөхнө гэсэн ойлголт байхгүй болж буй. Засгийн газар төсвийн алдагдлыг бууруулах боломж бий. Цаашид энэ байдлаараа явбал зарлагаа дийлэхгүй. Зарлагын реформ хийх чиглэлээр Засгийн газар юу хийж байна вэ. Зарлагыг бууруулах хамгийн том зүйл нь бүтцийн өөрчлөлт гэж бодож байна. 2020 оны төсөвт мөрийн хөтөлбөрийг хэдэн хувьд хүргэх боломжтой гэж төлөвлөсөн бэ. Түүнээс гадна ипотекийн зээлийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Засгийн газар эргэлт гаргаж, гадны зээл тусламжаар ипотекийн зээлийн хэмжээг нэмэгдүүлэх боломж бий юу. Эдийн засагт өсөлт гарч байгаа нь сайн байна. Гэхдээ өсөлт иргэдийн амьдралд хүрч байна уу. Эдийн засагт өсөлт гарсан ч ажилгүйдэл, ядуурлын түвшин буурахгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Дэлхийн  болон дотоод эдийн засгийн эрсдэл, хэрэгцээ шаардлага, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг уялдуулж оруулж ирсэн. АНУ, Хятад хооронд өрнөж буй худалдааны дайн, санхүүгийн зах зээл дээр зохимжгүй, саарал жагсаалт, өвөлжилт хүндэрч болзошгүй зэрэг эрсдэлүүд бий.Энэ бүгдийг тооцож, бодитойгоор төсөвлөж оруулж ирсэн.  Зарлагын реформыг цаашид хийх ёстой. Үүний тулд Төрийн үйлчилгээнүүдийг цахимд шилжүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллана. Ил тод гэдэг нь олон нийт хяналтаа тавина, төрийн бүх үйлчилгээг энгийн цахим хэлбэрт шилжүүлэхээр төлөвлөж оруулж ирсэн. Тухайлбал, өчигдөр гэхэд 38 төрийн үйлчилгээг хөнгөвчлөх шийдвэр гарсан. Энэ ондоо багтааж төрийн байгууллагын цалинг нэгдсэн цахим систем, сүлжээгээр олгохоор төлөвлөж байна. Сангийн яамны хувьд 75-80 хувь намын мөрийн хөтөлбөрийг нэмэгдүүлэх боломжтой гэж тооцсон.

Үүгээр УИХ-ын чуулган үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойш 15.00 цагт хуралдана.

12 : 51
2019-10-17

Чуулган: Тендерийн агентлагийг Ерөнхий сайд хариуцна

УИХ-ын чуулганы хуралдаанаар Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөл нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс эхлэн байгуулагдах, үйл ажиллагаагаа эхлүүлэх Худалдан авах ажиллагааны газрын байгуулах,  талаар зарим арга хэмжээ авах асуудлыг тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбоотойгоор Засгийн газраас Худалдан авах ажиллагааны газрыг Ерөнхий сайдад харьяалуулах санал оруулж ирснийг байнгын хорооны хуралдаанд Шадар сайдад харьяалуулах горимын санал гаргасан байна. Засгийн газрын зүгээс Шадар сайдын харьяанд бус Ерөнхий сайдад хамаарсан нь зөв гэсэн байр суурин дээрээ хатуу байгаа гэдгээ Сангийн сайд тодотгосон юм.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

-Монгол Улсад байгаа байшин, барилгыг тоолж бүртгэдэг. 1990 оноос хойш шилэн кабел, дотоод сүлжээ, программ хангамж эзэмшиж байгаа гэх мэт нүдэнд харагддаггүй тоо баримт байна уу. Монголд 800 орчим тэрбум төгрөгийн төрийн болон улсын үйлдвэрийг дагасан төсөл, зээлүүд явж байна. Гэтэл төрийн байгууллагын хоорондын уялдаа холбоо гэж байдаггүй. Мөн Засгийн газар агентлаг байгуулж байгаа бол Шадар сайдын үүрэг чиглэлийг өөрчлөх ёстой болов уу. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахгүй гэж байсан ч өнөөдөр агентлаг шинээр байгуулахаар ороод ирлээ. Тэгвэл нэг мөсөн Шадар сайд бол улс орны төлөвлөгөө, хөгжлийн бодлого чиглүүлдэг. Гэтэл Шадар сайд өнөөдөр гал тогооны  ажлыг нь өөрчилж болохгүй юу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Шадар сайдын харьяанд бус Ерөнхий сайдын харьяанд байх нь зөв гэсэн байр суурин дээрээ Засгийн газар бат зогсч байгаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Удирдлагын шинжлэх ухаан, менежмэнт хэрэгтэй юм шиг байгаа юм. 1990-ээд онд хаалгыг нь хаачихгүйхэн шиг эмнэлэг, сургууль, цэцэрлэгээ авч ирсэн. Одоо эдийн засаг тэлсэн. Төсвийг зөв явуулах менежмент нь Сангийн яам. Хэрэгжүүлэх нь төрийн худалдан авах газар. Гэтэл Ерөнхий сайдын харьяанд байна гэдэг санаанд багтахгүй байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

-Дотоод хэргийн яам гэдэг нь ЗГХЭГ. Энэ нь Ерөнхий сайдын ажлын албаны өдөр тутмын албыг гүйцэтгээд явдаг. Тиймээс Ерөнхий сайдын харьяанд  байх нь зүйтэй юм. Чухал агентлаг Ерөнхий сайдын харьяанд байж хөгжлийн бодлоготойгоо уялдуулах нь чухал.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Концессийн гэрээнээс болоод 4-5 жил сургууль хойшлоод байсан. Газрын маргаантай асуудлуудыг та бүхэн эртхэн хэлж чадах уу? Цахим худалдан авах гэдэг асуудал 2011 оны үед явагдаж байсан. Тэр үед үр дүнтэй байсан. Цаашдаа энэ цахим худалдан авалт хэр явах вэ? Та бүхэн босоо бүтэцтэй болсон. Ерөнхий сайдад харьяалагдана гэнэ.

ЗГХЭГ-ын дэд дарга Д.Ганбат:

-Агентлаг шинээр байгуулагдсанаас үйл ажиллагаа хараат байдал бүрэн хангагдана. Тендэр зохион байгуулах, зарлах ажиллагаа тухайн жилийн төсөв батлагдсанаар эхэлнэ. Тухайн төсвийн жилийн эхний улиралд тендер бүрэн зарлагдсан байна. Тухайн жилийн төсвийн хөрөнгө оруулалт дээр зарлагдах төсөл арга хэмжээ ихэнх тохиолдолд зураг төсөв байхгүй зарлагддаг. Зарим тохиолдолд тухайн жилдээ хэрэгжихгүй байх нөхцөл бүрддэг. Тиймээс хөрөнгө оруулалтын арга хэмжээг зураг төсөвтэй байлгах шаардлагатай байна. Газрын маргаан маш их гардаг. Газар маргаангүй байх шаардлага тавих хэрэгтэй. Газрын маргаан үргэлжилснээс ажил явдаггүй. Маргаантай газар дээр төсөл арга хэмжээг төлөвлөж оруулж ирэх шаардлага байхгүй байгаа.

Гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулав. Төрийн бараа үйлчилгээний газрыг Ерөнхий сайдын биш Шадар сайдын харьяанд байлгах саналаар санал хураалт явуулж, олонхын саналаар санал дэмжигдсэнгүй. Тиймээс эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

11 : 23
2019-10-17

Чуулган: Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийн төслийг баталлаа

Чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд саналаа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Хууль батлагдсанаар аймгийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан долоон төрлийн хавдрын эрт илрүүлэг явагдана. Үүнийг дагаа тоног, төхөөрөмж шаардлагатай байгаа учраас 30 орчим тэрбум төгрөгийг 2020 оны төсөвт суулган шаардлагатай байгаа юм. Мөн аймгийн төвүүд дээр хорт хавдрын эрт илрүүлэг хийх байгууллага бий болох учраас гишүүд мөн анхаарч ажиллаарай гэж хүсч байна. Хамгийн гол нь гишүүд 2020 оны төсөвт төсвийг нь суулгахад онцгой анхаараарай.

УИХ-ын гишүүн Н.Батнасан:

-Хамгийн гол нь эрүүл мэндийн байгууллагууд оношлогоо, эмчилгээнд онцгой анхаарах нь зөв болов уу. Ховд аймгийн төв дээр 100 гаруй төрлийн оношлогооны тоног төхөөрөмжтэй болж, зүүн таван аймгийн иргэдэд үйлчлэх боломж бий болж байгаа юм. Энэ оншлогооны төв нээгдсэнээр баруун таван аймгийн иргэдийн хотын эмнэлгийг зорих урсгал буурах, эрүүл мэндийн үйлчилгээг хурдан шуурхай авах боломж бүрдэх юм. Үүнд Эрүүл мэндийн яам онцгой анхаарч ажиллаж байгаа.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Эрүүл мэндийн салбарын эмчилгээ, үйлчилгээний зардлыг хөнгөвчлөх, ялангуяа хавдартай холбоотой асуудал дээр онцгой анхаарч, цаашид яаж ажиллах вэ гэдгээ тодорхой болгомоор байна. Хууль нь сайжирч байгаа ч иргэдэд хүрч байгаа зорилт хангалтгүй байна. Хавдрын өвчнийг оношлодог тоног, төхөөрөмж маш хангалтгүй байна. Улсын эмнэлгүүд нь хоцрогдож, хувийн эмнэлгүүд нь өндөр өртөгтэй байна. Энэ чиглэлд эрүүл мэндийн бодлого барьж байгаа удирдлагууд онцгой анхаарч, арга хэмжээ аваач гэж хэлмээр байна. Мөн эрүүл мэндийн салбарыг улстөржүүлдгээ болих хэрэгтэй. Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв орчин үеийн техник, технологийн шинэчлэл хийж, иргэддээ үйлчилдэг байгууллагын удирдлагыг нь хууль бусаар халж, дампуурч байгаа Ачтан эмнэлгийн удирдлагуудыг томилсон байна. Эрүүл мэндийн салбар бол улстөржих салбар биш юм шүү. Хавдрын өвчлөлийн эх үүсвэр нь эрүүл бус хүнс, утаа гээд төрөөс шалтгаалж байгаа зүйл олон бий шүү.

Ажлын хэсэг:

-Эрүүл мэндийн салбар жил бүр шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн жагсаалт гаргаж, төсөвт суулгаж байгаа. Одоогоор 11 томограф болон 19 ходоодны хавдрын оношлогооны тоног төхөөрөмж дутуу байгаа. Бид шаардлагатай тоног төхөөрөмжүүдээ жил бүрийн төсөвт зохих хэмжээгээр тусгаад явж байгаа. Түүнээс гадна эрүүл мэндийн салбарын барилга, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажил чухал байгаа. Нийт барилгын 80 хувь нь 2004 оноос өмнө баригдсан барилга байгаа учраас шинэчлэх, өргөтгөх, засварлах шаардлага байгаа. Хавдрын өвчний эрт илрүүлгийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах чиглэлээр ажиллаж байна. 2018 онд дөрвөн ангиллаар урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулсан бөгөөд нийт 4,5 тэрбум төгрөг зарцуулаад байна.

Ингээд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг бүхэлд нь батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, хуулийн төслийг баталлаа.

Чуулганы хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тогтоолыг хэлэлцэж байна.

11 : 05
2019-10-17

Чуулган: Хорт хавдрыг эрт илрүүлэх хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.10.17/-ийн хуралдаан 11.00 цагт 57,3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.

1.Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /эцсийн хэлэлцүүлэг/
2.“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/;
3.Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/;
4.Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /эцсийн хэлэлцүүлэг/; 5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Өмгөөллийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/;
6.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
7.Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
8.Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр нарын 6 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
9.Гаалийн албан татварыг хөнгөлж, буцаан олгох тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
10.Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
11.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Биологийн олон янз байдлыг хамгаалах ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь III төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
13.Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 14.Орон сууц, гэр хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгө болон сууц өмчлөгчдийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
15.Зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/; 16.Таримал ургамлын үр, сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
17.Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-10-17 202.21.100.210

Улаанбаатар хотын иргэдийн эрх ашигийг үл тоомсорлон ялагаварлан гадуурхсан зөвхөн Монгол улсад Хэнтий Увс аймаг байдаг шиг байдаг төсөийн төсөл байна. У.Хүрэлсүх Л.Оюун-Эрдэнэ нар илт Улаанбаатар хотын цахилгааан дулаан нийтийн тээвэр хогны асуудал эрсдэлд орчсон байхад дэндүү дээрэнгүй хандаж байна. Албан тушаал чинь хязгаартай шүү Л.Оюун-Эрдэнэ буриад зангаараа төсвийн байнгын хорооны хурал дээр ямар дээрэнгүй байна вэ чамайг номхотгох аавын хүүхдүүд Монголд олон шүү

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.126

AMar guai Ta ch Shiliin goliin hvn deg ee!
Tanai Hentiihen uvurlugchuur dvvren shvv !

Avatar

ИРГЭН 2019-10-17 64.119.24.236

Их хурал дампуурсан байгууллага гэдэг нь их л тодорхой харагдах юм даа. Их хурлыг тойрсон хуулиа сайжруулахгүй бол төрийн ордон дахь " сэтгэцийн эмнэлэг " монгол улсад мөн ч их гай тарих нь байна шүү. НАМЧИДАА!!!

Avatar

Amar 2019-10-17 182.160.36.201

Чингис хаанаа Хэнтийд төрсөнийг буруу гэх гээд байгаа малаанз уу. Жуулчдад зориулсан Чингис хааны төв барихгүй бол казакууд, хятадууд Чингисийг казак, хятад хүн байсан гээд дэлхий нийтээр сурталчилаад байна цаана чинь.Яадаг муу э****з, хурлийз вэ.Чи.

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.126

Hentiid. 235 terbum,
Svhbaatart 30 terbum

Zurvv ni. 200 terbum
Yamar ve?! Ganjaan Svh ee?!

Avatar

Зочин 2019-10-17 202.126.89.126

Kenteihen ch tsuslah ni dee !!!!!

Avatar

зочин 2019-10-17 202.21.120.242

УИХ-ын гишүүд орон нутгийн болон Засгийн газрын үйл ажиллагаанд хутгалддагаа л өөрсдөө больчих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-10-17 66.181.181.248

ИНГЭЖ ХУНИЙ БЭЛДЭЖ ОГСОН МАТЕРИАЛЫГ УГ УСЭГ АЛДАХГУЙ УНШДАГ БИШ ТЭР ТОСОВ САНХУУГЭЭ 20 ХУРУУ ШИГЭЭ МЭДДЭГ ЕРОНХИЙ САЙДТАЙ БАЙЖ Л УЛС ОНДИЙНО ДОО. СААРАЛ ЖАГСААЛТ РУУ ЧААЧЛАА ОРГОДЛОО ОГВОЛ САЙН БАЙНА

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа Үргэлжлэл 2019-10-17 64.119.16.204

Уул нь надад Гэмтлийн эмнэлгийн өвчтөний Карт бий л дээ.Одоо бас хэн нь юу нэхдэг юм бол бүү мэд.Тэтгэврийг нь буруу хүнд өгөөд хэрэгт орчих вий гэснээс үүдээд ийм хүнд суртал гаргаад байгаа юм байна.Цаасан дээр бүх юм сайхан. Амьдрал дээр нэг иймэрхүү дүр зурагтай.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2019-10-17 64.119.16.204

ХУД-ийн 15-р хорооны өндөр настан би тэтгэврээ очиж авч чадахааргүй гэмтэж гэр бүлийн хүнээрээ авахуулахаар хөөцөлдүүлээд 3 өдрийг барлаа.Төрийн банкны ажилтан нотиратаас Итгэмжлэл авчир гэв. Хороо хариуцсан нотиратчийг олох гэж цаг барж, арай хийж утсыг нь олж авч ярьж байж маргааш өглөө нь очиж Итгэмжлэл авлаа. Гэтэл банкны хүн ХУД-ийн Даатгалын хэлтсээс ОЛГОХ ХУУДАС авчир гэв.Даатгалын хэлтэс дээр очтол Өрхийн эмчээсээ энэ нөхөр өвчтэй нь үнэн гэсэн бичиг авчир гэв. Үргэлжлэл бий.

Avatar

иргэн 2019-10-17 124.158.113.3

эмч нарын мэдлэг чадварыг сайжруулж төгсөлтийн дараах болон давтан сургалтыг чанаржуулах шаардлагатай.Улсын болон хувийн эмнэлгүүд бүгд л эрт илрүүлэх урьдчилан сэргийлэх үзлэгүүд хийж байгаа боловч чанаргүй мөнгө хөөсөн үр дүнгүй ажил болоод байгаа юм. Оношлогоо эмчилгээний нэгдсэн стандарттай бие биенээ үгүйсгэж муулдаггүй ёс зүй хүнлэг сэтгэл мэдлэг чадвартай байхад эрт илрүүлэг үр дүнгээ өгнө.Багаж тоног төхөөрөмжөөс илүү эмч нарын мэдлэг ур чадвар маш их чухал

Avatar

зочин 2019-10-17 202.21.120.242

Энэ хуулийг хэрэгжүүлэх нь хавдарын хэдхэн эмч нарын ажил биш шүү иргэд бүгдээрээ хариуцлагатай байж л хэрэгжинэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж