МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо (НАМЭХ) өнөөдөр ээлжит чуулганаа хийж, шинэ тэргүүнээ сонгоно.
Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг НАМЭХ-ны Ерөнхийлөгчийн албыг 2013 онд Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч асан Ц.Цогзолмаа /2016 оноос УИХ-ын гишүүн/ хүлээж авснаас хойш хурлаа хийлгүй өдийг хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа тус холбоо шинэ Ерөнхийлөгчөө сонгож, дүрмийн шинэчлэлтээ ч бас хэлэлцэх юм байна.
МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг 1994 онд Ардчилсан социалист эмэгтэйчүүдийн холбоо нэртэйгээр анх байгуулснаас хойш УИХ-ын гишүүн асан Д.Алтай, Д.Оюунхорол, Ц.Цогзолмаа нар тэргүүлж байв. Ц.Цогзолмаагийн хувьд холбооны дүрэм ёсоор нэг удаа улиран сонгогдох эрхтэй ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор илэрхийлээгүй байна.
Тиймээс УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай хэвлэлүүд бичиж байна. Ялангуяа Сангийн дэд сайд Х.Булгантуяагийн хувьд хамгийн түрүүнд нэр дэвшихээ илэрхийлж, хэвлэлийн пиараа ч нэлээд эртнээс хийж эхэлсэн.
Албан бус мэдээллээс үзвэл НАМЭХ-ны тэргүүнд нэр дэвшигчид нам дотроо МАН ба МАНАН гэж хоёр хуваагдаад байгаа бололтой. УИХ-ын гишүүн Д.Гарамжав, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нарын хувьд намаа төлөөлөн НАМЭХ-ийн тэргүүнд өрсөлдөх бол Сангийн дэд сайд Х.Булгантуяа МАНАН бүлгийн дэмжлэгээр “заалнаас” хүч үзэх бололтой. Сангийн дэд сайдын ард МАН дахь “хотын фракци” буюу Т.Бадамжунайтангууд зогсч байгаа гэх агаад УИХ дотроос А.Ундраа гишүүн хүч өгч, хөрөнгө мөнгөөр дэмжиж байгаа гэх мэдээлэл байна.
Харин Д.Гарамжав, М.Оюунчимэг, Д.Сарангэрэл нарын хувьд аль аль нь МАН-ын даргаас нэр дэвших “визээ” авсан ч санал хуваахгүйн тулд дундаасаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болсон байна.
М.Оюунчимэгийн хувьд саяхан хүртэл УИХ дахь МАН-ын эмэгтэйчүүдээс хамгийн өндөр рейтингтэй явсан нь. Ялангуяа Өргөдлийн байнгын хороог тэргүүлж, гэр хорооллынхны дуусдаггүй асуудлуудтай зууралдах болсон тэрээр эрчүүдээс дутахгүй дайчин чанараа харуулаад байгаа. Гэвч нэгдүгээрт УИХ-д анх удаа сонгогдсон шинэ гишүүн, хоёрдугаарт улс төрд орж ирээд удаагүйн дээр бүхэл бүтэн байнгын хороо толгойлж ачаалалтай ажилладаг гэдэг утгаараа энэ удаа Д.Сарангэрэлийгээ дэмжихээр болжээ.
Харин Д.Гарамжавын хувьд хүчтэй, хөрөнгө мөнгөтэй, тэрэндээ таарсан харизмтай эмэгтэй хэдий ч намын болон олон нийтийн ажилд туршлага багатай гэж өөрийгөө чамласан уу, ямартай ч энэ удаа эмэгтэйчүүдийн байгууллагын ажлаас гараа татсан бололтой. Нөгөө талаас МАН-ын бага хурлын гишүүнээр олон жил сонгогдсон, 2011 оноос намын нарийн бичгийн дарга, 2012 оноос хойш УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн гээд сонгогддог болон томилогддог улс төрийн хариуцлагатай албан тушаалуудыг удаан хугацаанд хашиж ирсэн гэдэг утгаар нь Д.Сарангэрэд зай тавьж өгсөн хэрэг байж ч болох юм. МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн тоглохоос ирэх 2020 оны сонгуульд хэр их ач холбогдол өгч байгаа нь бэлээхэн харагдана л даа. Эрх барьж байгаа намын гол фронтын нэг болох эмэгтэйчүүдийн байгууллагыг хэн толгойлж байна гэдгээр энэ намыг үнэлж цэгнэх ч гэсэн бас нэг шалгуур.
Харин Д.Өнөрболор, Ц.Цолмон болон дэд сайд Х.Булгантуяа нарын хувьд Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүний суудал УИХ-д нэр дэвшихэд туслах нэг шат болж харагдаж байгаа. Холбооны тэргүүн нь МАН-ын удирдах байгууллагад ордог гэдэг утгаараа нэр дэвшилтэд ногоон гэрлээр гарч ирэх албан тушаалуудын нэг. Тэдэн дундаасаа хамгийн залуу нь болох дэд сайд Х.Булгантуяагийн хувьд холбооны тэргүүнээр сонгогдож чадвал УИХ-ын гишүүний зөөлөн гишүүний сэнтийд сууснаас өөрцгүй. Хэрвээ УИХ дээр одоо яригдаж сонгуулийн холимог тогтолцоо хэрэгжвэл намын жагсаалтаар дөрөвдүгээрт бичигдэж гарч ирнэ.
Гэм нь өнгөрөгч оны өвөл олон нийтэд дэлгэгдсэн гишүүдийн ЖДҮ гэмт хэргийн ард дэд сайд Х.Булгантуяа байсан гэх юм. МАН-ын эмэгтэйчүүд үүн дээр тийм ч хүлээцтэй хандахгүй л болов уу. 2018 оны төсөв хэлэлцэж байх тэр үед “Сангийн санхүүжилтэд 67 тэрбум төгрөг тавьсан байгаа. 65 тэрбумыг гишүүн тус бүрт өгөх юм аа. Хоёр тэрбумыг нь та нар өөрсдөө хуваагаад зарцуулаарай” гэсэн байдаг.
Гэтэл сангийн нөхөд “Гишүүд яахаараа нэг нэг тэрбумыг авдаг, бид яахаараа хоёрхон тэрбумыг хувааж авдаг юм бэ” гээд гишүүн тус бүрээс 50 саяыг хассан. Нийт 3 тэрбум 250 сая, өмнөх хоёр тэрбумтайгаа нийлээд 5 тэрбум 250 сая төгрөг сангийнханд оногдохоор болсон байна. Энэ мөнгийг захиран зарцуулсан нөхөд одоо хорих 461-р ангид сууж байгаа хэрэг. Харин гишүүд “бүрэн эрхээ” яриад наранд явж байна л даа.
УИХ дээр 2018 оны төсөв хэлэлцэж байх үед Сангийн сайд “Гишүүдийн нэртэй нэг тэрбум байгаа, би худлаа яриагүй. Энэ алдааг бид засах ёстой” гэж тэгтлээ их зүтгээд байсан нь ийм учиртай. Дэд сайд нь ийм хор найруулсныг мэдсээр байж хөөж явуулж чадаагүй шалтгаан нь Х.Булгантуяагийн ард зогсож байгаа МАНАН гэх мөнгөтэй фракциас болсон байж таарна. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг нэг намын “хамтарсан Засгийн газар” гэдэг нь ийм учиртай.
Тэр үед нь дэд сайдаа хөөж явуулж чадаагүйнхээ алдааг сая Саарал жагсаалтын үеэр Сангийн сайд дахиад нэг удаа амсах шиг болно лээ. Асуудал гэнэт хурцадсан шалтгаан нь түүний АНУ руу бичсэн захидлаас болсон гэлцдэг. Яамныхаа өдөр тутмын ажилд нэг их оролцоод байдаггүй ч ямар зорилготой нь мэдэгдэхгүй ийш тийш утас цохиж, мэдээлэл цуглуулах “хобби”-той Сангийн дэд сайд энэ удаа Монголын банк санхүүгийн нөхцөл байдал хүндэрсэн тухай мэдээллийг гадагш нь явуулснаас үйл явц түргэссэн юм байна. Энэ хэргийн дараа МАН дотор дэд сайдгүй болох яриа хүртэл гарсан ч нэгдүгээрт сонгуулийн өмнө, хоёрдугаарт хэрэв ингэвэл болж өнгөрсөн үйл явдал гадагш задарч магадгүй гэсний улмаас нам дараад өнгөрч. Нэг хүнийг зайлуулах гээд ямар намаараа сүйдэлтэй биш.
Тиймээс Х.Булгантуяагийн хувьд одоо хүрч болох ганц зүйл нь НАМЭХ-ны тэргүүн болох явдал. Хэрвээ тэгж чадвал намын даргын оролцоогүйгээр шууд УИХ-д сууж чадна гэж тооцоолж байгаа. Тиймээс өнгөрсөн өдрүүдэд хамт нэр дэвшиж байгаа нөхдүүдээ жаахан “миалсан” маягтай пост, комментууд, өөрийнхөө хөөрхөн сайхан зургуудыг олон нийтийн сүлжээгээр нэлээд далайцтай явуулж байх шиг.
Б.АМАР
Холбоотой мэдээ