Д.Баттулга: Улаанбаатарчууд түлшний хомсдолд орох вий

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Д.Баттулга: Улаанбаатарчууд түлшний хомсдолд орох вий

Д.Баттулга: Улаанбаатарчууд түлшний хомсдолд орох вий

Нийслэлийн Ардчилсан намын дарга, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Баттулгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сайжруулсан буюу хүмүүсийн хэлж яриад буй утаагүй түлшний талаар та ямар бодолтой байна вэ. Гадуур өрнөж буй асуудал дээр ямар байр суурьтай байна вэ?

– Зууханд түлдэг утаагүй түлш гэж байхгүй. Үүнийг ойлгох хэрэгтэй болов уу. Хоёрдугаарт, улаанбаатарчууд агаарын бохирдол гэж яриад байдаг. Гэтэл бидний зорилго яг юу вэ гэдгийг бодох хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулна гэж чухам яг юуг хэлээд байна вэ. Нүдэнд харагдаж буй утааг арилгах юм уу, эсвэл түлж байхад гардаг ПМ2.5, ПМ10-ыг багасгах ёстой юм уу гэдэг асуудал гарч ирж буй. ПМ2.5, ПМ10 гэдэг нь тоосонцор шүү дээ. ПМ10 нь хүний үсний диаметрээс тав дахин бага хэмжээтэй тоосонцор. Энэ нь хүний амьсгалж буй агаараар дамжин дотоод эрхтнийг гэмтээдэг аюултай. Харин ПМ2.5 нь ПМ10-аасаа дөрөв дахин бага хэмжээтэйг нь хэлж буй. Энэ нь хүний цусанд орж, генд нөлөөлдөг аюултай. Тиймээс агаарын бохирдлыг бууруулна гэдэг нь дээрх хоёр төрлийн тоосонцорыг багасгахыг л хэлээд байгаа юм. Гэтэл өнөөгийн хэрэгжүүлж буй арга бидний эл зорилгод нийцэж байгаа, эсэхийг хүмүүс огт ярихгүй байна. Нүдэнд харагдах утааны их, багын талаар яриад буй. Үүнийг туршиж, дүгнэлт хийх газар ч алга. Одоо бүгд л түлшний сайн мууг дуудалцаж байна. Гэтэл түлш ярих ямар ч шаардлагагүй. Түлш стандартад нийцсэн гэж л яриад байна. Харин стандартыг түлшинд тааруулаад баталчихсан. Хэдэн мянган тонн үйлдвэрлэж, нөөцөлснийхөө дараа буюу энэ оны тавдугаар сард шахмал түлшний стандартыг шинэчлэн баталсан шүү дээ. Тэрхүү стандартын дагуу хийсэн түлшнээс иргэд угаартаад байна. Угаар гэдэг нь дутуу шаталтаас гарч буй хий. Энэ нь нүүрстөрөгчийн дутуу исэл. Тиймээс түлшээ биш, түлшнийхээ шаталтыг ярих хэрэгтэй. Дутуу шаталтын зэргийг тогтоох лаборатори уг нь манай ШУТИС-д байдаг гэнэ. Дэлхийд цөөхөн байдаг лабораторийн нэг л дээ. Гэтэл уг төхөөрөмж нь эвдэрчихсэн юм байна билээ. Тиймээс одоо ойрын хугацаанд, маш яаралтай гадаадад шинжлүүлэхээс өөр аргагүй боллоо.

-Сайжруулсан түлшийг бүтэн жилийн хугацаанд туршиж, хэд хэдэн айл түлж үзсэн гэж тайлбарладаг. Танай дүүрэг дээр туршилт хийсэн үү?

-Өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт туршсан гэдэг. Үүнийг би судалсан. Тухайн үед хэсгийн ахлагч нарт өгч, хэрэглүүлж, санал сэтгэгдлийг нь авсан юм билээ. Тус хэсгийн ахлагч нар хэрэглэж үзээд, “үнэр гарч байна”, “үнс их”, “илчлэг бага” гэх мэт сэтгэгдэл хэлж байсан гэнэ. Тэгээд л өөрсдийнхөө түлж байсан түүхий нүүрстэйгээ холиод дуусгасан. Тиймээс яг тодорхой шийдвэр гаргах түвшний туршилт хийгээгүй юм билээ.

-Иргэд олноор угаартаж, хэд хэдэн хүний аминд хүрлээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газраас угаар мэдрэгч тараах шийдвэр гаргасан. Та үүнийг дэмжиж байна уу?

-Уг шийдвэрийг сонсоод “Сайжруулсан түлшийг ямар нэгэн зууханд хэрэглэвэл хүссэн, хүсээгүй их хэмжээгээр угаар гарна” гэдгийг эрх баригч нар хүлээн зөвшөөрчихлөө гэж бодож байгаа. Гэтэл тухайн мэдрэгч нь угаарыг хэдэн шоо метрт, ямар хэмжээний дутуу исэлдсэн нүүрс төрөгчийн хий байхад нь мэдрэх вэ. Тэр нь хүнд ямар хор нөлөө үзүүлэх талаар хэн ч ярихгүй байна. Тухайн мэдрэгч дуугарах хүртэл гэрт байгаа хүмүүс угаартахгүй байх баталгааг хэн ч өгөөгүй. Дуугарч эхлээгүй байхад нь гэрт байгаа хүмүүс угаартчихвал хэн хариуцлага хүлээх вэ. Улаанбаатарт түүхий нүүрс түлэхгүй гэх шийдвэр бол улс төрийн том шийдвэр. Уг шийдвэрээсээ буцах гарцгүй болчихсон. Зүгээр л энэ шийдвэрээ хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдгийг л эрх баригчид бодож байна.

-Та Сүхбаатар дүүргээс сонгогдсон төлөөлөгч. Дүүргийнхээ гэр хорооллын иргэдтэй уулзсан уу?

-Өнгөрсөн долоо хоногийн турш төрийн албан хаагчдыг гэр хорооллын айл өрхүүдээр явуулж, санал сэтгэгдлийг нь авч, заавар, зөвлөгөө өглөө. Би хэдийгээр байшин хорооллоос сонгогдсон ч өнгөрсөн амралтын өдрүүдээр гэр хорооллоор явж, иргэдтэй уулзлаа. Тус газраар явсан төрийн албан хаагчидтай ч бас уулзлаа. Үүнээс би нэг л зүйл олж харсан. Энэ бол айдас. Гэр хорооллын иргэд бүгд айдастай байна. Сайжруулсан түлш түлэхээс айгаад сууж байна. Одоогоор цаг агаар хүйтрээгүй, шөнөдөө хамгийн багадаа л 10 градус хүрч хүйтэр байна. Өдөртөө бол хасах градус руу ороогүй. Ийм үед, маш бага хэмжээгээр түлш түлж буй. Гэтэл онцгой байдлын газрынхны өнөөдөр өгсөн мэдээллээр өдөрт 13-15 дуудлага ирж байгаа гэнэ. Нийт 300 гаруй дуудлага хүлээн авсан гэж байна. Гэтэл цаана нь дуудлага өгөөгүй хэчнээн хүн байгааг бид мэдэхгүй. Гадаа улам хүйтрээд эхлэхээр хөлдөж үхэхгүйн тулд хүссэн хүсээгүй уг түлшийг түлэх л болно. Тэр үед юу болох бол.

Нийслэлийн Иргэдийн хурал дээр бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр есдүгээр сарын сүүлээр гэхэд 180 мянган тонн сайжруулсан түлш нөөцөлчихсөн байгаа гэнэ. “Тавантолгой түлш” компани бүх хүчин чадлаараа ажиллахад сард 75 мянган тонн түлш бэлтгэх гэнэ. Тэгвэл 10, 11, 12 дугаар сард дээд тал нь 225 мянган тонн түлш бэлтгээд, нийт 405 мянган тонн түлштэй болно. Гэтэл ирэх он гартал зөвхөн гэр хорооллын айл өрх 400  мянган тонн түлш түлнэ гэсэн тооцоо гарч ирж буй. Үүн дээр урьд нь тооцоонд ороогүй байсан 1000 гаруй уурын зуух шахтал түлш түлэх шаардлагатай болсон. Үүнээс харахад энэ оны эцэс, ирэх оны эхээр улаанбаатарчууд шахмал түлшний хомсдолд орж, гал алдахад хүрэх тооцоо гарч байна.

-Энэ бүхэнд хэн буруутай вэ. Хотын дарга С.Амарсайхан хариуцлага хүлээх ёстой хүн мөн үү?

-Сайжруулсан түлш хэрэглэх шийдвэр гаргаж, үйлдвэрийг улсын төсвөөс хөрөнгө гаргаж барих, технологийг нь турших, нөөцлөх зэрэг бүх ажлыг Засгийн газар л хийсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдын хариуцах ажил. Харин асуудал гарч, хүний аминд хүрээд эхлэхээр Засгийн газрынхан “Энэ бол нийслэлийнхний хийх ажил” гээд өөрсдөөсөө холдуулаад эхэлж байна. Аливаа ажил буух эзэн, буцах хаягтай байхгүй бол ямар гай, зовлон дагуулдгийг хангалттай харж байна.

М.УРАНЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж