Онгоцноос унасан механикчийн биеийн байдал хүнд байна

Хуучирсан мэдээ: 2019.10.17-нд нийтлэгдсэн

Онгоцноос унасан механикчийн биеийн байдал хүнд байна

Онгоцноос унасан механикчийн биеийн байдал хүнд байна

“Хүннү Эйр” ХХК-ийн ажилтан энэ сарын 13-наас 14-нд шилжих шөнийн ээлжинд ажиллаж байхдаа өндрөөс буюу онгоцны далавчнаас унасан осол гарчээ. Тодруулбал, тус компанийн онгоцыг хучиж байсан механикч 23 настай О.Мэргэншагай онгоцны далавчнаас унаж тархиндаа хүнд гэмтэл авсан байна.

Ослын улмаас хохирогч ухаангүй байдалтай ГССҮТ-д хүргэгдэн, улмаар тархиндаа хагалгаа хийлгэсэн талаар ар гэрийнхэн нь мэдээлсэн юм. Одоогийн байдлаар О.Мэргэншагайгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хоёр талын эх сурвалжийн байр суурийг хүргэе.


КОМПАНИЙН ЗҮГЭЭС БОЛОЛЦООТОЙ БҮХИЙ Л ЗҮЙЛЭЭР ТУСАЛНА

Тус компанийн Нислэгийн аюулгүй байдал хариуцсан захирал Д.Батпүрэвээс тодрууллаа. 

-Тухайн өдөр болсон ослын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-2019 оны аравдугаар сарын 14-ны оройн 23.00 цагийн орчимд дээрх осол болсон. Онгоц нислэгээс буух үед нислэгийн дараах буюу зогсолт хангах үйлчилгээ хийдэг. Өвлийн нөхцөлд маргаашийн нислэгийнхээ аюулгүй байдлыг хангах үүднээс онгоцыг бүтээж хучдаг. Тухайн өдөр энэ ажлыг хийж байсан механикч О.Мэргэншагай бүтээлгээ хучиж дуусчхаад онгоцны сүүл хэсгээс буухдаа халтирч унаад гэмтсэн.

Бид мэдээллийг тэр дор нь нислэг хяналт үйлчилгээ зохицуулах төвд мэдэгдэж түргэн тусламж дуудсан. Хамт ажиллаж байсан залуусын хэлснээр О.Мэргэншагайг унасны дараа гар хөлөө хугалаад гэмтсэн байж магадгүй гээд дараа өдрийн нислэгт хэрэглэхээр бэлдсэн байсан эмнэлэгийн дамнуургыг ашиглаж нисэх буудлын жижүүрийн эмч рүү зөөсөн байгаа юм. Ингээд жижүүрийн эмч үзлэг хийгээд ямар нэгэн гаднын гэмтэл байхгүй учраас түргэн тусламжийн эмчид яаралтай үзүүл гэсэн. Дараа нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмрай зураг авч О.Мэргэншагайг тархиндаа хүнд гэмтсэнийг илрүүлсэн.

Манай залуусын ярьж байгаачлан О.Мэргэншагайг нисэх буудлын эмчид үзүүлж байхад нь тухайн өдөр ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан хамт байсан гэсэн. Болсон явдлын талаар өгүүлэхэд ийм байна.

-Цагдаагийн байгууллагад ар гэрийнхэн нь гомдол гаргасан гэв үү?

-Бид нар ослын дараа журмынхаа дагуу Мэргэжлийн хяналтын газар мэдээлэл өгсөн. Гэмтсэн залуугийн ар гэрээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Энэ хэрэгт цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Бид үүний дагуу шаардсан мэдээлэл, материал болгоныг  гаргаж өгч байна.

-Осолд орсон залуугийн ар гэрийнхэнтэй нь уулзсан уу?

-Эмнэлэгт очсон эхний мөчөөс бид ар гэрийнхэнтэй хамт байж хагалгааны өмнөх болон дараах ар гэр эмчийн хамтарсан уулзалтанд байлцаж үзлэг эмчилгээнд шаардлагатай бүхий л талаар туслаж дэмжиж байна. Бидний зүгээс маш их харамсаж байна. Иймээс осолд өртсөн залууг яаж эрүүл болгох талаас нь бололцоотой бүхий л арга хэмжээг авч байна.

-Ар гэрийнхний зүгээс танай компанийг мэдээллийг нуун дарагдуулж байсан гэх мэдээллийг өгч байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Яагаад тэгж байгааг үнэхээр мэдэхгүй байна. Ямар ч нуун дарагдуулах шаардлага байхгүй. Яагаад гэвэл тэр хүүхдийн амь насыг аврахын тулд аль болох хурдан шуурхай бүхий л үе шатыг дамжсан арга хэмжээ авч ажилласан. Өчигдөр ах нь ирээд яагаад тээвэрлэсэн барьсан гэж ярьж байсан. Гэтэл тэр хүүхдийг тархины гэмтэл авсныг нарийн зураг авалтаар л оногшилж илрүүлсэн шүү дээ. Аль болох эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгч яаралтай арга хэмжээг авсан. Цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа асуудлыг компанийн зүгээс олон нийтэд цацах үүрэггүй шүү дээ.

-Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйн улмаас осол гарсан байж болзошгүй гэж хэвлэлээр мэдээлж байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-“Хүннү Эйр” компани иргэний нисэхийн багц дүрэм, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Үүний дагуу бүх хууль дүрэм, журмыг биелүүлж ажилладаг. Жил бүр холбогдох байгууллагуудаас шалгалт ирээд гэрчилгээ, тусгай зөвшөөрөл сунгах эсэх зэрэг бүхий л асуудлыг шалгадаг. Ингээд бүх асуудал ном журмынхаа дагуу байдаг. Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэл заавар, зааварчилгаа журмынхаа дагуу байдаг. Журмынхаа дагуу гэхээр бөөрөнхийлсөн мэтээр ойлгож болохгүй. Түүн дээр бичигдсэн хөдөлмөрийн хууль, эрүүл мэндийн тухай хуулийн заалтуудыг бид заавартаа тусгаад агаарын тээврийн үйлчилгээ явуулдаг.

-Хохирсон иргэний ар гэрт компанийн зүгээс ямар туслалцаа үзүүлэх вэ?

-Компанийн зүгээс бололцоотой бүхий л зүйлээр тусална. Эд материалын болоод сэтгэл санааны гэх мэт.  Бид Энэтхэгийн эмнэлэг рүү тархины зураг бичлэгийг нь явуулсан. Хариуг нь хүлээж байна. Бидний зүгээс гэмтсэн залуугийн эрүүл мэндийг юун түрүү анхааръя гэж өчигдөр өглөө ахтай нь ярилцсан. Эмнэлэг дээрх анхны эмчийн уулзалтанд эгчийг нь хүлээж байгаад би хамт эмчтэй нь уулзсан. Тэгээд цаашид яах вэ хагалгааны дараа ийм байна. Тав хоногийн эм тариа аваад өг гэхээр нь бид авч өгсөн. Тухайн үед эмчилгээний зардлыг бүгдийг нь манайх даана гэдгээ хэлсэн. Ар гэрийнхэн нь Хөвсгөлд байдаг учраас бид нар онгоц явуулаад авчиръя гэсэн боловч хэрэггүй гэсэн. Одоогоор манай ажилтнууд ГССҮТ-д ээлжээр жижүүрлэн хонож ямар тусламж дэмжлэг үзүүлэх талаар бүхий л бололцоогоор хангаж байна.

-Бүтээлгээр хучихад нийт хэчнээн хүн ажилладаг юм бэ?

Онгоцныхоо хэмжээнээс хамаарч гурваас дөрвөн хүн ажилладаг.

-Гэмтсэн залуугийн биеийн байдал ямархуу байгаа юм бол?

-Гэмтсэн залуугийн тухайд манай компанид жил гаруй ажиллаж байгаа үндсэн  ажилтан юм. Уг нь онгоцны далавчнаас буухдаа зөөлхөн буух байтал хүчтэй үсэрч бууснаас болоод доошоо халтирч унасан ийм л золгүй байдлаар осол  гарлаа. Эмнэлэгийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна даа.

-Ярилцсанд баярлалаа.

 “МИНИЙ ДҮҮ РҮҮ БУРУУГ ЧИХЭХ ГЭЖ БАЙНА”

Бид ослын талаар хохирогчийн ах Д.Совдоос тодрууллаа.

Д.Совд “Хүн ухаангүй болчихлоо, хажууд нь байсан хоёр хүн ямар арга хэмжээ авах вэ гэдгээр бүх хүмүүс нь зааварчилгаа авсан байгаа. Хүн ухаангүй байхад яах ёстой вэ 103 дуудах ёстой. Энийг хэн ч мэднэ. Гэтэл яагаад миний дүүд 103 дуудаж өгөөгүй юм бэ. Яагаад чирээд автобусанд чихээд нисэхийн эмч рүү зөөж байгаа юм. Энэ бүх мэдээллийг дээрээс нь нууж байна. Тийм чиглэлийг хэн өгсөн юм бэ. Осол гарахад нөхдүүд ямар арга хэмжээ авсныг хар ухаанаар хардаж байна. Миний дүүг ачиж авч яваад нисэхийн эмчид аваачиж өгсөн.

Одоогийн байдлаар дүүгийн биеийн байдал хүндхэн, ухаан ороогүй байна. Анхны онош нь гавлын ясны цууралт хугарал, баруунаас зүүн хүртэл тархины суурь яс руу орсон цууралттай. Тархины заадал дагасан гол судаснаас цус алдаж, баруун зүүн хоёр тал руу цус хуралдсан, харвалттай. Хамгийн гол нь талбай дээрх зурвасын хяналтын камерын бичлэгийг харуулсан. Бүх явдал автобус дотор болсон байна. Эмч очихоос өмнө хоёр ажилтан автобус руу дур мэдэн зөөгөөд нисэх буудлын гадна аваачиж эмч, цагдаа хоёр хамт байсан байна. Ингээд зөрүүтэй мэдээлэл өгч байна.

Компанийн захиралд би маш их гомдолтой байна. Хүнээ бодоод тохиролцъё гэсэн. Би болохоор тийм юм байхгүй гэж хэлсэн. Хамгийн түрүүнд миний дүүг босгоод өг гэж хэлмээр байна.

Миний дүү үнэхээр касктай явсан юм уу. Хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдсан байсан уу гэдгийг ил болгомоор байна. Хоёрдугаарт, нислэгийн аюулгүй байдал гэдэг юм байна уу. Энэ хэргийг хөдөлмөрийн осол болгоод өөрийнхөн буруу болгоод хаах гэж байна. Дээд түвшинд хуйвалдаад дарах гэж байна. Эмч нар хэлэхдээ тархины гэмтэл авсан хүнийг хөдөлгөөд зөөчихсөн байна гээд байна шүү дээ” гэсэн юм.

Дашрамд дурдахад, дээрх хэргийг прокурорын хяналт дор шалгаж байгаа бөгөөд энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж